Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 342

 

                                                                   МАГАДЛАЛ

 

2018.01.29                                                     Дугаар 342                                 Улаанбаатар хот

 

 

 

 

Н.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02965 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б холбогдох,

71 460 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбарт: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.1 дэх хэсэг, 13-р бүлгийн 13.2-д заасныг зөрчин зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ? регистр бүхий нэг өрх 10 жил, жилээр шинэчлэн зуунд 10 удаа хөтлөх угийн бичигийн дэвтрийг гадна байдал, чимэглэлийг ерөнхийд нь өөр зураг чимэглэлээр орлуулж Ө А хүн амын тоогоор хэвлүүлж үндсэн үнэ дээр нь 500 төгрөг нэмж 1500 төгрөгөөр борлуулж орлогынхоо нэг эх үүсвэр болгожээ. Ө А 2006 оны хүн амын тооллогоор 16000 өрхтэй гэж тоологдсон байна. Д.Б нь миний бүтээл Өрхөд хөтлөх угийн бичиг дэвтрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлахдаа 24 дэх хуудсанд 2006 он, үнэ 1500 төгрөг гэж бичсэн байна. Дэвтрийн арын гадар дээр халзан зүсмийн морь унаж цагаан тэрмэн дээл өмсөж жийжүү дөрөө өшиглөж авхуулсан фото зураг тавьсан байх ба Өмнөговийн иргэдэд угийн бичиг хөтлөхийг уриалж УИХ-ын гишүүн Ш о Д Б гэсэн нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн.Угийн бичгийн дэвтрийг  2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн комиссын хурлаар 51 460 000 төгрөгөөр үнэлснээр Д.Бэс гэм хорын хохирлоо нэхэмжилж байна. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг олон жил саатуулан нэр хүндийг нь гутаасанд 20 000 000 төгрөг бүгд 71 460 000 төгрөгийг хариуцагч Д.Бэс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7746 дугаартай  захирамжтай Л.Б холбогдох хэрэгт гэрчээр асуугдсан Д.Г нь энэ хэргийн талаар мэдэж байгаа зүйлээ шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Оюуны өмчийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар батламжаар үнэлсэн үнэлгээг үндэслэн хариуцагчаас 51 460 000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй. Учир нь Ө А Ц О сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Г Д.Бэс ажлынхаа хүрээнд тусламж хүсэж уг дэвтрийг 1000 ширхэгийг хэвлүүлээд өөрийн ажлын чиг үүргийн хүрээнд үнэгүй тараасан. Гэхдээ    бүгдийг нь тараагаагүй, тодорхой хэмжээний мөнгө зарсан учраас дэвтэр дээр 1500 төгрөг гэж бичсэн. Д.Бэс тусламж авсан тул сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байсан зургийг нь хуулбарлан тавьсан байдаг. Д.Гын 1000 ширхэг ургийн бичгийн дэвтэр хувилан тараасан үйлдэл нь Д.Б мөнгөн тусламж үзүүлсэн үйлдэлтэй шууд хамааралгүй бөгөөд Д.Б үйлдэл болон нэхэмжлэлийн шаардлага хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна. Оюуны өмчийн газрын батламжид заасан хөрвөх чадавхиар үнэлсэн үнэлгээ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож буй үйлдэл, түүнээс учирсан хохирол буюу нэхэмжлэгчийн шаардсан гэм хорын хохирлыг шууд тодорхойлох нотлох баримт болж чадахгүй байна. Д.Бэс авсан хандивыг Д.Г өөрөө захиран зарцуулахдаа маргаж буй угийн бичгийн дэвтрийг олж хэвлүүлсэн, энэ тухай нь Д.Б мэдээгүй, түүнээс ямар зөвшөөрөл аваагүй болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Д.Б уг дэвтрийг хэвлэн нийтэлж тараагаагүй, тараахыг даалгаагүй, Д.Год энэ зориулалтаар тусламж өгөөгүй, энэ тухай мэдээгүй тул жинхэнэ хариуцагч биш байна.

Д.Б 2004-2008 онд Улсын их хурлын гишүүн байсан бөгөөд 2006 онд болсон үйл явдал нь сонгуулийн сурталчилгаа байсан гэж үзэх боломжгүйгээс гадна гишүүний сонгогдсон тойрогтоо ажиллаж тусламж дэмжлэг үзүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. Оюуны өмчийн газраас Д.Б хандан албан шаардлага хүргүүлж байсан боловч энэ албан шаардлага нь Д.Б угийн бичгийн дэвтрийг хэвлэн ашигласан гэдгийг нотлох баримт биш бөгөөд зөвхөн өргөдөл гаргагчийн гаргасан өргөдөл дээр үндэслэн зохиогчийн эрх зөрчигдсөнийг нотолжээ. Мөн Монголын угийн бичгийн холбоо Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг олон жил саатуулан нэр хүндийг нь гутаасан нь тогтогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бэс     51 460 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Тд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 415 250 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон хэвлэлийн компанийн албан бичгээр Ө А Ц-О сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Г Д.Бэс ажлынхаа хүрээнд тусламж хүссэн, уг дэвтрийг 1000 ширхэгийг хэвлүүлсэн, өөрийн ажлын чиг үүргийн хүрээнд үнэгүй тараасан, гэхдээ бүгдийг нь тараагаагүй, тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан учраас дэвтэр дээр 1500 төгрөг гэж бичсэн, Д.Бэс ажил үүргийнхээ хүрээнд тусламж гуйн авсан тул сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байсан зургийг нь хуулбарлан тавьсан нь нотлогддог. Оюуны өмчийн газрын дээрх батламжид заасан хөрвөх чадавхаар үнэлсэн үнэлгээ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож буй гэм буруутай этгээд, түүний үйлдэл, учирсан хохирол буюу нэхэмжлэгчийн шаардсан гэм хорын хохирлын шууд тодорхойлох, үйл баримтыг нотолсон бүх нотлох баримт болж чадахгүй бөгөөд шүүх гэм буруутай этгээд, гэм хор учруулсан үйлдэл, эдгээрийн хоорондын шалтгаант холбоог нотлох баримтыг үндэслэн зөв тогтоосонгүй. Нэхэмжлэгч тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргасан тул улсын байцаагчийн албан шаардлагад гомдол гаргаагүй тухай тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Д.Б холбогдуулан, 71 460 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Б нь 2006 онд Өрхөд хөтлөх угийн бичгийг зохиогч миний зөвшөөрөлгүйгээр Ө А 16 000 өрхийн тоогоор хэвлүүлэн 15 000 төгрөгөөр борлуулж орлогынхоо нэг эх үүсвэр болгосон, Оюуны өмчийн газраас миний бүтээлийг 51 460 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр хохирлыг тооцон гаргуулах, Монголын угийн бичгийн холбооны үйл ажиллагааг олон жил саатуулан нэр хүндийг гутаасны хохирол 20 000 000 төгрөг, бүгд  71 460 000 төгрөгийг гаргуулах...” гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...соёлын төвийн эрхлэгч Д.Г нь уг дэвтрийг 1000 ширхэг хэвлүүлэн, ажлынхаа чиг үүргийн хүрээнд үнэгүй тараасан, энэ тухай Д.Б мэдээгүй, Монголын угийн бичгийн холбоо ТББ-ын үйл ажиллагааг саатуулан, нэр хүндийг гутаасан нь нотлогдоогүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 305 дугаар тушаалаар “Өрхөд хөтлөх угийн бичиг” дэвтрийн зохиогчийн эрхийн ? тоот гэрчилгээг Н.Тд олгосон, Оюуны өмчийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрээр тухайн бүтээлийг 51 460 000 төгрөгөөр үнэлснийг баталгаажуулж, нэхэмжлэгчид 05 тоот батламж олгосон, 2016 онд “Угийн бичиг” нэртэй хэвлэгдсэн, 14 хуудас бүхий дэвтрийн арын хавтсанд Д.Б морь унасан зурагтай, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан энэхүү Угийн бичгийг бүтээж, нутгийнхаа айл бүрт бэлэг болгон барьж байгаа хүлээн авна уу, “...УИХ-ын гишүүн Ш о Д Б гэж бичигдсэн үйл баримт тогтоогджээ.

“Угийн бичиг” дэвтрийг хариуцагч Д.Б зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэн, нэг бүрийг 1500 төгрөгөөр борлуулсан гэх үйл баримт, тэрээр Монголын Угийн бичгийн холбоо ТББ-ын үйл ажиллагааг ямар хугацаанд хууль бусаар саатуулан, нэр хүндийг хэрхэн гутаасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хариуцагчаас 51 460 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзнэ.

Учир нь хариуцагч Д.Б 2006 онд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр Угийн бичгийг хэвлэсэн гэх үйл баримтад хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүйгээс гадна дээрх бүтээлийг 2016 онд үнэлсэн үнэлгээний хэмжээнд нэхэмжлэгч хохирсон болохоо нотлох баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын “эд хөрөнгөд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан этгээд гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хариуцагчийн гэм буруугаас нэхэмжлэгч нь   51 460 000 төгрөгөөр хохирсон гэх байдал тогтоогдоогүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Бхолбогдох, 71 460 000 төгрөг гаргуулах тухай Н.Т нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 415 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

          ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ