Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2019/00805

 

      2019 оны 3 сарын 28 өдөр

        Дугаар 184/ШШ2019/00805

                 Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д овогт Б.М /РД: РЭ/. Хаяг: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, дугаар хороолол, Эрэл, дүгээр байр, тоот

Хариуцагч: “Д.Х” ХХК /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр  хороо, “Д.Х” ХХК өөрийн байр

            70 368 000 /далан сая гурван зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч “Д.Х” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 16/003 тоот “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, гэрээгээр Сүхбаатар дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “З.Н” хотхоны 2-3 тоот амины орон сууцыг барьж ашиглалтанд оруулан захиалагч талд хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Уг гэрээний 3.1.1-д зааснаар гүйцэтгэгч тал болох  “Д.Х” ХХК нь орон сууцыг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан, бүрэн чанартай барьж дуусган гүйцэтгэгчийн томилсон комиссын зөвшөөрлөөр ашиглалтанд оруулна  гэж заасан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. 

Гэрээгээр Зуун наст хотхоны 2 дугаар эгнээ, 76 м.кв талбайтай, 500м.кв газартай, 96 000 000 төгрөгийн үнэ бүхий амины орон сууц байх бөгөөд уг гэрээний 1.1-д үнийг төлөх хуваарийг тохирсон.

Ингээд нийт 67 200 000 төгрөгийг дансаар болон бэлнээр тушаасан боловч орон сууц тогтоосон хугацаанд  ашиглалтад ороогүй тул 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ цуцласан тухай баримт үйлдсэн, хариуцагч компанийг төлөөлж нягтлан бодогч Д.Г гарын үсгээ зурсан.

Хариуцагч компанийн удирдлагууд оффис дээрээ огт байдаггүй, захирал нь хэн болох нь тодорхой бус ажилтнууд нь н.Ц, Т.А, Н.Г гэх хүмүүсийг захирал гэж танилцуулдаг.

Нэхэмжлэлийн шаардлагаа 12 296 540 төгрөгөөр багасгаж байна. Гэрээний дагуу барилга одоо болтол баригдаагүй, гэрээг цуцласан тул хариуцагч “Д.Х” ХХК-иас төлбөрт төлсөн 56 200 000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 1 871 460 төгрөг, нийт 58 071 460 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч компани гэрээ байгуулсан, гэрээнд заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалсан, төлбөрийг буцаах тухайд маргах зүйл алга байна. Төлбөрийн “Д.Х” ХХК-ийн дансанд нэхэмжлэгчийн төлсөн 37 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчийн нөхөр Б.Бум-Эрдэнийн данснаас Т.А-ын Хаан банк дахь 5637126809 тоот дансанд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 18 800 000 төгрөгийг болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Т.А нь тус компанид ямар нэгэн хамааралгүй этгээд юм. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Д.Х” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөр, алдангид 70 368 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 12 296 540 төгрөгөөр багасгаж, 58 071 460 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Зохигчид 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 16/003 дугаартай “Амины орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулан гүйцэтгэгч тал болох  “Д.Х” ХХК нь Сүхбаатар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “З.Н” хотхоны 2 дугаар эгнээ, 3 тоот, 76 м.кв талбайтай, 500 м.кв газартай, 96 000 000 төгрөгийн үнэ бүхий амины орон сууцыг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан, бүрэн чанартай барьж дуусган захиалагч тал Б.М-д хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 9/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагчийг гэрээгээр тохиролцсон амины орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тул хариуцагчид шилжүүлэн өгсөн 56 200 000 төгрөг, алданги 1 871 460 төгрөг, нийт 58 071 460 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь гэрээ байгуулсан, гэрээг цуцласан  тухайд маргахгүй, төлбөрт шилжүүлсэн 37 400 000 төгрөгийг зөвшөөрнө, харин хариуцагчтай хамааралгүй этгээдэд шилжүүлсэн 18 800 000 төгрөг болон алдангийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 18/080 дугаартай “Төлбөр буцаах тухай” албан бичиг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ цуцалсан тухай мэдэгдэл” зэрэг баримтуудад хариуцагч компанийн тамга дарагдаагүй, эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, “Д.Х” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан, нягтлан Д.Г гарын үсэг зуржээ. /хх-ийн 14, 15/

Дурдсан баримтууд  нь бичгээр хийх хэлцэлд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа боловч гэрээг харилцан тохиролцож цуцласан тухайд талууд маргахгүй байгаа тул дурдсан хугацаанд талууд гэрээгээ цуцалсан, хариуцагч төлбөрийг буцаан өгөхийг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй.  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсгүүдэд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар зохицуулсан байна.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, захиалагч гэрээнд заасан хуваарийн дагуу, гүйцэтгэгчийн заасан дансанд төлбөрийг шилжүүлсэн байхад гүйцэтгэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, амины орон сууцыг гэрээний хугацаанд ашиглалтад оруулаагүй тул гэрээ цуцлагджээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан байх бөгөөд  нэхэмжлэгч учирсан хохирлоо бус төлбөрт шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар шаардсан.

Нэхэмжлэгч гэрээгээ цуцлаж төлбөрөө буцаан авахаар шаардахдаа  гэрээгээр тохирсон алдангийг нэмж нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг гүйцэтгэгчийн буруугаас гэрээ цуцлагдсантай холбогдон гарсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Төлбөрийг буцаахыг хариуцагч зөвшөөрч байгаа боловч Т.А-ын Хаан банк дахь 5637126809 тоот дансанд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 18 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөггүй.  /хх-ийн 22/

Учир нь хариуцагч “Д.Х” ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх төлбөрийг компанийн дансаар бус Т.А-ын дансаар шилжүүлэн авах хүсэлт гаргаснаар төлбөрийг шилжүүлсэн, мөн Т.А-г компанийн ерөнхий захирал гэж хариуцагч компанийн ажилтнууд ойлгуулсан гэх нэхэмжлэгч Б.М-гийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Мгийн гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн 56 200 000 төгрөгийг хариуцагч “Д.Х” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс алданги болох 1 871 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                               ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Д.Х” ХХК-иас 56 200 000 /тавин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс 1 871 460 /нэг сая найман зуун далан нэгэн мянга дөрвөн зуун жар/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 438 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ