Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар  2022/ШЦТ/986

 

 

 

 

2022          12           15                                  2022/ШЦТ/986

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Очгэрэл, шүүгдэгч Ц.Б /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн “2211 00000 1609” дугаартай, 186/2022/0921/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хххх оршин суух бүртгэлтэй, Хорооллын Korea Bull гал тогоонд бэлтгэгч ажилтай,

- урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ц.Б,

        Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-528 тоот нийтийн байранд согтуурсан үедээ хамтран амьдрагч Н.Аг хардалтын улмаас түүний нүүрний зүүн хэсэгт гараараа цохих, чирч зодон Н.Агийн биед зүүн зовхи, хацар, шанаа, хүзүү, баруун эгэм, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт, дух, баруун зовхи, шанаанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

            1.1. Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний буруу би  өөрийнхөө  бурууг   ойлгож  байна, би мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ  үнэн зөвөөр өгсөн, нэмж  мэдүүлэх зүйлгүй гэв.

 

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн

нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Агийн:...миний бие Ц.Бтой 2014 оноос хойш үерхэж байгаад, 2016 онд хамтран амьдарч эхэлсэн, 2 хүүхэдтэй, 2022 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө би 03 цагийн үед Цэкү, Энхбаатар нарыг дагуулан гэртээ очиход нөхөр Бямбадорж нь хүүхдүүдийн хамт байсан. Үүний дараа бид дөрөв, 3 ширхэг 2 литрийн пиво уусан. Нөхөр бид 2 ерөнхийдөө бол хэрүүл маргаантай байсан. Өчигдөр мөн л өмнө нь болсон хардалтын асуудлаас болоод муудалцсан. Манай нөхөр надтай муудалцаад байсан болохоор гэрээсээ гараад явахад, Бямбадорж гэрлүүгээ оръё гэхэд би орохгүй  гэхэд намайг заамдаад гараа атгаж байгаад нүүрний зүүн хэсэг рүү цохиод намайг чирээд гэрлүү орсон. Тэгж цохиулсаныхаа дараа цагдаад дуудлага өгсөн. Гэрлүүгээ орж жоохон тайвшираад байж байхад цагдаа нар ирээд нөхрийг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Энэ асуудлаас өмнө нь нэг, хоёр удаа надад хүч хэрэглэж байсан. Намайг заамдаад хамар хэсэгрүү цохиж байсан тухайн үедээ Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж шалгуулж байсан. Бямбадорж нь ширүүн зан араншинтай хүн байгаа. Намайг найзуудтай минь хамт гаргаж оруулдаггүй. Бямбадорж архи согтууруулах ундааны зүйл сардаа 1-2 удаа тогтмол хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг зоддоггүй ч айлган сүрдүүлдэг. Сүрдүүлэхдээ халуун хоол толгой дээрээ асгуулж байж үнэнээ хэлэх юм уу? гэх мэтээр хардалтын асуудлаас болж маргалддаг. Энэ удаагийн болсон асуудлын талаар гэвэл би тухайн өдөр найзуудтайгаа гарсан, хардалтаас л болсон гэж ойлгож болно. Нөхөртэйгээ маргалдаж зодуулахаас өмнө, миний биед ямар нэгэн гэмтэл шарх сорви байгаагүй. Миний зүүн талын шанааруу гараа атгаж байгаад 1-2 удаа цохьсон. Тэр даруйдаа хавдаад хөхөрчихсөн. Миний зүүн гарны бугуйнаас гадаа байхад гэрлүүгээ орьё гэж татсан, би үгүй гэж хэлээд доош суусан. Тэр үед намайг гэрлүү оруулах гээд хэсэг газар чирсэн. Тэгэхэд миний гуянд бага зэргийн гэмтэл учирчихсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 7 дугаар тал/,

 2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12180 дугаартай дүгнэлтэд:  

          1. Н.Агийн биед зүүн зовхи, хацар, шанаа, хүзүү, баруун эгэм, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт, дух, баруун зовхи, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид хөдөлмөрийн чадварын  тогтонги алдагдуулахгүй.

         5.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч О.Болороо гэжээ. /хх-ийн 13-14 дүгээр тал/,

         Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Улсын яллагч: хавтаст хэргээс: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хохирогч Н.Агийн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн газрын шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 12180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр тал/, яллагдагч Ц.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 17-39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

    3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-528 тоот нийтийн байранд согтуурсан үедээ хамтран амьдрагч Н.Аг хардалтын улмаас түүний нүүрний зүүн хэсэгт гараараа цохих, чирч зодон Н.Агийн биед зүүн зовхи, хацар, шанаа, хүзүү, баруун эгэм, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт, дух, баруун зовхи, шанаанд зулгаралт  бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч Н.Аийн:...манай нөхөр надтай муудалцаад байсан болохоор гэрээсээ гараад явахад, Бямбадорж гэрлүүгээ оръё гэхэд би орохгүй  гэхэд намайг заамдаад гараа атгаж байгаад нүүрний зүүн хэсэг рүү цохиод намайг чирээд гэрлүү орсон. Тэгж цохиулсаныхаа дараа цагдаад дуудлага өгсөн...намайг заамдаад хамар хэсэгрүү цохиж байсан тухайн үедээ Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж шалгуулж байсан. Бямбадорж нь ширүүн зан араншинтай хүн байгаа. Намайг найзуудтай минь хамт гаргаж оруулдаггүй. Бямбадорж архи согтууруулах ундааны зүйл сардаа 1-2 удаа тогтмол хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ намайг зоддоггүй ч айлган сүрдүүлдэг. Сүрдүүлэхдээ халуун хоол толгой дээрээ асгуулж байж үнэнээ хэлэх юм уу? гэх мэтээр хардалтын асуудлаас болж маргалддаг. Энэ удаагийн болсон асуудлын талаар гэвэл би тухайн өдөр найзуудтайгаа гарсан, хардалтаас л болсон гэж ойлгож болно. Нөхөртэйгээ маргалдаж зодуулахаас өмнө, миний биед ямар нэгэн гэмтэл шарх сорви байгаагүй. Миний зүүн талын шанааруу гараа атгаж байгаад 1-2 удаа цохьсон. Тэр даруйдаа хавдаад хөхөрчихсөн. Миний зүүн гарны бугуйнаас гадаа байхад гэрлүүгээ орьё гэж татсан, би үгүй гэж хэлээд доош суусан. Тэр үед намайг гэрлүү оруулах гээд хэсэг газар чирсэн. Тэгэхэд миний гуянд бага зэргийн гэмтэл учирчихсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 7 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12180 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч зодуулж биедээ гэмтэл  авч хохирсныг,   шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хамтран амьдрагч Н.Аг бусадтай хардаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн зовхи, хацар, шанаа, хүзүү, баруун эгэм, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт, дух, баруун зовхи, шанаанд зулгаралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Бийн  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Бийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.    

Шүүгдэгч Ц.Б нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.00 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялаа  төлж  барагдуулаагүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022.09.12-ний өдрийн 04/1229 дугаартай  албан бичгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Бийн урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 700 нэгж буюу 700.00 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх тул  шүүгдэгчийн   ялыг тусад нь  эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Бийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Н.А нь шүүгдэгч Ц.Боос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

      2. Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 нэгж буюу 700.00 төгрөгөөр торгох ялыг тусад эдлүүлсүгэй.

           6.Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

           7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ