Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар  2022/ШЦТ/786

 

 

 

 

  2022         10          07                                   2022/ШЦТ/786

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

хохирогч Ц.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт ААт холбогдох эрүүгийн 2211 00510 1341 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Кюбес ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, эхийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхор 3 дугаар гудамж 150б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6-27 тоотод оршин сууж байгаа гэх,

Урьд: 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 426 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Олхонууд овогт АА /РД:....................................................../.

Холбогдсон хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч А.А нь зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 8 дугаар сард 1.200.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 6 сая 950 төгрөг буюу 8.150.000 төгрөгийн бодит хохирол, гэрээ хийсэн байраа хадгалуулахаар 2.800.000 төгрөгийн хор уршиг учирч хохирогч Ц.Сайнбилэгт нийт 10.950.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч  А.А нь:

зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 8 дугаар сард 1.200.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 6 сая 950 төгрөг буюу 8.150.000 төгрөгийн бодит хохирол, гэрээ хийсэн байраа хадгалуулахаар 2.800.000 төгрөгийн хор уршиг учирч хохирогч Ц.Сайнбилэгт нийт 10.950.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Хохирогч Ц.Сайнбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирлоо барагдуулах саналтай байна. Жем пласс гэх түүх яагаад үүссэн гэхийг яаж мэдэж байгаагаа би мэдэж байна. Би зээл эрсдлээ гэхээ мэдээд яаралтай зээл гаргуулахын тулд Жем пласс дотор байгаа МЖЖ Си гэх компани руу хөрөнгө зуучийн компани руу орж уулзахаасаа өмнө А.А руу утасдаж ярихад би таньдаг хүнээрээ зуучлуулсан гэж хэлсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. 700.000 төгрөгийг төлж барагдуулсан. 10.250.000 төгрөгөө шүүгдэгч А.Ааас гаргуулж авмаар байна” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Ц.Сайнбилэгийн “...би хүүхэдтэйгээ тусдаа гарах гээд байр хайж байсан юм. Анар нь ажил дээр байхад орчуулагчийн эрх авах гээд сургалтын төлбөр төлөх гэсэн чинь мөнгө дутаад байна та мөнгө зээлээч гэхээр нь 1 сая 200 мянган төгрөг картаа өгч явуулж зээлсэн. Би байр хайж байсан болохоор байраа олоод Анар урьд нь надад банканд таньдаг хүн байгаа гэж урьж байсныг санаад Анарт байраа олчихлоо хэдий хугацаанд гаргаж өгөх боломжтой вэ гэж асуухад 14 хоногт гаргаж өгнө хөлс 8 сая 400 мянга гэж хэлсэн. Тэгэхэд нь би надад тийм их мөнгө гэхэд өмнө зээлсэн 1 сая 200 мянгаа би хөлсөнд нь авчихъя, та 7 сая төгрөг л өгчих гэсэн. Би байрны хүнтэй уулзаж худалдах худалдан авах гэрээ 21 хоногийн хугацаатай хийгээд барьцаанд нь 1 сая 400 мянган төгрөг өгч, бусад өөрөөсөө шаардлагатай материалуудыг бэлдээд Чингэлтэй дүүргийн 1 хороо, Голомт банкны хажуу талын кофе шопд Анартай хамт очсон юм. Нөгөө банкны хүн хамт яваа хүнтэй чинь уулзахгүй чи эгчийнхээ материалыг аваад үлдчих гэж байна гэхээр би Анараас салаад ажил руугаа явсан. Анар ажил дээр ирээд 7 цагт уулзахаар болсон мөнгөө бэлэн авна гэсэн зээлийн хорооны хурал дээр бэлэн хэрэгтэй гэхээр нь би 19 цагт уулзчихаад яриарай гэж хэлээд ажлаа тараад явж байтал утсаар залгаад мөнгөө шилжүүлээдэх яаралтай гэж ярихаар нь эгчид нь 7 сая төгрөг байхгүй байна 6 сая 950 мянган төгрөг байна гээд Хаан банкны 5064016704 данснаасаа Анарын голомт банкны данс руу 3 хувааж 2 сая, 2 сая 900 мянга, 2 сая 50 мянган төгрөгөөр шилжүүлсэн. 14 хоног өнгөрөхөөр нь би Анараас асуухад би мэдэж байгаа зээлийн хорооны шийдвэрээ авбал ав гэхээр нь авъя гэхэд өгөөгүй. Би ковид тусаад гэртээ карантилагдсан байхад мөнгө өгөөд 21 хоногийн хугацаа өнгөрөхөөр нь Анар луу утсаар ярихад Анар зээлийн материал чинь үл хөдлөх дээр очсон банкны санхүүжүүлэлт хүлээгдэж байгаа энэ 7 хоногийн санхүүжүүлэлтэнд багтаагүй дараа 7 хоногийн санхүүжүүлэлтэнд багтаж гарна гэж хэлсэн. Би байр зарах хүнтэйгээ 7 хоног сунгах гэсэн юм гэхэд сунгаж болно гэхдээ өмнөх шигээ барьцаа байршуул гэхэд нь би Анар луу яриад байрны хүнд барьцаа байршуулж байна 7 хоногийн дотор гаргаж өгөөрэй гэж хэлээд байрны хүн лүү дахиад 1 сая 400 мянган төгрөг шилжүүлсэн. 7 хоног нь өнгөрөөд зээл гарахгүй байхаар нь Анар луу яриад зээл яагаад гарахгүй байгаа юм бэ юу болоод байгаа юм миний материал хаана байна гэхэд Rokmon Gem пласын үүдэнд бариад зогсож байсан. Тэгээд би мөнгөө авъя гэсэн чинь орой өгнө гэсэн, орой мөнгө орж ирэхгүй болохоор нь ярьсан чинь 7 хоногийн дараа машинаа зараад өгнө гэж хэлээд одоог хүртэл Анар нь өгнө гэж худлаа яриад өгөхгүй байгаа ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 13-17 дугаар тал/,         

Голомт банкны депозит дансны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 21-26 дугаар тал/,

Шүүгдэгч А.Аын “...Би 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 2 дугаар сар хүртэл Монгол телевизэд нягтлангаар ажиллаж байсан. Тухайн үед манай санхүүгийн албаны даргаар Сайнбилэг гэдэг эгч ажилладаг байсан ба тухайн үеэс би таньдаг болсон юм. Ингээд хамт ажиллаж байх хугацаандаа би Сайнбилэг эгчээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр орчуулгын эрх авах гэсэн мөнгө дутаад байна гэж хэлээд өөрийнх нь виза картыг авч гараад АТМ-с бэлнээр мөнгө дутаад байна гэж хэлээд өөрийнх нь виза картыг авч гараад АТМ-с бэлнээр 1.2 сая төгрөг гаргуулаад авчихсан ба мөнгийг нь орчуулгын эрх авах биш өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан, яг сайн санахгүй байна. Ингээд би зээлсэн мөнгөө өгөөгүй байж байхад Сайнбилэг эгч орон сууцны ипотекийн 6 хувийн зээл хөөцөлдөж байгаа гэхээр нь би түүнд надад таньдаг хүн байгаа гэж хэлэхэд асуугаад өгөөч гэсэн. Энэ үед манай найз Солонгоогийн найз гээд банкны эдийн засагч байхаа нэг хүн байдаг санагдаж байсан боловч би холбогдож чадаагүй тул хувийн үл хөдлөх хөрөнгийн компани судалсан. Ингээд Gem palace төвд байрладаг үл хөдлөх хөрөнгийн газраас асууж үзэхэд Хас банкны 6 хувийн хүүтэй орон сууцны зээл гаргуулж болно, гэхдээ хувь ашиг болгон урьдчилгаа болгон 5 бил үү 6 сая төгрөг авдаг гэсэн. Тэгэхээр нь би хэд хоногийн дотор зээл гарах боломжтой вэ гэхэд 14 хоног гэхээр нь би Сайнбилэг эгч рүү залгаад орон сууцны зээлд хамруулж болохоор байна, та урьдчилгаа болгон 7 сая төгрөг мөн бичиг баримтаа бүрдүүлээд байж байгаарай гээд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Голомт банкны хажуу талын кофе шопт уулзаад бичиг баримтыг нь өгнө гэсэн. Тэгээд зээл гарчихаар нь өөрөө мөнгө олоод өгчихнө гэж бодоод маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сайнбилэг эгчээс зээл хөөцөлдөх урьдчилгаа 7 сая төгрөг гэж хэлээд өөрийнхөө Голомт банкны 3305108778 тоот дансаар тухайн өдрөө 3 удаагийн гүйлгээгээр 2 сая, 2,9 сая, 2,050,000 төгрөгийг нийт 6,950,000 төгрөгийг шилжүүлж аваад өөрөө хэрэглэчихсэн юм. Тэгээд дараа нь үл хөдлөх хөрөнгийн газарт очоод зээл гарах болж байна уу гэхэд манайх 100.000.000 төгрөгөөс дээш зээл гарах боломжгүй болчихлоо гэсэн. Анх тухайн үл хөдлөх хөрөнгийн газар нь 6 хувийн хүүтэй 140,000,000 төгрөгийн зээл гаргаж өгөх боломжтой гэж байсан боловч сүүлд асуухад зээл гарах боломжгүй гэсэн. Ингээд би мөнгийг нь өөрөө хэрэглэчихсэн байсан болохоор Сайнбилэг эгчид буцаан өгч чадаагүй юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,

Гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/,

Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45-47 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч А.А нь зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 8 дугаар сард 1.200.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 6 сая 950 төгрөг буюу 8.150.000 төгрөгийн бодит хохирол, гэрээ хийсэн байраа хадгалуулахаар 2.800.000 төгрөгийн хор уршиг учирч хохирогч Ц.Сайнбилэгт нийт 10.950.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын нийт 10.950.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналдаа: “ ... шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ... шүүгдэгч А.Ааас 3.950.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сайнбилэгт олгуулах саналтай ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “ ... Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа ялын саналыг дэмжиж байна. Тухайн төрлийн зүйл анги  нь 4 төрлийн зүйл ангитай хэрэг юм. А.Аын тухайд Орос хэлтэй хүн учраас Монгол улсад Оросууд их ирж байгаа учраас орчуулга хийх боломжтой байна. Тогтоогдсон хохирлыг дийлэнхи хохирлыг төлж барагдуулсан байх тул торгох ялыг хөнгөрүүлж торгоод торгох ялыг хэсэгчлэн хуваах байдлаар торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн болно.

Шүүгдэгч А.А нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 426 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан бөгөөд түүний тэнсэн харгалзах хугацааг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай  тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон байгааг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн/ нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Шүүгдэгч А.Аын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Сайнбилэгт нийт 10.950.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан.

Шүүх хуралдааныг завсарлуулах хугацаанд шүүгдэгч нь хохирогчид 6.300.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Мөн талууд шүүх хуралдаанд хохирол төлбөр барагдуулах талаар дараах хэлцэл хийсэн байна.Үүнд

Хохирол төлбөр барагдуулах тухай иргэн А.А би Сайнбилэгт төлөхөөр үлдсэн 3 950 000 төгрөгийг дараахь байдлаар төлж барагдуулахаар хэлцэл хийв.

1.2022.11.15-ны өдөр 2 000 000 төгрөг

2.2022.12.15-ны өдөр 1 950 000 төгрөг дээрхи байдлаар төлж барагдуулахаар тохиролцов.

Өнөөдөр буюу 2022.10.05-нд Сайнбилэгийн хаан банкны 5064016704 тоот дансанд 6 300 000 төгрөгийг төлсөн нь үнэн болно гэснийг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

Иймд үлдэх хохирлын 3.950.000 төгрөгийг шүүгдэгч А.Ааас гаргуулж хохирогч Ц.Сайнбилэгт олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхонууд овогт ААыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын нийт 10.950.000 төгрөгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Ааас хохирлын 3.950.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сайнбилэгт олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ