Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2024/0756

 

 

 

 

 

 

 

 

 Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б

Хариуцагч НЗД

Хариуцагч УБЕГЭХУБГ

Гуравдагч этгээд ОХУХЧБТӨХУНГ

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/**** дугаар захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/**** дугаартай захирамжийн Баянгол дүүргийн * дүгээр хороо Н гудамж, орон сууцны ** дугаар байрны баруун талд байрлах 72 м.кв талбай бүхий 4 ширхэг тоосгон гараашны доорх газрыг ОХУХЧБТӨХУНГ-т хавсралтын 2 дугаар заалтаар ашиглах эрх олгосон хэсгийг болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын эрхийн улсын бүртгэлийн Ү-22050***** дугаарт Баянгол дүүргийн * дүгээр хороо, 2 дугаар хороолол, Н гудамж Г-*** тоотод байрлах 64,26 м.кв талбайтай 4 авто машины гараашны газрыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Оросын холбооны улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг /0007*****/ хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0743 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д

Хэргийн индекс: 128/2024/0269/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Батцэрэн нь Нийслэлийн Засаг дарга, УБЕГЭХУБГ-т тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/**** дугаар захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/**** дугаартай захирамжийн Баянгол дүүргийн * дүгээр хороо Н гудамж, орон сууцны ** дугаар байрны баруун талд байрлах 72 м.кв талбай бүхий 4 ширхэг тоосгон гараашны доорх газрыг ОХУХЧБТӨХУНГ-тт хавсралтын 2 дугаар заалтаар ашиглах эрх олгосон хэсгийг болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын эрхийн улсын бүртгэлийн Ү-22050***** дугаарт Баянгол дүүргийн * дүгээр хороо, 2 дугаар хороолол, Н гудамж Г-*** тоотод байрлах 64,26 м.кв талбайтай 4 авто машины гараашны газрыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Оросын холбооны улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг /0007*****/ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0743 дугаар шийдвэрээр:  Ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн 1 дүгээр зүйл, БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-д хутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар ЗСБНХУ-ын засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 4* дүгээр зүйлийн 44.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн үндэслэлд “...Гэвч нэгэнт Ноот бичиг соёрхон батлах тухай хуулиар батлагдсан Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичигт 4 гараашийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэхээр заасан бөгөөд тус 4 гараашийг гуравдагч этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн болон түүний доорх газрыг ашиглуулах эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм. Учир нь гуравдагч этгээд гараашийг өмчлөх эрхтэй тул түүнд гараашны доорх газрыг ашиглах эрх олгох нь гуравдагч этгээдийн өмчлөх эрхтэй салшгүй холбоотой байна” гэж шүүх дүгнэсэн нь хууль зөрчиж гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг шүүх хүчингүй болгох үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн **** дүгээр шийдвэрээр ОХУ-ын өмчлөх эрхийн ***** дүгээр гэрчилгээг хүчингүй болгож Баянгол дүүргийн ** дугаар байр, түүний салшгүй хэсэг 4 гараашийг оршин суугчдад олгож өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Шүүхийн шийдвэр холбогдох өмчид хамааралтай хүмүүст эрх тэгш үйлчлэх ёстой байхад иргэн Д.Б-г гадуурхаж түүний өмчлөх, эзэмших эрхэд хууль зөрчин халдсанд гомдолтой байна. Олон улсын гэрээ бусад Засгийн газрын хоорондын хэлэлцээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хуульд “өмчлөх, ашиглах эрх нь талуудын хууль тогтоомжид болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж өмчлөх эрх болон ашиглах эрхээ тус тус хэрэгжүүлнэ” гэж заалт оруулсан байдаг. Энэ заалтын дагуу ОХУ-ын өмчлөх эрх Монгол Улсын шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байхад хэлэлцээрт 10 жилийн дараа нэмэлт оруулсныг үндэслэн Д.Б-ийн эзэмших эрхэд шүүх халдаж хууль зөрчсөнд гомдолтой байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0743 дугаар шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Ноот бичиг соёрхон батлах тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нь давж заалдах гомдолдоо “Олон улсын гэрээ бусад Засгийн газрын хоорондын хэлэлцээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хуульд “өмчлөх, ашиглах эрх нь талуудын хууль тогтоомжид болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж өмчлөх эрх болон ашиглах эрхээ тус тус хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу ОХУ-ын өмчлөх эрх Монгол Улсын шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байхад хэлэлцээрт 10 жилийн дараа нэмэлт оруулсныг үндэслэн Д.Б-ийн эзэмших эрхэд халдсан” хэмээн маргажээ.

          3.  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар[1] Д.Б-д Баянгол дүүргийн * дүгээр хороо, ** байрны зүүн урд өнцөгт авто засварын газрын зориулалтаар 72 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах, нэр шилжүүлэх тухай” захирамжаар[2] 5 жилийн хугацаатай сунгаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх баталгаажуулах тухай” захирамжаар[3] Д.Б-д авто засвар, үйлчилгээний зориулалтаар 85 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

          4. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/**** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар[4] Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй иргэн Д.Б-ийн авто засвар, үйлчилгээний зориулалттай 72 м.кв газар нь Оросын Холбооны Улсын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-22050***** дугаартай 4 машины гараашны доорх газартай давхацсан байх тул иргэн Д.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

          5. Гуравдагч этгээд Оросын Холбооны улсад улсын бүртгэлийн 22050****** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө Баянгол дүүрэг, * дугаар хороолол, нийт 1374.36 м.кв талбайтай 349.490 ам.долларын үнэ бүхий 24 айлын 9 давхар орон сууцны тоосгон барилга №**, 4 машины гараашны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 23**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг[5] 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон.

6. ОХУХЧБТӨХУНГ-т Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/**** дүгээр “Газар ашиглах эрх олгох тухай” захирамжийн хавсралтын 2-т[6] Баянгол дүүргийн * дүгээр хороонд гараашны зориулалтаар 81 м.кв газрыг 60 жилийн хугацаатай ашиглуулахаар олгож, уг захирамжийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн * дүгээр хороо, Н гудамж, **** тоот хаягт нэгж талбарын 16813***** дугаар бүхий 81.0 м.кв газрыг гараашны зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн А-2205******дугаарт бүртгэж Аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн 000000**** дугаартай гэрчилгээ[7], 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол /16052/, Н гудамж **** тоот хаягт байрлах 64.26 м.кв талбайтай, гараашны зориулалттай /4 авто машины/ эрхийн улсын бүртгэлийн Ү-22050***** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0007***** дугаартай гэрчилгээг[8] тус тус олгожээ.

7. Газрын тухай хуулийн 4* дүгээр зүйлийн 44.1-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ”, 17 дугаар зүйлийн 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах”, 18 дугаар зүйлийн 18.1.6-д “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох”, Ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-д нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын засгийн газар хоорондын ноот бичиг” гэж тус тус заасан.

          8. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч газар эзэмших эрх нь хүчинтэй байхад 4 гараашны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж байгаагүй ба гуравдагч этгээд гараашийг өмчлөх эрхтэй тул түүнд гараашны доорх газрыг ашиглах эрх олгох нь гуравдагч этгээдийн өмчлөх эрхтэй салшгүй холбоотой байна” хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.

          9. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-т шүүх хуралдааны товыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түүний 800***** дугаарын утас руу мэдэгдэхэд “За” гэсэн болох нь Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай Баримт №13-т тэмдэглэсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай Баримт №9 хавсарган ирүүлсэн. Үүнээс үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн шүүх хуралдааны товоор уг шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хурал хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

          Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

[1] 1 хавтаст хэргийн 20-22 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 78-79 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 23-25 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 26 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 91 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 27-28 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 163 хуудас

[8] 1 хавтаст хэргийн 162 хуудас