Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар  2022/ШЦТ/979

 

 

 

 

 

  2022          12         15                                   2022/ШЦТ/979

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,  улсын яллагч Б.Дөлгөөн, шүүгдэгч У.Ё, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ёд холбогдох эрүүгийн “2211 01903 1926” дугаартай, 186/2022/0917/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол иргэн хххх тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, У.Ё,

        Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч У.Ё нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох иргэн Б.Мийн гэрийн цонхыг хагалан орж 40 инчийн зурагт, 2 шил виски, улаан 0,75 литр хэмжээтэй вино, Yi lot нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн хяналтын камер, хар хөх өнгийн 1 ширхэг хуучин хөнжил зэрэг эд зүйлсийг авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч У.Ё  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мийн:...би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Шадивлангийн задгай тоотод байрлах манай зуслангийн байшингийн гадна, дотор талын хяналтын камерууд 17 цагийн үед ажиллагаагүй болсон. Тэгээд 18 цаг 25 минутын үед би зуслангийн байшиндаа ирэхэд манай байшингийн том өрөөний жижиг цонхыг хагалаад хулгайч орчихсон манай гэрт байсан самсунг брендийн лэд хуучин загварын 40 инчийн зурагт болон улаан жонни валкер виски 1 литр, 1 ширхэг, Рум гэсэн нэртэй кониак 0,75 литр 1 ширхэг /нэрийг нь мэдэхгүй/,  улаан вино 0,75 литр 1 ширхэг, Yi lot нэртэй хятадын хяналтын камер 1 ширхэг, манай гэрийн хөх өнгийн хөнжил 1 ширхэг тус тус алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12-15 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч М.Ганболдын:...би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо Ногоон урлан хотхон 73-8-19 тоотод байрлах “Хөнөгийн Ундрага” барьцаат зээлийн газар ажил дээрээ байж байхад 19 цаг 50 минутын үед хар бараан өнгийн куртик өмссөн, толгойны үс шингэндүү, туранхай, 165 см орчим өндөртэй, эрэгтэй хүн самсунг загварын хуучны энгийн 40 инчийн зурагт барьцаанд тавихаар орж ирсэн. Тухайн хүн бичиг баримтгүй байсан болохоор нь бичиг баримтгүй бол тухайн зурагтыг авахгүй гэж хэлээд явуулахад 20-оос 30 минутын дараа иргэний үнэмлэхний лавлагаагаа аваад буцаад ороод ирсэн. Би самсунг загварын 40 инчийн зурагтыг 50,000 төгрөгөөр барьцаанд аваад явуулсан. У.Ё гэх хүнд би энэ хуучны зурагт байна авахгүй гэж хэлсэн боловч надаас машин мөргөсөн мөнгө хэрэг болоод байна гэж гуйсаар байгаад 50,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Манайд ганцхан зурагт тавьсан. Ёлок гэдэг хүн хоёр үүргэвчтэй том хар цүнх үүрсэн явж байсан. Доторх эд зүйл нь харагдахгүй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр тал/,

2.3. “ДАМНО” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЧД2-22-854 дугаартай тайлан“...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 808,250 төгрөгөөр үнэлсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл гэжээ. /хх-ийн 30-31 дүгээр тал/,

      Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

      3.1. Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хохирогч Б.Мийн мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч М.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЧД2-22-854 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр тал/, яллагдагч У.Ёын мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр тал/, яллагдагч У.Ёын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгасан хуудас /хх-ийн 44 дүгээр тал, 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

     3.2.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож хавтаст хэргээс /хх-ийн 38 дугаар тал/, /хх-ийн 39 дүгээр тал/, /хх-ийн 40 дүгээр тал/, /хх-ийн 42 дугаар тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

        3.3. Шүүгдэгч: хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

      Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

        Шүүгдэгч У.Ё нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох иргэн Б.Мийн гэрийн цонхыг хагалан орж 40 инчийн зурагт, 2 шил виски, улаан 0,75 литр хэмжээтэй вино, Yi lot нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн хяналтын камер, хар хөх өнгийн 1 ширхэг хуучин хөнжил зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг   үйлдсэн  болох нь:

        - хохирогч Б.Мийн:...би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Шадивлангийн задгай тоотод байрлах манай зуслангийн байшингийн гадна, дотор талын хяналтын камерууд 17 цагийн үед ажиллагаагүй болсон. Тэгээд 18 цаг 25 минутын үед би зуслангийн байшиндаа ирэхэд манай байшингийн том өрөөний жижиг цонхыг хагалаад хулгайч орчихсон манай гэрт байсан самсунг брендийн лэд хуучин загварын 40 инчийн зурагт болон улаан жонни валкер виски 1 литр, 1 ширхэг, Рум гэсэн нэртэй каниак 0,75 литр 1 ширхэг /нэрийг нь мэдэхгүй/,  улаан вино 0,75 литр 1 ширхэг, Yi lot нэртэй хятадын хяналтын камер 1 ширхэг, манай гэрийн хөх өнгийн хөнжил 1 ширхэг тус тус алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12-15 дугаар тал/,

      - иргэний нэхэмжлэгч М.Ганболдын:...би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо Ногоон урлан хотхон 73-8-19 тоотод байрлах “Хөнөгийн Ундрага” барьцаат зээлийн газар ажил дээрээ байж байхад 19 цаг 50 минутын үед хар бараан өнгийн куртик өмссөн, толгойны үс шингэндүү, туранхай, 165 см орчим өндөртэй, эрэгтэй хүн самсунг загварын хуучны энгийн 40 инчийн зурагт барьцаанд тавихаар орж ирсэн. Тухайн хүн бичиг баримтгүй байсан болохоор нь бичиг баримтгүй бол тухайн зурагтыг авахгүй гэж хэлээд явуулахад 20-30 минутын дараа иргэний үнэмлэхний лавлагаагаа аваад буцаад ороод ирсэн. Би самсунг загварын 40 инчийн зурагтыг 50,000 төгрөгөөр барьцаанд аваад явуулсан. У.Ё гэх хүнд би энэ хуучны зурагт байна авахгүй гэж хэлсэн боловч надаас машин мөргөсөн мөнгө хэрэг болоод байна гэж гуйсаар байгаад 50,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Манайд ганцхан зурагт тавьсан. Ёлок гэдэг хүн хоёр үүргэвчтэй том хар цүнх үүрсэн явж байсан. Доторх эд зүйл нь харагдахгүй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр тал/,

      - “Дамно” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 30-31 дүгээр тал/, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн  шатанд шүүдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй У.Ёын  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У.Ёын  “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй  гэмт хэрэг бөгөөд  У.Ёын дээрхи гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 346.000, иргэний нэхэмжлэгчид 50.000 төгрөгний хохирол учруулсан боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар У.Ёд 2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал  дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нь “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг  нөхөн төлсөн тул , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэж  хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцлээ.

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан  “ энэ хуулийн  тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж  хуульчилжээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Ёд 1 /нэг/ жил /2/ хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь  зүйтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Ёод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:   

          1.Шүүгдэгч У.Ёыг  Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч У.Ёд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ёд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч У.Ёд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ёд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

    

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ