| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0867/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/947 |
| Огноо | 2022-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/947
2022 12 05 2022/ШЦТ/947
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Баярчимэг,
шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт БШт холбогдох эрүүгийн 2211 01586 1666 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт БШ, регистрийн дугаар .................
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 62-1190 тоотод оршин суух,
Урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 795 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч БШ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 757 тоотод хохирогч Ч.Баярмагнайн нүүрэн тус газарт нь чулуугаар 1 удаа цохиж биед нь баруун нүдний ухархайн далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хоншоор, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ч.Бийн “...би 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэртээ 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 64-757 тоотод байх гэрийн гадаа байхад манай гэрийн хажуу тал байдаг Шинэбаяр тааралдаад бид 2 манай гэрт орж архи уухаар болсон юм. Тэгээд бид 2 манай гэрт орсон ба манай гэрт надаас өөр хүн байхгүй байсан бид 2 нэг шил архи хувааж уусан. Тэгээд нэлээн их согтсон байсан. Шинэбаяр явахаар болоод би хашааны хаалганы тийшээ гаргаж өгсөн. Тэгээд хашааны хаалганы гадаа гарах үед Шинэбаяр гэнэт уурлаад газраас чулуу аваад нүүр лүү буюу духны хэсэг рүү 1 удаа чулуугаар цохичихоод яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Гэрч М.Мөнхцацралын “...хүргэн ах Баярмагнайгаас таныг хэн ийм болгосон юм бэ гэж асуусан чинь Шинээ гэх хүний нэр хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12386 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ч.Баярмагнайгийн биед баруун нүдний ухархайн далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хоншоор, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Баярмагнай нь 2022 оны 9 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөг, Гэмтэл согог судлалын төвийн яаралтай тусламжийн төвөөс 161.000 төгрөг, Чингэлтэйн эрүүл мэндийн төвөөс 27.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/4853 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Шаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 04/4853 дугаартай албан бичиг хавсралтын хамт /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Шын “...би 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ...Баярмагнайтай тааралдсан юм. Тэгээд тааралдаад бид 2 Баярмагнайн гэрт орж архи уухаар болсон ...бид 2 шил архи хувааж уусан ба нэлээн их согтоод тасарсан байсан ба нэг мэдсэн чинь би Баярмагнайн хашааны гадаа байсан ба Баярмагнай янз бүрийн юм яриад байхаар нь тухайн үед би гэнэт уур хүрээд газраас чулуу аваад нүүр лүү духны хэсэг рүү нь 1 цохичихсон юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/,
Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 32-34 дүгээр тал/,
Хохирлын баримт /хавтаст хэргийн 24 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч БШ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 757 тоотод хохирогч Ч.Баярмагнайн нүүрэн тус газарт нь чулуугаар 1 удаа цохиж биед нь баруун нүдний ухархайн далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хоншоор, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ч.Баярмагнайгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/, гэрч М.Мөнхцацралын мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12386 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 04/4853 дугаартай албан бичиг хавсралтын хамт /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/, Хохирлын баримт /хавтаст хэргийн 24 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ш нь хохирогчийн нүүрэн тус газарт нь чулуугаар 1 удаа цохиж түүний биед нь баруун нүдний ухархайн далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хоншоор, цээжинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Б.Шаас 35.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох, Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн дансанд 236.000 төгрөгийг төлүүлэх саналтай, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдал болон түүний өндөр настай ээжийгээ асран, халамжилдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тохирох ялыг шүүхээс оногдуулж өгнө үү ...” гэсэн санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол төлөөгүй/, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.
Бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримт /хх 24/-аар гаргаж шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.Шаас хохирлын 35.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Баярмагнайд олгож шийдвэрлэсэн ба,
Хохирогч Ч.Баярмагнай нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Мөн хохирогч Ч.Баярмагнай нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөгийн, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсны улмаас 161.000 төгрөг, Чингэлтэйн эрүүл мэндийн төвөөс 27.000 төгрөгийн тусламж үйлчилгээ тус тус авсаны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 236.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг шүүгдэгч Б.Шаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт БШыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Шаас хохирлын 35.000 /гучин таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Баярмагнайд олгосугай.
5. Хохирогч Ч.Баярмагнай нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 236.000 төгрөгийг шүүгдэгч Б.Шаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.
7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ