Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/992

 

 

 

    2022         12         19                                 2022/ШЦТ/992

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны Д танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүгдэгч М.А,

нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй нарыг оролцуулан эрүүгийн 2202000000389 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Б овогт М.А

            Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 2, найз охины хамт,  урьд  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үүрэг хүлээлгэсэн,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч М.А нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 43 дугаар гудамж 515 тоот дахь нийтийн байрны 12 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийтдээ 194.97 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

            А. Шүүгдэгч М.А нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар гудамж 515 тоот дахь нийтийн байрны 12 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийтдээ 194.97 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

            - шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг,

            - хэргийн газарт үзлэг хийсэн: “...сайн дураараа гаргаж өгөхийг хэлэхэд М.А нь байгаа гэснээр 12 тоотын зүүн хананд байрлах хар өнгийн чемодан дотроос жижиг гялгар ууттай, хар өнгийн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл, усны хуванцар саванд хийсэн өвс мэт зүйлийн жин нь 224,7 грамм байсныг 2 дугаараар тэмдэглэж хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/,

            - мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

            - хүний биед үзлэг хийж, биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-18 дугаар тал/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4880 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “А УХ98030235 10-р сарын 3” гэж хаягласан шээсний дээжид тетрагидрокан шинжилгээнд ирүүлсэн “А УХ98030235 10-р сарын 3” гэж хаягласан шээсний дээжид тетрагидроканнабинол /THC/ илрэв.

Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4877 дугаартай дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

“Гомдлын дугаар 161, хураагдсан газар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 515-12 тоот, хураагдсан зүйл 10,4 грамм өвс мэт зүйл, 224,7 грамм өвс мэт зүйл” гэж хаягласан хар гялгар ууттай цэвэр жин нь 8,970 грамм, 2 дугаараар тэмдэглэж хураан авсан гэх хуванцар усны савтай цэвэр жин нь 186,0 грамм тус тус жинтэй өвс мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.

            - Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтдаг ... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-56 дугаар тал/,

            - Шүүх сэтгэц эмгэг судлалын 999 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан,хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

            Б. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар түүж бэлтгэн, улмаар хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог билээ.

            Иймд шүүгдэгч М.А нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар гудамж 515 тоот дахь нийтийн байрны 12 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийтдээ 194.97 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

            Шүүгдэгч М.Ад ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан 1 нэг жил хорих  ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

           

            Шүүгдэгч М.А нь өөрийн түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөлөх бодисоо хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис хэрэглэсэн хүн нь өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж чадахгүйн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийдэг бөгөөд мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсэж өөрийн бие махбодод эдгэршгүй олон тооны өвчнүүдийг тусах суурь болдгоороо нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ аюултайд тооцогддог юм. Тиймээс дээрхийг харгалзан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 дугаараар тэмдэглэн хураан авсан жижиг хар гялгар уутны хамт 10,388 грамм, цэвэр жин нь 8,970 грамм өвс мэт зүйл, 2 дугаараар тэмдэглэн хураан авсан хуванцар усны савны хамт 224,7 грамм, цэвэр жин нь 186,0 грамм өвс мэт зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.А-ийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ад 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан М.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 дугаараар тэмдэглэн хураан авсан жижиг хар гялгар уутны хамт 10,388 грамм, цэвэр жин нь 8,970 грамм өвс мэт зүйл,  2 дугаараар тэмдэглэн хураан авсан хуванцар усны савны хамт 224,7 грамм, цэвэр жин нь 186,0 грамм өвс мэт зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ