Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 115

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

                    Нарийн бичгийн дарга Б.Урангоо

 Улсын яллагч Л.Энхтайван

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

 Иргэний нэхэмжлэгч Ц.Ууганцэцэг нарыг оролцуулав.

      Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 215-р  зүйлийн 215.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мандахбаатарт холбогдох эрүүгийн 201618000238 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сум, Бүрэнтолгой энхтал багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Соён овогт Мөнхбаярын Мандахбаатар /РД БЛ:90041019/   

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Мандахбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн төв замын 30-315 дахь км-н шонгийн орчимд 33-87 СЭА улсын дугаартай Toyota prius 11 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Буянзаяад хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

            Шүүгдэгч М.Мандахбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....2016 оны 08 дугаар сарын 20-ны өглөө Нарантуяа эгчийнд зурагт үзээд сууж байхад Нарантуяа эгч Буянзаяа эгчтэй хамт мах авахаар ирсэн. Энэ үед 1 шил том архи, 1 том пиво аваад ирснийг бид гурав уугаад, Буянзаяа эгч махаа ажил руугаа хүргэж өгөхөөр явсан. Ингээд буцаж ирэхэдээ дахин 0,5 грамм нэг шил архи авчирсныг нь бас уусан. Буянзаяа эгч нилээн согтсон байхаар нь би гэрт нь хүргэж өгөхөөр машиныг нь жолоодоод явж байгаад осол гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлөхөөр тохиролцсон байгаа...” гэх мэдүүлэг

          Иргэний нэхэмжлэгч Ц.Ууганцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....Манай байгууллагаас Буянзаяа эгч нь өөрийн өмчлөлийн Приус маркийн машиныг барьцаалж 500.000 төгрөгийн зээл авсан байснаа төлж барагдуулсан. Одоо манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тайлбар

          Хохирогч Д.Буянзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тогооч Нарантуяа,  Мандахбаатар бид 3 архи ууж байхад Нарантуяа тасраад согтоод унасан юм. Тэгээд би юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Би гомдолтой байна. Мандахбаатараас эмчилгээний зардал болон машины хохирлыг барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/

          Гэрч Я.Нарантуяагийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...М.Мандахбаатар, Д.Буянзаяа бид гурав манай гэрт архи ууж байгаад би тасраад сандал дээрээ унтсан байсан. Тэгээд би маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Д.Буянзаяаг зам тээврийн осолд орсон талаар мэдээд нэгдсэн эмнэлэг дээр очсон....гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/

          Гэрч Д.Энхзаяагийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... Манай төрсөн дүү хамт олондоо нэр хүндтэй осолд орохоосоо өмнө Сүхбаатар сумын 1-р цэцэрлэгийн багш ажилтай байсан. Манай дүү нөхөр 2 охины хамт Сүхбаатар сумын 1 дүгээр багт оршин сууж амьдардаг. Амьдрал ахуй нь сайн, хүнтэй зөв боловсон харьцдаг, цовоо сэргэлэн зантай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

          Гэрч Т.Норжмаагийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манай хүү М.Мандахбаатар нь найз нөхөд, гэр бүлдээ нэр хүндтэй, аав ээжийнхээ үгнээс гардаггүй, ар гэрийнхээ ажилд сайн, архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэггүй, ямар нэгэн муу зуршил байхгүй, хүнд тусархаг сайн хүүхэд байгаа юм. Миний хүү доороо 2 дүүтэй 2 дүүтэйгээ ахын ёсоор харьцдаг. Урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/

            Гэрч Л.Чулууны 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн үед “Овоотой толгой” гэдэг газарт үхрээ дурандаад хүргэнтэйгээ хамт байж байсан чинь Сүхбаатар сум талаас улаан хүрэн өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай явж байсан. тэгээд тас няс гээд айхтар дуу гарахаар нь дурангаараа хартал нөгөө тээврийн хэрэгсэл замын хажуу талын жижиг шонг мөргөөд жолооч залуу бууж ирээд машинаа тойрч үзээд 2 гараа саваад алхаад байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд яваад очсон чинь замын хажуугаар явж байсан тээврийн хэрэгсэл зогсоод жолочийн арын суудлаас нэг эмэгтэйг буулгаж ирээд замын хажууд дээш харуулан хэвтүүлж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/

            Гэрч Э.Баянмөнхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хадам ээж, дүү Төрбат бид 3 антены дээд талын дэнж дээрээс үхрээ дурандаад байж байтал улаан хүрэн өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай төв замаар Сүхбаатар сум талаас явж байгаад шон мөргөж зам тээврийн осол гаргахаар нь манай хадам ээж Чулуун цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн машинд рээгтэй эмэгтэй 2 хүн байсан. өөр хүн байгаагүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12 дугаар тал/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 дугаар тал/

            Согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар тал/

            Бичиг баримтанд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23 дугаар тал/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28 дугаар тал/

            Үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 29 дүгээр тал/

           

            Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 89 тоот дүгнэлтэнд:...

Хариулт 1. Тоёота Приус 11 маркийн 33-87 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Мандахбаатарын үйлдэл нь “Зам тээврийн осол”-зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал: тул зам тээврийн осол мөн. 

Хариулт 2. Тоёота Приус 11 маркийн 33-87 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Мандахбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хариулт 3. 2 дугаар хариултаар хараулагдана. ...гэх дүгнэлт /хх-ийн 63 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7420 тоот дүгнэлтэнд: 

1.Шинжилгээнд ирүүлсэн М.Мандахбаатарын гэх цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна.

2.Цусан дахь 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна......гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны №04/16 тоот дүгнэлтэнд:

1.Тоёота Приус маркийн 33-87 СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ АЯ №01176311, арал №NHW110056122 дугаартай, улаан хүрэн өнгөтэй, Сэлэнгэ Сүхбаатар-07 Ган зам 02-р хэсэг, 01-р 60 айл-54-д “Бэрс капитал” ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байна.

Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор хяналтын үзлэгт орсон эсэхийг www.trans.mn хаягаар орж мэдээлэл авахад 2016 оны 07 дугаар сарын 02-нд техникийн хяналтын  үзлэгт дахин орохоор мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа бөгөөд тухайн хугацаандаа буюу хуульд заасны дагуу /гэрчилгээнд заасан хугацаанд/ техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь зохих хуулийн дагуу хугацаандаа техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байгаа нь замын хөдөлгөөнд техникийн хувьд бүрэн оролцож явсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

2.Зам тээрийн ослын дараах техникийн үзлэгээр тухайн автомашины хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц тоормос, жолооны механизм болон жолооны хөндлөн татуурга, дугуй болон хүч дамжуулагч /таван бул/ урд, хойд тэнхлэгийн татуурга, таваг болон бусад эд ангиудаас эвдэрсэн, салсан эд анги байхгүй байв.

Иймд зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр тухайн автомашины хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх эд ангиудаас ослын дараа эвдэрч салсан эд анги байхгүй байсан учраас осол нь ямар нэг эвдрэл, гэмтлээс шалтгаалан гараагүй байх үндэслэлтэй байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар  тал/

Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №11759 дугаартай дүгнэлтэнд:

1. Буянзаяагийн биед хүзүүний 6-р нугаламын гулсалт, хагас мултрал, хүзүүний 6-р нугаламын баруун талын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, хүзүүний 7-р нугаламын их бие хугарал, бүсэлхийн 2-р нугаламын бүрэн бус хугарал, бүсэлхийн 3-р нугаламын их биеийн зүүн хажуу гадаргуу шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.....гэх дүгнэлт /хх-ийн 80 дугаар тал/

Хохирогч Д.Буянзаяагийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 82-108 дугаар тал/

Ашид бүлгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 109-110 дугаар тал/

Дархан-Уул аймгийн автотээврийн төвийн албан тоот /хх-ийн 113 дугаар тал/

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 115 дугаар тал/

Дархан-Уул аймгийн Орхон сумын энхтал багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 116-117 дугаар тал/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118-119 дүгээр тал/

Бэрс Капитал ХХК-ний захирлын тодорхойлолт /хх-ийн 121-126 дугаар тал/

Хохирогч Д.Буянзаяагийн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 129-152 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Мандахбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн төв замын 30-315 дахь км-н шонгийн орчимд 33-87 СЭА улсын дугаартай Toyota prius 11 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Буянзаяад хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

            Үүнд;  Хохирогч Д.Буянзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 33-39 тал/, Иргэний нэхэмжлэгч Ц.Ууганцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсгөн, гэрч Я.Нарантуяагийн /хх-ийн 40-41/, Л.Чулууны /хх-ийн 45-46/, Э.Баянмөнхийн /хх-ийн 47-48/ мэдүүлгүүд,  шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 11759 тоот дүгнэлт /хх-ийн 80/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 89 тоот дүгнэлт /хх-ийн 63/, Авто техникийн шинжээчийн гаргасан 04/16 тоот дүгнэлт /хх-ийн 74-75 тал/, Химийн лабраотрийн эрхлэгч, шинжээч Б.Ламчингийн гаргасан дүгнэлт /хх-ийн 18 тал/, согтуурлын зэрэг тогтоосон тэмдэглэл /17 тал/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-15 тал/ шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч М.Мандахбаатар нь “...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна....” гэсэн  заалтуудыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ Улаанбаатарын чиглэлийн төв замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус маркийн 33-87 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Буянзаяагийн  биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч М.Мандахбаатарт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

           Шүүгдэгч М.Мандахбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хуулинд заасан баривчлах ял оногдуулах үндэслэлтэй  байна.

           Шүүгдэгч М.Мандахбаатарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3 -д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлөхөөр тохиролцсон, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан гэм хор бүрэн арилаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзлээ.

Хохирогч Д.Буянзаяагийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичгээр ирүүлсэн сар бүр 500.000 төгрөг авахаар тохиролцсон тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тайлбарт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцсон болно.  

Хохирогч Д.Буянзаяагаас хохирол төлбөрт нэхэмжилсэн 11.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Мандахбаатар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 жилийн хугацаанд сар бүр 500.000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон болохыг дурьдав.

     Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Мандахбаатарын 593731 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэх нь зүйтэй.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 11-68 СЭА улсын дугаартай шүүгдэгч М.Мандахбаатарын өмчлөлийн цагаан өнгийн Хюандай Портер маркийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий машиныг битүүмжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор тогтов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294,  297-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар  Соён овогт Мөнхбаярын Мандахбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-д заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Соён овогт Мөнхбаярын Мандахбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 05 /таван/ сарын баривчлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1 д зааснаар шүүгдэгч М.Мандахбаатарт оногдуулсан 05 сарын баривчлах ялыг  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлдийн албанд даалгасугай.  

4.Шүүгдэгч М.Мандахбаатар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Хохирогч Д.Буянзаяагаас хохирол төлбөрт нэхэмжилсэн 11.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Мандахбаатар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 жилийн хугацаанд сар бүр 500.000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон болохыг дурьдсугай. 

6.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн М.Мандахбаатарын 593731 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 16-88 СЭА улсын дугаартай шүүгдэгч М.Мандахбаатарын өмчлөлийн цагаан өнгийн Хюндай Портер маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

8.Шүүгдэгч М.Мандахбаатарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

  10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

   11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ