Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 126/ШШ2021/0028

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

             Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/04 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий А.Дгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.А, хариуцагчийн өмгөөлөгч В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахдаа: “Авид овогтой Догсмаа миний бие 1981 онд төрсөн нөхөр 3 хүүгийн хамт Мөрөн суманд амьдардаг. Халх журам хууль зүйн дээд сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн, бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй. Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанд 2016 оны 03 дугаар сард дотоод ажилтнаар орж ажлын гараагаа эхлүүлэн хууль журмын дагуу төрийн албаны шалгалт өгч хамгийн өндөр оноо авч 2017 оноос 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ахлах аудитороор ажиллаж байсан.

Миний бие Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ гэсний дагуу үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулан 2017, 2018, 2019 он болон 2020 оны хагас жилээр А үнэлгээтэй дүгнүүлж байсан. 2017, 2018, 2019 онуудад албан үүргээ давуулан биелүүлж байгууллагын шилдэг албан хаагч болж хамт олноо манлайлан ажилласан, улсын салбарын дотоод аудитын стандартыг хэрэгжүүлсэн ажлаараа Сангийн яамнаас зохион байгуулсан улсын салбарын дотоод аудиторуудын зөвлөгөөнд илтгэл тавьж шалгарч байсан зэрэг нь хэрхэн ажил үүргээ гүйцэтгэж байсныг харуулж байна. Ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажлаа үнэнч шударгаар гүйцэтгэж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр нь биелүүлж байсныг байгууллагын архивт байх санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга, дотоод аудитын тайлан, өгсөн акт албан шаардлага, аймгийн орон нутгийн хүү торгуулийн орлогын дансанд оруулсан актын биелэлт, шалгалтын явцад барагдуулсан зөрчил төлбөрийн үр дүн, байгууллагын тайлан, хурлын тэмдэглэл, ирсэн явсан албан бичигт хариу өгсөн байдал зэрэг нь намайг хэрхэн ажил үүргээ гүйцэтгэж байсныг харуулах нотлох баримтууд гэж бодож байна. 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл би тухайн байгууллагын хамгийн гүйцэтгэл сайтай албан хаагч байсан гэдгийг хэрэгжүүлсэн ажлын тайлан, гүйцэтгэлийн төлөвлөгөө, зэргээс дүгнэж болно.

 Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн үйлдэлийг гаргаж байсан удаагүй болно. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй  биелүүлсэн” нь төрийн жинхэнэ алба хаагчийг албан тушаалаас халах үндэслэл болдог байхад дарга В.Н нь хууль зөрчин хувийн өс хонзонгийн сэдлээр алба хаагчийнхаа эсрэг баримт нотолгоог өөрөө зохион үйлдэж ажлаас халж байгаа нь хуульд нийцэхгүй үйлдэл юм.

Аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/04 тоот сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар ажлаас халагдсан. Төрийн байгууллага нь боловсон хүчнийг ажилд авах, ажлаас чөлөөлөхдөө Б тушаал гаргах ёстой атал А тушаал гаргаж албаны дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа нь Монгол Улсын Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Байгууллагын зохион байгуулалтын нэгж газар, хэлтсийн дарга албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, журам, стандартыг өөрийн хариуцсан нэгжийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулж, цаасан болон цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байх, бүрэн бүрдэлтэй ашиглах боломжтой байхад хяналт тавих” 36.12-т баримт бичгийн албан ёсны хүчин төгөлдөр байдлыг хангах, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.1.9-д байгууллагын дарга тушаалын төсөлд гарын үсэг зурахаас өмнө холбогдох хэлтэс  нэгж албан тушаалтнуудаас виз авч, шаардлагатай тохиолдолд танилцуулга хийж хавсаргасан байна гэснийг тус тус  зөрчиж үндэслэлгүй тушаалаар ажлаас халсан. Тухайн өдрийн үдээс хойш хурал хийж халагдах тушаалаа шууд танилцуулан ажил хүлээлцэхийг тушаасан бөгөөд сонсох ажиллагаа хийгээгүй нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлин 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна гэснийг зөрчин ямар ч тайлбар хүсэлтийг хүлээн аваагүй тайлбар хийх боломж олгоогүй, мөн тухайн тушаалд ажил хүлээлцэхэд зориулж хоног тогтоогоогүй бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад хурал хийж тэр өдөртөө багтаан ажлаа хүлээлцэхийг шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэснийг хэрэгжүүлээгүй.

Мөн тушаалын 1-д удаа дараа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, шалгагдагч байгууллагын ажиллагсадтай харилцааны алдаа гаргасан, байгууллагын дүрэм зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийн тодорхой заалтыг хэрэгжүүлээгүй зэрэг ноцтой алдаа гаргасан гэжээ. Гэтэл тухайн байгууллагын сайн муу бүхий л ажлыг гүйцэтгэж хамгийн сайн ажилтан гэгдэж байсан би хэзээнээс байгууллагын даргад таалагдахаа байсан нь үнэхээр сонин санагддаг. Төрийн алба хаагч зөвхөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

Мөн тушаалд шалгагдагч байгууллагын ажиллагсадтай харилцааны алдаа гаргасан гэж гүтгэсэн нь энэ байгуулагад 5 жил ажиллахдаа шалгагдагч байгууллагын хүмүүстэй хувийн харилцаа үүсгэх, нөлөөнд орж бага эрсдэлтэй дүгнэлт гаргаж байсан удаагүй бөгөөд сургалт хийх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал болон тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн өгч байгууллагуудад үнэ цэнэ нэмж нэр төртэй  албан үүргээ гүйцэтгэж ирсэн. Албан үүргээ эрхэлж байх хугацаандаа би ямар ч байгууллагын албан хаагчидтай харилцааны алдаа гаргаж байсан удаагүй надтай холбоотой нэг ч өргөдөл гомдол ирж байгаагүй. 2020 оны 06 дугаар сард дарга В.Н нь өөрөө өргөдөл гаргаж ёс зүйн хороо хуралдуулж байснаас өөрөөр харилцагч байгууллагуудаас өргөдөл гомдол ирж сахилгын шийтгэлийг хүлээж байгаагүй болно.  

Санхүүгийн хяналт, аудитын албаны Дотоод хяналтын багийн ажлын 2020 оны 02 сарын 18 өдрийн №01 дугаар тайланг үндэслэн ажлаас халсан нь хуульд нийцээгүй илт хууль бус үйлдэл болсон. Мөрөн сумын Эрдмийн түлхүүр 5 дугаар цэцэрлэгт хяналт хийхдээ зөрчил гаргасан гэж дүгнэсэн байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2018 оны 5 дугаар сард 2, 5, 9 дүгээр цэцэрлэгүүдэд дотоод хяналт, хүний нөөцийн аудит хийж дүгнэлт өгсөн аудитын багийн гишүүнд дотоод ажилтан Б.Э хамт ажилласан. Тухайн үед 8 сартай жирэмсэн амралтаа авах гэсэнд “намайг очихоор” бол гэсэн тул бүх ажлаа хариуцан гүйцэтгэж дууссан. Гэтэл 2020 оны 03 дугаар сард 5 дугаар цэцэрлэгт хийсэн санхүүгийн хяналт шалгалтын явцад чиний өмнөх шалгалттай холбоотой гомдол ирсэн тул дотоод хяналт хийсэн гэж 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр танилцуулан ажлаас халсан. Тухайн үед би сайн ойлгоогүй сүүлд өөрийн ажлын баримтыг харахад тухайн цэцэрлэгийн хүний нөөцийн аудитаар илэрсэн асуудалд төлбөрийн акт тогтоож, шалгалтын явцад орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлсэн бусад асуудалд албан шаардлага өгсөн байсан. Одоо санаж байгаагаар даргын сайн таньдаг найз дүү нь ажилладаг гээд Нямжав гэсэн нэртэй хүн ирж уулзсан. Мөн дарга ч тухайн үед утсаар чиглэл өгсөн тул шалгалтын дүгнэлт болон асуулгын үр дүнг бүх хамт олны хурал хийж танилцуулж  байсан. Хамт шалгалт хийж байсан Б.Э нь бичиг хэрэг хийж байсан  тул шалгалтын танилцуулга дээр нэрийг нь оруулах боломжгүй, цаашид дотоод аудитор болох тул чи дадлагажуулаад хамт шалгалтанд авч явж бай гэж удирдлагаас чиглэл өгсөн тул бид хамт шалгалтуудыг хийж дуусгасан. Энэхүү  асуудлаар дотоод хяналтын багийн гишүүд О.А, Д.Отгондаваа, Г.Өнөржаргал нар нь гомдолд холбогдогч албан хаагчаас асуулга хийж, тайлбар аваагүй шийдвэр гаргасан нь хяналт шалгалтын  хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас  илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36-32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах зарчмыг  баримтална, 1.4.1-т хариуцлага гарцаагүй байх, 1.4.4-т ил тод байх, мөн журмын 1.6-т Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна. 2.4.1-т гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах гэснийг огт хэрэгжүүлээгүй.

Ажлаас халах үндэслэлд Улсын тусгай хамгаалалтай газраас ирүүлсэн өргөдлийн талаар дурдсан байсан. 2020 оны 09 сард ахлах байцаагч О.Аы хамтаар цагдаагийн газрын хүсэлтээр шалгалт хийж байгууллагаас хүлээн авсан баримтыг жагсаалтаар нь хүлээлгэн өгсөн. Тухайн шалгалтын явцад үнэт цаасны дутагдал гарахад нягтлан бодогч Ш.Т нь өмнө нярав хийж байсан Алтанчимэг бид хоёрын хувийн тооцоо байгаа гээд 2018/001 гэсэн дугаар бүхий үнэт цаасны тооллого хийсэн акт гэх баримт гаргаж ирсэн, энэ асуудлыг холбогдох албан хаагчдаас тодруулаад нэгэнт санхүүгийн тайланд авлагаар тусгагдаагүй гэмт хэргийн шинжтэй асуудал байх магадлалтай тул аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Энхтүвшинд бусад баримтын хамт хүлээлгэн өгсөн ба отоглох цэгийн тасалбар гэх баримтыг таслан төсвийн гүйцэтгэлд тусгалгүй орлого олж байсан нь тогтоогдсон тул мөн хуулийн байгууллагад шилжүүлэн 3 ш тасалбар, үнэт цаасны тооцоо нийлсэн акт зэргийг ажлын баримт болгон авсан. Үүнээс хойш Ш.Т нь баримтаа дутуу авсан байна гэж хэл ам гарган явах болсон тул би өөрийн авч үлдсэн ажлын баримтаа өөрт нь харуулж байсан удаатай. Тухайн нягтлан бодогчтой манай дарга нь хуурай эгч дүүсийн харилцаатай гэдгийг би мэдэх тул дарга Х.Идэртэй утсаар холбогдон үүссэн нөхцөл байдлыг тодруулахад нягтлан бодогч нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул нярваа биечлэн явуулж надад байгаа гэх баримтыг үзээд хэрэгтэй бол авья гэсэн тул би ирж уулзахыг нь хүлээж байсан. Миний бие 2021 оны 1 сарын 8-ны өдрөөс 3 сарын 5-ны өдөр хүртэл Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж тухайн байгууллага дээр байрлаж байсан. Энэ хугацаанд утсаар болон биеэр тухайн байгууллагаас хүн  уулзаагүй. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хурал хийж энэ хүний баримтыг яагаад гаргаж өгөөгүй байгаа юм гэж уурлаж загнасан. Би болсон байдлыг тайлбарлан хэлсэн байхад сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлд оруулсан явдал нь хяналт шалгалтын байгууллагын дарга хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гэж би үзэж байна.

2020 оны 3 дугаар улирлын тайлангаа өгөөгүй гэж буруутгасан асуудлаар 2020 оны 9 сард чөлөө авахдаа 8 дугаар сарын гүйцэтгэлийн тайлангаа албаны даргад гаргаж өгсөн, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу хүүхдээ давтан үзүүлэхээр цалингүй чөлөө авсан бөгөөд явахаасаа өмнө оройн цагаар сууж гурав дугаар улирлын тайлангаа гаргаж өгье гээд хэрэглэж байсан нөүтбүүкийг гаргаж өгөхийг хүссэн. 10 сарын 22-ны орой 18 цаг 40 минутанд өрөөндөө ирэхэд гэрээт ажилтан Гантогтох байсан тул дотоод ажилтнаас асуухад дарга таны нөүтбүүкийг гаргаж тавих хэрэггүй гэсэн, та даргаас асуугаарай гээд би арга буюу буцсан. Маргааш нь байгууллагын чат дээр тайлангаа гаргаж өгөх  гэсэн  боломжоор хангаагүй талаараа сэтгэгдлээ бичсэн. Тухайн нөүтбүүк дээр миний ажлын тайлан тоо мэдээ байгаа тул түүнийгээ харж байж хийхгүй бол өөр газраас харах боломжгүй юм. Мөн 2020 оны 6 дугаар сард ээлжийн амралттай байсан. 8 сарын тайлангаа хугацаанд нь гаргаж өгсөн. 9 сард ээлжийн амралтын дутууг авсан тул 2020 оны 3 дугаар улирлын тайланд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэж байна. Энэхүү үйлдэл нь Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.7Ё-д удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх доромжлох хясан боогдуулах зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх гэснийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

2020 оны 03 дугаар 11-ний өдөр явуулсан хурлын үеэр 2020 оны 09 дүгээр сарын  23, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь цагийн бүртгэлд тусгагдсан гэж буруутгасан би 2020 оны 09 сарын 10-ны өдөр ээлжийн амралтын дутуу хоногийг эдлэн Улаанбаатар хот руу бага хүүгээ эмчилгээнд авч явах болсон талаараа бичиж өгсөн. Үүний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б-22 тоот тушаалаар цалинтай чөлөө олгохдоо эрүүл мэндийн шалтгаанаар улсын чанартай рашаан сувилалд амарсан тул 9 хоногийн цалинтай чөлөө олгосон тушаал гарсан байсан. Тэр үед тухайн сар нь бүтэн бодогдож дээр нь ээлжийн амралтын дутуу олговор орсон байх тул нэмэгдэл хоног байгаа гэж утас руу нь мессеж бичиж мэдэгдсэн. Ингээд хариу ирээгүй тул арга буюу 09 сарын 28-ны өдөр ажилдаа ирсэн. Хүүхдээ эмчлүүлж яваа албан хаагчаа хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж буруутгасан. Нэгэнт миний цагийн бүртгэлд хяналт хийсэн бол тухайн онд хэдэн өдөр томилолтоор болон илүү цаг ажилласан хэдэн хоног нөхөж амрах эрхтэйг тогтоогоогүй удирдлагын заавраар нэг талыг барьсан дүгнэлт гаргасан энэхүү үйлдэл нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36-32 дугаар хамтарсан тушаалаар баталсан төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнд гомдол гаргах журмын 1.4-т Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах зарчмыг баримтлана. 1.4.1-т хариуцлага гарцаагүй байх, 1.4.4-т ил тод байх, мөн журмын 1.6-д Төрийн жинхэнэ алба хаагч /цаашид албан хаагч гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна. 2.4.1-т гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, 2.6-д Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна, зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай хуулийн тэмдэглэл үйлдэж шалгалтын материалд хавсаргана. 2.7-д Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж,тайлбар гаргах нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй гэснийг тус тус зөрчиж өөрийн давуу байдлаа ашиглаж албан хаагчаа хууль бусаар ажлаас халсан. В.Н даргын өөрийн давуу байдлаа ажилтныхаа эсрэг ашигладаг үйлдэл нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс улам илт болж ажлын байрны дарамт үзүүлэх, худал гүтгэлэг, хавчин гадуурхах болсон үйлдлүүдийг би ажлаас халагдах хүртлээ тэвчиж ирсэн хууль хяналтын байгууллагаар ч намайг гүтгэн шалгуулсан удаатай. Иймд Хөвсгөл аймгийн санхүүгийн хяналт, аудитийн албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/04 тоот тушаалыг хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилохыг даалгаж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Г би Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргаж байгаа гомдол болон нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна. Учир нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/04 тоот тушаал нь үндэслэлгүй байна. Захирамжийн баримт бичгийг гаргахдаа Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор батлагдсан албан хэрэг хөтлөлтийн журмыг баримтлаагүй. Энэ журмаар байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой захирамжлалын баримт бичгийг “A” хэлбэрээр, хүний нөөц, боловсон хүчний чиглэлээр гаргасан захирамжлалын баримт бичгийг “Б” хэлбэрээр гаргана гэх зохицуулалт байдаг ба энэ шаардлагыг хангаагүй захиргааны акт гаргасан нь хууль бус бөгөөд толгойн хэсгээсээ эхлэн хууль бус бөгөөд үндэслэлгүй байна. Сахилгын шийтгэл ногдуулах тухай гээд ахлах аудитор А.Д нь удаа дараа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, даргын өгсөн үүрэг даалгавар зөвлөмжийг биелүүлдэггүй, шалгагдагч байгууллагын ажиллагсадтай харилцааны алдаа гаргасан, байгууллагын дүрэм зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийн тодорхой заалтыг хэрэгжүүлээгүй зэрэг ноцтой алдаа гаргасан гэсэн байгаа боловч дээрх алдаануудын алийг нь ноцтой алдаа гэж үзээд байгаа талаар тодорхойгүй. Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа буюу 3 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 38.1 дүгээр зүйлд заасан хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 38 дугаар зүйлд заасныг зөрчсөн албан үүргээ биелүүлээгүй, энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол тухайн үйлдлийн шинж болон анх болон давтан үйлдсэн зэргийг харгалзан дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна гэж заасныг ялгамжтай ногдуулсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэсэн нь тогтоогдохгүй байна. Хоёр дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Эээс ирүүлсэн гомдол мэдээлэлд арга хэмжээ авч ажлаас халсан юм уу? гэж харахаар уг үйлдэл нь ямар сахилгын зөрчил болж байгаа болон ямар шалгалт хийгдсэн. Ёс зүйн хороо ямар дүгнэлт гаргаж үүнийгээ нэхэмжлэгчид гардуулж өгсөн, хэзээ ямар арга хэмжээ авсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Тухайн үед А.Дгийн хүүхэд нь корона өвчин гарсантай холбоотойгоор цэцэрлэгтээ яваагүй болох нь өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар нотлогдож байна. Нөгөө талаар Р.Эт А.Д гомдол гаргадаг. Миний зүгээс ийм байдлаар танай байгууллагад  хандсан, үүний талаар албан ёсны хариуг өгнө үү гэхээр хариуг нь та ёс зүйн зөрчил дутагдал гаргаагүй. Таныг ийм асуудлаар хандаж асуусанд миний зүгээс цаашид хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэх хариуг Р.Э ирүүлсэн байдаг. Р.Э гэх эрхлэгч гомдол гаргасны үндсэн дээр арга хэмжээ авагдаж ажлаас халагдах үндэслэл болж байна гэж үзэхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Хойморь нутгийн чулуу ХХК-д шалгалт хийгдээгүй гэх зэрэг шалтгаанууд байдаг. Тухайн үед хариуцагчаар оролцож байсан В.Нгийн гаргаж байгаа тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддоггүй. Өөрийнх нь зүй зохисгүй ааш авир гаргаж байгаа нь харагдаж байна. В.Н нь тайлбартаа би тэгж таамаглаж байна, би тэгж хардаж байна, би тэгж сэрдэж байна гэх мэтээр тайлбар өгдөг. Миний үйлчлүүлэгч хууль дүрэмд нийцүүлээд ажил үүргийг гүйцэтгэдэг болохоос дарга удирдлагын зан аашид нийцүүлэн ажил үүргээ гүйцэтгэнэ гэж байхгүй. Удаа дараа явган хэрүүлийн хурал хийсэн байгааг нь гайхаад байна. Хурал нь юуг, ямар асуудлыг хэлэлцэх гэж байгаа болон хэлэлцэх гэж байгаа асуудал нь юуг шийдэх, шийдэхдээ юуг хэлэлцэх юм бэ? гэдэг дээр тогтдог болохоос хэрүүлийн чанартай зүйлийг ярих биш юм. А.Д хэрэлдсэн, ийм ааш гаргасан гэх мэт явган хэрүүлийн чанартай хурал цуглаан хийдэг асуудал байгаа учраас энэ сахилгын шийтгэлтэй холбоотой асуудал нь В.Н, А.Д нарын хоорондын үл ойлголцлын байдал, өөрт нь таалагдахгүйн улмаас ажлаас халж байгаа асуудал болохоос ажил албан үүргээ гүйцэтгэж чадахгүй, удаа дараа сахилгын шийтгэл, зөрчил дутагдал гаргасан гэх баримт хэрэгт бүрэн дүүрэн авагдаагүй байгаа ба уг захиргааны акт нь илт хууль бус болох нь харагдаж байна. Иймд өөрийн үйлчлүүлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/04 дугаар захиргааны актыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авхуулах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгууллагаас өмнө гаргасан тайлбартай санал нэг байна. Ёс зүйн зөвлөл болон дотоод хяналтын багийн дүгнэлт гарсан. А.Д хүүхэд асрах чөлөө авлаа гээд явсан байсан тул танилцуулагдаагүй байсан бөгөөд одоо танилцуулъя.

1. 3 дугаар улирлын тайлан өгөөгүй.

2. Улсын тусгай хамгаалалттай газар хийсэн шалгалтын дүгнэлт, актад хийсэн дүгнэлт үнэлгээ өгсөн.

3. Сангийн яамнаас ирүүлсэн албан хүсэлтэд хариу өгөөгүй. “Хийморь нутгийн чулуу” ХХК-нд хийсэн шалгалтын дүн, дүгнэлтийг эцэслэн дуусгаж гаргаж өгөөгүй.

4. Ёс зүйн хурлын дараа 2 дугаар цэцэрлэгийн ажиллагсадтай уулзаж маргаан үүсгэсэн.

5. 2020 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдөр ажил тасалсан байдал зэргийг дотоод хяналт ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлсэн. 1, 2, 3 дугаар асуудлыг байгууллагын даргын өгсөн үүрэг даалгаврыг бүртгэл болон дотоод ажилтан н.Өнөржаргалыг байлцуулан хийсэн хурлын тэмдэглэл, цагийн бүртгэл зэргийг үндэслэсэн байна. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж бий. Түүний 1.2-7-д захирах, захирагдах ёс болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, 3.1 дүгээр зүйлийн 7.1-т удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зөрчсөн гэх асуудлыг дүгнэлтэд оруулж байна. 4 дэх асуудал ёс зүйн зөвлөлийн хурлын дараа болсон хүүхдийн цэцэрлэг дээр гарсан асуудал дээр н.Элбэгзаяа, н.Отгондаваа бид гурав тус цэцэрлэг дээр очиж баримтжуулсан. Энэ талаар холбогдох баримт материал нь байгаа. Эрхлэгч Р.Этэй уулзаж болсон асуудлыг ярилцаж сонсох ажиллагааг явуулсан. Эрхлэгчийн албан өрөөнд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эрхлэгч Р.Э, арга зүйч н.Батцэцэг нарыг байлцуулан тэмдэглэл хөтлөн ярилцлага хийж баталгаажуулсан. Шалгагдаж байгаа байгууллагаас санал хүсэлт гаргасныг буруутган маргаан дэгдээж дарамт үүсгэсэн нь манай хөдөлмөрийн дотоод журмын 9.1-12-т дотоод аудитын санхүүгийн хяналт шалгалт хийх дүрмийг мөрдөж ажиллаагүйгээс дотоод аудитын ба байгууллагын нэр хүндэд учруулж болохуйц алдаа гаргасан мөн ажилтны гаргасан алдаа дутагдалд хөндлөнгийн байгууллагын мэдээлэл авагдсан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан зэрэг нь баримтаар нотлогдож байгаа тул аль аль нь ноцтой зөрчилд тооцогдож байна. 5 дугаар асуудлын хүрээнд цагийн бүртгэлийг тулгаж шалгаад баримтжуулсан. 2020 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй тасалсан гэх тэмдэглэл хийгдсэн байсан ба үүнийг ажлын цаг тасалсан гэж үзсэн. Энэ байгууллагын 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг тасалсан бол хариуцлага хүлээх гэж заасан байдаг. Эдгээр 5 асуудлыг оруулан тооцож сахилгын ноцтой зөрчилд тооцон 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан дүгнэлт байна. Дахин нэг асуудал байгаа нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар цэцэрлэгтэй холбоотой асуудлаар ажилчдаас нэмэлт мэдээлэл ирсэн байгаа. Тухайн байгууллагын ажилчдаас ирсэн мэдээллийг үндэслэн дотоод хяналтын баг ажилласан ба удирдамжаа 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 7 хоногтоо багтаан явуулахаар хийсэн. Өмнөх шалгалтын тайланг харах гэсэн боловч бичиг хэргийн анхан шатны баримт бүрдүүлж архивд хүлээлгэн өгөх гэсэн байдал байгаа боловч баталгаажуулж дугаар аваагүй, даргын гарын үсэг зурагдаагүй тайлан байсан. Мөн Санхүүгийн хяналт шалгалтын стандарт зөрчсөн байна. Нэгдсэн тайлан, акт, стандартын шаардлага хангаагүй, архивын нэгж бүртгэн хүлээлгэн өгнө гэж заасныг зөрчиж байна. Өгсөн өргөдөл, гомдлын мэдээллийн нууцыг хадгалж чадаагүйгээс 5 дугаар цэцэрлэгийн 2 ажилтан тухайн үед арга хэмжээ авагдсан байна. 2015-2020 он хүртэл цалин урамшуулал илүү цаг олгоогүй байсныг акт тавьж нөхөн олгуулахаар болсон” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар, түүний өмгөөлөгчийн гаргаж байгаа дүгнэлт, мөн өөрийн үйлчлүүлэгч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Аы гаргасан тайлбар болон хэргийн материалд цугларсан нотлох баримт зэрэгт үндэслээд өөрийн саналаа хэлье. Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор А.Дг ажил олгогчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай ажлаас чөлөөлсөн захиргааны акт нь хуульд нийцсэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Захиргааны акт гаргаж байгаа этгээдийн эрх хэмжээ, хэрэгжүүлж байгаа чиг үүрэг, зорилго, Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн захиргааны актын үндэслэл болж байгаа хэсэг нь илт хууль бус бол тухайн акт нь бүхэлдээ хууль бусад тооцогддог. Иймд нэхэмжлэгчийн хэлж байгаа алдаа нь агуулга үндэслэлийн алдаа бус техникийн шинжтэй алдаа учраас захиргааны актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Захиргааны акт буюу сахилгын шийтгэл оногдуулсан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсэг, 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.13-т заасныг зөрчсөн гэж үндэслэсэн байдаг. 37.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт албан хаагчийн ёс зүйн хэмжээ байгууллагын дэг журам, Төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасныг зөрчсөн гэж үзсэн ба уг хэм хэмжээг зөрчигдсөн гэдгийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар цэцэрлэг дээр 2020 оны 09 дүгээр сарын 03 болон 20-ны өдрүүдэд очин ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн асуудал гарсан. 37.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж заасан. 37.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журамд заасны дагуу цагийг үр бүтээлтэй ашиглах, 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд тогтоомжид нийцээгүй шийдвэр гаргах гэж заасан ба эдгээр заалтуудыг тус бүрд нь тайлбарлах юм бол нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар хэсгийн бусад гэх заалт дээр хувийн зохион байгуулалт ажлын цаг ашиглалт сайтай байх гэх заалт бий. Хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан ажлын 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан. Ажил тасалсан гэдгийг нотлох баримтууд нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр албаны даргадаа мессеж явуулж чөлөө гуйж байсан гэх нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар бий. Гэрч н.Өнөржаргалын цаг бүртгэсэн тухай мэдүүлэг, нягтлан бодогч Л.Гантогтохын ирц бүртгэсэн тооцоо, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна. Хөдөлмөрийн дотоод журамд тухайн ажилтан гадагшаа явах, өөр газарт хяналт шалгалт хийх, өөр байгууллагад ажиллах үедээ тус бүр байгууллагын даргадаа мэдэгдэж байх үүрэгтэй. Ээлжийн амралтын 9 хоногоо эдэлье гэсэн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн өргөдөл дээр цохолт хийхдээ амралтыг эдлүүлэх талаар хийсэн цохолт байхгүй байна. Ээлжийн амралт олгох тухай зааварт ажилтанд ажлын бүтэн жилээр тооцож оногдох амралтыг хоёр хувааж эдлүүлж болно. Ээлжийн амралтыг хоёр хувааж эдлэхдээ ажлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хэдийгээс хэдий хүртэл амрахыг хуваарьт тусгаж өгөх ёстой. Хоёр хувааж амраасан тохиолдолд цалинг эхний удаагийн амралт дээр бүтэн олгоно гэх зохицуулалттай. Цалин бүтэн олгосон асуудлыг намайг ажил тасалсан гэж үзсэн юм бол яагаад цалин бүтэн олгосон юм бэ? гэх асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс ярьж байсан. Ээлжийн амралтын мөнгийг бүтэн олгоод дараа нь цалинтай чөлөө олгосон ба ажил олгогчийн энэ шийдвэр нь нэхэмжлэгчид ашигтайгаар туссан. Гэтэл цалинтай чөлөөгөө эдэлж дуусчхаад 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажилдаа орох байтал 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа ирсэн ба 24, 25 өдөр ажил тасалсан гол үндэслэл нь  өөрөө албаны дарга руу чөлөө гуйж мессеж бичиж байсан. 9.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт дотоод аудит болон санхүүгийн хяналт шалгалтын стандартыг мөрдөж ажиллаагүйгээс аудитор улсын байцаагч ба байгууллагын нэр хүндэд сэв учруулж болохуйц алдаа гаргасан. Мөн ажилтны гаргасан алдаа дутагдлаас болж олон нийтийн мэдээллээр цацагдсан зэрэг баримт нотолгоогоор тогтоогдсон бол аль алийг нь ноцтой зөрчилд тооцогдоно гэж заасан. Үүнтэй холбоотой дахин нэг баримт нь Сангийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тушаалаар батлагдсан стандарт батлах тухай Санхүүгийн хяналт шалгалтын стандартыг баталсан байдаг. Үүн дээр санхүүгийн хяналт шалгалт хийхдээ шалгалтыг мэргэжлийн өндөр түвшинд явуулж, хуульд нийцсэн шийдвэр гаргах ёстой байсан. Нэхэмжлэгчийн хувьд 2019 онд хийгдсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны санхүүгийн үйл ажиллагаа, 2020 онд хийгдсэн Нэгдсэн эмнэлгийн санхүү үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалт нь сангийн яамны сайдын шалгалтаар илт хууль бус болох нь тогтоогдсон. Дахин хяналт шалгалт хийгээд зөв дүгнэлт хийж ир гэх даргын үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Улсын тусгай хамгаалалттай газраас хураагдсан баримт бичгийг буцаан олго гэх даргын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх мэт удаа дараа албаны даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Тушаалын үндэслэх хэсэгт ажилтны эрх үүргийг оруулж өгсөн. Дотоод журмын 4 дүгээр хэсгийн 3-т Төрийн албаны тухай хуулиар болон бусад хуулиар тогтоосон дэг журам, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд биелүүлэх, ажлаас хожимдох, хожимдохыг хориглох ба ажил таслах зөрчлийг огт гаргаж болохгүй гэж хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр хэсгийн 3-т заасан байгаа. Ажилтнууд ажлын цагаар болон өөр байгууллагад ажил үүрэг гүйцэтгэх, хяналт шалгалтаар явахдаа байгууллагын даргад мэдэгдэж, хаана очиж хэдий хугацаагаар ажиллах тухайгаа дотоод ажилтанд тэмдэглүүлсэн байна. Нэгдсэн эмнэлгийн шалгалт дээр дээрх дурдсан асуудал зөрчигдсөн. Дотоод журмаа зөрчсөн нь дээр дурдагдсан удаа дараагийн зөрчлийн нотлох баримтуудаар нотлогдсон байна. Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийг зөрсөн талаар тушаалын үндэслэх хэсэг дээр тусгасан. Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг хангах талаар заасан ба нэхэмжлэгч нь тус заалтад заасан зорилго чиг үүргийг хангаагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар хэсгийн бусад гэх хүснэгтэд хувийн зохион байгуулалт цаг ашиглалт сайтай байх гэж заасан байдаг ба үүнийг зөрчсөн учраас 2020 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдөр ажил тасалсан. Ажлын тодорхойлолтын 3 дугаар хэсэгт гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах ёстой байдаг бөгөөд нэхэмжлэгч нь тус хэсэгт заасан ажлын явц үр дүнг тайлагнаагүй ба биелэгдээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг шаарддаг боловч уг заалт зөрчигдсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 4.15 дугаар зүйлд зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг байдалд бичгээр тайлбар хийж байгууллагын дарга өгнө. Гэтэл А.Д нь хоёр хүүхэд нь хүмүүждэг цэцэрлэгийг нэхэмжлэгч нь шалгавал ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ. Энэ байгууллага дээр ямар нэгэн зөрчилтэй зүй илэрвэл А.Дгийн зүгээс хэрхэн яаж нөлөөлж болох вэ? тухайлбал зөрчлийг хасах, нуун дарагдуулах зэрэг нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Ашиг сонирхлын байдал үүсчхээд байхад татгалзахгүйгээр заавал танайд шалгалт хийнэ гэх мэтээр ёс зүйгүй байдал үүсгэсэн. Уг үйлдэл нь цэцэрлэгийн эрхлэгч Р.Эийн 3 дугаар хавтаст хэргийн 180 дугаар талд авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн хүсэлт, 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан Р.Э, н.Батцэцэг нарыг оролцуулсан хурлын тэмдэглэл, 3 дугаар хавтаст хэргийн 197-198 дугаар талд авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, Р.Эийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Ахлах аудитор нь үл ойлголцлыг эв зүйгээр шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ шаардлага хангагдаагүй бөгөөд  үл ойлголцлыг өөрөө бий болгосон. Ажил тасалдаг, хамт олны хурал дээр бусдыгаа хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй дарамталдаг, ажилд нь нөлөөлдөг зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хяналт шалгалтын нөхцөл байдлыг зөв үнэлж тухай бүр тохирсон аргыг зохион байгуулж оновчтой шийдвэр гаргах чадвартай байх шаардлагыг хэрэгжүүлээгүй. Тийм учраас хоёр байгууллагад хийсэн хяналт шалгалт хүчингүй болсон. Ажлын байрны тодорхойлолтын манлайлах хэсэгт ёс зүйгээрээ хамт олно манлайлан, үлгэр дуурайлал үзүүлэх, ажил хэргийн хувьд бүтээлч, санаачилгатай ажиллах, байгууллагын үйл ажиллагаа шинэтгэлийн санааг хамт олонд итгүүлэн ойлгуулан хэрэгжүүлэх талаар дурдсан байдаг. Ажлын байрны тодорхойлолтын энэ шаардлагыг хэрэгжүүлээгүй. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг ажлаас чөлөөлсөн шийдвэрт тусгасан нь үндэслэлтэй болсон. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүй дүрэмд захирах захирагдах ёсыг биелүүлнэ гэж заасан. Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны акт буцаан өгөх үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй. Сангийн яамны сайдад хариу өгөх үүрэг даалгавар биелүүлээгүй. “Хийморь нутгийн чулуу” ХХК-д шалгалт хийсэн танилцуулгаа дүгнэлт болгож ирэх үүрэг даалгавар өгсөн биелүүлээгүй. Сахилгын арга хэмжээ авагдсаны дараа 2 дугаар цэцэрлэг дээр очиж зүй бус аашилсан. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд Улсын тусгай хамгаалалттай газрын нягтлан бодогч Ш.Тг оролцуулсан ба 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж А.Дг ажлаас халах шийдвэр гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд арга зүйч н.Батцэцэг, эрхлэгч Р.Э нарыг оролцуулсан бөгөөд гомдлоо бичгээр, утсаар, амаар гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаанд өөрийг нь оролцуулаагүй гэх асуудлыг удаа дараа ярьдаг ба Захиргааны ерөнхий хуулийн 28.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт иргэний өргөдөл гомдлыг хангаж шийдвэрлэхээр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болох заалт байгаа. Учир нь Р.Э, Ш.Т нараас ирсэн өргөдөл байгаа. Нэгдсэн эмнэлгээс ирсэн гомдлыг хүлээж аваагүй. Иргэн Р.Э, Ш.Т нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн учраас сонсох ажиллагаа заавал явуулахыг шаардахгүй. Иймд ажил олгогчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/04 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль зүйн үндэслэлүүд нь нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Иймд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн захиргааны актыг хүчинтэй хэвээр нь үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Дгийн Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/04 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч энэхүү шаардлагаа дэмжиж оролцсон болно.

Шүүхээс хэрэгт хуульд заасан жжурмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарууд зэргийг тал бүрээс нь судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч А.Дгийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул уг маргаан бүхий  Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  А/04 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  А/04 дүгээр тушаалаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 37.1.16, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.3, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь заалт болон Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.7, 3.1.7 дахь заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын хоёр дахь хэсгийн 9.1.1, 9.1.5, 9.1.6, 9.1.12, дөрөв дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 тоот тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.3.4, 3.3.5, 3.3.6, 3.4.3, 3.4.4, 3.4.5 дахь заалт, байгууллагын Ёс зүйн зөвлөл, дотоод хяналтын багийн дүгнэлтийг тус тус үндэслэл болгон “... удаа дараа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, даргын өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг биелүүлдэггүй, шалгагдагч байгууллагын ажиллагсадтай харилцааны алдаа гаргасан, байгууллагын дүрэм зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн тодорхой заалтыг хэрэгжүүлээгүй зэрэг ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр  Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Ахлах аудитор А.Дг  ажлаас халах шийтгэл ногдуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн ХХ- 9 дүгээр хуудас /

Нэхэмжлэгчээс: дээрхи шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлээ “... удаа дараа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, даргын өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг биелүүлдэггүй, шалгагдагч байгууллагын ажиллагсадтай харилцааны алдаа гаргасан, байгууллагын дүрэм зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн тодорхой заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэхгүй байна надад сахилгны шийтгэл ногдуулсан шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй,.. хэмээн маргасан,

Хариуцагчаас: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ ”... гуравдугаар улирлын ажлын тайлан өгөөгүй, байгууллагаас ирсэн албан хүсэлтэд хариу өгөөгүй, хийсэн шалгалтын дүгнэлтийг эцэслэн дуусгаж, бүрэн гаргаж өгөөгүй, цэцэрлэгийн ажиллагсадтай уулзаж маргаан үүсгэсэн, ажил тасалсан нь ноцтой зөрчил” хэмээн тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч А.Д нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд 2016 оны 03 сард анх дотоод ажилтнаар орж, улмаар төрийн албаны зохих шалгалтыг өгч, хамгийн өндөр оноог авч тэнцэж,  тус албаны 2017 оноос Ахлах аудитороор 5 жил ажилласан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд тухайн албан тушаалд ажиллаж байхад нь  Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  А/04 дүгээр тушаалаар хариуцагчаас тухайн албан хаагчид сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр шийтгэл ногдуулж, уг албан тушаалаас халжээ.

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хамт олны  2021 оны 03 сарын 11-ний өдрийн хурлаар “А.Дгийн сахилга, хариуцлагын талаар” хэлэлцэж, дарга В.Нгээс “... А.Дтай хамтран ажиллахад дарамттай хамт олны дунд харилцаа хандлагын зөрчил гаргаад энэ талаар удаа дараа үүрэг даалгавар өгөөд биелүүлээгүй, тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар болсон...сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл дээр гарын үсэг зураад өгчих, дотоод хяналтын багийн дүгнэлтийг танилцуулна” гэж тайлбарлаж,  уг хурлаар Ёс зүйн зөвлөл болон Дотоод хяналтын багийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтийг танилцуулсан байна. /4 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

Ёс зүйн зөвлөл болон Дотоод хяналтын багийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтээр  ахлах аудитор А.Д нь:

1. 2020 оны 3 дугаар улирлын ажлын тайлан өгөөгүй,

2. Улсын Тусгай хамгаалалттай газрын шалгалтанд хийсэн дүгнэлт актанд үнэлгээ өгсөн Сангийн яамны дүгнэлт, байгууллагаас ирсэн албан хүсэлтэд хариу өгөөгүй

3. “Хоймор нутгийн чулуу” ХХК-д хийсэн шалгалтын дүгнэлтийг эцэслэн  дуусгаж, бүрэн гаргаж өгөөгүй

4. Ёс зүйн хурлын дараа 2 дугаар цэцэрлэгийн ажиллагсадтай уулзаж маргаан үүсгэсэн байдал

5. 2020 оны 9 сарын 24, 25-ны өдрүүдэд ажил тасалсан байдалд дотоод хяналтыг хийж, дээрхи 5 асуудлаар тодруулга хийхэд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс дүйн дүрмийн 2.1.7 дэх заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.1.12 дах заалт, мөн журмын 9.1.5 дах заалтуудыг зөрчсөн үйлдэл нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдож байгаа нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байна“ гэж дүгнэсэн  дүгнэлтээ нэхэмжлэгч А.Дд танилцуулаагүй, бичгээр мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй байж  тус хамт олны хуралд шууд танилцуулснаар “Ахлах аудитор А.Дг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах, А.Дгийн томилолтын мөнгийг төсвийнхөө боломжид тохируулан олгох”-оор мэдэгдэж хурлын тэмдэглэлд шийдвэрлэснээ тусгажээ.  /4 дүгээр хавтаст хэргийн 87-95 дугаар хуудас/

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын Нэгийн 1.6-д “... албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэсэн заалтыг   Ёс зүйн зөвлөл болон Дотоод хяналтын баг зөрчсөн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. Тус баг нь А.Дд холбогдох сахилгын зөрчлийг шалгахдаа холбогдох баримт материалыг зөрчил гаргасан урьдчилан танилцуулаагүй, тайлбар гаргах болон хүсэлт гаргах зэрэг эрхээр хангаагүй, өөрт нь мэдэгдэлгүйгээр шалгалт хийж дүгнэлт гаргасан, хамт олны хуралд шууд танилцуулсан нь дээрхи журмыг зөрчсөн хууль бус.

Тухайн өдөр буюу хурлын дараа албаны дарга В.Н нь А.Дд ажлаас халсан тухай тушаалаа шууд танилцуулан ажил хүлээлцэхийг мэдэгдсэн нь захиргааны акт гаргахдаа урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэх ба  Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлин 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна гэснийг зөрчин ямар ч тайлбар хүсэлтийг хүлээн аваагүй тайлбар хийх боломж олгоогүй, ёс зүйн зөрчил гаргасан гэх шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах  заалтыг зөрчсөн,  мөн маргаан бүхий актыг гаргахдаа  ч урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу  хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчаас  “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/04 дугаар  тушаал /маргаан бүхий захиргааны акт/-аар Ахлах аудитор А.Дд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлд:

а/. Удаа дараа сахилгын  болон ёс зүйн зөрчил гаргасан гэх тухайд

б/. Даргын өгсөн үүрэг даалгавар зөвлөмжийг биелүүлдэггүй гэх тухайд: Нэхэмжлэгчийн хувьд 2019 онд хийгдсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны санхүүгийн үйл ажиллагаа, 2020 онд хийгдсэн Нэгдсэн эмнэлгийн санхүү үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалт нь сангийн яамны сайдын шалгалтаар илт хууль бус болох нь тогтоогдсон. Дахин хяналт шалгалт хийгээд зөв дүгнэлт хийж ир гэх даргын үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Улсын тусгай хамгаалалттай газраас хураагдсан баримт бичгийг буцаан олго гэх даргын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх мэт удаа дараа албаны даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж хариуцагч талаас тайлбарлах боловч даргын зүгээс албан ёсоор зөвлөмж, үүрэг даалгавар өгсөн, уг үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлээгүй талаар нотлогдохгүй, энэ талаар нотлох баримтгүй, хариуцагч амаар тайлбарлаж байгааг шүүхээс хүлээн авах боломжгүй байна

в/. Шалгагдагч байгууллагын ажиллагсадтай харилцааны алдаа гаргасан гэх  тухайд:

г/. Байгууллагын дүрэм зөрчсөн гэх тухайд: Хөдөлмөрийн дотоод журамд хувийн зохион байгуулалт цаг ашиглалт сайтай байх гэж заасан байдаг ба үүнийг зөрчсөн 2020 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдөр ажил тасалсан,

д/. Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг тодорхой заалтыг хэрэгжүүлээгүй ноцтой алдаа гаргасан гэх  тухайд:

  Ажлын байрны тодорхойлолтод  гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах ёстой байдаг бөгөөд нэхэмжлэгч нь тус хэсэгт заасан ажлын явц үр дүнг тайлагнаагүй ба биелэгдээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан ажлын 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан. Ажил тасалсан гэдгийг нотлох баримтууд нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр албаны даргадаа мессеж явуулж чөлөө гуйж байсан гэх нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар бий. Ажлын байрны тодорхойлолтын манлайлах хэсэгт ёс зүйгээрээ хамт олно манлайлан, үлгэр дуурайлал үзүүлэх, ажил хэргийн хувьд бүтээлч, санаачилгатай ажиллах, байгууллагын үйл ажиллагаа шинэтгэлийн санааг хамт олонд итгүүлэн ойлгуулан хэрэгжүүлэх талаар дурдсан байдаг. Ажлын байрны тодорхойлолтын энэ шаардлагыг хэрэгжүүлээгүй. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг ажлаас чөлөөлсөн шийдвэрт тусгасан нь үндэслэлтэй болсон. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүй дүрэмд захирах захирагдах ёсыг биелүүлнэ гэж заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн заалтыг хэрэгжүүлээгүй  гэж буруутгаж байгаа бол энэ нь ёс зүйн зөрчил бус мэргэжлийн алдаа байж болохоор байхад түүнийг шууд Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-д заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч уг тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй, шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй байх тул хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь, төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагддаг тул хэн нэгэн төрийн албан хаагчийг албан тушаалаас нь түр болон бүр чөлөөлөх, халах зэрэг тохиолдолд хуульд заасан урьдчилсан нөхцөл нь бодит байдалд бүрэн дүүрэн тогтоогдсон байх учиртай, ингэснээр төрийн жинхэнэ албан хаагчийг өөр бусад субъектив шалтгаанаар /улс төрийн, хувийн гэх мэт/ төрийн албанаас халахгүй байх бодит баталгаа хэрэгжих юм.   

 Иймд, төрийн албанд ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй гэдгээ нотлон төрийн албаны шалгалт өгч тэнцэн, тухайн албан тушаалд тогтвортой ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр халах тохиолдолд энэхүү хуулийн урьдчилсан нөхцөл нь бодит байдалд бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл, халагдаж буй албан хаагч нь тухайн ажлыг хийх мэдлэг, ур чадваргүй, хариуцлагагүй, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь удаа дараа нотлогдсон, албан тушаалаас нь халахаас өөр аргагүй болох нь бодитой тогтоогдсон байх ёстой, үүнийг хариуцагч нотлох үүрэгтэй.

Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13-2/6661 тоот албан бичгээр Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны нягтлан бодогч Ш.Тгийн гомдлоор Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 36-05/72 дугаартай 2651000 төгрөгийн төлбөрийн актыг илт хууль бус болохыг зөвшөөрч шийдвэрлэжээ. Улмаар Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд шалгалт хийсэн улсын байцаагчдаар шалгалтыг дахин хийлгэж, анхан шатны баримтын бүрдлийг хангуулж, зөрчлийг арилгуулах, мөн дутагдуулсан үнэт цаасны шалтгаан үндэслэлийг тогтоон, хохирлыг буруутай этгээдээр төлүүлж улсыг хохиролгүй болгохын зэрэгцээ гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэн үр дүнг 2020 оны 12 дугаар сарын 15-ны дотор Санхүүгийн хяналтын улсын ерөнхий байцаагчид албан ёсоор ирүүлэхийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга /В.Н/-д үүрэг болгожээ.

Энэхүү Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13-2/6661 тоот албан бичгийг хүлээж авсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н улсын ахлах байцаагч О.Ад хандан “шалгалтыг тогтоосон хугацаанд хийж, тайланг сангийн яаманд хүргүүл” гэж 2020 оны 10 дугаар сарын 22-нд цохож өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар /хэргийн 1 дүгээр хавтасны 139-140 дүгээр хуудас/ нотлогдож байна. Энэ хугацаанд А.Д хүүхэд асрах чөлөөтэй байсан /2 дугаар хавтасны 106-108 дугаар хуудас/ тул “Улсын тусгай хамгаалалттай газрын шалгалтад хийсэн дүгнэлт актад үнэлгээ өгсөн Сангийн яамны дүгнэлт, байгууллагаас ирсэн албан хүсэлтэд хариу өгөөгүй” гэх сахилгын зөрчил гаргасан болох нь нотлогдохгүй байна.

Маргаан бүхий тушаалаар  нэхэмжлэгчийг “даргын өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг биелүүлдэггүй” гэж буруутгасан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй, ямар зөвлөмж, үүргийг, хэрхэн биелүүлээгүй  талаар хариуцагчаас тодорхой заагаагүй, энэ талаар шүүхэд нотлоогүй тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой бөгөөд маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй болох нь хамт олны хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлагыг хангаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13 дах заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны Ерөнхий Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг баримтлан “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  А/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Дг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.  

            2. А.Дгийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Дд олгосугай. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ЭНХТАЙВАН