Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0794/Э |
Дугаар | 2022/ШЦТ/863 |
Огноо | 2022-11-08 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/863
2022 11 08 2022/ШЦТ/863
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,
хохирогч А.Күмисгүл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Мянган овогт ЧСд холбогдох эрүүгийн 2211 00000 0941 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний техник хангамж мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шанд 7-52е тоотод оршин суух,
Урьд: Ховд аймгийн Булган сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай,
Их Мянган овогт ЧС /РД:........................................................./.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ч.С нь иргэн А.Кийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 40 мянгат 12-22 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 29.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.С нь:
иргэн А.Күмисгүлийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 40 мянгат 12-22 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 29.000.000 төгрөгийг залилан авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Ч.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Тэрээр, шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:
“Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг төлж биелүүлэх болно” гэв.
Хохирогч А.К нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би энэ хүнд хулхидуулснаас хойш гарсан зардал байгаа тухайн баримтуудаа гаргаж өгсөн. Энэхүү мөнгөний зорилго нь манай компанийн эргэлтийн хөрөнгө байсан. Цаг хугацаа алдсанаас болоод валютын ханшийн зөрүү, цаанаас ирж байгаа үнийн өөрчлөлтөөс шалтгаалаад нэлээн хэдэн төгрөгийн хохирол гарсан байна. Манайх Вьетнамын компанитай хамтран ажилладаг. 24.092 долларыг бид нар урьдчилгаа төлбөр гэж шилжүүлэх ёстой байсан. Бидний зүгээс хугацаандаа төлж чадаагүй учраас 5 дугаар сард дахин нэхэмжлэх ирэхэд 26.092 доллар болж өөрчлөгдсөн байсан. 2 дугаар сард долларын ханш нь 2850 төгрөг байсан бол 5 дугаар сард 3.099 төгрөг болсон байсан. Ханшийн зөрүүний 2000 доллар буюу Монгол мөнгөөр 6.198.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. Энэ үйл явдлаас болоод манай бараа бүтээгдэхүүн хойшлогдсоор байгаад 8 дугаар сарын 13-ны өдөр орж ирсэн. Хэрвээ би бараа бүтээгдэхүүнээ 2 дугаар сард захиалсан бол 8 дугаар сард ирснээс өмнө ирэх байсан. Ханшийн зөрүү болох 6.198.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч А.К “...Ч.С нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр залгаад 20 тонн мах ирсэн байна. Та 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээд нэг удаа туслаач гэж мессеж бичиж мөн залгасан. Энэ талаар Энхтүвшинд хэлэхэд би тэрийг нь сайн мэдэхгүй байна гэсэн тэр үед Ч.С гэх хүн над руу байнга залгаад нэг удаа туслаач гээд байхаар нь зөвшөөрөөд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 1-р 40 мянгат 12-22 тоот гэртээ байхдаа Хаан банкны интернет банкаар 5323040554 гэх данс руу эхлээд 15.000.000 төгрөг дараа нь 5.000.000 төгрөг шилжүүлээд тухайн өдрийн лимит дууссан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 28-нд над руу залгаад эгчээ яг одоо махаа буулгаж байна үлдэгдэл 9.000.000 төгрөгөө шилжүүлээч гэхэд нь мөн гэртээ байхдаа 5323040554 дугаарын данс руу шилжүүлсэн ...Ч.С үүнээс хойш байнга зовлон ярьдаг болсон сүүлдээ гар утсаа авахаа болихоор нь би цагдаагийн байгууллагад хандлаа нөгөө эгчийнд чинь очлоо шүү гэхэд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр над руу 2.000.000 төгрөг шилжүүлээд дахиад холбоогүй болсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Гэрч Х.Энхтүвшингийн “...Манай эгч 2022 оны 1 дүгээр сард над руу яриад Ч.С мах авах гэсэн юм 30 сая төгрөг зээлээч гэж байна гэхээр нь үгүй яах юм наадах чинь одоо мах аваагүй сая баруун аймгаас мах аваад ирсэн байгаа түүнийгээ худалдан борлуулаагүй. Өмнөговиос мах авна гэсэн нь худлаа байх гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын дундуур Күмисгүл эгч над руу яриад эгч нь нөгөө залууд мөнгө зээлүүлсэн юм. Тэгтэл буцааж өгөхгүй байна гэхээр нь танд битгий өгөөрэй гэж хэлсэн биздээ гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
Гэрч Б.Жавхлангийн “...Би Сэржиддаваа гэх хүнтэй огт уулзаж бол үзээгүй. Харин би Оросын Холбооны Улсын 1хBet нэртэй онлайнаар бооцоо тавьж тоглодог сайтын Монгол улс дахь зуучлагчаар ажилладаг юм. Тухайн сайтанд бооцоо тавьж тоглохын тулд тухайн тоглогч нь заавал олон улсын карттай байхыг шаарддаг мөн тухайн тоглогч өөрөө уг сайт руу орж цэнэглэлт хийж тоглоход их удаж байж цэнэглэгддэг болохоор зуучлагчаар цэнэглүүлбэл хурдан цэнэглэгддэг юм. Сэржиддаваа гэх хүний хувьд бол манай агентаар тогтмол их дүнгээр үйлчлүүлж дээрх онлайнаар тоглодог хүн байгаа юм. Сэржиддаваа нь дээрх онлайн бооцоот тоглоомыг Itgel эсхүл STS гэсэн хаягаар цэнэглэж тоглодог хүн байна. Манай агентаар маш их давтамжтай үйлчлүүлдэг учраас нийт хэдэн төгрөгөөр хэдэн удаа тоглосон гэдгийг нь харах болон хэлэх боломжгүй байна. Бид нар тухайн тоглох гэж байгаа хүний зөвхөн өөрсдийнх нь дансаар цэнэглэлт хийж өгдөг. Өөр хүний дансаар цэнэглүүлэх гээд мөнгө шилжүүлсэн тохиолдолд шууд эргүүлж шилжүүлдэг. Сэржиддаваа гэх хүний хувьд Хаан банкны 5323040554 дугаарын дансаар цэнэглэлт хийж тоглодог ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар тал/,
Хаан банкны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 29/1862 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 24-38 дугаар тал/,
Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29/6093 дугаартай албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 63, 66-69 дүгээр тал/,
Шүүгдэгч Ч.Сгийн “...Би А.Күмисгүл гэх хүнээс 29.000.000 төгрөгийг мах худалдан авахаар авсан юм. Гэхдээ уг мөнгийг тухайн үед онлайн покер тоглоод дуусгачихсан. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр 26.500.000 төгрөгийг А.Күмисгүлийн Хаан банкны 5076491357 дугаарын данс руу шилжүүлсэн байгаа ... миний хувьд хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Ч.С нь иргэн А.Күмисгүлийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түүний 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 40 мянгат 12-22 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 29.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 29.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “ ... шүүгдэгч Ч.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Эмээлтэд Засагт хан гэх махны үйлдвэрт ажилладаг гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг 1 жилийн хугацаанд оногдуулж өгнө үү ...” гэсэн болно.
Хохирогчоос: “... Хоёр жаахан хүүхэдтэй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан учраас гомдолгүй ...” гэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Ч.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.Сгийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч А.Күмисгүлд нийт 29.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь бусдад учруулсан 29.000.000 төгрөгийн хохирлын үлдэгдэл болох 2.500.000 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Сг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Мөн хохирогчоос гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой гэх гадаад шилжүүлгийн даалгавар 2 хуудас, шинжилгээний дүн 2 хуудас, магадлан шинжилгээний дүгнэлт 2 хуудас, Олон улсын тээвэр зуучлалын Монгол Экспресс ХХК-ын 1 хуудас баримт, asia food гэх баримт 1 хуудас, Монгол Банкны ханшийн мэдээ 2 хуудас, нийт 10 хуудас баримтаар ханшийн зөрүү болох 6.198.000 төгрөгийг нэхэмжилснийг гэмт хэргийн шууд хохиролд тооцох боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хор уршгийн талаарх хохирогч нь баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их Мянган овогт ЧСааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 29.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч А.К нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ