| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/03617/И |
| Дугаар | 183/ШШ2019/00758 |
| Огноо | 2019-04-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2019/00758
| Дугаар 183/ШШ2019/00758 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхонд байрлах Н СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан хотхон ... тоот хаягт оршин суух Б овогт С.М д холбогдох,
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 794 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н СӨХ нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Н СӨХ нь хариуцагч М.С дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 794 050 төгрөг гаргуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, харин оршин суугч С.М 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болох нийт 794 050 төгрөг нэхэмжилснээс гаражийн төлбөрт авсан 76 050 төгрөгийг татгалзаж үлдэх 718 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Хариуцагч М.С нь уг орон сууцыг би 2016 оны хүртэл эзэмшиж байсан, охин С.М 2016 онд өмчлүүлэхээр шилжүүлсэн. Бидний шүүхэд гаргах тайлбарын агуулга болно. Манай гэр бүл 2009 оны 03 дугаар сараас Нархан хотхоны ... тоот 69.9 м.кв 2 өрөө орон сууцыг автомашины зогсоолгүйгээр эзэмшиж байгаа бөгөөд уг байрандаа 2014 оны 06 дугаар сар хүртэл өөрсдөө амьдарч байгаад түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүн амьдраагүй хэдий ч 2017 оны 07 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлж ирсэн. 2017 оны 01 дүгээр сар хүртэл СӨХ-ны төлбөрийг тушаахдаа юу юуны төлбөр гарч байгааг бид өөрсдөө анхаарч сонирхолгүй явсны буруугаас болж тус Н СӨХ-д огт байхгүй гаражийн төлбөр 9000 төгрөгийг илүү тооцон авч, завших бололцоо олгосноо мэдсэн. Тухайн үед СӨХ дээр ирж учир байдлыг тодруулахад “Танайх анх гаражтай байсан болоод л ийм төлбөр гарсан. Бид юу гэж илүү мөнгө авах вэ” гэдэг хариу сонссон. Тэгэхэд миний бие “Манай 61 дүгээр байр хэдийгээр 50 гаруй айлын орон сууц хэдий ч байшингийхаа суурийн хэмжээгээр ердөө 17 машины багтаамж бүхий зогсоолтой. Энэ хотхонд гаражтай байна гэдэг нь их чухал асуудал. Бараг нэр төрийн хэрэг. Юу гэж гаражаа зарах, эсвэл гаражтай байж гаражгүй гээд байх вэ. Та нар энэ цөөхөн зогсоол бүрийнхээ нарийн судалгааг гаргадаггүй юм уу, миний өдийг хүртэл төлчихөөд байгаа гаражийн төлбөр гэж илүү тооцож авсан мөнгөний асуудлыг шийдэж өгтөл би СӨХ-ны төлбөрийг төлөхгүй. Та нар санхүүгийн баримтуудаа шүүж, манайх нийт хэдэн төгрөгийг гаражийн төлбөрт төлснийг хармаар байна” гэхэд “Өмнөх үеийн баримт бичиг байхгүй. Үүнээс хойш гаражгүйгээр тооцъё” гэсэн. “Манайх 2014 оны 06 дугаар сараас хойш уг орон сууцанд амьдраагүй, хотхоны хог дээр нэг ч чихрийн цаас хаяж нэмэрлээгүй, цэвэрлэгч үйлчлэгч нарын ажилд хүндрэл учруулаагүй, лифтээр зорчоогүй гэх мэт байдлыг харгалзан үзэж, өөрсдийнхөө эрхийн хүрээнд СӨХ-ны төлбөрөө уян хатан шийдэж болохгүй юу” гэсэн санал тавьсан.
Ингээд асуудлыг шийдэж өгөх байх гэж найдан 2017 оны 07 дугаар сар хүртэл СӨХ-ны мөнгөө хэвийн төлж байгаад асуудалд тодорхой хариулт өгөхгүй байсан учир СӨХ-ны мөнгөө төлөхөө больсон. Н СӨХ болон манай хоёрын хоорондох асуудал шийдэгдэхгүй байсаар 17 сарын төлбөр 794 050 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус СӨХ нь 2017 оны 07 дугаар сар хүртэл нийт 8 жил 3 сарын хугацаанд манайхаас гаражийн төлбөрт 900 000 орчим төгрөгийг илүү тооцон авч, биднийг эдийн засгийн хувьд хохироосон гэж үзэж байна. Н СӨХ-ны 2014 оны төлөвлөгөөнөөс үзэхэд олсон орлого нь жил бүр аудитын байгууллагаар санхүүгийн аудит хийлгэх аж ахуй нэгж мөн бөгөөд энэхүү илүү тооцож авсан орлогоо аудитын байгууллага болон татварын албанд хэрхэн тайлагнаж ирсэнд гайхаж байна. Уг СӨХ нь өөрсдийнх нь ярьснаар санхүүгийн баримт бичиг байхгүй байгаа нь СӨХ-ны хууль дүрмэнд заасан оршин суугчдад ажлаа тайлагнах, санхүүгийн мэдээлэл өгч байх гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж, зөвхөн мөнгө олох гэж улайран хөөцөлдөж, үндсэн үүрэг болох оршин суугчдын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэхгүй байгаа болно. Хотхоны хэмжээнд нийт оршин суугчдын 60-70 хувь нь СӨХ-ны төлбөрөө төлсөн тохиолдолд СӨХ үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрддэг гэсэн судалгаа байна. Ганц манайх СӨХ-ны төлбөрөө төлөөгүйгээс үүдэн Н СӨХ санхүүгийн хувьд хүндэрч үйл ажиллагаа нь доголдож, шүүхээр асуудлаа шийдүүлэх хүртэл хүндэрсэн гэж үзэхгүй байна. Манайхыг эзгүйг мэдсээр байж эрх бүхий албан тушаалтан /шийдвэр гүйцэтгэгч, улсын байцаагч/ нарын ашигладаг улаан зурвас бүхий наадаг цаасыг арай л олон удаа нааж, манай өмч болох хаалгыг зарын самбар гэж андуурсан бололтой. Уул нь тус СӨХ дээр манай утас бүртгэлтэй байдаг. СӨХ-ны төлбөрөө төлөөрэй гэж ярьдаг байсан.
Миний мэдэхийн СӨХ гэх байгууллага байхгүй үед давхарын шатсан гэрлээ айлууд нь хэнээр ч хэлүүлтгүй, ухамсараараа ээлжлэн сольдог. 7 хоног бүр бүх айл орцныхоо хуваарилагдсан хана шалыг щёткадаж угаадаг. Лифттэй байшинд 4 давхраас дээш айлууд лифт ашигласны төлбөр төлдөг. Хоггүй цэвэрхэн л байсан санагдана. Одоо энэ ажлуудыг та бүхний өмнөөс хийгээд өгье гэж байгуулагдсан СӨХ маань ТУЗ-өөрөө хэлэлцэж шийдсэн нэрийн дор дураараа үнэ тарифаа нэмдэг. Лифтний мөнгийг бараг 1 давхрын айлаас авахаар шийдвэрлэдэг. Айл өрхүүдэд санхүүгийн дарамт учруулж, нүдэнд харагдах тоймтой ажил хийхгүй хэрнээ орлогынхоо төлөө улайрч байна. Манайхаас өөр улсад бол тухайн орон сууцандаа амьдарч байгаа тохиолдолд л СӨХ-ны төлбөрөө төлдөг шудрага хуулийн тогтолцоо үйлчилдэг. Н СӨХ-ны дарга нь өөрөө уг хотхонд амьдардаггүй учир уг хотхоны өнгө төрх жилээс жилд яаж муудаж байгааг анзаардаггүй, зөвхөн шүүхээр заргалдаад ч болсон мөнгө аваад сурчихсан харагдаж байна. СӨХ-ны даргатай уулзаж, асуудлаа шийдэх гэж хэд хэдэн удаа очиход огт байдаггүй. Дандаа гадуур ажилтай явж байдаг. Нябогийн утсаар дамжуулан дээрх яриа өрнөж, танайхыг шүүхэд өгч асуудлаа шийдүүлнэ гэж хэлээд яриа өндөрлөдөг. Манайхаас өөр хэдэн ч айлаас энэ мэт төлбөр тооцоог илүү тооцон авч байгааг хэлж мэдэхгүй тул уг асуудлыг МСӨДЗ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар, аудитын байгууллага болон татварын албанд хандаж эрх ашгаа хамгаалуулна. Гэхдээ асуудлыг заавал хүндрүүлэхгүйгээр Н СӨХ-той ямар нэгэн хэлбэрээр тохиролцон хэн хэнээ хохиролгүй болгоход татгалзах зүйлгүй болно гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н СӨХ нь хариуцагч С.М холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 794 050 төгрөг гаргуулах шаардлагаа 76 050 төгрөгөөр багасгаж үлдэх 718 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч М.С холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 794 050 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзжээ.
“Нархан” сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж 18/71 дугаар гэрчилгээ олгосон бөгөөд гэрчилгээнд Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал П.Э гэж тэмдэглэгджээ. /х.х-ийн 8 дугаар/
Иймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал П.Э нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Н СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2017 оны 7 дугаар сарын 1-ээс 2018 оны 3 дугаар сарын 01 хүртэл нэг сарын төлбөр 39 650 төгрөг нийт 356 850 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 1-ээс 2018 оны 11 дүгээр сарын 31 хүртэл нэг сарын төлбөр 49 650 төгрөг нийт 397 200 төгрөг, үүн дээр 2018 оны 5 сард орон сууцны усны хоолой хагарч айл бүрээс нэмэлт 40 000 төгрөг хураасан. Иймд хариуцагч С.М нийт 794 050 төгрөг нэхэмжилснээс гаражийн төлбөрт суутгаж илүү авсан 76 050 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэх 718 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Хариуцагч С.М гаражийн төлбөрийн тооцоог бодитоор нь тооцоод илүү авсан гаражийн төлбөрөө хасаад төлбөр үлдвэл төлөхөд татгалзах зүйлгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй гэж маргаагүй, гаражийн төлбөр гэж авах ёсгүй төлбөр авсан тул маргаж байна гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан тул хариуцагчаас дээрх зардлыг нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь гаражийн төлбөрт 2015-2018 онд нийт 153 550 төгрөгийг 61 дүгээр байрны 8 тоотын оршин суугчаас суутгасан үүнээс хариуцагч С.М холбогдох 76 050 төгрөгийн гаражийн төлбөрийг хассан үлдсэн төлбөрийг М.С СӨХ-оос авах боломжтой гэж тайлбарладаг.
Хэдийгээр нэхэмжлэгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй байгаа боловч гаражийн төлбөрт 61 дүгээр байрны 8 тоотоос 2015-2018 онд нийт 153 550 төгрөг авсан гэж тайлбарлаж байгаа боловч 2013, 2014 онд гаражийн төлбөр авч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 54, 83 дугаар тал/
Өөрөөр хэлбэл Н СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын төлбөр 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нэг сарын 30150 төгрөг байхад хариуцагчаас дээрх онуудад 36 650 төгрөгөөр зардлыг тооцон хураан авсан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Иймд шүүх 61 дүгээр байрны 8 тоотын оршин суугч гараж эзэмшдэггүй байхад гаражийн төлбөрт авсан 75 550 / 153 550 -76 050/ төгрөг, 2013 он 78 000 /6500*12 сар/ төгрөг, 2014 он 78 000 /6500*12 сар/ төгрөг нийт 231 550 төгрөгөөр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж үлдэх 486 450 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 231 550 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч С.М 486 450 төгрөг гаргуулан “Н” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 231 550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч М.С холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 794 050 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Н СӨХ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 243 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О