Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/841

 

 

 

 

 

 

 

 

     2022            12           12                                         2022/ШЦТ/841                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч О.Доржмаа, хохирогчийн өмгөөлөгч Э.Туул, шүүгдэгч Ө.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт******* *******д холбогдох эрүүгийн 22100 0000 1153 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1,******* аймаг, Дархан 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 21 дүгээр байрны 42 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангри Ла 10 давхар, Г тоотод түр оршин суух, “Монфрукт” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт******* ******* /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центр худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Gray” лоунж дотор үл ялиг зүйлээр шалтаглан хохирогч Б.Төгсбаярын нүүрэн тус газарт бильярдны цохиур модоор цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ө.*******аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би хохирогчтой Гэмтлийн эмнэлэг дээр уулзсан ба маргааш нь утсаа аваагүй. Таньдаг хүмүүсээрээ дамжуулж уучлалт гуйсан. Хохирол төлбөрт тооцон 10.000.000 төгрөгийг шилжүүлэн төлсөн байгаа. Өмнө нь хохирол төлөх гэсэн боловч нэмж зардал гарна гэхээр нь хүлээж байсан. Цаашид мөн эмчилгээний зардал гарвал төлж барагдуулахаа илэрхийлж байна.

Би тухайн өдөр болсон үйл явдлыг санаж байгаа. Бид нар найзуудтайгаа бильярд тоглож байхад хохирогч ирээд шайрик булааж аваад байсан юм. Би хохирогчийг урьд өмнө таньдаггүй байсан.“ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 22100 0000 1153 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Төгсбаярын хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 9 дүгээр 21-ний өдөр найз,******* нартай 22 цагийн үед уулзаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн “Gray” лоунжид орсон. Тус лоунж нь манай найз Бархас, Санчир, Өнөрцогт нарын ажиллуулдаг газар учраас бид урьдчилан захиалга өгөөд орж суусан. Тухайн үед тэнд үйлчлүүлж байсан хүмүүсийн 70-80 хувь нь зүс мэдэх хүмүүс байсан. Бид гурав найз, нар дээр ирээд хамт суугаад коктейль ууж байгаад шөнө 01 цаг 22 минутын үед тооцоогоо хийсэн.

Тэгээд гарахаасаа өмнө бильярд тоглоод гаръя гээд хүлээсэн. 2 ах байхаар нь “ахаа, араас чинь тоглох гээд хүлээж байна” гэж хэлэхэд “энийг тоглоод удахгүй дууслаа” гэхээр нь ширээний хажууд хараад зогсож байхад хажуу талаас бильярд тоглодог цохиур модоор нэг залуу шууд нүүр лүү цохисон ба мод нь хугарсан.

Би доошоо суухад духнаас нэлээн их хэмжээний цус гарч байсан. Би босоод намайг цохисон залууд “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд юм хэлээгүй, маргалдаагүй. Тэгээд би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн ба би Гэмтлийн эмнэлэг рүү явж духандаа 9 оёдол тавиулсан. Би тэр залуутай маргалдаагүй, бид хоёрын хооронд өс хонзон байхгүй. ...Би гомдолтой байна. Гоо сайхнаараа хохирсон, эмчилгээний бүх зардлаа төлүүлмээр байна.

...Маш их гомдолтой байна. Би ЭМЖЖ эмнэлэг болон УБ Сонгдо, Мөнгөн гүүр, Интермед, Доктор Чингүн эмнэлэг, Они Экс гоо сайхны эмнэлгүүдэд үзүүлсэн ба гэмтэл учирсан дух хэсэгт хэзээ ч арилахгүй шарх сорви үүссэн, ажил төрлөө хийж чадахгүй, байнга эмнэлгээр яваад сэтгэл санааны хувьд хэцүү шаналал зовиуртай байна. Мөн духанд учирсан гэмтлийн сорви дээр арьс төлжүүлэх хагалгаа, хамрын ясны болон таславчийн хагалгаа хийлгэхээр Солонгос улсад эмчлүүлэхээр виз мэдүүлсэн байгаа. Намайг цохиж гэмтээсэн залууг зүс танина. Гадуур яваад, харамсаж гэмшиж байгаа сэтгэл байхгүй, огт уучлалт гуйгаагүй учир надад сэтгэл санаанд нөлөөлж байна. ” гэсэн мэдүүлэг (хэргийн 12-13, 15-16 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Гончигсумлаагийн гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр найз, нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн “Gray” лоунжид 22 цаг өнгөрч байхад орсон. Араас манай найз, нар ирээд хамт сууж коктейль уусан. Тэгээд 01 цаг өнгөрч байхад тооцоогоо хийсэн. Тухайн үед таньдаг хүмүүс бильярд тоглож байхаар нь тэр хүмүүстэй бооцоотой тоглохоор болоод хүлээгээд байж байхад нэг залуу******* толгой руу бильярдны цохиур модоор шууд цохичихсон. Би цаана нь зогсож байсан ба цохихыг нь харсан, тэгээд хүмүүс бужигнаад салгасан. Тэрнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй.

Төгсбаяр тэр залуутай ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Бильярд тоглох гээд нэлээн удаан хүлээгээд, бильярдны ширээн дээр очоод тоглоод дуусаж байгаа эсэхийг асуугаад байж байхад нэг залуу гэнэт хажуу талаас бильярдны цохиур модоор толгой руу нь цохичихсон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18-19 дэх тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Алтангэрэлийн гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр найз*******, нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн “Gray” лоунжид 22 цаг өнгөрч байхад ороод байж байхад найз, нар ирсэн. Тэгээд бид нар хамт сууж коктейль, виски ууж байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад тооцоогоо хийгээд гарахаар болсон. Тэгэхэд “хоёр хоёроор бильярд тоглоцгооё” гэхээр нь “тэгвэл бильярд захиалчих” гэсэн. “хэдэн хүний дараа тоглохоор боллоо” гээд, бид нар хүлээгээд байж байсан ба бигийн хамт хаалганы хажууд сууж байсан.

Ариунсанаа, хоёр бильярдны ширээний хажууд байж байхад гэнэт хүмүүс бужигнаад явчихаар нь очоод харахад цонхны тавцан дээр доошоо хараад, духнаас нь цус гарчихсан сууж байсан. “Яасан бэ” гэхэд “Мэндээ ч гэнэ үү, хэн ч гэнэ үү, шууд бильярдны цохиур модоор цохичихлоо” гэж байсан.

Тэгээд нөгөө цохисон залуутай хамт явж байсан хоёр залуу маргалдах гээд байхаар нь “та нар зүгээр байж байгаарай, цагдаа дуудсан, иртэл нь хүлээж байгаарай” гэхэд удалгүй гараад явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21-22 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Ариунсанаагийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр найз*******,, нартай хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн “Gray” лоунжид байхад нь бигийн хамт ирээд, хамт коктейль, виски уусан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад тооцоогоо хийгээд гарах гэж байхад “бильярд тоглоё” гэхээр нь бид дарааллаа хүлээсэн. Тэгэхэд хоёр хүн бид нарын урдуур орж тоглохоор нь очоод “бид нар тоглох гээд хүлээж байна” гэхэд “хүнгүй болохоор нь тоглочихлоо” гэж хэлсэн. “За тэгвэл тоглоод дуусахаар чинь бид нар тоглоно шүү” гэж хэлээд бид хоёр буцаад явахад нэг залуу намайг мөрлөчихсөн, би “яаж байгаа юм бэ” гээд гайхаад харахад “зүгээр хол бай” гэхээр нь “юу гэсэн үг юм бэ” гээд гараараа шанаа руу нь нэг удаа цохиход хажуу талын залуу “боль боль” гээд татаад авсан.

Төгсбаяр ширээний хажууд байсан болохоор намайг хараагүй, тэгээд би ширээн дээрээ сууж байхад хүмүүс бужигналдаад явчихаар нь очиход доошоо хараад сууж байсан ба духнаас нь цус гарч байсан. Тэгээд би “хэн цохисон юм бэ” гэхэд “бильярдны цохиур модоор цохичихлоо” гэж хэлсэн. Цохисон залууг хүмүүс салгаад цаашаа аваад явсны дараа ямар нэгэн маргаан зодоон болоогүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Шижир-Одын гэрчээр өгсөн:

“...Би “Gray” лоунжид менежер ажилтай. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад манайхаар үйлчлүүлдэг ******* нь гэдэг залуутай маргалдаад, бильярдны цохиур модоор цохисон гэсэн. Цохиж байхыг нь бол хараагүй, хүмүүс “хөөе” гэж байхаар нь очиходгийн духнаас цус гарч байсан. Энэ явдлыг манай зөөгч харсан байх, бильярдны цохиур мод хугарсан байсан. Тухайн өдөр манайх хяналтын камераа шинэчлэх гээд түр салгачихсан байсан, бичлэг байхгүй. Одоо хэвийн ажиллаж байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 31 дэх тал),

6. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13091 дугаартай:

“1. Б.Төгсбаярын биед тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 93-94 дэх дахь тал),

7. ШШҮХ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 930 тоот:

“1. Б.Төгсбаярын биед тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсжээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Б.Төгсбаярын духанд үүссэн шарх, сорви нь ердийн явцаараа бүдгэрч, гоо сайхны мэс заслаар засарч арилна.

4. Б.Төгсбаярын биед учирсан хамрын ясны хугарал нь хуучин гэмтэл байна. Хамрын яснуудын зах ирмэг мөлийж, хамрын зөөлөн эд хавагналгүй, дайврын хөндий, жим агууламжгүй байгаа нь хуучийн хугарлыг илтгэж байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 96-99 дэх тал),

8. Хохирогч Б.Төгсбаяраас хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэсэн баримтын товъёог, эмчилгээ, шинжилгээний болон бусад баримтууд (хэргийн 65-78 дахь тал),

9. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт баримт (хэргийн 58-62 дахь тал),

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ө.*******ы яллагдагчаар өгсөн:

“...Би 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад 4 найзын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн “Gray” лоунжид 1 цаг гаран суусан. Манай найз, нар харихаар болоод, би Тамир, Энхбаатар нартай бильярд тоглох гээд цагаа хүлээж байгаад ээлж болсон. Ингээд бильярд тоглож байхад нэг согтуу нөхөр орж ирээд бильярдны бух шайрик булааж аваад “одоо би тоглоно, ална шүү, хол бай” гээд цохиур модыг булааж авчихсан.

Тэгээд би модоо буцааж авахад “ална шүү” гээд далайхад нь би сандраад цохиур модоороо цохисон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 45-46 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 47 дахь тал) баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч нар гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.*******ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ө.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центр худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Gray” лоунжид үл ялиг зүйлээр шалтаглан Б.Төгсбаярын нүүрэн тус газарт бильярдны цохиур модоор цохиж, эрүүл мэндэд нь “...тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч С.Төгбаярын мэдүүлэг (хэргийн 12-13, 15-16 дахь тал),

- гэрч О.Гончигсумлаа (хэргийн 18-19 дэх тал), Ц.Алтангэрэл (хэргийн 21-22 дахь тал), Я.Ариунсанаа (хэргийн 25-26 дахь тал), М.Шижир-Од (хэргийн 31 дэх тал) нарын мэдүүлгүүд,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13091 дугаартай:

“1. Б.Төгсбаярын биед тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 93-94 дэх дахь тал),

- ШШҮХ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 930 тоот:

“1. Б.Төгсбаярын биед тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсжээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Б.Төгсбаярын духанд үүссэн шарх, сорви нь ердийн явцаараа бүдгэрч, гоо сайхны мэс заслаар засарч арилна.

4. Б.Төгсбаярын биед учирсан хамрын ясны хугарал нь хуучин гэмтэл байна. Хамрын яснуудын зах ирмэг мөлийж, хамрын зөөлөн эд хавагналгүй, дайврын хөндий, жим агууламжгүй байгаа нь хуучийн хугарлыг илтгэж байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 96-99 дэх тал),

- хохирогч Б.Төгсбаяраас хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэсэн баримтын товъёог, эмчилгээ, шинжилгээний болон бусад баримтууд (хэргийн 65-78 дахь тал),

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт баримт (хэргийн 58-62 дахь тал) болон шүүгдэгч Ө.*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 45-46 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэйгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Хэргийн хохирогч С.Төгсбаярын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ө.******* түүний нүүрэн тус газарт бильярдны цохиур модоор цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ө.*******ы хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Ө.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ө.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч С.Төгсбаярын биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд, ..., санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн хохирогч Б.Төгсбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ: “...Би гомдолтой байна. Гоо сайхнаараа хохирсон, эмчилгээний бүх зардлаа төлүүлмээр байна” хэмээн мэдүүлж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ эмчилгээ хийлгэсэн болон бусад зардалд нийт 8.704.200 төгрөг /найман сая долоон зуун дөрвөн мянга хоёр зуу/ нэхэмжлэн, холбогдох баримтуудыг хэрэгт гаргаж өгснөөс /хэргийн 112-13, 15-16, 65-78 дахь тал/ хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гүйлгээгээр хохиролд тооцон хохирогчид 10.000.000 төгрөг нөхөн төлсөн /хэргийн 120 дугаар тал/ Хаан банкны депозит дансны хуулга баримттай, шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчөөс “...нэхэмжилсэн хохирол төлбөр хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нөхөн төлөгдсөн” хэмээн тайлбар гаргасан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчөөс: “хохирогч Б.Төгсбаяр нь духанд үүссэн сорвийг арилгуулах гоо сайхны эмчилгээг Солонгос улсад хийлгэхээр БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлсэн ба хийгдэх эмчилгээ болон эмчилгээний үнийн санал авахад одоогоор 30.0 сая вон болох талаар мэдээлэл Солонгос Улсын эмнэлгээс ирүүлсэн. Иймээс хохирогчийн хувьд цаашид хийгдэх гоо сайхны эмчилгээний төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжилнэ.” гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн баримттай байна. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

Хэргийн хохирогч Б.Төгсбаяр нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.  

 

Шүүгдэгч Ө.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 47 дугаар талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Ө.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт баримтаар нэхэмжилсэн төлбөрийг хохирогчид нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан Ө.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн оршин суух бүртгэлтэй хаяг болон одоо амьдарч буй хаяг нь зөрүүтэй учир эрүүгийн хариуцлага, ялын зорилгыг хангах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгчид оногдуулах ял дээр нэмж хуульд заасан албадлагын арга хэмжээг давхар хэрэглэж өгнө үү” гэж санал гаргасныг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт Ө.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус шийтгэх тогтоолд дурдах зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.*******ыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ө.******* нь 10.000.000 /арван сая/ төгрөгийг хохирогч Б.Төгсбаярт нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Төгсбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт Ө.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД