Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/765

 

 

 

 

 

   2022        09         28                                   2022/ШЦТ/765

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Батцэцэг,

хохирогч Н.Т,

  шүүгдэгч А.Д /шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иеншөбү овогт АДд холбогдох эрүүгийн 2211 00000 1380 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Иеншөбү овогт АД, регистрийн дугаар ...................................................,

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 7 дугаар гудамжны 646 дугаар тоотод байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч АД нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Зүрх-Уулын 7 дугаар гудамжны 646 тоот хашааны гадна хохирогч Н.Ттэй таксины төлбөрийн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар биед нь чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн нүүр хэсэгт цохих, хөлөөрөө хөл рүү нь өшиглөх үйлдлийн аргаар халдаж, эрүүл мэндэд нь “зүүн дээд нэгдүгээр шүдний эмтрэл, зүүн дээд хоёрдугаар шүдний сулрал, дээд уруулд салстын өнгөц шарх, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр орой би нэлээн уусан байсан үнэн. Гэхдээ би энэ хүнийг цохиогүй. Манай хүүхдийн болон дуудлагаар ирсэн цагдаа ирээд таныг хэн цохисон юм бэ гэхэд Н.Төмөрхүү  Долгорсүрэн гэх хүн цохиогүй гэж мэдүүлсэн байдаг. Тийм учраас би хохирогчийг цохиогүй гэж үгүйсгэж байна. Манай нөхөр намайг гэрт ороод гарч ирэхэд надтай хамт гарч ирээгүй. Надаас хойш гарч ирсэн. Миний гар хөхөрсөн байдалтай байсан. Би байцаагчдаа харуулсан. Би согтолт ихтэй байсан учраас наад хүнийг чинь зодоогүй. Намайг хойш нь түлхэхэд би чулуун дээр унасан. Такси барихад 10.000 төгрөг гардаг газарт надаас 23.000 төгрөг нэхсэн. Би заримдаа ядарсан үедээ Багшийн дээдээс такси авдаг. Таксны мөнгө нь 10.000 төгрөг л гардаг. Надаас илүү мөнгө завших гэж завдсан. Хүнээс илүү мөнгө завших гэвэл хэн ч уурлана. Тиймэрхүү л зүйл болсон. Би эв эрүүл байгаа хүнийг барьж аваад зодож, нүдээд байх чадал тэнхээ ч байхгүй. Дуудлагаар ирсэн цагдаа байхад манай хүүхэд ахаа таны нүүр ам руу манай ээж цохисон юм уу гэхэд нүүр рүү цохисон зүйл байхгүй гэж хэлсэн” гэв.

Хохирогч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “А.Д худлаа  ярьж байна. Дөрөвдүгээр дэлгүүрээс суугаад 32-ийн тойрог орчихоод буцаж яваад нэг дэлгүүрийн нэр хэлэхээр нь буцаад явж байхад дахиад буцаад явъя гэж хэлсэн. Тэгээд түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Гэртээ ороод мөнгө аваад ирье гэж хэлж ороод нөхөртэйгөө гарч ирээд нөхөр нь хашааны хаалга дээр зогсож байсан. Намайг тамхи татаад гадаа зогсож байхад надад мөнгө өгсөн. Тэгээд би түүнд хөөе энэ чинь 10.000 төгрөг байна гэж хэлсэн. Наадахаа аваад пизда минь зайл гэж хэлсэн. Чи юу яриад байгаа юм бэ мөнгөө гүйцээж өгөөч гэхэд доош сууж, газраас чулуу аваад намайг цохисон. Намайг нэг бол найдвартай цохисон. Нэг юм уу хоёр цохисон гэхийг санахгүй байна. Шүүх эмнэлэг нь миний биеийн байдалтай холбогдуулаад худлаа дүгнэлт гаргасан гээд байгаа юм уу. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт худлаа байна гэж байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар авсан зураг  нь надад байна. 102-ын цагдаа дуудлагаар ирэхэд юу болсон бэ ахаа гэж асуухад юу болсон талаар цагдаад хэлсэн. Намайг А.Д цохиод авангуут би түүний хоёр гарыг нь бариад түүнийг түлхэж унагаахгүйгээр хашаа налуулж байхад нөхөр нь намайг тэврээд авсан. Тэгээд би А.Дгийн нөхрийг гарыг тавиулах гээд байж байхад намайг өшиглөсөн. Тэгээд миний гарыг тавьсан. Тэгэхээр нь би машиндаа суугаад жоохон ухарч байгаад 102-ын цагдаа дуудсан. Цагдаа ирээд баяр наадам болж байна, эмэгтэй хүн байна. Танд хохирол байна уу гэхэд би цагдаад миний хувцас хунар урагдсан байдалтай байна. Түүнийгээ төлүүлмээр байна гэж хэлсэн. Энэ үед А.Дгийн хүүхэд нь хэрэг учрал болсноос хойш 20 орчим минутын дараа нохойгоо хайж ирсэн. Цагдаа ирсний дараа нохойгоо хайж ирсэн. Миний нохой алга болчихлоо үнэтэй нохой байсан гээд хайгаад байсан. Төд удалгүй нохой нь булангаас гараад ирсэн. Таны шүд яасан юм бэ гэхэд шүднээс цус гарсан байдалтай байна гээд А.Дгийн хүүхэд болон цагдаад үзүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь А.Дгийн хүүхэд нь ахаа тантай уулзъя гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь би А.Дтэй утсаар ярихад тэрээр чамайг алах байсан юм. Чи алуулаагүй дээ баярлаарай гэж хэлсэн учраас би А.Дгийн хүүхдэд танай ээж ийм зүйл ярьж байна. Би цагдаагийн байгууллагад хандана гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс орсон. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс нэг бичиг өгсөн тэр бичгийн дагуу очиж өөрийгөө үзүүлсэн. А.Д нь 102-ын цагдаа нарт пизда нараа намайг дуудлага өгөхөд ирдэггүй юм байж намайг нэг удаа архи уухад ирлээ гээд дуудлагаар ирсэн цагдаа нарт хэлээд байсан. Энэ хүн ингэж байгаад хэл ам болох бий дээ гэхэд цагдаа нар нь баяр ёслол болж байна. Эмэгтэй хүн юм байна. Түүнээс биш аваачаад эрүүлжүүлэхэд оруулчихмаар байна гэж байсан. Гэртээ орохгүй чулуу авахгүй орилж чарлаад байсан. А.Дгийн хүүхэд нь ээжийгээ тэвэрч аваад гэр рүүгээ орсон. Би урд нь мөрдөгчид хэлж байсан. Миний цамц болон майк урагдсан байдалтай байна. Миний шүдийг янзлаад өгчих юм бол би илүү дутуу мөнгө өгөхгүй гэж хэлсэн. А.Д нь муухай аашлаад ална, хядна гээд байсан учраас би шүүхээр явна гэж мөрдөгчид хэлсэн. Миний цамц болон майк урагдсан байдалтай. Миний үүдэн шүд гэмтсэн байдалтай байна” гэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтанд тусгагдсан баримтуудыг шинжлэн судлах, харин шүүгдэгч, хохирогч нар хавтаст хэргээс шинжлэн судлах зүйлгүй, гаргах санал, хүсэлтгүй гэсэн болно.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг улсын яллагч шинжлэн судлав. 

Хохирогч Н.Тийн   “...нэг эмэгтэй гар өргөхөөр нь авсан ба Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Дукий” дэлгүүр дээр очсон. Таксины мөнгө 23.000 төгрөг гарсан байхаар нь би тэр эмэгтэйд хэлсэн чинь за би гэр лүүгээ ороод мөнгөө аваад ирье гэж хэлээд буусан. Хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй нэг эрэгтэйн хамт гарч ирээд надад 10.000 төгрөг өгсөн, би тэгэхээр нь нөгөө эмэгтэйд “23.000 төгрөг гарсан ш дээ” гэж хэлэхэд тэр эмэгтэй “байгаа нь наадах чинь пизда минь наадахаа аваад зайл” гэж хэлээд газраас чулуу авах шиг болсон ба тухайн чулуутай гараараа миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Би түүнийг “яаж байна аа” гэж хэлэхэд тэр 2 гараараа намайг заамдаад авсан. Би түүний 2 гарыг нь бариад авсан, тэгтэл хажууд байсан өнөөх эмэгтэйн нөхөр бололтой эрэгтэй миний араас намайг тэврээд авсан. Тэгэхээр нь би түүнийг “намайг тавь” гэж хэлээд өнөөх эмэгтэйг хашаа руу шахаад түлхсэн. Тэгтэл өнөөх эрэгтэй намайг тавиад надаас холдсон ба тухайн эмэгтэй нь миний хувцаснаас барьчихаад тавихгүй хамаг хувцас урчихсан. Миний төмсөг рүү хөлөөрөө өвдөглөөд шилбэ рүү мөн хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ..., ...миний уруул хавдсан, шүд хөдөлсөн, эмтэрсэн байна ... нөхөр нь бололтой эрэгтэй намайг цохиж зодоогүй, ...тэр эмэгтэйг Алтангэрэлийн Долгорсүрэн гэдэг ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Гэрч Ш.Цолмонгийн “...гэртээ байхад оройн 23 цагийн үед гаднаас эхнэр Долгорсүрэн орж ирээд “такси гадаа зогсоочихсон байгаа 20.000 төгрөг гарсан байна гэнээ гэж хэлээд миний цэнхэр түрийвчнээс 10.000 төгрөг аваад гарсан юм. Гадаа дуу чимээ болоод байхаар нь араас нь гартал Долгорсүрэн таксины жолоочтой зууралдчихсан байсан. Би очоод салгах гэтэл тэр хоёр бие биеэ заамдчихаад тавихгүй байсан ба таксины жолооч манай эхнэрийн гарыг тавиулах гэж гараараа гарыг нь доош дугтрахад тухайн хүний цамц нь урагдчихсан. Тэгтэл манай эхнэр газраас жижиг хэмжээтэй чулуу аваад тухайн хүний мөр орчимд нэг удаа чулуутай гараараа цохисон. Тухайн хүн холдоод цагдаа дуудсан ... Долгорсүрэн их согтолттой байсан ... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 9872 дугаартай дүгнэлтэнд “Н.Төмөрхүүгийн биед зүүн дээд нэгдүгээр шүдний эмтрэл, зүүн дээд хоёрдугаар шүдний сулрал, дээд уруулд салстын өнгөц шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Алтангэрэлийн Долгорсүрэн нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Зүрх-Уулын 7 дугаар гудамжны 646 тоот хашааны гадна хохирогч Н.Төмөрхүүтэй таксины төлбөрийн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар биед нь чулуу хэрэглэн нүүр хэсэгт цохих, хөлөөрөө хөл рүү нь өшиглөх үйлдлийн аргаар халдаж, эрүүл мэндэд нь “зүүн дээд нэгдүгээр шүдний эмтрэл, зүүн дээд хоёрдугаар шүдний сулрал, дээд уруулд салстын өнгөц шарх, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Төмөрхүүгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/, гэрч Ш.Цолмонгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  9872 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

Иймд шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Д нь хохирогч Н.Төмөрхүүтэй таксины төлбөрийн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар хохирогчийн биед нь чулуугаар нүүр хэсэгт цохих, хөлөөрөө хөл рүү нь өшиглөх үйлдлийн аргаар халдаж, эрүүл мэндэд нь “...зүүн дээд нэгдүгээр шүдний эмтрэл, зүүн дээд хоёрдугаар шүдний сулрал, дээд уруулд салстын өнгөц шарх, хүзүүнд цус хуралт ...” бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна ... шүүгдэгчээс 51.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ... “ гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх шүүгдэгч А.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ...” Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Н.Төмөрхүү нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй ба шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр ...гомдолтой ... гэсэн болно.  

Шүүгдэгч А.Дгийн үйлдлийн улмаас хохирогчийн майк, монгол цамц зэрэгт 51.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 26 дугаар тал/-гаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 51.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Иеншөбү овогт АДг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Дгээс 51.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Тд олгосугай.

6. Хохирогч Н.Төмөрхүү нь гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ