Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/989

 

 

 

 

 

  2022         12          19                                   2022/ШЦТ/989

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Ц.Майбаяр, иргэдийн төлөөлөгч Л.Уянга, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн “2111 00000 0955” дугаартай, 186/2022/0879/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын       02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хххххх  оршин суух бүртгэлтэй, Э.Б,

          Холбогдсон хэргийн талаар;

         Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Г-291В тоотын гадна Ниссан Теана маркийн 60-81УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр Н.Сийг 2 удаагийн үйлдлээр мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас хохироосондоо харамсаж байна. Надад хүн алах санаа зорилго, өш хонзон, өр авлага байхгүй. Санамсар болгоомжгүйгээр хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

           1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...шүүгдэгчээс оршуулгын зардалд 14.094.155 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 15.094.155 төгрөгийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг шүүхэд гаргаж өгч байна, хэргийг  үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө  үү гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хын:..миний төрсөн эгч Сарангэрэл нь 1982 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 3 ах, 1 эгч, 1 дүүтэй, манай эгч Н.С нь Батгэрэл гэх хүнтэй хамтран амьдарч байгаад түүнээсээ 2 хүүхэдтэй болж, 2000 оны эхээр салсан. Тэгж байгаад сүүлд одоогийн нөхөр болох Отгоннамжилтай 3-4 жил орчим хамт амьдарч байгаа, Отгоннамжилаас хүүхэдгүй. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өглөө эгчийг нас барсан талаар найз Хонгороо гэх эмэгтэйгээс мэдсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 50 дугаар тал/,

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Оюунтогтохын:..би өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр багийн хөрш байсан найзууд болох талийгаач Сарангэрэл, Энхтуул нартай уулзахаар утсаар ярьж тохиролцоод талийгаач 7 буудалд байрлах гэрээс ирж аваач гэхээр нь найз залуу болох Э.Бын хамт миний 60-81УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж авсан. Тухайн үед би болон Э.Б согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. 16 цагийн орчимд очиж авсан. Тэгээд талийгаачийн гэрээс гараад Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ойролцоо Энхтуул гэх найзыгаа эгчийнхэн гэрээс очиж аваад бид 4 Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-291В тоотод манай гэрт ирсэн. Оюунцэцэгтэй бид 4 манай гэрээс гарч такси бариад Баянхошууны тойргийн “Тэргэл” нэртэй караокед очиж суусан. Уг караокед 0,75 литрийн 2 шил Экс нэртэй архи, 3 шил пиво, ундаа зэрэг эд зүйлс аваад 19 цагаас 22 цаг 30 минут хүртэл сууж байгаад тэндээсээ гараад такси бариад шууд манай гэрийн гадаа бууцгаасан. Бид нар Оюунцэцэгийн гэрлүү дөрвүүлээ ороход гэр нь цоожтой Оюунцэцэгийн ээж охин хоёр нь манай гэрт манай 2 хүүхэдтэй, Энхтуулын охинтой байсан. Бид дөрөв Оюунцэцэгийн гэрт ороод одоо уух юм олдохгүй юм чинь унтаж амарцгаая гэж ярилцаад сууж байтал удалгүй Э.Б гаднаас Оюунцэцэгийн гэрт орж ирээд юу ч ярилгүй суусан. Э.Б намайг одоо гэртээ ороод унтахгүй юм уу гэхээр нь би за одоо орно гэж хэлтэл чимээгүй 2-3 минут орчим сууж байгаад Э.Б ганцаараа гараад явсан чинь удалгүй талийгаач Н.С, Э.Бс миний машины түлхүүрийг авах гээд гарсан. Талийгаачийн араас манай 14 настай охин Нандин-Эрдэнэ Н.Сн араас, Э.Баас машины түлхүүр авах гээд гарсан. Тэгээд удалгүй манай охин гэрт Сараа эгчийг нөгөө ах чинь мөргөчихлөө шүү дээ гээд орж ирсэн. /Э.Бн нэрийг нь манай охин мэдэхгүй/ бид нар бүгдээрээ гүйж гартал талийгаач хашааны хойд талд гудамжны зам дээр шавран дээр дээшээ хараад хэвтэж байсан. Бид нар яахаа мэдэхгүй 103-руу Энхтуулын 80017122 дугаараас, 102-луу Оюунцэцэгийн 80332475 дугаарын утаснаас дуудлага өгөөд удалгүй түргэн ирсэн. 103-н эмч ирэхэд Н.С амьсгалтай би зүгээрээ гээд дуугарч байсан удалгүй эмч нарыг үзэж байхад нас барсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 55 дугаар тал/,

            2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч  О.Оюунцэцэгийн:..Оюунтогтохын 2 найзтай нь хамт Баянхошууны тойрогт байралдаг “Тэргэл нэртэй караокед орсон. Уг караоке руу бид нар хашааны гаднаас такси бариад явсан, ороод 2 шил 0,75 литрийн Экс нэртэй архи, 3 шил пиво, ундаа зэрэг эд зүйлс авч дуулаад Оюунтогтохын 2 найзтай нь танилцаж байгаад 22 цагт караокеноос гарч такси бариад гэртээ ирцгээсэн. Хашаанд орж ирээд би Энхтуул гэх найзтай нь гэрт орсон, араас удалгүй Оюунтунгалаг, Н.С гэх найзтайгаа орж ирсэн. Би хүүхдээ хөхүүлээд сууж байтал юу болсныг мэдэхгүй Нандин-Эрдэнэ уйлж орж ирэхээр нь бид нар бөөнөөрөө гараад хартал хашааны хойд талд шавран дээр Н.С дээшээ хараад хэвтэж байсан. Нандин-Эрдэнээр түргэн, цагдаа дуудуулаад бид нар Н.Сийг өргөөд Оюунтогтохын гэрлүү оруулсан. Манай хашааны гадна талд гудамжны гэрэлтүүлэг байдаг. Шөнийн цагаар гудамжинд хаана юу болж байгаа нь илт харагддаг гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 69 дүгээр тал/,

       2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Нандин-Эрдэнийн:...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн үед манай гэрт Н.С эгч, Энхтуул эгч нар ирсэн байхыг би харсан. Тэр үед ээжтэй харьцдаг Э.Б гэх ах ирсэн үгүйг нь мэдэхгүй байна. Гэрт орж ирээгүй. Н.С эгч, Энхтуул эгч, Оюунцэцэг эгч, ээж нар караоке орно гээд явсан. Харин би гэртээ Энхтуул эгчийн 1 настай хүүхэд болон өөрийн 12 настай дүүтэйгээ үлдсэн. Тэгээд байж байтал 23 цагийн үед Н.С эгч, Энхтуул эгч, Оюунцэцэг эгч, ээж нар ирээд Оюунцэцэг эгчийн гэрт орсон. Тэгэхээр нь би бас араас нь дагаад Энхтуул эгчийн хүүхдийг аваад орж ирсэн. Ороод Энхтуул эгчийн хүүхдийг саатуулаад удаагүй байж байтал Э.Б гэх ээжтэй харьцдаг ах орж ирсэн. Орж ирээд юу ярьсныг нь би сонсоогүй удалгүй гараад явсан. Араас нь Н.С эгч гараад явсан яах гэж гарсныг би мэдэхгүй байна. Би Н.С эгчийг гарахаар нь яах гэж байгаа юм бол гэж бодоод гарсан чинь хашааны гадна хойд талд ээжийн машины урд зогсож байсан. Би тэр үед хашааны хаалган дээр хараад зогсож байсан чинь Н.С эгч юм ярилгүй зогсоол байсан чинь Э.Б гэдэг ах машинаа асаагаад машины гэрэл асаасан үгүй мэдэхгүй байна гэхдээ хашааны гадна талын шонгийн гэрэл асаалттай байсан болохоор надад тод харагдсан Э.Б ах машинаа асаагаад урагшлаад Н.С эгчийг нэг удаа мөргөсөн чинь Н.С эгч машины урд өөдөөс нь өвдөглөөд хараад суучихсан гэтэл Э.Б ах хойшоо жоохон ухарч байгаад дахин урагшлаад мөргөсөн чинь Н.С эгч машинд мөргүүлээд түрэгдээд байхаар нь би айсандаа гэрт орж ирээд том хүмүүс дуудаад эргээд гараад ирсэн Э.Б явчихсан харин Н.С эгч шавар дээр дээшээ хараад хэвтэж байсан. Талийгаач тухайн тээврийн хэрэгслийн урд нь зогсож байсан. Яг голд нь болон зах хэсэгт зогсож байсныг анзаараагүй. Э.Б гэх ах машинаа асаагаад урагшлаад Н.С эгчийг мөргөсөн. Тэр үед Н.С эгч машины өөдөөс хараад өвдөглөөд суух шиг болсон. Тэгсэн машин жоохон ухрах шиг болсон, хэмжээг нь хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 57, 61 дүгээр тал/,

         2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2132 дугаартай дүгнэлтэд:

          1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хоёр талын олон хавирганы дан ба давхар хугарлууд, өвчүү ясны хоёрлосон хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүрх доргилт, няцрал, уушгины угийн цус хуралт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт (200мл), толгойн хуйх, нүүр, чих, их бие, дээд, доод мөчдөд зулгаралт, шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, үхэлд хүргэсэн болно. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.      

           3.Талийгаач нь цээж дарагдаж зүрх доргилт, няцралын улмаас нас баржээ.     

           4.Талийгаач нь А(И)-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 2,1 промилли спиртийн зүйл илэрсэн нь дунд зэргийн согтолтыг харуулж байна.” гэжээ. /1 дүгээр хавтас, 80-90 дүгээр тал/,

         2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2132 дугаартай дүгнэлтэд:

1. Учирсан гэмтлүүд нь хоёр ба түүнээс дээш үйлдлээр үүссэн болно.

2. Уг гэмтлүүдээс цээжний буюу дотор эрхтнүүдэд үүссэн гэмтлүүд нь дайрагдах үед, үүссэн байх боломжтой.

3. Гадна гэмтлүүдээс доод мөчдөд үүссэн гэмтлүүд нь мөргөгдөх үед үүссэн байх боломжтой. Дээд мөчний болон их бие, нүүр хэсэгт учирсан гэмтлүүд нь дайрагдах болон чирэгдэх явцад учирсан байх боломжтой байна.

4. Дайрагдах, чирэгдсэн үед үүссэн гэмтлүүд нь хэвтээ байрлалд үүсэх боломжтой. Доод мөчдийн гэмтлүүд нь босоо үед үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 89 дүгээр тал/,

2.7. Шинжээчийн 202214 дугаартай дүгнэлтэд:

1.Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Сүхбаатарын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Гантулгын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Отгонбаярын хэргийн газраас бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, ШШҮХ-ийн шинжээч Т.Сэлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн дугаар 2132 дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад материал зэргээс дүгнэхэд тээврийн хэрэгслийн гадна гэрэлтүүлгийн хувьд стандарт шаардлага хангахгүй ч гудамжны гэрэлтүүлэгтэй байсан нь талийгаачийг харах боломжтойг харуулж байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тоормос гишгэх боломжтой байсан ч тоормос гишгээгүй, мөн осол хэргийн газарт ямар нэгэн тоормосны мөр байгаагүй. Ослоос үүссэн дуу чимээ, тээврийн хэрэгслийн савалт, явалтаас хамааран аливаа обьект, хүн, мал, амьтан мөргөсөн үедээ жолооч зогсоож харах боломжтой байсан тухайн ослыг зам тээврийн осол гэх үндэслэлгүй байна. Энэ нь Э.Б, Н.С болон Ниссан Теана маркийн 60-81 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай, эсхүл болгоомжгүйгээр зөрчсөн эсэхийг нь тогтоох боломжгүй байна гэжээ. /2 дугаар хавтас, 91-92 дугаар тал/,

2.8. Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын      15-ны өдрийн 16/10 дугаартай дүгнэлтэд:

1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4 хэсэгт зааснаар бусад шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй эсэхэд техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй.

          2.Уг хэрэг болсон газрын зам нь нийтийн хэрэгцээний замд тооцогдоно.

          3.Яллагдагч Э.Б, хохирогч Н.С нарыг замын хөдөлгөөнд оролцогч гэж үзнэ.

          4.Хохирогч Н.С нь Ниссан Теана маркийн 60-81УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэг эсвэл хоёр удаа мөргүүлсэн аль нь болохыг эцэслэн тогтоогоогүй байгаа тул техникийн шинжээч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн эсэх тухайд техникийн шинжээч хариулах боломжгүй байна.

          5. Хэрэг гарахад зам, орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрвээ уг хэрэг нь зам тээврийн осол мөн бол Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлчилгээний газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвөөс хийсэн шинжээчдийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн дүгнэлтэд дурдсан баруун гар талын ойрын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын их гэрлийн чийдэн хол, ойр дээрээ асахгүй зэрэг гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө. Гэхдээ уг зам тээврийн осол гарснаас 19 хоногийн дараа уг тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт оруулж дүгнэлт гаргасан байх тул эдгээр гэмтэл нь ослын өмнө эсвэл дараа үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ. /2 дугаар хавтас, 184-185 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1.Улсын яллагч: хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 1-2 дугаар тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-15 дугаар тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 15-20 дугаар тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 21-24 дүгээр тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 25-32 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хын мэдүүлэг /1хх-ийн 50 дугаар тал/, гэрч Б.Оюунтогтох, О.Оюунцэцэг, И.Энхтуул, насанд хүрээгүй гэрч Б.Нандин-Эрдэнэ, гэрч С.Отгоннамжил, П.Адилхүү, Э.Отгонбаяр, О.Хонгорзул, Н.Хүрэлчулуун нарын мэдүүлэг /1хх-ийн 55 дугаар тал, 57 дугаар тал, 61 дүгээр тал, 63 дугаар тал, 65-66 дугаар тал, 69 дүгээр тал, 74 дүгээр тал, 76 дугаар тал, 2хх-ийн 176 дугаар тал, 178 дугаар тал, 180 дугаар тал/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 43-45 дугаар тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 797 дугаартай дүгнэлт /1хх-ийн 141-142 дугаар тал/ цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2132 дугаартай дүгнэлт /1хх-ийн 80-90 дүгээр тал/, шинжээчийн 2956, 4679, 06/310, 4601 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 92-100 дугаар тал/, /1хх-ийн 102-114 дүгээр тал/, /1хх-ийн 123-133 дугаар тал/, /1хх-ийн 136-138 дугаар тал/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвөөс хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 155-162 дугаар тал/, техникийн шинжээчийн дүгнэлт 12/06 дугаартай дүгнэлт /1хх-ийн 28-29 дүгээр тал/, шинжээч, эмч Сэлэнгийн мэдүүлэг /2ххийн 89 дүгээр тал/, шинжээчийн 202214 дугаартай дүгнэлт /2хх-ийн 91-92 дугаар тал/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 16/10 дугаартай дүгнэлт /2хх-ийн 184-185 дугаар тал/, яллагдагч Э.Бын мэдүүлэг /хх-ийн 184-186 дугаар тал/, яллагдагч Э.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-ийн 206-217 дугаар тал, 222 дугаар тал/-д авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав. 

       3.2. шүүгдэгчийн өмгөөлөгч: хавтаст хэргээс прокурорын шинжлэн судлах нотлох баримтуудтай давхардуулахгүйгээр согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 46-47 дугаар тал/, гэрч Адилхүүгийн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар тал/, 4601 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 136-137 дугаар тал/, Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 155-162 дугаар тал/, ял шалгасан хуудас /хх-ийн 233 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 29-31 дүгээр тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 044 дүгээр тал/, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж /хх-ийн 138-149 дүгээр тал/, Давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-ийн 154-157 дугаар тал/, гэрч Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 176 дугаар тал/, гэрч Хүрэлчулууны мэдүүлэг /хх-ийн 180 дугаар тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          3.3.шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

          3.4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: хавтаст хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 6-10 дугаар тал/, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 58-60 дугаар тал/, Оюунцэцэгээс гэрчээр авсан мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр тал/, Оюунтогтохоос гэрчээр авсан мэдүүлэг /хх-ийн 70 дугаар тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 51-53 дугаар тал/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 76 дугаар тал/, тээврийн хэрэгслийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 155 дугаар тал/, Балжиннямын өгсөн мэдүүлэг /хх-ийн 167 дугаар тал/, Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 92 дугаар тал/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-ийн 90 дүгээр тал/, /1хх-ийн 236 дугаар талаас 2хх-ийн 11 дүгээр тал хүртэлх хохирлын баримтууд/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хувьсгалчдын г-291в тоотын гадна Ниссан Теана маркийн 60-81УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр Н.Сийг 2 удаагийн үйлдлээр мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь :

          - гэрч Б.Оюунтогтохын:..бид дөрөв Оюунцэцэгийн гэрт ороод одоо уух юм олдохгүй юм чинь унтаж амарцгаая гэж ярилцаад сууж байтал удалгүй Э.Бс гаднаас Оюунцэцэгийн гэрт орж ирээд юу ч ярилгүй суусан. Балжинням намайг одоо гэртээ ороод унтахгүй юм уу гэхээр нь би за одоо орно гэж хэлтэл чимээгүй 2-3 минут орчим сууж байгаад Э.Б ганцаараа гараад явсан чинь удалгүй талийгаач Н.С, Э.Бс миний машины түлхүүрийг авах гээд гарсан. Талийгаачийн араас манай 14 настай охин Нандин-Эрдэнэ Н.Сийн араас, Э.Баас машины түлхүүр авах гээд гарсан. Тэгээд удалгүй манай охин Нандин-Эрдэнэ гэрт орж ирээд Сараа эгчийг нөгөө ах чинь мөргөчихлөө шүү дээ гэж хэлсэн. /Э.Бын нэрийг нь манай охин мэдэхгүй/ тэгээд бид нар бүгдээрээ гүйж гартал талийгаач хашааны хойд талд гудамжны зам дээр шавран дээр дээшээ хараад хэвтэж байсан. Бид нар яахаа мэдэхгүй 103-руу Энхтуулын 80017122 дугаараас, 102-луу Оюунцэцэгийн 80332475 дугаарын утаснаас дуудлага өгөөд удалгүй түргэн ирсэн. 103-н эмч ирэхэд Н.С амьсгалтай би зүгээрээ гээд дуугарч байсан удалгүй эмч нарыг үзэж байхад нас барсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 55 дугаар тал/,

- гэрч  О.Оюунцэцэгийн:..Оюунтогтохын 2 найзтай нь хамт Баянхошууны тойрогт байралдаг “Тэргэл нэртэй караокед орсон. Уг караоке руу бид нар хашааны гаднаас такси бариад явсан, ороод 2 шил 0,75 литрийн Экс нэртэй архи, 3 шил пиво, ундаа зэрэг эд зүйлс авч дуулаад Оюунтогтохын 2 найзтай нь танилцаж байгаад 22 цагт караокеноос гарч такси бариад гэртээ ирцгээсэн. Хашаанд орж ирээд би Энхтуул гэх найзтай нь гэрт орсон, араас удалгүй Оюунтунгалаг, Н.Сл гэх найзтайгаа орж ирсэн. Би хүүхдээ хөхүүлээд сууж байтал юу болсныг мэдэхгүй Нандин-Эрдэнэ уйлж орж ирэхээр нь бид нар бөөнөөрөө гараад хартал хашааны хойд талд шавран дээр Сарангэрэл дээшээ хараад хэвтэж байсан. Нандин-Эрдэнээр түргэн, цагдаа дуудуулаад бид нар Сарангэрэлийг өргөөд Оюунтогтохын гэрлүү оруулсан. Манай хашааны гадна талд гудамжны гэрэлтүүлэг байдаг. Шөнийн цагаар гудамжинд хаана юу болж байгаа нь илт харагддаг гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 69 дүгээр тал/,

- насанд хүрээгүй гэрч Б.Нандин-Эрдэнийн:...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн үед манай гэрт Н.С эгч, Энхтуул эгч нар ирсэн байхыг би харсан. Тэр үед ээжтэй харьцдаг Э.Б гэх ах ирсэн үгүйг нь мэдэхгүй байна,  гэрт орж ирээгүй. Н.С эгч, Энхтуул эгч, Оюунцэцэг эгч, ээж нар караоке орно гээд явсан. Харин би гэртээ Энхтуул эгчийн 1 настай хүүхэд болон өөрийн 12 настай дүүтэйгээ үлдсэн. Тэгээд байж байтал 23 цагийн үед Н.С эгч, Энхтуул эгч, Оюунцэцэг эгч, ээж нар ирээд Оюунцэцэг эгчийн гэрт орсон. Тэгэхээр нь би бас араас нь дагаад Энхтуул эгчийн хүүхдийг аваад орсон. Ороод Энхтуул эгчийн хүүхдийг саатуулаад удаагүй байж байтал Балжинням гэх ээжтэй харьцдаг ах орж ирсэн. Орж ирээд юу ярьсныг нь би сонсоогүй удалгүй гараад явсан. Араас нь Н.С эгч гараад явсан яах гэж гарсныг би мэдэхгүй байна. Би Н.С эгчийг гарахаар нь яах гэж байгаа юм бол гэж бодоод гарсан чинь хашааны гадна хойд талд ээжийн машины урд зогсож байсан. Би тэр үед хашааны хаалган дээр хараад зогсож байсан чинь Н.С эгч юм ярилгүй зогсоол байсан чинь Э.Б гэдэг ах машинаа асаагаад машины гэрэл асаасан үгүй мэдэхгүй байна гэхдээ хашааны гадна талын шонгийн гэрэл асаалттай байсан болохоор надад тод харагдсан Э.Б ах машинаа асаагаад урагшлаад Н.С эгчийг нэг удаа мөргөсөн чинь Н.С эгч машины урд өөдөөс нь өвдөглөөд хараад суучихсан харагдсан гэтэл Э.Б ах хойшоо жоохон ухарч байгаад дахин урагшлаад мөргөсөн чинь Н.С эгч машинд мөргүүлээд түрэгдээд байхаар нь би айсандаа гэрт орж ирээд том хүмүүс дуудаад эргээд гараад ирсэн Э.Б ах явчихсан харин Н.С эгч шавар дээр дээшээ хараад хэвтэж байсан. Талийгаач тухайн тээврийн хэрэгслийн урд нь зогсож байсан. Яг голд нь болон зах хэсэгт зогсож байсныг анзаараагүй. Э.Б гэх ах машинаа асаагаад урагшлаад Н.С эгчийг мөргөсөн. Тэр үед НС эгч машины өөдөөс хараад өвдөглөөд суух шиг болсон. Тэгсэн машин жоохон ухрах шиг болсон, хэмжээг нь хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 57, 61 дүгээр тал/,

- насанд хүрээгүй гэрч Б.Нандин-Эрдэнийн Samsung A21 S маркийн цагаан өнгийн гар утсанд  үзлэг хийсэн тэмдэглэлд “эмэгтэй хүнээс...”энэ хүн чинь үхчихлээ, айн” гэсэн асуултанд шүүгдэгчийн...”очиж байгаад хариуцлагаа хүлээе, за юу”... гэх хариулт, эмэгтэй хүнээс...”чи яасан том хүн бэ, бүхэл бүтэн хүний амиар тоглодог гэсэн” асуултанд...шүүгдэгчийн...”би угаасаа очиж байгаад хариуцлагаа хүлээчихье хэдэн жилээр нь ч хамаа байхгүй...угаасаа би аймар айдастай байна, угаасаа зүгээр”...гэх хариулт бүхий ярианы бичлэг           /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал/

         - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2132 дугаартай  дүгнэлт  /1 дүгээр хавтас, 80-90 дүгээр тал/,

         - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2132 дугаартай дүгнэлт. /2 дугаар хавтас, 89 дүгээр тал/,

Шинжээчийн 202214 дугаартай дүгнэлт. /2 дугаар хавтас, 91-92 дугаар тал/,

- Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 16/10 дугаартай дүгнэлт. /2 дугаар хавтас, 184-185 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл,  шүүгдэгч нь хохирогчийг ямар шалтгааны улмаас автомашинаар дайрч амь насыг нь хохироосныг  гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг, гэрч Нандин-Эрдэнийн гар утсанд хадгалагдсан шүүгдэгчийн “...би угаасаа очиж байгаад хариуцлагаа хүлээчихье хэдэн жилээр нь ч хамаа байхгүй...угаасаа би аймар айдастай байна, угаасаа зүгээр...гэх ярианы бичлэг  зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрсдийн  дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хувьсгалчдын г-291в тоотын гадна “Ниссан Теана” маркийн           60-81УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр Н.Сийг 2 удаагийн үйлдлээр мөргөж амь насыг нь хохироож байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь гэрч Б.Нандин-Эрдэнэ, Б.Оюунтогтох, О.Оюунцэцэг, И.Энхтуул нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, Б.Нандин-Эрдэнийн гар утсанд хадгалагдсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдож байх тул Э.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан “ хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс  хүнийг алах гэмт хэргийг  үйлдээгүй,  бүрэн бус  тээврийн хэрэгсэл  жолоодож  яваад хүний амь насыг болгоомжгүйгээр  хохироосон гэж  маргаж байгааг  шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй байна гэж  дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч өөрийн хууль бус үйлдлийг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй  холбон буруутгаж,  замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актанд заасан жолоочийн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Н.Сийн амь насыг хохироосон мэтээр мэдүүлж  байгаа нь  хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр хууль зүйн үндэслэлгүй байна.

            Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих болон хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд шүүгдэгчийн санамсар болгоомжгүй буюу хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон, эсхүл урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохирооход чиглэсэн аливаа нэгэн сэдэлт, санаа зорилго үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Быг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирол гэм хорын талаар:

Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас Н.Сийн амь нас хохирч, хохирогчийн оршуулгын зардалд түүний хууль ёсны төлөөлөгч Н.Хаас баримтаар 15.094.155 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан үлдэх 14.094.155 төгрөгийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч  оршуулгын  зардлын баримттай холбоотой  ямар нэг маргаан байхгүй гэж  шүүхийн  хэлэлцүүлэгт тайлбар мэдүүлгүүдээ өгч  байх тул  шүүгдэгч Э.Баас оршуулгын зардал 14.094.155 төгрөгийг гаргуулж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х олгох нь зүйтэй  гэж  шүүх  бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн  зүгээс  хохирогчийн хууль  ёсны  төлөөлөгчид  учирсан хохирол болох 14.094.155 төгрөгийг төлж барагдуулахаар  завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн  авч  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаанд  завсарлуулсан боловч  шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс  хохирлыг  нөхөн төлөөгүйг  дурдах нь зүйтэй  байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Шүүгдэгчийн  цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг нь  түүний эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Э.Баас амь хохирогчийн оршуулгын зардал 14.094.155/ арван дөрвөн сая ерэн дөрвөн мянга нэг зуун тавин таван/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хт олгох,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон  67 /жаран долоо/  хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Баас 14.094.155 /арван дөрвөн сая ерэн дөрвөн мянга нэг зуун тавин таван/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хт олгосугай.

           7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ

 

                                            ШҮҮГЧИД                             Б.МӨНХБАЯР

 

                                                                                         Д.РЕНЧЕНХОРОЛ