Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00693

 

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00693

Улаанбаатар хот

                     

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...тоотод оршин суух, Б  овогт Э  С  /РД:Ч.../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...тоотод оршин суух, Орвод овогт Д  А  /РД:.../,

 

Хариуцагч: ...тоотод оршин суух, Боржигон овогт Э  С  /РД:.../,

 

Хариуцагч: ...тоотод оршин суух, Боржигон овогт Ч  У  /РД:.../ нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 16 665 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагч Д.А , түүний өмгөөлөгч З.Отгонбаяр, хариуцагч Э.С , хариуцагч Ч.У ын төлөөлөгч Б.Дагиймаа, иргэдийн төлөөлөгч Х.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Э.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Богдхан уулын Жаргалантын аман дахь Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогоцолборт амрахаар очсон бөгөөд 21 цагийн үед хүнсний дэлгүүр орох хэрэгтэй болоход тус амралтын газрын менежер Ч.У  Би яваад ирье, та харин мөнгө нэмж төлөөрэй гэхэд би зөвшөөрч Тоёота ландкруйзер-200 маркийн 0807 УНЗ улсын дугаартай машин болон өөрийн виза картыг өгч явуулсан. Гэтэл Ч.У  дур мэдэн Э.С ад машиныг шилжүүлэн өгч, Э.С  нь Д.А д дур мэдэн жолоодуулсны улмаас миний машиныг осолд оруулж нийт 20 922 500 төгрөгийн хохирол учруулсан. Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр 20 850 000 төгрөг, үнэлгээний зардал 840 000 төгрөг, нийт 21 665 000 төгрөгний хохирол учирснаас Д.А  нь 4 000 000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нараас надад учирсан хохирол 17 665 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Э.С  өөрийн эзэмшлийн Тоёота Ландкруйзер 200 маркийн 0807 УНЗ улсын дугаартай машин болон өөрийн виза картыг Ч.У  өгч бэлэн мөнгөний машинаас 100 000 төгрөг бэлнээр авч 80 000 төгрөгөөр бензин хийж үлдэгдэлд нь хүнсний зүйл аваад ирээрэй гэж хэлсэн байдаг. Гэтэл Ч.У  нь дэлгүүр орж буцах замдаа дур мэдэн Э.С ад машиныг шилжүүлж Э.С  нь Д.А д дур мэдэн жолоодуулсны улмаас машиныг осолд оруулж хохирол учруулсан. Э.С ын зүгээс анхнаасаа жолоодох эрхийг Т.У т зөвшөөрч өгсөн. Түүнээс Д.А  болон Э.С  нарт жолоо шилжүүлэх талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй. Үүний улмаас нийт 20 922 500 төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ талаар замын цагдаагийн газрын ослын зураг, автомашины үнэлгээний тайлан, хохирлын үнэлгээ, зураг зэргээр бүрэн тогтоогддог. Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр 20 850 000 төгрөг, үнэлгээний зардал 840 000 төгрөг, нийт 21 665 000 төгрөгийн хохирол учирснаас Д.А  нь тухайн үед 4 000 000 төгрөгийг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 1 000 000 төгрөг өгсөн. Иймд үлдэгдэл төлбөр болох 16 665 000 төгрөгийг хариуцагч Д.А аас 2 221 600 төгрөг, хариуцагч Э.С аас 5 000 000 төгрөг, хариуцагч Ч.У аас 9 443 400 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн мөнгөний хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.А  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машины эзэн болох Э.С  өөрөө дэлгүүр бэлгэвчинд яваад өгчих гэж гуйсаар байгаад Ч.У т машиныхаа түлхүүрийг шилжүүлсэн. Э.С ын машинд учруулсан хохирлыг зөрчил шалгах явцад 15 000 000 төгрөгөөр тохирч миний бие 5 000 000 төгрөгийг Э.С т өгсөн үлдэх 2 221 600 төгрөгийг сар бүрийн цалингаасаа төлөх хүсэлтэй талаараа хэлж байсан. Машиныг осолд орох үед би жолоодож байсан нь үнэн гэв.

 

Хариуцагч Д.А ийн өмгөөлөгч З.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдийгээр Д.А  машин барьж байгаад осол гаргасан боловч тухайн үед машиныг нэхэмжлэгч Э.С  Ч.У т машиныг хариуцуулан өгч итгэлцлийн үндсэн дээр тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл Э.С , Ч.У  нарын хооронд харилцаа үүссэнээс Э.С , Д.А  нартай ямар ч харилцаа үүсэх боломжгүй. Ч.У  буцах замдаа гэртээ бууж үлдэх эсэхээ тохиролцоогүй байсан бөгөөд жолооны эрхгүй этгээд болох Э.С , Д.А  нарт машиныг үлдээсэн нь Ч.У ын буруутай үйлдэл. Д.А , Э.С аас машиныг шилжүүлэн авч осол гаргасан боловч машинд учруулсан гэмтэл болох 5 000 000 төгрөгийг төлсөн тул Д.А д ногдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан байдаг. Д.А  нь машиныг барьж байхад урдуур нь амьтан орж ирээд санаандгүй байдлаар машиныг осолдуулсан байдаг. Мөн хуулийн 497.3-т Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ. гэж тодорхой заасан байх тул Ч.У  нь тухайн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.гэж заасан байна. Э.С  нь өөрөө анхнаасаа машинаа ашиглуулахыг хүлээн зөвшөөрч өгсөн байгаа бөгөөд ажлаа хийж байсан хүмүүсийг хэрэгтэн болгож хохироосон асуудал байгаа учраас 4 хүн хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Ч.У ын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн зам тээврийн осол гаргасан хүн Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс буруутай этгээд нь тогтоогдсон. Иргэний хуулийн 499.3 болон 499.4 дэх хэсэгт зааснаар учирсан гэм хорыг тухайн гэм хор учруулсан этгээд хариуцна гэж заасан. Мөн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэйгэж заасан. Ч.У ын хувьд амаар тохирч машиныг авч явсан хэдий ч тухайн машиныг өөр хүнд жолоо шилжүүлэх эсэхийг нэхэмжлэгч талтай тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь дэлгүүр яваад өг гэсэн хүсэлт зоригийг илэрхийлж байсан бөгөөд буцах замдаа жолооны эрхтэй этгээд болох Э.С ад жолоо шилжүүлсэн байдаг. Ч.У  нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш тухайн ослыг гаргасан этгээд биш учраас гэм хорыг хариуцах үндэслэлгүй байна. Нөгөө талаас Иргэний хуулийн 499.3-т зааснаар шаардах эрх бүхий этгээд нь Голомт банк ХХК бөгөөд итгэмжлэлийг Э.С т шилжүүлсэн байдаг. Голом банк ХХК-ийн нэхэмжлэх эрх нь 2018 оны 6 сарын 08-ны өдрийн барьцааны гэрээний дагуу өмчлөх эрх нь үүссэн бөгөөд энэ өмчлөх эрхийнхээ хүрээнд бусдад учирсан гэм хорыг нэхэмжилж байгаа. Барьцааны гэрээний 2.3, 2.11-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглаж, гэнэтийн осол гэмтэл гарсан хохирлыг барьцаалуулагч буюу Э.С  өөрөө бүрэн хариуцна гэсэн гэрээний заалт байгаа нь Ч.У  зохих хэмжээгээр гэм хорыг хариуцах этгээд биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.С  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед гэртээ амарч байсан. Д.А  амрагчийн хүсэлтээр хамт дэлгүүр явахыг хүссэн ба Ч.У  жолоодож Д.А  бид хоёр зорчиж явсан бөгөөд дэлгүүрээс түүний захисан бэлгэвч ундаа, тамхи машинд бензин аваад цааш явах замд Ч.У  гэртээ үлдэж би машиныг барьж яваад Д.А ид жолоогоо шилжүүлэн явж байх үед осол болсон. Осол гарах үед би зорчиж явсан. Үнэмлэхгүй жолоо барьсан гэсэн үндэслэлээр 200 000 төгрөгөөр торгуулсан гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.С  нь хариуцагч Д.А , Ч.У , Э.С  нарт холбогдуулан автомашинд учруулсан гэм хорын хохиролд 17 665 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А  1 000 000 төгрөгийг төлж барагдуулсан тул хариуцагч нараас 16 665 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Д.А аас 2 221 600 төгрөг, хариуцагч Э.С аас 5 000 000 төгрөг, хариуцагч Ч.У аас 9 443 400 төгрөг тус тус гаргуулах гэж тодруулж, нэхэмжилжээ.

 

Хариуцагч Ч.У ын төлөөлөгч Б.Дагиймаа ...Ч.У  нь осол гарах үед байгаагүй, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй тул хариуцах үндэслэлгүй. Мөн Тоёота ландкруйзер-200 маркийн 08-07 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Голомт банкны нэр дээр бүртгэлтэй тул Э.С  нь нэхэмжлэх эрхгүй. гэх тайлбарыг гаргаж, хариуцагч Э.С  ...Д.А  амрагчийн хүсэлтээр хамт дэлгүүр явахыг хүссэн ба Ч.У  жолоодож Д.А  бид хоёр зорчиж явсан бөгөөд дэлгүүрээс түүний захисан бэлгэвч ундаа, тамхи машинд бензин аваад цааш явах замд Ч.У  гэртээ үлдэж би машиныг барьж яваад Д.А д жолоогоо шилжүүлэн явж байх үед осол болсон..., хариуцагч Д.А ийн өмгөөлөгч ...Э.С , Ч.У  нарын хооронд харилцаа үүссэнээс Э.С , Д.А  нартай ямар ч харилцаа үүсэх боломжгүй. Ч.У  буцах замдаа гэртээ бууж үлдэх эсэхээ тохиролцоогүй байсан бөгөөд жолооны эрхгүй этгээд болох Э.С , Д.А  нарт машиныг үлдээсэн нь Ч.У ын буруутай үйлдэл. Д.А , Э.С аас машиныг шилжүүлэн авч осол гаргасан боловч машинд учруулсан гэмтэл болох 5 000 000 төгрөгийг төлсөн тул Д.А д ногдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбарыг тус тус гаргаж маргасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.С  нь 2018 оны 6 сарын 08-ны өдөр Голомт банк ХХК-иас зээл авч, уг зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Тоёота ландкруйзер-200 маркийн 08-07 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийг Голомт банк ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгүүлсэн байх ба уг тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн Голомт банк ХХК-ийн 2019.01.21 өдрийн 09/150 тоотод ...Land Cruiser 200 маркийн автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг Э.С т шилжүүлсэн... албан бичгийг ирүүлсэн байх тул Э.С  нь нэхэмжлэх эрхтэй этгээд мөн юм.

Нэхэмжлэгч Э.С  нь хариуцагч Ч.У ыг дэлгүүрээс эд зүйл авчруулах зорилгоор өөрийн өмчлөлийн Тоёота ландкруйзер-200 маркийн 08-07 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгч, уг тээврийн хэрэгслийг Ч.У  нь жолоодож, хариуцагч Э.С , Д.А  нарын хамт явсан байх ба буцах замдаа Ч.У  нь гэртээ үлдэж, уг машиныг Э.С ад шилжүүлэн өгсөн байна.

 

Буцах замдаа Э.С  нь тээврийн хэрэгслийг Д.А аар жолоодуулж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Чингисийн хүрээ амралт руу буцах замдаа онхолдож, зам тээврийн осол гаргаж автомашинд 21 665 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь зохигчдын тайлбар, Хас үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан зөрчлийн материал зэргээр тогтоогдож байна.

Осол болсон хэргийг Хан-Уул дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэс шалгаж, хариуцагч Э.С , Д.А  нарт торгох шийтгэл ноогдуулсан байх ба зохигчид эдгээр асуудлаар маргаангүй байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Ч.У  нь бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр Э.С ад шилжүүлж, улмаар Д.А ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь хариуцагч нарын хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...гэм хорыг арилгахдаа ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэснээр эд хөрөнгөнд учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Шүүх хариуцагч нараас хохирлыг тооцон гаргахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, ...этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.гэсэн, мөн хуулийн 229 дүгээр 229.2-т заасан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ. гэснийг үндэслэж хохирлыг дараах байдлаар тооцож хариуцагч нарт хуваарилах зүйтэй байна.

Тодруулбал, хариуцагч Ч.У ын хариуцагч Э.С , Д.А  нарыг дагуулан авч явсан үйлдлээс болж дээрх үйл явдал болж, улмаар бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул Ч.У  нь уг гэм хор учруулсан хариуцлагаас болон хохирлыг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Хариуцагч нар нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлгээг үндэслэлгүй гэж маргаагүй бөгөөд хариуцагч Д.А , хариуцагч Э.С  нарт тус бүр 5 000 000 төгрөгийг хариуцуулж, үлдэх 11 665 000 төгрөгийг хариуцагч Ч.У т хариуцуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин хариуцагч Д.А ийг хохирлоо төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Д.А ид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.У аас 11 665 000 төгрөгийг, хариуцагч Э.С аас 5 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.С т олгож, хариуцагч Д.А ид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.У аас улсын тэмдэгтийн хураамжид 201 950 төгрөг, хариуцагч Э.С аас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.С т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ

Д.ЯНЖИНДУЛАМ