Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2024/0540/З |
Дугаар | 221/МА2024/0754 |
Огноо | 2024-11-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0754
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/344 дүгээр тушаал бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 809 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0540/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/344 дүгээр тушаал бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 809 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/344 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “С" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт Г.Э миний бие нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №128/ШШ2024/0809 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
3.1. Нэхэмжлэгч "С" ХХК-д анх байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дүгээр тушаалаар Түргэний аманд 27,260 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгосон байсныг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А/344 тоот тушаалаар тухайн газрын ашиглах эрхийг нь хүчингүй болгосон. Энэхүү тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж тус тус заасныг удирдлага болгосон.
3.2. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогддог. Мөн Монгол Улсын Дээд шүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг яаманд ирүүлээгүй.
3.3. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг хийсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2023 оны 06 дугаар сарны 20-ны өдрийн 678 дугаар албан бичгээр "Иргэн, аж ахуйн нэгжид" гэж нийтэд хаяглан албан бичиг үйлдснийг баримтжуулаагүй учраас сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д "цахим хэлбэрээр санал авах" гэж заасан байдаг. Шүүхээс сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь өөрийн цахим хуудсандаа нийтэд хандсан мэдээллийг тавьснаар сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч талаас газрын төлбөрийг төлсөн ямар ч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлэгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, нотлох баримтыг дутуу шинжлэн судлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №128/ШШ2024/0809 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1.Нэхэмжлэгч “С” ХХК нь Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/344 дүгээр тушаал бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
2.2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/344 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлээ “... Газрыг зориулалтын дагуу, хуульд заасан журмын дагуу ашиглах нь манай компанийн үүрэг мөн боловч газар ашиглах эрх олгох, газар ашиглах эрхэд саад учруулахгүй байх, гурвалсан гэрээ байгуулах зэрэг нь дан ганц манай компанийн үүрэг бус гэрээний бусад оролцогчдын ч мөн үүрэг юм. Гэтэл бодит байдал дээр зөвхөн манай компанид хариуцлага ногдуулж газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2020 оноос 2023 оны хооронд улс орон даяар ковид-19 цар тахал дэгдэж аялал жуулчлал бизнес эдийн засгийн харилцаа зогссон, газар ашиглах эрх эзэмшигч “С” ХХК-ийн өмнөх эзэмшигчийн өв нээгдэх хугацааг хүлээсэн зэрэг нь зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан мөн ...” гэж тайлбарлан маргасан.
2.3. Анхан шатны шүүх “... хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь сонсох ажиллагаа явуулаагүй, компанийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага нас барсан хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал байхад энэ талаарх тайлбар нотлох баримт гаргуулаагүй, түүнчлэн Газар зохион байгуулалтын алба нь төлбөрийн нэхэмжлэхээ 2019-2023 онд үйлдээгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар нь газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрээг байгуулах талаар шаардлага хүргүүлээгүй, тодорхой үйл ажиллагаа явуулаагүй зэрэг захиргааны байгууллагын буруутай ажиллагаа байхад үүнийг шалгаж тогтоогоогүй байхдаа нэхэмжлэгчийг буруутгаж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн байна ...” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “С” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний ам нэртэй газарт, 27620 м.кв талбайг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн ******49 дугаартай гэрчилгээг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 5 жилийн хугацаатай олгожээ.
2.5. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/344 дүгээр тушаалаар “С” ХХК-д ашиглуулахаар олгосон газрын эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснээр маргаан үүссэн үйл баримтууд тогтоогдож байна.
3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасан.
3.1. Хуулийн дээрх заалтаас үзэхэд, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахдаа захиргааны байгууллагын зүгээс тодорхой, нөхцөл болзол шаардах эрхтэй, энэхүү шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах зарчим үйлчлэхээр байна. Өөрөөр хэлбэл төрийн хяналт хамгаалалтад байх тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх үүссэн бол үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зориулалтаар нь ашиглаж, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх шаардлагатай.
3.2. Гэтэл нэхэмжлэгчийн тухайд 2020 онд газар ашиглах эрх үүсч, газрын төлбөр төлөх харилцаа эхэлсэн байхад маргаан бүхий акт гарах хүртэл газрын төлбөр төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байна.
3.3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар газар ашиглуулах шийдвэр гаргах, эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны төрөл бөгөөд энэ нь нэгдмэл байдлаар хэрэгждэг тул нэхэмжлэгчийн “...газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулснаар газрын төлбөр төлнө ...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
3.4. Тодруулбал, газар ашиглуулах тушаал, газар ашиглах гэрээ, гэрчилгээ нь хамтдаа хүчин төгөлдөр үйлчилж байж газар ашиглах эрх үүсэхээс бус зөвхөн нэг ажиллагаагаар буюу газар ашиглах гэрээ байгуулснаар газар ашиглах эрх, газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй.
3.5. Нэхэмжлэгчээс гэрээ байгуулах талаар хандаж байсан гэх боловч энэ талаар нотолсон баримт байхгүй, харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2561 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид газар ашиглах гэрээ байгуулна уу гэсэн санал хүргүүлж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй.
3.6.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүргийг тодорхойлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/-т Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан буюу газрын төлбөр төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулсан.
3.7. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьд газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй шалтгаанаа “компанийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага нас барсан хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал бий болсон” гэж тайлбарлаж байгааг хүлээн авч болох ч газрын төлбөрийг газар ашиглах эрх үүссэнээс хойш огт төлөөгүй, 2021 болон 2022 оны газрын төлбөрийн ногдлын жагсаалтад нэхэмжлэлээр үүссэн төлбөр төлөгдөөгүй болох нь Хан-уул дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/2265 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж дүгнэж хүчингүй болгох үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн “төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй тул төлбөр төлөөгүйг зөвтгөсөн” талаарх дүгнэлт буруу байна.
3.8. Нэхэмжлэгчээс төлбөр төлөөгүй, газар ашиглаагүй шалтгаанаа 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээг хэрэгт хавсарган өгч 2020 оноос 2023 оны хооронд улс орон даяар ковид-19 цар тахал дэгдэж аялал жуулчлал бизнес эдийн засгийн харилцаа зогссон, газар ашиглах эрх эзэмшигч “С” ХХК-ийн өмнөх эзэмшигчийн өв нээгдэх хугацааг хүлээсэн” гэж тайлбарлаж байгаа ч 2020, 2021 онд тодорхой хугацаагаар хөл хорио тогтоосон нь тухайн жилийн турш газрын төлбөр төлөх боломжгүй байсан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
4. Мөн анхан шатны шүүх “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь “С” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох тайлбар нотлох баримт гаргах эрхийг нь хангаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.1. Учир нь, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэхээр заасан үүргийнхээ хүрээнд хамгаалалтын захиргаанаас холбогдох этгээдүүдэд сонсох ажиллагааг хийсэн байна.
4.2. Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 809 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “С” ХХК-ийн гаргасан “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/344 дүгээр тушаал бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ