Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар  2022/ШЦТ/900

 

 

 

 

  2022          11          18                                     2022/ШЦТ/900

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Б.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт БЭт холбогдох эрүүгийн 2211 00000 1661 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тавилга шилэн хийц хийдэг ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Архангай аймгийн Өгийнуур сумын 1 дүгээр баг Тоглоход оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 65А-2 тоотод оршин сууж байгаа гэх,

Урьд: - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 763 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялаа бүрэн биелүүлж дууссан, хэрэг хариуцах чадвартай,

Өөлд овогт БЭ /РД:....................................................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17-ын автобусны буудлын орчимд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Тулгабаярын нүүр хэсэгт мөргөж, гараараа 4-5 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Э нь:

2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17-ын автобусны буудлын орчимд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Тулгабаярын нүүр хэсэгт мөргөж, гараараа 4-5 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Г.Тын “...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 42-644 тоот гэрээсээ өөрийнхөө 6171 УНЗ улсын дугаартай Тоёота гранд марк 2 загварын машинтайгаа гараад найз Эрдэнэбулганыг аваад бид хоёр 13 дугаар хороолол руу явж байсан юм. Тэгээд 5 буудлаас хотын төв рүүгээ явдаг талд нэг эрэгтэй хүн гараа өргөөд зогсож байхаар нь зам дагуу юм байна гэж бодоод суулгатал, тухайн хүн нь согтуу байсан ба намайг зүгээр чигээрээ яв” гээд загнаад “би чамд нэмэгдэл өгчихье гөлөг минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн гадна талд ирээд тухайн хүнийг “буучих” гэхэд “хуц пизда минь, чи зүгээр чигээрээ яв, ална шүү шээс минь, лалрын бацаан минь гай болов” гэх мэт үг хэлж байгаад машинаас буугаад миний буюу жолооч талын хаалгыг татаж онгойлгоод намайг хувцаснаас угзарч татаад буугаад ир гээд байхаар нь би буухгүй суугаад байж байхад миний нүүр лүү мөргөөд гараараа 4-5 удаа цохиод байж байхад цаад талаас цагдаа ирээд нөгөө хүнийг авсан. Тухайн үед миний нүүрнээс цус гараад байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг яваад баруун нүдний дээд зовхинд оёдол тавиулсан. Миний толгой болон эрүү өвдөж байна, баруун нүд хавдчихсан байдалтай, баруун нүдний ойр орчимд оёдол тавиулсан... Тухайн хэрэг болсон өдрөөс хойш Б.Э эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн ба ээж Алтанцацралын дансаар авсан. Гомдолтой байна, эмчилгээний баримтан дээрх мөнгөө нэхэмжилж авмаар байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-13 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.Эрдэнэбулганы “...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо гүнж 44-67 тоотод найз Тулгабаярын хамт манай гэрт бид хоёр байж байгаад 23 цагийн үед манай гэрээс гарсан ба Тулгабаяр өөрийнхөө 6171 УНЗ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Гранд марк 2 загварын машинтай явж байсан. Ингээд бид хоёр манай гэрээс гараад 7 буудлаас ертөнцийн зүгээр урагшаа явж байхад 5 буудал орчим “Өнө баар” нэртэй газрын ойролцоо 30-35 насны орчим саарал өнгийн бэлтгэлийн цамцтай залуу такси барих гээд гараа өргөж байхаар нь манай найз зам дагуу юм бол авчихъя гээд бид хоёр хажууд ирээд зогссон. Тэгсэн чинь  тухайн залуу машины хойд талд суусан ба “та  хоёр чигээрээ яваадах шар хадны эцэс ороодох хоёр гөлөг минь” гээд амандаа хэлээд гичий, нохойгоор нь дуудаад байхаар нь “та хаа хүрэх гэж байгаа юм” гэхэд “надаас хэдэн төгрөг авах юм, мөнгийг чинь 3 нугалаад өгье” гээд хараагаад байсан. Ингээд 17-ын уулзвараас урагшаа гараад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17-ийн буудлын ойролцоо зогсоод тухайн залууг буулгах гэсэн чинь буухгүй шар хад хүргээд өгөөч чи муу бацаан гээд манай найз руу дайраад машинаас бууж ирээд манай найзын хаалгыг онгойлгоод Тулгабаярыг сууж байхад нь заамдаад буугаад ир гээд байхаар нь буухгүй байсан чинь шууд нүүр лүү нь мөргөөд баруун гараараа баруун нүд рүү нь 4-5 удаа гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дугаар тал/,

Гэрч Б.Эрдэнэцэцэгийн “...Манай нөхөр Б.Э хувиараа тавилга шилэн хана, вакум цонх, металл хаалга гэх зүйлүүд хийдэг бөгөөд энэ ажлыг хийгээд 10 гаруй жил болж байна. Б.Э нь үг дуу цөөтэй, ажилсаг, илүү дутуу зан байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12803 дугаартай “Г.Тулгабаярын биед баруун хөмсөг, баруун нүдний зовхинд няцарсан шарх, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Эын “...би 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн үед 100 айл төв дээр хувиараа тавилга хийж байгаад ажлын ах Мягмардорж найз Баасанжавын хамт 18 цагийн үед ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнө баар нэртэй газрын пабд гурвуулаа сууж 0,75 литрийн архи, Сэнгүр нэртэй пиво хүний 5-6 шил ууцгаасан. Ингээд бид гурав миний машинтай ирсэн ба би машинаа тухайн газрын гадаа үлдээсэн ба орой хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна тухайн газраас гарахаар болоод Мягмардорж ах намайг “Өнө” баарны гаднаас таксинд суулгаж өгсөн юм. Ингээд би таксинд ганцаараа суугаад явж байсан ба архиндаа нэлээн согтоод юу болсон талаар сайн санахгүй байна нэг ухаан орсон чинь саатуулах байранд саатуулагдсан байсан. Би хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хэрэг болсон өдрөөс хойш Г.Тулгабаяртай уулзаагүй харин ээж Б.Алтанцацралтай уулзаж эмчилгээний зардал гэж 300.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5063360725 тоот  данснаас Г.Тулгабаярын ээжийнх нь 5003645757 Б.Алтанцацрал гэх хүний данс руу шилжүүлсэн. Өөр эмчилгээний мөнгө гэж өгөөгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/,          

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 74/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 333 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол /хх 77-78/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17-ын автобусны буудлын орчимд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Тын нүүр хэсэгт мөргөж, гараараа 4-5 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоос энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын гэх баримтуудыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба шүүгдэгч нь 320.000 төгрөгийг төлж барагдуулсан,

Мөн  хохирогч Г.Т нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 209.000 төгрөгийн зардал гарсан, дээрх зардлыг шүүгдэгч Б.Э нь төлсөн болох нь Төрийн банкны Мөнгөн шилжүүлэг /хх 76/-ээр нотлогдож байна.

Хохирогч Г.Тулгабаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт БЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хохирогч Г.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 320.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ