Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 126/ШШ2021/0027

 

             Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

             бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

            хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий Улаанхуулар Т.Б /ФБ66041654/-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Б нь 1986 оны 11 дүгээр сараас Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад туслах мастераар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 25 жил 10 сар ажиллаж ирсэн билээ.

Миний эрхэлж байсан албан тушаал болох туслах мастер гэсэн албан тушаалын нэрийг 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 151 дугаартай Эрдэнэт хивс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар тоног төхөөрөмжийн засварчин гэж өөрчилсөн байдаг.

Дээрх албан тушаал нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д багтсан.

Иймд одоо би нас хүрч дээрх нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг хангасан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг хангасан тул Нийгмийн даатгалын байгууллагад хандсан. Гэтэл Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөс надад 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор хариу өглөө. Ингэж хариу өгөхдөө туслах мастераар ажилласан 25 жил 10 сарын хугацааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт, 4.18 дахь Ноос, ноолуур, хивсний боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчинтай адилтган үзэж, хүнд нөхцөлд хамаарах боломжгүй гэсэн шалтгаанаар надад өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхгүй байна.

1986 оноос хойш миний ажиллаж байсан туслах мастер гэх албан тушаал нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаартай тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д багтсан болох нь Эрдэнэт хивс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, мөн тус компанийн захиргаа хүний нөөцийн даргын тодорхойлолт зэргээр нотлогддог.

Мөн түүнчлэн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй ижил шатны байгууллага болох Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь надтай адил туслах мастерийн албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д багтах юм гэж үзэж тухайн нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгдөг туршлагатай юм байна.

Гэтэл Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хууль, дүрэм, журмыг ялгамжтай байдлаар, өөрсдийн үзэмжээр тайлбарлаж өндөр насны тэтгэвэр тогтоож өгөлгүй иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, Т.Б надад өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа “...Т.Б нь Орхон аймгийн Эрдэнэт хивс ХХК-ийн Нэхэх үйлдвэрт 1986 оны 11 дүгээр сарын 27-ноос 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт 25 жил 9 сар туслах мастерийн албан тушаалд ажиллаж байсан тухай 291841 дугаарын хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон тухайн байгууллагын эрх бүхий этгээдийн гаргасан ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалаар батлагдаж байгаа. “Туслах мастер” гэх албан тушаалын нэршил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралт “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д байхгүй байгаа тул хүн нөхцөлд хамааруулан өндөр насны тэтгэвэр тогтоох үндэслэлгүй байна.

Тус компанийн даргын 2014 оны 151 дүгээр тушаалтаар Ноос угаах, ээрэх, нэхэх, угалз, ноолуурын үйлдвэрийн орон тоон дахь туслах мастер гэсэн албан тушаалын нэршлийг тоног төхөөрөмжийн засварчин болгон өөрчилсөн байх тул Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрээр 2014 оны 151 дүгээр тушаал гарсан өдрөөс өмнөх туслах мастераар ажилласан хугацааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт 4.18 дахь “Ноос, ноолуур, хивсний боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин ...” заалтад хамааруулан хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэж шийдвэрлэсэн.

Иймд Т.Бд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг хангасан гэж үзэх үндэслэлгүй байгаа тул Т.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т.Б миний бие Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс миний тэтгэврийг тогтоох шийдвэр гаргахаар болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Бгийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч Т.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хариуцагч түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч өндөр насны тэтгэвэр тогтоох болсон хэмээн дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бгийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даагалын хэлтэст холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

    ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ