Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/993

 

 

    2022        12         19                                  2022/ШЦТ/993

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны Д танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч П.Д,

нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй нарыг оролцуулан эрүүгийн 2202000000387 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт П.Д

            Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 620 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон, хэрэг хариуцах чадвартай.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч П.Д нь 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр М.А өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч улмаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 2 дугаар гудамжны 123 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын " Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй нийт 8,89 гр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

            А. Шүүгдэгч П Д нь 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр М.А өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч улмаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 2 дугаар гудамжны 123 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй нийт 8,89 гр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

            - Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дугаар тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

            - Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-16 дугаар тал/,

            - Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 350 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

            - Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4879 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн П.Д УХ92251174 2022.10.3 гэж хаягласан шээсний дээжид  тетрагидроканнабинол /THC/ илрэв. Шинжилгээнд илэрсэн Тетрагидроканнабинол /THC/  нь  НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4878 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн өвс, эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Гомдлын дугаар 159, хураагдсан газар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-123 тоот, хураагдсан зүйл 9,5 грамм өвс мэт зүйл, хуванцар сав, АҮ8458614 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тогоо хэлбэрт оруулж бэлтгэсэн тугалган цаас, түлэгдэж бохирлогдсон дэлгэсэн тугалган цаас гэж хаягласан уутыг задлахад 1 дугаараар тэмдэглэн хураан авсан жижиг гялгар ууттай цэвэр жин нь 8,891 грамм өвс мэт зүйл,  2 дугаараар тэмдэглэж хураан авсан гэх хажуу хэсэгтээ цуулсан оромтой шингэн витамины хуванцар сав, АҮ8458614 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тугалган цаас зэрэг зүйлд тус тус дельта-9-тетрагидроканнабинол илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн өвс, эд зүйлсээс дээж, арчдас авч үлдэгдлийг дүгнэлтийн хамт буцаав” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50 дугаар тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1016 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

            Б. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар олж авч улмаар хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог билээ.

            Иймд шүүгдэгч П.Д нь 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр М.А өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч улмаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 2 дугаар гудамжны 123 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй нийт 8,89 гр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

            Шүүгдэгч П.Дд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан 1 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч П.Д нь урьд нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис хэрэглэсэн хүн нь өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж чадахгүйн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийдэг бөгөөд мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсэж өөрийн бие махбодод эдгэршгүй олон тооны өвчнүүдийг тусах суурь болдгоороо нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ аюултайд тооцогддог юм. Тиймээс дээрхийг харгалзан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж хуульчилжээ.  

Тиймээс шүүгдэгч П.Д нь тэнсэнтэй байсан хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул урьд  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 620 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээ буюу 6 сар хорих ялыг оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар шүүх тогтоов.

            Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 дугаараар тэмдэглэн хураан авсан жижиг гялгар уутанд хийсэн 9,5 грамм ургамал мэт зүйл, №2 дугаараар тэмдэглэж хураан авсан шингэ витамины хуванцар сав, тогоо хэлбэрт оруулж бэлтгэсэн тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, АҮ8458614 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт Монгол банканд хүргүүлэхийг тус тус Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П.Дийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Дд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан П.Дд урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 620 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан П.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч П.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч П.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа байгаа №1 дугаараар тэмдэглэн хураан авсан жижиг гялгар уутанд хийсэн 9,5 грамм ургамал мэт зүйл, №2 дугаараар тэмдэглэж хураан авсан шингэ витамины хуванцар сав, тогоо хэлбэрт оруулж бэлтгэсэн тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, АҮ8458614 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг Монгол банканд хүргүүлэхийг тус тус Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ