Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/00751

 

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/00751

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух, Б овогт Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Н-д  холбогдох, 

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                                                                                                                                                                                     

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :

Миний бие өөрийн өмчлөлийн ... тоот байшинг барьцаалан Ориент инвест ББСБ-аас зээл авсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас зээлээ эргүүлэн төлж чадаагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2299 дугаар шийдвэрээр Ориент инвест ББСБ-д 194 024 500 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Ч 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 313 дугаар шинжээч томилох тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот байшингийн зах зээлийн үнийг тогтоох үнэлгээг Хөрөнгө эстимэйт ХХК хийсэн. Уг компанийн хийсэн үнэлгээг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шуудангаар илгээсэн байх ба үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй. Хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо газрын тухай тусгайлсан мэдээлэл байхгүй гэсэн шалтгаанаар газрын үнэлгээг тооцоогүй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт орчим нь зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх олгогддог бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд цэвэр агаартай, өндөр үнэлгээ бүхий бүсэд хамаардаг. Зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх аргаар үнэлгээг тогтоохдоо шаардлагатай бүхий л баримт, мэдээллийг харьцуулан судалж үзээгүй. Барилга байшин бүр ижилгүй бөгөөд тус бүрийн хийцлэл, загвар, хэмжээ, байршил зэргээс хамааран өөр өөр байдаг. Гэтэл үнэлгээний тайланд дурдсанаар Нүхтийн зам гудамжны 36/8 хаягтай 121 м.кв, Нүхт гарден хотхоны 188 м.кв, хаяг тодорхойгүй 378 м.кв гурван байшингийн худалдагдсан үнийг манай байшинтай шууд жишиж үнэлжээ.

Эдгээр барилгыг ямар материалаар хэдэн онд барьж ашиглалтанд оруулсан талаар тайланд тусгагдаагүй байгаа нь үнэлгээ бодитой, бүрэн хийгдээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Тайлан нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлага хангахгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тайланд тусгах мэдээллийг хуульчилсан байх ба 9.3.1-д үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын  даатгалын талаарх мэдээлэл гэжээ. Хөрөнгө үнэлгээний тайланд 3 шинжээчийн нэр дурьдаж, гарын үсэг зурагдсан байх боловч Б.Б, Б.Б нарын тусгай зөвшөөрлийн дугаар, хугацаа, хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл байхгүй байна. Иймд эдгээр хүмүүс хөндлөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдохгүй. Түүнчлэн шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан ажиллагааг бүрэн хийсэн нь тогтоогдохгүй байна. Иймд үнэлгээг зөвшөөрөхгүй байх тул Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот үл хөдлөх эд хөрөнгөд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2018/00733 дугаар тогтоолоор Ч.Б 195.152.573 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБ-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод байрлах, эрхийн улсын Ү-2206023618 дугаарт бүртгэлтэй, 250.85 м.кв талбайтай хувийн сууц, гаражаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Ч.Бт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, .... тоотод байрлах эрхийн улсын Ү-2206023618 дугаарт бүртгэлтэй, 250.85 м.кв талбайтай хувийн сууц, гаражийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18290882/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хураасан.

Төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад 1.200.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Ориент инвест ББСБ хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 313 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээ Хөрөнгө эстимэйт ХХК-г томилоход 890.497.200 төгрөгөөр үнэлэгдсэн.  Үнэлгээг талуудад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4/1640, 4/1641 дүгээр албан бичгүүдээр мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн эрхийн Ү-2206023618 дугаартай, 000434157 тоот гэрчилгээтэй, 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөлдөх хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үнэлгээ хийхдээ зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх аргаар үнэлгээг тогтоохдоо шаардлагатай бүхий л баримт, мэдээллийг харьцуулан судалж үзээгүй, үнэлгээчин Б.Б, Б.Б нарын тусгай зөвшөөрлийн дугаар, хугацаа, хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл байхгүй мөн үнэлгээчин Р.М тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан  байгаа тул  үнэлгээ хийх эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдоогүй байхад хөрөнгөд үнэлгээ хийсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

           Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

           Ориент инвест ББСБ-ын нэхэмжлэлтэй Ч.Бт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 344 324 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №183/ШШ2017/02299 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 194 024 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 137 975 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар хариуцагч Ч.Б үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 266 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №183/ШШ2017/02299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах Ү-2206023618 улсын бүртгэлийн дугаартай, 000434157 тоот эрхийн гэрчилгээтэй, 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц,  гаражийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангаж, Б.Т өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

 

            Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2018/00733 дугаартай тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 266 дугаар магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №183/ШЗ2018/07895 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан  гүйцэтгүүлэх тухай” захирамж, 692 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 31-32 талын хуудас/

 

        Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

        Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь мөн эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож саналаа шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхийг мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 48-49 хуудас/

 

       Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Ч.Б нь эд хөрөнгийн үнийг 1 200 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа ирүүлсэн байх бөгөөд төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК нь  үнийн саналыг зөвшөөрөөгүй, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хөндлөнгийн үнэлгээчин томилж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан хүсэлт, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 50 дугаар хуудас/

 

         Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... хаягт байрлах, улсын бүртгэлийн эрхийн Ү-2206023618 дугаартай, 000434157 тоот гэрчилгээтэй, 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөлдөх эд хөрөнгийг 890 497 200 төгрөг” гэж үнэлжээ. /хэргийн 51-56 дугаар  хуудас/

 

         Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэхээр хуульчилсан байна.

 

        Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д “үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл” зааснаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байхаар заасан байна.

 

         Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Р.М тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан байна.

 

         Иймд үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9-д заасныг тус тус зөрчиж байх тул “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, _.... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн эрхийн Ү-2206023618 дугаартай, 000434157 тоот гэрчилгээтэй, 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөлдөх эд хөрөнгийг 890 497 200 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.     

 

        Тус шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №183/ШЗ2019/01509 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болно.  

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

       1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн эрхийн Ү-2206023618 дугаартай, 000434157 тоот гэрчилгээтэй, 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөлдөх эд хөрөнгийг 890 497 200 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

 

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

       3. Тус шүүхийн шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №183/ШЗ2019/01509 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдсугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.О