| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/03316/И |
| Дугаар | 183/ШШ2019/00759 |
| Огноо | 2019-04-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2019/00759
| 2019 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2019/00759 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Б.М, Б.С нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ... тоотод оршин суух, Б овогт О.Э ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч : Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, .... тоотод оршин суух, Б овогт Д.Н-д холбогдох
Гэм хорын хохиролд 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, иргэдийн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Н нь манай дээд давхарт амьдардаг бөгөөд анх 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ванны өрөөнөөс их хэмжээний халуун ус алдаж, ванны өрөө болон жижиг өрөөний тааз, ханны обой хуурч бохирдсон ба хувцасны шүүгээнд ус урсан гоожиж хувцаснууд норсон байсан ба энэ тухай яаралтай мэдэгдэхэд хөдөөнөөс хүн ирж, усны хаалтыг хаагаагүй орхисон гэсэн хариулт өгч байсан. Орон сууцны ажилтанд дуудлага өгөхөд зохих арга хэмжээг авсан. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дахин ус алдаж, кордорын паркетан шал хөвсийн, чийг үнэртэн ванны өрөөний хана таазны шохой будаг хуурч, цахилгааны шугамд гэмтэл гарч, 3 хоног гэрэл цахилгаангүй амьдарч байлаа. Энэ ус алдалт 1 дүгээр давхар хүртэл орсон. Гал тогооны өрөөнөөсөө ус бас алдуулахад нь өөрсдийн мөнгөөр шугамаа солиулж байсан.
2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрүүдэд халуун ус алдаж, босоо шугамаа резиндэн боолгож байсан ба орон сууцтай хийсэн гэрээний 6.8-д заасан заалтыг үл биелүүлэн иргэний үүргээ мартаж, хариуцлагагүй хандаж байсан.
Олон хоног хүлээж орон сууцны ажилтнуудтай холбоо дуудлага өгөх, гэрийн хаалганд нь захиа орхих, утсаар холбогдож босоо шугамыг солиулахад дундын шугам хагараагүй бүтэн байсан. Иймд Д.Нгаас байрны засварын ажилд шаардагдах мөнгө болох 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Ус алдсан гэдэг нь үнэн.Гэхдээ 7 удаа гэдгийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй.Энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй. Дахин ус алдахгүй байх талаар хэлсэн. Шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн 296 000 төгрөгийг төлнө гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь гэм хорын хохиролд 600 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Д.Нд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Д.Н нийт 7 удаа ус алдсан, ус алдсны улмаас орон сууцандаа засвар хийх шаардлагатай байх тул эд хөрөнгөд учирсан хохиролд 600 000 төгрөг гаруулахаар нэхэмжсэн гэж тайлбарладаг.
Хариуцагч ус алдсан нь үнэн гэхдээ 7 удаа ус алдаагүй, шинжээчийн дүгнэлтэд дурдсан 296 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Д.Н нэхэмжлэгч О.Эийн эзэмшиж байгаа 10 дугаар байрны 31 тоот орон сууцанд 2016.09.17-ны өдөр, 2018.01.01-ний өдөр, 2018.02.14-ний өдөр, 2018.07.03-ний өдөр, 2018.09.11-ний өдөр тус тус ус алдсан болох нь орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолтуудаар тогтоогдож байна. /х.х- 6, 32, 61,62,64 дүгээр хуудас/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хариуцагч шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 296 000 төгрөгийн үнэлгээг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч 80 000 төгрөгийн бараа материал авч засвар хийсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул 376 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 224 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ./х.х-ийн 12, 52-57 дугаар хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч О.Э нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь нотлоогүй тул нотлогдоогүй хэмээгээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нгаас 376 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 224 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11 930 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.О
ШҮҮГЧИД Б.М
Б.С