| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0812/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/885 |
| Огноо | 2022-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/885
2022 11 14 2022/ШЦТ/885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч У.Х /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт УХт холбогдох эрүүгийн 2211 00000 1581 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт УХ, регистрийн дугаар ........................................................
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа барилга дээр шилэн хана, хаалга хийдэг гэх, ам бүл 4, эгч, 2 дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 53-41б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 53-8 тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч У.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7-1-2 тоотод 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “миний хүүхдүүдийг надтай уулзуулсангүй” гэх шалтгааны улмаас Д.Бийг гараараа толгойн тус газарт цохиж, түүний биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зовхи, уруу, шилбэ, чамархайд цус хуралт, чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7-1-2 тоотод 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “гэртээ хэнийг нуучихсан байгаа юм бэ” гэрт чинь байгаа хүнийг харъя гэх шалтгааны улмаас Д.Бийн эзэмшлийн байшингийн цонхыг хөл болон гараараа цохин хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас Д.Батзоригт 351.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч У.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Шүүхэд хандаж эцсийн үгэндээ:
Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Уучлаарай гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.Бийн “...2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 7-1-2 тоотоос машинтайгаа гараад Далай хүү төвийн хойно түгжрэлд ороод зогсож байхад миний дагавар охин болох Урангоогийн салсан нөхөр Хишигбаяр утсаараа оролдоод хойшоо чиглэлтэй явж байсан. Би 32-ын тойргийн ойролцоо явж байгаад зогсоод Урангоогийн утас руу залгаад Хишигбаяр Далай хүү төвөөс хойшоо явж байна, гэр оронд битгий оруулаарай гэж хэлсэн чинь 10-аад минутын дараа Урангоо над руу залгаад Зоригоо ахаа Хишигбаяр ирээд хамаг юм хагалаад хаячихлаа, та хурдан хүрээд ир гэж хэлээд уйлаад байхаар нь “цагдаа дуудсан юм уу?” гэхэд “дуудсан" гэж хэлсэн. Би гэрийнхээ камерыг утсан дээрээ суулгачихсан байгаа, утсан дээрх камераа хартал дээрх камераа хартал Урангоо болон Урангоогийн найз Дарьсүрэн 2 Хишигбаярыг хашаанаас гаргах гэж байгаа бололтой ноцолдоод байгаа бичлэг байсан, би бичлэг үзээд байж байтал манай эхнэр Цэнд-Аюуш над руу Хишигбаяр ирчихсэн, хүүхдүүд зодож нүдээд юм хагалж хэмхчхээд байна, чи хурдан очооч ээ" гэж хэлсэн гэр лүүгээ явж байхдаа 102-т “манай гэрт согтуу хүн агсам тавиад байна юм хагалаад байна” гэсэн дуудлага өгсөн. Би хашааны гадаа машинаа тавиад гэр лүүгээ явган яваад ортол Хишигбаяр жорлонгийн цаад талд байшингийн хажууд, харин Урангоо, Дарьсүрэн 2 наана нь зогсож байсан. Би байшин руугаа хартал бүх цонхнуудыг хагалчихсан байсан. Би “Чи яаж байгаа юм бэ?” гэж хэлээд Хишигбаяр дээр яваад очтол миний зүүн талын хацар луу баруун гараа атгаж байгаад нэг удаа цохихоор нь би тэвэрч авах гээд урагшаа болох үед миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиход нь толгой манараад байсан, би зүүн гараараа толгойг нь уургалаад би доор нь ороод уначихсан. Тэр үед миний дээр байсан Хишигбаярын 2 гар чөлөөтэй байсан болохоор миний толгой, бөөр, хөл рүү нэлээн олон удаа цохисон, тэгээд цохиж байхдаа “чамайг овоо эр гэж бодсон чинь новшийн эр байна, Чи миний хүүхдүүдийг надтай уулзуулахгүй гэж хэлсэн байна лээ” гээд над руу агсраад байсан. Тэгээд цагдаа ирсний дараа би Хишигбаярыг тавьсан. Тухайн үед миний баруун нүд хавдаад таглагдчихсан юм харж болохгүй байсан, толгойн зүүн ард дагз хэсэг өвдөлттэй, 2 чих шуугиад байсан, нурууны зүүн тал нь өвдөлттэй, зүүн өвдөгний нугалаа битүү өвдөлттэй байсан. Би шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд шинжээч эмч Туяа үзээд “толгойны томографын зургаа Med Trauma нэртэй эмнэлэгт авхуулчхаад нөгөөдөр өглөө хариугаа авчирч өгөөрэй гэж хэлсний дагуу томографын зураг авхуулахад баруун нүдний ухархайн дотор хана 3.2 см зайд элхэгийн хөндий рүү 8 мм гүн цөмөрсөн шинэ хугаралтай ба уг хугарлаас доош үргэлжлэн ухархайн доод хана 1,3x0,9 см зайд цөмөрсөн шинэ хугаралтай гэсэн хариу гарсан байсан, би сувилагчаас нь “миний энэ хариу яг юу гэж гарсан байна сайн уншаад өгөөч” гэж хэлэхэд "таны баруун нүдэнд 2 шинэ хугарал гарсан байна та яаралтай гэмтлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай, ер нь хагалгаанд орох заалттай юм байна шүү” гэж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд 2 номерын эмч нь “манайх нүдний хагалгаа хийдэггүй, 1, 2, 3-р эмнэлэгт юм уу хувийн эмнэлэгт үзүүл” гэж хэлэхээр нь нүдний эмнэлэг судлаад Халдвар өвчин судлалын үндэсний төвийн урд байх нүдний хувийн эмнэлэгт үзүүлсэн чинь хагалгаа хийхэд 3.000.000 төгрөг гэж хэлсэн, надад тийм их мөнгө байхгүй учраас 1 дүгээр эмнэлгийн нүдний эмчид үзүүлсэн чинь "та яалт ч үгүй хагалгаанд орох заалттай юм байна шинжилгээнүүдээ яаралтай өгөөрэй, имплантыг өөрөө худалдаж аваарай. Ор хоногийн мөнгө төлөөд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хагалгаанд ор" гэж хэлсэн ... Би гомдолтой байна, эмчилгээнд зарцуулсан зардлаа гаргуулж авмаар байна. Би сард 2.000.000 гаран төгрөгийн цалин авдаг. Би 2022 оны 08 сарын 30-ны өдөр ажилдаа яваад 2022 оны 09 сарын 13-ны өдөр бууж ирэх ёстой байсан. Би 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Тэгэхээр 2.300.000 төгрөг нэхэмжилж авмаар байна ... Мөн би хагарсан вакум цонхны хохирлоо төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 19 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгчээс У.Дэндэвдоржийн “ ... хохирогч Д.Батзориг нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогч 2022 оны 08 дугаар сард Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс 15.000 төгрөгийн үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 15.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгч У.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
Гэрч Г.Урангоогийн “...Зоригоо ахыг орж ирэнгүүтээ “чи хамаг гэр орон яаж байгаа юм бэ?” гэж хэлтэл босож ирээд зүүн талын шанаа руу нь гараа зангидаж байгаад нэг удаа цохиход нь Зоригоо ах тэвэрч автал тэр 2 барьцалдаад Зоригоо ах доор нь унаад Хишигбаярын толгойг сугандаа хийгээд хэвтэхэд нь 2 гар нь сул болохоор Зоригоо ахын толгой, нүүр, аюулхай, 2 талын хавирга луу нь цохиод байсан. Би "боль" гээд Хишигбаярын нуруун дээрээс нь цохисон, салгаж авах гэхээр нь Зоригоо ах Хишигбаярын толгойг нь уургалчхаад тавихгүй байсан, тэр 2 ойролцоогоор 5 орчим минут болсон. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд Хишигбаярыг эрүүлжүүлнэ гээд аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
Гэрч Д.Дарьсүрэнгийн “...Тэр хоёрыг муудалцаад байхаар нь би гарч очоод Баяраатай уулзсан чинь Баяраа “миний хүүхдүүдийг яагаад надтай уулзуулдаггүй юм бэ?” гээд уурлаад бухимдаад байхаар нь би чи хүүхэд айлгачихна, манай хүүхэд хүртэл айчихна гэж хэлээд оруулахгүй байж байтал хамгийн эхлээд тамбарын хажуу талын жижиг өрөөний вакум цонхыг гараа атгаж байгаад хагалчихсан, тэгээд гар нь зүсэгдээд цус гараад байсан, дараа нь том өрөөний болон гал тогооны өрөөний вакум цонхнуудыг хөлөөрөө өшиглөөд хагалчихсан...Тэгээд байж байтал Зоригоо ах хашааны хаалгаар явган орж ирээд байшингийн цонхоо харчихаад “Баяраа чи яаж байгаа юм бэ?” гэж хэлээд Баяраа руу дөхөөд очтол Баяраа “яагаад миний хүүхдүүдийг надтай уулзуулдаггүй юм бэ?” гэж хэлээд нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохисон чинь Зоригоо ах Баяраагийн толгойг уургалаад хөдөлгөөнгүй болгоод тэр 2 газар унахдаа Зоригоо ах доор нь ороод уначихсан, тэр үед Баяраагийн гар сул байсан учраас Зоригоо ахын цээж, бүсэлхий хавиар цохиод байсан, би Зоригоо ахыг цохиулахгүй гээд гарыг нь барих гэхэд дийлэхгүй байгаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26- 27 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11880 дугаартай дүгнэлтэнд “...Д.Батзоригийн биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зовхи, уруул, шилбэ, чамархайд цус хуралт, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэжээ /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
Шинжээч эмч Н.Туяагийн “...дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,
Шинжээч эмч Э.Баасанжавын “...дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,
“Дамно ХХК”-ийн вакум цонх нийт 351.120 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,
Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 107-109, 111-112, 114-115, 116-118 дугаар тал/,
Шүүгдэгч У.Хын “Надад сонсгож байгаа ялыг ойлголоо. Хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өглөө нэг найзтайгаа 2 литрийн хэмжээтэй 2 савтай савтай пиво уучихаад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 7-1-2 тоотод Батзориг ахын гэрт амьдарч байгаа 2 хүүхэдтэйгээ уулзахаар эхнэр Урангоогийн 88680376 дугаар луу залгатал “гэртээ байхгүй байна, эгчийндээ байна” гэхээр нь гэрийнх нь гадаа очоод хашааны хаалгыг нь нүдтэл онгойлгож өгөхгүй байхаар нь хашааг нь давах гээд хашаан дээр нь байж байтал Урангоо байшингаасаа гараад ирсэн. Би хашаан дээрээс буутал Урангоо хашааны хаалгаа онгойлгож өгөхөөр нь хашаа руу явж ороод байшин руу нь чиглээд алхтал Урангоо намайг байшин руу оруулахгүй гээд миний урдуур гараараа хаагаад байхаар нь түлхээд унагаачихсан, уначихсан хойгуур нь байшингийн хаалгыг нь татсан чинь дотроосоо түгжчихсэн онгойлгохгүй байхаар нь би “энд хэн байгаа юм бэ? энийг онгойлго" гэж хэлтэл Урангоо онгойлгохгүй гэхээр нь би гал тогооны вакум цонх болон том өрөөний вакум цонхыг нь бас гараараа цохиод хагалчихсан, мөн жижиг өрөөний цонхыг нь хөлөөрөө өшиглөөд хагалсаны дараа Урангоогийн найз Дарьсүрэн байшингаас гараад ирсэн. Би Урангоод “хүүхдүүдтэйгээ уулзъя” гэтэл “уулзуулахгүй” гэхээр нь “яахаараа уулзуулдаггүй юм бэ?" гэхэд “Зоригоо ах битгий уулзуулаарай гэсэн” гэж хэлэхээр нь “хүүхдүүдтэйгээ уулзахыг Зоригоо мэддэг юм уу?” гээд маргалдаад байж байтал Зоригоо ах хашаагаар ороод ирсэн. Зоригоо ах “чи муу яахаараа цонх хагалдаг юм бэ?” гээд намайг заамдахаар нь “чи яахаараа миний хүүхдүүдийг надтай уулзуулдаггүй юм бэ?” гэж хэлээд би түлхээд шууд нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод шууд өргөөд газар шидэх үед миний толгойг сугандаа хавчуулаад газар унахдаа Зоригоо ах миний доор ороод уначихсан. Би толгойгоо суганаас нь салгаж авах гээд Зоригоо ахын нуруу бөөр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохьсон. Удалгүй цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн ...Зоригоо ахад учирсан бодит хохирлыг төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 101 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч У.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7-1-2 тоотод 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “миний хүүхдүүдийг надтай уулзуулсангүй” гэх шалтгааны улмаас Д.Батзоригийг гараараа толгойн тус газарт цохиж, түүний биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зовхи, уруу, шилбэ, чамархайд цус хуралт, чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7-1-2 тоотод 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “гэртээ хэнийг нуучихсан байгаа юм бэ” гэрт чинь байгаа хүнийг харъя гэх шалтгааны улмаас Д.Батзоригийн эзэмшлийн байшингийн цонхыг хөл болон гараараа цохин хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас Д.Батзоригт 351.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Батзоригийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 19 дүгээр тал/, гэрч Г.Урангоогийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, гэрч Д.Дарьсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11880 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/, Шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/, шинжээч эмч Э.Баасанжавын мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/, Дамно ХХК”-ийн вакум цонх нийт 351.120 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/, Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 107-109, 111-112, 114-115, 116-118 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч У.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 351.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл,
шүүгдэгч У.Х нь “...миний хүүхдүүдийг надтай уулзуулсангүй...” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт цохиж, түүний биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зовхи, уруул, шилбэ, чамархайд цус хуралт, чихэнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн тэрээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...гэртээ хэнийг нуучихсан байгаа юм бэ, гэрт чинь байгаа хүнийг харъя гэх шалтгаанаар бусдын эзэмшлийн байшингийн цонхыг хөл болон гараараа цохин хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 351.120 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч У.Хаас 2.384.650 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, мөн шүүгдэгчээс 15.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хавтаст хэрэгт хавсаргах саналтай, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгч У.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол нөхөн төлөөгүй/, хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нь 640 /зургаан зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ...” Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х нь оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Д.Батзориг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын хохирлын 2.384.650 төгрөгийн баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх шүүгдэгч У.Х нь шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч У.Хаас хохирлын 2.384.650 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Батзоригт олгож шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Батзориг нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгчээс “ ... хохирогч Д.Батзориг нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогч 2022 оны 08 дугаар сард Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс 15.000 төгрөгийн үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 15.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгч У.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь уг 15.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс 15.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт УХыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 351.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нь 640 /зургаан зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х нь оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.Хаас хохирлын 2.384.650 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Батзоригт олгосугай.
6. Хохирогч Д.Батзориг нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 15.000 төгрөгийг шүүгдэгч У.Хаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ