Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар     2022/ШЦТ/981

 

 

 

 

2022         12           15                                    2022/ШЦТ/981

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Б.Б, хохирогч Д.Н /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн “2211 01404 1899” дугаартай, 186/2022/0914/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын       02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хххх тоотод түр оршин суудаг гэх,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б.Б/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Акума” төвийн урд байх автозам дээр хохирогч Д.Нгийн гээсэн “Самсунг А52” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 714.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч  нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

    1.1. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Тэр өдөр 2 машин нэг нэгнийхээ урд гарах гээд байсан. Манай хүн их түргэн ууртай тэгээд машинаараа урдуур нь хааж зогсож байгаад яаж яваад байгаа юм бэ? замын хөдөлгөөний дүрмээ мэддэггүй юм уу? гээд хэлэхийн завдалгүй жолооч нь бууж ирээд өөрөө эхлээд заамдаж аваад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд би эрэгтэйчүүдийн маргаанд оролцоод яах юм бэ гэж бодоод байж байсан чинь машины хаалгыг гаднаас нэг хүн онгойлгоод хүүшээ нөхрөө аваач ээ зодоон нүдээн болоод байхад чинь суугаад байх юм гэхээр нь буугаад машинаа тойроод салгахын хооронд манай дүүгийн хажуу талд утас уначихсан байхаар нь манай дүүгийн л утас уначихсан байна гэж бодоод аваад би тэр утсыг гартаа давхар өөрийнхөө утастай хамт барьж байсан. Тэгээд удалгүй маргаан дуусаад салаад явсны дараа дүүгээсээ утсаа аваарай гэсэн чинь манай дүү хойд суудал дээрээс эгчээ миний утас биш байна гэж хэлсэн. Тэгээд өөрсдөө холбогдоод утсаа аваг гэж бодоод машины голын хайрцагт утсыг нь хийсэн байсан гэв.

           1.2. Хохирогч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... би гар утсаа лизингээр худалдаж авсан. Утсаа алдсанаас хойш 3 сарын хугацааны хүү төлсөн, утсаа ашиглаагүй байсаны 383.000  төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Нгийн: 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн хүү болох Баяртогтохын хамтаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шадивлангийн задгай тоот гэрээс нь гараад хүүгийнхээ приус 20 загварын машинтай нь зайсан луу явахаар хөдөлсөн. Ингээд 17-ын автобусны буудлын гэрлэн дохио гараад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Акума төвийн хажуу талд кроун загварын автомашин машины урд талд гараад зогссон. Манай хүү машинаасаа буугаад кроун загварын машин дээр очоод жолоочтой нь муудалцаж байгаа бололтой харагдаж байтал кроун загварын жолооч нь манай хүүгийн дух хэсэг рүү нь нэг удаа мөргөх үед нь би машинаасаа буугаад салгах гээд очсон. Гэтэл тэр 2 хоорондоо заамдалцаж авчихаад огт тавихгүй, би тэр 2-ыг болиулах гэж хичээж байх үед кроун загварын машины жолоочийн эсрэг талын суудлаас нэг эмэгтэй машинаасаа бууж ирээд тэр 2-ыг салгаад би хүүгийнхээ хамтаар машиндаа суугаад хөдөлсөн. Би өмднийхөө зүүн талын халаасыг үзтэл миний халаасанд байсан Самсунг А52 загварын гар утас маань алга болсон байсан. Хүү бид 2 буцаж акума төвийн гадна талын камерыг шүүгээд үзтэл миний халааснаас гар утас газарт унаад кроун машины жолоочийн эсрэг талд сууж байсан эмэгтэй нь миний гар утсыг газраас аваад халаасандаа хийж байгаа нь харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Амартүшингийн: Удалгүй надтай маргалдаж, муудалцсан залуугийн ээж, аав нь ирээд салгаж болиулаад тухайн хүмүүс тээврийн хэрэгсэлдээ суугаад явсан. Хэсэг хугацааны дараа буюу 1-2 цагийн дараа манай эхнэр тээврийн хэрэгслийн ард гар утас байхаар нь авчихлаа Зоригоогийнх гэж бодсон боловч биш байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дугаар тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Янжинлхамын:..2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай төрсөн хүү Амартүвшин түүний эхнэр Баянмонгол нар манай гэрт ирээд Самсунг А52 загварын хар өнгийн гар утсыг надад өгөөд, та энэ утсыг ашиглаж бай гэхдээ буцааж авна шүү гэж надад хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

           2.4. “Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК”-ний үнэлгээ /хх-ийн 30-31 дүгээр тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч: Хавтаст хэргээс хохирогч Д.Нгийн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/, гэрч Д.Амартүвшингийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/, гэрч С.Янжинлхамын мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /724.550 төгрөг/, /хх-ийн 30 дугаар тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 57-58 дугаар тал/, яллагдагч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

        3.2.Хохирогч:хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

       3.3.Шүүгдэгч:хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

            Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Акума” төвийн урд байх автозам дээр хохирогч Д.Нгийн гээсэн “Самсунг А52” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

           - хохирогч Д.Нгийн:..2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн хүү болох Баяртогтохын хамтаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шадивлангийн задгай тоот гэрээс нь гараад хүүгийнхээ приус 20 загварын машинтай нь зайсанруу явахаар хөдөлсөн. Ингээд 17-ын автобусны буудлын гэрлэн дохио гараад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Акума төвийн хажуу талд явж байхад кроун загварын автомашин манай машины урд талд гараад зогссон. Манай хүү машинаасаа буугаад кроун загварын машин дээр очоод жолоочтой нь муудалцаж байгаа бололтой харагдаж байтал кроун загварын жолооч нь манай хүүгийн дух хэсэг рүү нь нэг удаа мөргөх үед нь би машинаасаа буугаад салгах гээд очсон. Гэтэл тэр 2 хоорондоо заамдалцаж авчихаад огт тавихгүй, би тэр 2-ыг болиулах гэж хичээж байх үед кроун загварын машины жолоочийн эсрэг талын суудлаас нэг эмэгтэй машинаасаа бууж ирээд тэр 2-ыг салгаад би хүүгийнхээ хамтаар машиндаа суугаад хөдөлсөн. Би өмднийхөө зүүн талын халаасыг үзтэл миний халаасанд байсан Самсунг А52 загварын гар утас маань алга болсон байсан. Хүү бид 2 буцаж акума төвийн гадна талын камерыг шүүгээд үзтэл миний халааснаас гар утас газарт унаад кроун машины жолоочийн эсрэг талд сууж байсан эмэгтэй нь миний гар утсыг газраас аваад халаасандаа хийж байгаа нь харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

          - гэрч Б.Амартүшингийн:...удалгүй надтай маргалдаж, муудалцсан залуугийн ээж, аав нь ирээд салгаж болиулаад тухайн хүмүүс тээврийн хэрэгсэлдээ суугаад явсан. Хэсэг хугацааны дараа буюу 1-2 цагийн дараа манай эхнэр тээврийн хэрэгслийн ард гар утас байхаар нь авчихлаа Зоригоогийнх гэж бодсон боловч биш байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дугаар тал/,

           - гэрч С.Янжинлхамын:..2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай төрсөн хүү Амартүвшин түүний эхнэр Баянмонгол нар манай гэрт ирээд Самсунг А52 загварын хар өнгийн гар утсыг надад өгөөд, та энэ утсыг ашиглаж бай гэхдээ буцааж авна шүү гэж надад хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

           - Дамно ХХКомпаний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 дүгээр тал/  болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ гээсэн, хохирсныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  “маргааныг салгах гэж очоод”  бусдын газар унагасан  эд зүйлийг  бусдын өмч  гэдгийг мэдсээр байж өөртөө авч  завшиж  байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Бын  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “  гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Б.Быг “гээгдэл эд хөрөнгийг завших ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Б.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь  зүйтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь  шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 6 /зургаан/ сарын хугацаанд гадагш явахыг хориглож  шийдвэрлэв.

Хохирогч Д.Н нь гар утасны лизингийн 3 сарын хүү болох 183.000 төгрөг, утсаа  олж авахад гарсан зардал 200000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүх дээрх хохирлыг гаргуулж  шийдвэрлэх боломжгүй  гэж  үзлээ.

 

Харин  хохирогч Д.Н нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй  болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б, хохирогч Д.Н нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдаж  шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд хөрөнгийг завших ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Быг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглосугай.

4.Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Хохирогч Д.Н нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

          8. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ