Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 282

 

МАГАДЛАЛ

 

2018.01.24                                                    Дугаар 282                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Э.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03584 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.М холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.М-ай 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан Х аймгийн нутагт 2016 оны 7-9 сарын хооронд хадлан хадаж, өвс бэлтгэн борлуулаад олсон ашгаа тэнцүү хуваан авч хамтран ажиллахаар болсон. Хадлан хадаж бэлтгэхэд шаардлагатай трактор, пресслэгч машин, хадуур, тармуур, чиргүүлийг Д.М нь өөрийн танил О.А-с 16.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж, үүний 9.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 7.000.000 төгрөгийг хадланд гарсны дараа бэлдсэн өвсөөр төлөхөөр тохиролцсон. Ингээд би бэлэн мөнгөөр төлөх 9.000.000 төгрөгийн 50% болох 4.500.000 төгрөгийг Д.М хүлээлгэн өгсөн. Уг мөнгийг өөрийн төрсөн эгч Д.Я-н хамт Х.Б-с жилийн 21%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан юм. Д.М хамтран ажиллах хугацаанд өвс хадах, борлуулах, төлбөр төлөх асуудлыг бүрэн хариуцаж байсан ба хадлантай холбоотой бүх л төлбөр тооцоог өөрийн дансаар болон бэлнээр авч байсан. Тухайн үед миний бие жирэмсэн байсан учир хадлангийн ажилд оролцоогүй, харин өөрийн аав Н.Э гэрээнд заасны дагуу техник, тохог төхөөрөмжийн засварыг хариуцуулсан. Хадлан дээр аав Н.Э өвс пресслэгчээр, хүргэн дүү н.О, ах н.Х нар ачигч, боогчоор ажилласан. Хадлангийн ажил 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны хооронд үргэлжлээд Д.М нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны үеэр хотод орж ирсэн.

Түүнтэй гэрээгээ дүгнэж, ашиг алдагдлаа тооцох талаар 2 удаа утсаар ярьсан боловч загнаад байхаар нь 2017 оны 01 дүгээр сард хадам эхийн хамт очиж уулзахад, Ашиг олоогүй, чамд өгөх зүйл байхгүй, өвсний мөнгөөр дахин 1 трактор нэмж худалдаж авсан гэсэн шалтгаан яриад тооцоо нийлж, зардлаа тайлагнаагүй. Д.М нь хамтран ажиллах гэрээний хугацаанд ямар ч ашиг олоогүй, хадлантай холбоотой гарсан орлого, зарлагаа тайлагнахгүй гэсэн тул гэрээг цуцалж, хадланд гарахын өмнө шатахуунд өгсөн 750.000 төгрөг, хадланд гарснаас хойш шатахуунд өгсөн 200.000 төгрөг, өвс боох 3 боодол мяндасны үнэ 210.000 төгрөг, трактор худалдан авсны 50 хувь 1.250.000 төгрөг, О.А өвсний тооцоо хийсэн 5.000.000 төгрөгний 50 хувь 2.500.000 төгрөг, зээлийн хүү 2.314.200 төгрөг, нийт 11.734.200 төгрөг нэхэмжилсэн. Бид анх ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан мөртлөө ашиг орлогоо тооцъё гэхээр Д.М нь чамд хамаагүй гээд орлого, зарлагаа огт танилцуулаагүй тул ямар зардал гараад ямар ашиг гарсныг тооцох боломжгүй болсон. Хамтран ажиллах гэрээний 3.1-д, Хамтын ажиллагаатай холбоотой санаа, зардал, олсон орлого, өр, авлага, бусад зүйлс нь талуудын хамтран өмчлөх дундын өмчлөлд байна гэж заасан. Үүнээс үзэхэд гэрээний дагуу иргэн О.А-с 16.000.000 төгрөгөөр трактор, пресслэгч машин, хадуур, тармуур, чиргүүлийг худалдаж авсан. Д.М хадлангийн явцад өвс худалдсан орлогоос 2.500.000 төгрөгөөр трактор худалдан авснаар одоо бидний дундын өмчлөлд 18.500.000 төгрөгийн эд хөрөнгө бий болсон гэж үзэж байна. Түүнээс гадна өөрийнх нь тайлбарлаж байгаагаар О.А өгөх техникийн үнийн дутуу 1.000.000 төгрөг нь өр болон үүссэн гэж үзэж байна. Хадлангийн явцад 17.000-18.000 боодол өвс бэлтгэсэн, 1 боодол өвсийг 3.000 төгрөгөөр борлуулж байсныг гэрчүүд мэдүүлсэн. Д.М миний бэлнээр оруулсан хөрөнгө 5.660.000 төгрөг гэдэгтэй маргахгүй байх бөгөөд О.А тэрээр 8.500.000 төгрөг шилжүүлсэн гэдгээс үзэхэд түүний өөрийнх нь оруулсан хөрөнгө оруулалт тодорхойгүй байна. Гэрээний 1.2-т: Хадлан хадаж бэлтгэхэд шаардлагатай доорх тоног төхөөрөмжийг А тал 16.000.000 төгрөгөөр худалдан авахад Б талаас 4.500.000 төгрөг бэлнээр оруулсан болно. Худалдан авсан тоног төхөөрөмж, техникийг А тал өөрийн эзэмшилд авна. Үүний дагуу үйл ажиллагааны удирдлагыг А тал 51 %, Б тал 49 %-иар тус тус хэрэгжүүлнэ гэж тохиролцсон. Манайх 2016 оны 07 сараас 10 сарыг дуусталх хугацаанд хадлан хадах нөхцлийг хангаж, техник, тоног төхөөрөмжид шаардлагатай засвар үйлчилгээг хадланд гарахын өмнө Улаанбаатар хотод, хадланд гарснаас хойш талбай дээр миний өмнөөс аав Н.Э бүрэн хариуцаж ажилласан. Зардлын тухайд шатахууны хөлсийг шаардсан цаг тухай бүрт нь шилжүүлж байсан. Хадлангийн явцад техник, тоног төхөөрөмжийг засварлахад зардал гарсныг үгүйсгэхгүй, гэхдээ орлого олж байж зардал гарсан байх ёстой. Д.М олсон орлого, гарсан зардлаа танилцуулаагүй тул өөрийн оруулсан хөрөнгөөр бий болгосон эд хөрөнгөөс 50 хувийг, бас бусдад төлөх ёстой өрийн 50 хувийг хариуцах ёстой гэж үзэж байна. О.А-с авсан техникийг Д.М өөрийн өмчлөлд аваагүй гэж байгааг зөвшөөрөхгүй, тэр эд хөрөнгийг өөрөө харж үзэж худалдан авч, төлбөр тооцоог хийсэн бөгөөд хадлангийнхаа үйл ажиллагаандаа ашигласан, одоо түүний эзэмшил, ашиглалтад байгаа болно.

Иймд О.А-с 16.000.000 төгрөгөөр худалдан авсан техник тоног төхөөрөмж, хадлангийн явцад 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан 1 трактор, нийт 18.500.000 төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмж нь хамтран ажиллах гэрээний явцад бий болгосон дундын өмчлөлийн эд хөрөнгө тул үүний тал хувь болох 9.250.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Үүнээс О.А өгөх өглөг 1.000.000 төгрөгийн 50 хувь буюу 500.000 төгрөгийг хариуцлагад тооцон хасч, үлдэх 8.750.000 төгрөгийг Д.Маас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Э.Э хамтран ажиллах №1 тоот гэрээ байгуулсан бөгөөд Э.Э нь хамтран ажиллаж, хадлангийн өвс хадаж бэлтгэн борлуулахад 4 500 000 төгрөг оруулсан нь үнэн. Хадлан хадах, борлуулах ажил 2016 оны 7-9 саруудад хийгдсэн, энэ ажилд 20 гаруй сая төгрөг зарцуулсан. Уг хадлангийн ажил бидний хувьд анхны ажил байсан болохоор ямар ч ашиггүй ажилласан. Э.Э нь хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө, зардал 11 724 200 төгрөг нэхэмжилсэн байсан. Хамтран ажиллах явцад Э.Эхээс 1 хадууртай трактор, чиргүүл, ёмкость нэмж авчирна гэсэн боловч эднийх дугуйгүй чиргүүл, ёмкость авчирсан, тэр чиргүүлд дугуй худалдаж авч тавьсан. Уг нь 1 хадууртай трактор хадлангийн талбайд нэмж ирсэн бол бид арай үр дүнтэй ажиллах байсан. Хадлангийн явцад 8200 боодол өвс бэлтгэсэн. Үүнээс О.А 700, суманд 1000 боодол өвс өгөөд үлдсэн өвсийг борлуулсан. Хадлан хадахаар Х аймгийн Б сумын захиргаатай 200 га хадлангийн талбай ашиглах гэрээ байгуулж, хөлсөнд нь 1000 боодол өвс өгсөн. О.А-с 16 000 000 төгрөгөөр техник тоног төхөөрөмж авахаар болж, 9 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэх 7 000 000 төгрөгийг өвсөөр төлөхөөр тохиролцсон. Ингээд түүнд Э.Э 4 500 000 төгрөгийг бэлнээр өгтөл тэрээр мөнгө нэмж өг гээд байсан тул би өөрөөсөө 8 500 000 төгрөг бэлнээр өгсөн. О.А 1 боодол өвсийг 2500 төгрөгөөр тооцож, 700 боодол өвс өгсөн, одоо үлдэх 1 000 000 төгрөгийг төлөөгүй. Худалдаж авсан техник хэрэгсэл нь ашиглагдаагүй удсанаас зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан. Гэрээнд засвар үйлчилгээг Э.Э хариуцах байсан боловч тэр өөрийнхөө аав Н.Э талбайд гаргасан боловч тэр засварын ажилд огт оролцоогүй. Уг нь 2016 оны 05 дугаар сараас 8 сарын хооронд техникт засвар үйлчилгээ хийгдсэн бөгөөд сэлбэгийн зардал, ажлын хөлсөнд 7 920 500 төгрөг зарцуулсан. Хадлангийн ажилд 9 хүн ажилласан бөгөөд хүмүүсийн цалин хөлс, хоол хүнсний асуудлыг Д.М бүгдийг хариуцан ажиллаж хүмүүсийн цалин, хөлсөнд 7 815 000 төгрөг, хоол хүнс, түлш, түрээс, бусад зардал зэрэгт 15 510 000 төгрөг, нийт 23 435 500 төгрөгийн зардал гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нотариатчаар гэрчлэгдсэн тул гэрээний дагуу маргаан шийдэгдэх ёстой гэж үзэж байна. Гэрээний 3.1, 4.3-д талуудын хүлээх хариуцлагыг заасан. Түүнээс гадна хадлангийн явцад 2 ширхэг трактор, 1 чиргүүл нэмж түрээсэлсэн. Э.Э хадлан буусны дараа данс тооцоо нийлэхээр манайд ирсэн боловч тэрээр манай эхнэр Ч.Ц данс хөтөлсөн дэвтрийг үзэхгүй гээд өөрөө л уурлаад байсан болохоос би түүнийг загнаагүй.

Анх удаа хадланд гарч байгаа бөгөөд Э.Э аав Н.Э өмнө нь хадланд гарч байсан туршлагатай хүн байсан бөгөөд хадлан дээр н.Д 2.500.000 төгрөгөөр трактор худалдаж аваагүй, түрээсэлж байгаад буцаагаад өгсөн. Гэрээний 3.1-д, Хамтын ажиллагаатай холбоотой санаа, зардал, олсон орлого, өр, авлага, бусад зүйлс нь талуудын хамтран өмчлөх дундын өмчлөлд байна гэж зааснаар зардлаа тооцвол энэ бүгд дундын өмчлөлийнх болно. О.А тракторын төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй, техникийн бичиг баримт байхгүй, миний нэр дээр өмчлөх эрх нь шилжээгүй байгаа тул дундын гэх хөрөнгө бий болоогүй гэж үзэж байна. Энэ жил хадланд гарахдаа О.А-с авсан техникийн 1 пресслэгчийг ашигласан. Гэрчээр асуугдсан Н.Э хадлан дээр очоод өөрийнхөө хийсэн ажлаа мэдүүлж байгаа болохоос бус Э.Э өмнөөс гэрээнд заасан техник, тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна. Гэрээний 1.2-т А тал буюу Д.М тоног төхөөрөмж, техникийг өөрийн эзэмшилдээ авна гээд заачихсан, мөн гэрээнд дундын эд хөрөнгийг хуваарилах журмыг тохиролцоогүй байхад бий болгосон хөрөнгөний тал хувийг авахаар шаардлага гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д ашгийг талуудын төлсөн хураамжид тооцож хуваарилна гэж заасан байгаагаас үзэхэд талууд 16.000.000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахад Э.Э 4.500.000 төгрөг оруулсан гэдэг нь тодорхой байна. Нэхэмжлэгч нь 17.000 боодол өвс бэлтгэсэн гэж байгаа боловч хадлан дээр ажилласан хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдохгүй байх бөгөөд гэрч тус бүр боодол өвсийг өөр өөрөөр мэдүүлж байх тул 17.000 боодол өвс бэлтгэсэн нь тогтоогдохгүй байна. Харин данс тооцоог хөтөлж байсан Ч.Ц дэвтэрт тэмдэглэснээр 8200 боодол өвс бэлтгэсэн нь тогтоогдоно. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг бий болгосон гэх баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Б тал буюу Э.Э 5.463.000 төгрөг, А тал буюу Д.М 24.000.000 гаруй төгрөгийн зардал гаргасан, ашиг байхгүй, харин алдагдалтай байна. Иймд талуудын оруулсан хөрөнгийн хэмжээгээр тооцоход Э.Э нэхэмжлэлийн шаардлагаас 2.700.000 төгрөгийг зөвшөөрөх боломжтой гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Маас 7 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Эд олгож, Нэхэмжлэгч Э.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209 190 төгрөгөөс илүү төлөгдсөн 54 240 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 154 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2 тал хамтран ажиллах гэрээний 1.2-т хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн хариуцан гаргахаа тохирсон байна. Дээрх трактор тоног төхөөрөмжийг худалдан авахад 3 жил зогссон, үйл ажиллагаа, техникийн засвар үйлчилгээ шаардлагатай байсан тул Б тал энэ үүргийг хариуцахаар тохирсон энэ үүргээ биелүүлээгүй тул А тал Б талын үүргийг гүйцэтгэж, гарах зардлыг өөрсдөөсөө гаргасан. Гэрээний талууд хамтын хөрөнгийг дундаа өмчлөх тухай заасан боловч тракторын мөнгийг бүрэн төлж барагдуулж дуусаагүй, трактор тоног төхөөрөмжүүд ямар нэг баримт бичиггүй байсан, эд хөрөнгө эзэмшил өмчлөлд ирэх эсэх нь тодорхойгүй байгаа, хамтын ажлын үр дүнд ашиг олоогүй, алдагдал хүлээсэн зэрэг байдлууд шүүх хуралдаанаар яригдаж, ажил явагдах үеиин зардал тооцоо нотлох баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч энэ талаар үгүйсгэсэн баримт гаргаагүй болно. Шүүх Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.3 дахь хэсэгт заасныг баримталсан байх бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Хамтран ажиллах гэрээний дагуу талууд хураамж төлөх бөгөөд энэ талаар 2 тал гэрээний 1.2, 3.1, 4.1 дэх заалтад тодорхой заасан. Хураамж гэдэгт хамтын ажиллагааны зорилгод хүрэх ажлыг дэмжих үүднээс хувь оруулах бүх төрлийн амлалт хамаарна. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт зааснаар 2 тал мөнгө, хөрөнгө, үйлчилгээ, эрх шаардлагаа тусгайлан тохирсон ба А тал удирдлагын үүргийг гүйцэтгэнэ гэдгээ ч гэрээгээр хүлээсэн байна. 2 талын гэрээ адилгүй эрхтэй, адил биш хөрөнгө оруулалттай байх ба хамтын үйл ажиллагаандаа ч адилгүй хэмжээгээр оролцсон болох нь хэргийн тайлбар, нотлох баримт, зардлын баримт тооцоо зэргээс харагдана. Түүнчлэн хамтын хөрөнгө бий болсон үндсэн хэлбэр маань гэрээний талуудын амалсан буюу төлсөн хураам     ж байдаг.

Иймд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12 дахь заалтаар ашиг төлсөн хураамжийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилах бөгөөд энэ нь шударга тэгш болно гэж хариуцагч үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хуульд зааснаар оруулсан хөрөнгийн хэмжээгээр үр дүн, алдагдлыг тооцож шударга шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Д.М холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу хамтын ажиллагааны явцад бий болсон хөрөнгө “дундын өмчлөлийн зүйл” байхаар тохиролцсон байна. Хариуцагч Д.Мын нэр дээр трактор шилжээгүй байгаа боловч бодитойгоор эзэмшилдээ байлгаж байгаа үйл баримт дээр талууд маргахгүй харин оруулсан хөрөнгийн хэмжээгээр үр дүн, алдагдлыг тооцох нь зүйтэй гэж тайлбарлажээ.  /хх 4-9/

Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар талууд хамтран ажиллах гэрээнээс олсон ашиг, алдагдлыг харилцан тооцох учиртай. Иймд анхан шатны шүүхээс хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч талын оруулсан хөрөнгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, трактор худалдан авахад мөнгө төлсөн, түүнчлэн өвсөөр болон шаардлагатай эд зүйлс өвс пресслэгч машин, хадуур, тармуур, чиргүүл гэх тодорхой хөрөнгүүдийг гаргасан байх ба анхан шатны шүүхээс үнэлгээг тооцон гаргаж хамтран ажиллах гэрээг дуусгавар болж байхад түүнтэй холбоотой нэг талд нь хөрөнгө үлдэж байгаа бол үлдэх хөрөнгийн эс ногдох хэсгийг нөгөө талд гаргуулсан нь үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03584 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 134 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

                                                               М.НАРАНЦЭЦЭГ