Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар  2022/ШЦТ/838

 

 

 

 

 

  2022         10          31                                     2022/ШЦТ/838

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Ц.Амар,

иргэний нэхэмжлэгч Э.Намхай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт НДд холбогдох эрүүгийн  2211 00463 1212 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 7 гудамж 303 тоотод оршин суух,

урьд: Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт НД /РД:.............................................../.

Холбогдсон хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Н.Д нь хохирогч С.Мөнхбаярын заруулахаар итгэмжлэн хариуцуулж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хорооллын 805 дугаар байрны гадна хүлээлгэн өгсөн 05-55 ДАА улсын дугаартай Lexus GX 470 маркийн автомашиныг бусдад 60.000.000 /жаран сая/ төгрөгөөр зарж борлуулаад 12.000.000 төгрөгийг өгсөн боловч үлдсэн 48.000.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Д нь:

хохирогч С.Мөнхбаярын заруулахаар итгэмжлэн хариуцуулж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хорооллын 805 дугаар байрны гадна хүлээлгэн өгсөн 05-55 ДАА улсын дугаартай Lexus GX 470 маркийн автомашиныг бусдад 60.000.000 /жаран сая/ төгрөгөөр зарж борлуулаад 12.000.000 төгрөгийг өгсөн боловч үлдсэн 48.000.000 төгрөгийг завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Н.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Цаашид ийм хэрэгт холбогдохгүй.Мөнхбаярт мөнгийг нь өгсөн, Херо финанс ББСБ машиныг нь аваад иргэний нэхэмжлэгч Намхайд хүлээлгэн өгсөн.Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Э.Намхай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Машин миний нэр дээр шилжсэн тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч С.Мөнхбаярын “Би Дэлгэрхангай гэх залуутай одоогоос 10-аад жилийн өмнө танилцаж цуг Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн чиглэлд тендерт явдаг байсан юмаа. Гэтэл Дэлгэрхангай нь сүүлийн үед машин зардаг бизнес эрхэлдэг болоод 4-5 жил болж байгаа. Би өмнө нь Дэлгэрхангайгаас машин худалдаж авдаг мөн Дэлгэрхангайд машинаа бас зарж байсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дэлгэрхангай над руу өөрийн 80884549 гэсэн дугаараас залгаад “чи машинаа зарах юм уу? чиний машиныг авна гэсэн хүн байна чи авсан үнэдээ өгөх үү, 99708282 гэсэн дугаартай хүн авна гээд байна” гэх мэтийн зүйлс над руу залгаж хэлсэн. Би тэр үед банк бустай байсан болохоор зээлээ хаагаад машинаа зарчихсан ч яах уу гэж бодоод маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод очиж Дэлгэрхангайд машинаа өгчихөөд би эхнэр хүүхдээ аваад Улаанбаатараас ахынхаа машиныг унаад Өвөрхангай явчихсан юм. Тэр үеэс хойш Дэлгэрхангай руу залгахаар машин чинь зарагдаагүй байна. Нөгөө хүний мөнгө нь бүтээгүй байна, жаахан хүлээж бай, одоохон зарагдлаа гэх мэтийн зүйл яриад байдаг байсан. Энэ хооронд би банк бусын төлбөр тооцоог би сар бүрийн 20-ны өдөр буюу 2 удаа сарын 1.252.000 /нэг сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгийг 2 удаа төлсөн. Сүүлдээ утсаа авахгүй чат бичихээр фэйсбүүкээ устгачихаад холбогдохгүй байгаад байсан чинь 2022 оны 01 дүгээр сарын дундуур Дэлгэрхангай бид хоёрын найз болох Баяраа гэх залуу 9911-8717 гэсэн дугаарын гар утаснаас залгаад “чи нэг хот руу ирнэ байгаа, цаад Дэлгэрхангай чинь чиний машиныг хүнд 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгөнд он хуучин Лексус ГХ-470 маркийн машин бодож аваад дээр нь 15.000.000 /арван таван сая/ төгрөг нэмж аваад маргааш нь тэр хуучин машинаа хөдөө орон нутаг руу 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгөнд бодож өгчихөөд чиний машин зарсан 60.000.000 /жаран сая/ төгрөгөөр мөрийтэй тоглоод алдчихсан гэж надад хэлсэн. Би маргааш нь Улаанбаатар хотод очоод Дэлгэрхангайтай уулзахад “машин тэргээ буцааж авъяа гэж хэлэхэд тийм боломж байхгүй би зөрүү машин аваад тоглоод үрээд дуусчихсан, би мөнгө олоод чамайг хохиролгүй болгоноо” гэж хэлсэн. Тэр үеэс хойш бараг 1 сарын хугацаа өнгөрч байна. Дэлгэрхангайгаас миний хохирлыг барагдуулах талаар нэг ч арга хэмжээ аваагүй учраас цагдаагийн байгууллагад хандаж байна ...Дэлгэрхангай 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр над руу буцаагаад 8.000.000 /найман сая/ төгрөгийг нь шилжүүлсэн ...Дэлгэрхангай зээлийн удаагийн төлөлт болох 6.500.000 болсон ба энэ нь үндсэн зээлээс 4.000.000 төгрөг хасагдаж байна. Автомашины үнэлгээнд тусгагдсаны дагуу үлдэгдэл мөнгийг Дэлгэрхангайгаас одоогоор нийт 48.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 115-117 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Э.Намхайгийн “Би Дэлгэрхангай гэх хүнтэй 2021 оны 09 дүгээр сард зарын дагуу танилцаж 45 сая төгрөгөөр Lexus GX470 маркийн 04-70 УАМ улсын дугаартай автомашиныг 45.000.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед дансаар 27.000.000 төгрөгийг дансаар өгч ойролцоогоор 18 сая төгрөг орчмоор тооцож өөрийн Prius 30 автомашиныг өгч байсан санагдаж байна. 2021 оны 12 дугаар сард 05-55 ДАА улсын дугаартай Lexus GX470 маркийн автомашиныг худалдаж авах уу? гэж санал тавихаар нь 60.000.000 төгрөгөөр тооцон 45 сая төгрөгт нь өөрийн нэр дээр байсан Дэлгэрхангайгаас 9 сард худалдан авч байсан  Lexus GX470 маркийн автомашиныг 45.000.000 төгрөгөөр тооцож үлдсэн 15 сая төгрөгийг дансаар Дэлгэрхангайгийн 5127033107 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед нэр нь Херо Финанс ББСБ-ын нэр дээр байсан ба надад хэлэхдээ нэг мөсөн зөрүүнд өгсөн 04-70 УАМ улсын дугаартай автомашиныг зараад нэрийг нь шилжүүлж өгье гэж ярьж байсан. 16 сая төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр  GX470 гэсэн утгатайгаар Дэлгэрхангайгийн данс руу шилжүүлж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дэлгэрхангай над руу яриад 04-70 УАМ улсын дугаартай автомашиныг худалдан авах хүнээ олсон нэрээ шилжүүлээд өгөөч гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн Авто тээврийн үндэсний төв дээр очиж машиныхаа нэрийг худалдан авсан хүнд шилжүүлж өгсөн. Тухайн өдөр хагас сайн байсан учир банк бусын зээлээ хааж 05-55 ДАА машиныг өнөөдөр зээлээ хааж шилжүүлж чадахгүй байна. Нэг дэх өдөр буюу 01 дүгээр сарын 17-ны өдөр би зээлийг хаагаад өөрийн чинь нэр дээр шилжүүлж өгье гэсэн боловч одоог хүртэл миний нэр дээр шилжүүлээгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 151-153 дугаар тал/,

Намхай Энхбаярын “Төрийн банк”-ны 103700441910 тоот харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,

Энхбаяр Намхайгийн Хаан банкны 5540464096 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 45 дугаар тал/,

С.Мөнхбаярын Хаан банкны 5088075149 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 122-123 дугаар тал/,

Н.Дгийн Хаан банкны 5127033107 тоот  депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 52-71 дүгээр тал/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 108-110 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 85-88 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Н.Д нь хохирогч С.Мөнхбаярын заруулахаар итгэмжлэн хариуцуулж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хорооллын 805 дугаар байрны гадна хүлээлгэн өгсөн 05-55 ДАА улсын дугаартай Lexus GX 470 маркийн автомашиныг бусдад 60.000.000 /жаран сая/ төгрөгөөр зарж борлуулаад 12.000.000 төгрөгийг өгсөн боловч үлдсэн 48.000.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын заруулахаар итгэмжлэн хариуцуулж хүлээлгэсэн өгсөн автомашиныг бусдад 60.000.000 төгрөгөөр зарж борлуулаад 12.000.000 төгрөгийг өгсөн боловч үлдсэн 48.000.000 төгрөгийг завшсан гэмт хэргийг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгж буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байх боломжтой гэж үзэж байна. Хэдийгээр өмнө нь 2012 онд ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хохирол төлбөр нөхөн төлсөн. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага хэмжээ буюу 2700 буюу 2.700.000 нэгжээр торгох ял оногдуулах, уг ялыг улсын яллагчийн хэлсэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хохирол төлсөн/ нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч С.Мөнхбаяраас: “...Дэлгэрхангай нь миний хохирлыг бүрэн барагдуулж, цаашид ямар нэгэн нэмэлт хохиролгүй тул миний бие ....шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй байх хүсэлтэй байна ...” гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн;

мөн иргэний нэхэмжлэгч Э.Намхай нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцож мэдүүлэхдээ “Машин миний нэр дээр шилжсэн тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Н.Дг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт НДг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын заруулахаар итгэмжлэн хариуцуулж хүлээлгэсэн өгсөн автомашиныг бусдад 60.000.000 төгрөгөөр зарж борлуулаад 12.000.000 төгрөгийг өгсөн боловч үлдсэн 48.000.000 төгрөгийг завшсан гэмт хэргийг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг 2700 / хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ