Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар  2022/ШЦТ/762

 

 

 

 

  2022          09          28                                   2022/ШЦТ/762

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, Г.Нацагдорж,

хохирогч Н.Бийн өмгөөлөгч Б.Дамба,

хохирогч Д.Нийн өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт СТт холбогдох эрүүгийн 2111 00160 1149 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 8 дугаар байрны 17 тоотод оршин суух,

Урьд: - 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж уг торгуулийн ялыг бүрэн эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай,

Боржигин овогт СТ /РД:.........................................................../.

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.Т нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьд Урт цагаан худалдааны төвд үсчинээр ажиллаж байхдаа тус төвд алт, үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч иргэдтэй тогтоосон танилын харьцаа, өмнө нь зээл авч мөнгийг нь буцаан өгдөг байсан зэрэг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, маргааш зарж борлуулаад мөнгийг нь өгнө, нөхрийнхөө барьж байгаа барилгыг дуусахаар өөрийнхөө мэдлийн байрнаас орон сууцыг хямд өгнө гэх зэргээр хуурч, Д.Наранчимэгээс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 71.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгө аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлийг, Н.Бямбасүрэнгээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 88.219.050 төгрөгийг бэлнээр болон өөрийн нэр дээрх Хаан банкны 5019682180 дугаарын дансаар залилан авч, нийт 2 иргэнд 159.819.050 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 762 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд,

 

Улсын яллагчаас: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Тийн гэм бурууг шүүхийн өмнө нотлох яллах байр суурьтай төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Хавтаст хэргээс яллах дүгнэлт хавсралтанд дурдагдсан нотлох баримт болон гэрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тэмдэглэл /2хх235-240/ зэргийг шинжлэн судална гэв.

 

Хохирогч өмгөөлөгч Б.Дамба мөнгө хүлээлгэн өгсөн талаарх баримтууд /1хх201-205/, утасны мессеж тэмдэглэл /2хх1-3, 135-140/ зэргийг шинжлэн судлах,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбат хавтаст хэргээс тодорхойлолт /1хх11/, хохирогчийн мэдүүлэг /1хх17/ зэргийг шинжлэн судлах,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцсон. Хавтаст хэргээс Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх40-45, 47-50/,  хил хамгаалах газрын лавлагаа /1хх77/, С.Тт бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн гэх баримт /1хх78-79/ зэрэг нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч нарын мэдүүлэг зэргийг шинжлэн судална гэв.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Т нь:

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьд Урт цагаан худалдааны төвд үсчинээр ажиллаж байхдаа тус төвд алт, үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч иргэдтэй тогтоосон танилын харьцаа, өмнө нь зээл авч мөнгийг нь буцаан өгдөг байсан зэрэг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, маргааш зарж борлуулаад мөнгийг нь өгнө, нөхрийнхөө барьж байгаа барилгыг дуусахаар өөрийнхөө мэдлийн байрнаас орон сууцыг хямд өгнө гэх зэргээр хуурч, Д.Наранчимэгээс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 71.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгө аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлийг, Н.Бямбасүрэнгээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 88.219.050 төгрөгийг бэлнээр болон өөрийн нэр дээрх Хаан банкны 5019682180 дугаарын дансаар залилан авч, нийт 2 иргэнд 159.819.050 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүгдэгч С.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогч болох Д.Наранчимэг надаар үсээ засуулдаг байсан. Бид хоёр бие биеэ таньж мэддэг байсан. Д.Наранчимэг нь 6 сард над руу утасдаад зараад өгөөч гэж гуйсан. Би маргааш зараад өгье гэж хохирогч Д.Наранчимэгт хэлээгүй байсан. Би тухайн эд зүйлийг Одмаад өгөөд заруулж өгнө гэхийг хохирогч нарт хэлж байсан. Би 7 дугаар сарын 24-ний өдөр мөнгөн аягыг нь 8 дугаар сарын 26-ны өдөр эмээлийг нь зараад өгөөч гээд Одмаад өгсөн. Би Одмаагаар тухайн эд зүйлийг заруулаад дундаас нь мөнгө унагаах зорилготой байсан. Одмаа нь тухайн үед надад мөнгөн аяга, цар нь байгаа гээд мессеж бичсэн мессеж нь хүртэл байна. Би Бямбасүрэнгээс 10-30 хувийн хүүтэй мөнгө зээлж байсан. Хохирогч Бямбасүрэн бол ломбард ажиллуулдаг хүн хүнд ширхэг зүү ч өгөхгүй хүн гэж үзэж байна. Би бэлнээр болон дансаар ч гэсэн мөнгө Бямбасүрэнд өгч байсан. Би Н.Бямбасүрэнгийн гэрийнхэн хажуу талын “Хаан банк”-ны АТМ-ээс өөрийнхөө 0530 гэсэн нууц дугаартай картнаас бэлэн мөнгө авч Н.Бямбасүрэнд өгч байсан. Би одоо Одмаагаас 500 орчим сая төгрөгийн авлагатай хүн. Дансны хуулгаар надад баримт нь явж байна. Манай охинд 2020 оны 5 дугаар сард бэлэн мөнгө өгсөн, 8 дугаар сард бэлэн мөнгө өгсөн гэж ярьж байна. Манай охин Буянт Ухаад эмийн сан ажиллуулж байсан. Тэндээ өөрөө хоноод байрладаг байсан. 8 дугаар сард бол манай охины бие муу байсан учраас нэгдүгээр эмнэлэгт сэхээнд хэвтэж байсан, сэхээнээс тасаг руу шилжээд тасгаас нь нэгдүгээр эмнэлэг рүү шилжсэн гэв.

 

Шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

Шүүгдэгч: Миний сэтгэл санаа хүнд байна. Хүнд гүтгүүлээд хорих ял авна гэхээр хэцүү байна. Би 5 дахь өдийн орой нөхөртэйгөө ярьсан. Түүний хүүхдийн бие нь муу байна гээд эмнэлэгт сахиад хэвтэж байгаа гээд уйлаад яриад байхаар нь би хэлж чадсангүй. Би хүнд гүтгүүлээд хорих ял авах гэж байгаадаа харамсаж байна. Би хүнд илүү мөнгө өгчхөөд гүтгүүлж байгаадаа харамсалтай байна. Би хэлэх зарим үгээ мартаад байна. Би уул нь шүүх хуралд бэлдсэн хэдий ч бичсэн зүйлээ мартаад гараад ирсэн байна. Намайг харж үзэж өгнө үү. Улсын яллагчаас оногдуулахаар санал болгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хоёр охин ажил хийгээд байрны түрээсний мөнгөө төлөөд намайг тэжээгээд аваад явж байгаа. Миний даралт 180/200-тай байдаг. Даралт их учраас заримдаа хэвтэрт ордог. Миний биеийн байдлыг харгалзан үзэж өгнө үү. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

 “Хохирогч Н.Бямбасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр С.Ттай гэр бүлийн найз болох Ганцоожийн эхнэр Мянгантуяагийн төрсөн өдрөөр танилцсан. Бид төрсөн өдөр тэмдэглээд хөгжилдөж байхад манай нөхөр Мөнхцогт нь Драгон худалдааны төвийн хажууд орон сууцны барилга барьж байгаа  гэж тэр надад хэлсэн. Тэр үед би ээждээ нэг өрөө байр авч өгөх бодолтой байгаа тухайгаар түүнд хэлсэн. Тэрнээс хойш С.Ттай Ганцоож болон Мянгантуяа нар шинэ байр аваад цэвэрлэгээний ажил хийж өгөхөөр би очсон. Намайг Мянгантуяатай цэвэрлэгээ хийгээд сууж байхад гаднаас С.Т орж ирсэн. Тэр өдөр бид гурав нэлээн орой хүртэл шинэ байр цэвэрлэнгээ юм ярьж сууцгаасан. Тэр үед манай нөхөр орон сууц барьж байгаа тухай ярьж байсан. Энэ үйл явдлын дараагаар 10 дугаар сарын 17-ны өдөр над руу С.Т залгаад 5 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай зээлээч гэж хэлсэн. Тэр үед би С.Тт яагаад мөнгө өгөх итгэл төрсөн бэ гэхээр миний гэр бүлийн найзууд боох Ганцоож, Мянгантуяа нартай найзалж нөхөрлөж байсан учраас би итгэсэн. Би С.Т залгаад 5 сая төгрөг зээлээч гэхэд нь 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 3 хоногийн дараа дахиад 5 сая шилжүүлээч өгөөч гэхэд нь дахиад 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Чи надад амьд тус болсон үед тус болж байна. Би нөхөртөө хэлсэн. Чамд хямд үнээр байр өгнө гэж хэлсэн. Тэгээд надад байр өгнө гэхээр нь би 10.000.000 сая төгрөгт хүү өгөөд яах юм бэ гэж хэлсэн. 2017 онд анхны шүүх хуралдаан дээр баримт харж яриагүй учраас ярьсан байдаг. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 6 удаагийн гүйлгээгээр 20.900.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Охин Цэнд-Аюушийн данс руу нэг удаагийн гүйлгээгээр 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 23.900.000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь зээл гэж бичээд явуулсан. Энэ асуудал бол хүүгийн зээлийн харилцаа байсан нь үнэн. 2017 онд С.Т надаас мөнгө аваад буцаагаад өгөөд байгаа асуудал дээр 17 сая төгрөгийн зөрүү байсан. Намайг 20-30 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэж яриад байх юм. С.Т нь 20-30 хувийн хүүг яаж бодох талаар мэдэх үү. 2018 онд гараад нөгөө байр нь ашиглалтад орох болж байна уу гэхэд удахгүй ашиглалтад орно. Би машинтай барилгын материалын зах дээр материал аваад явж байна найздаа мөнгө өгөөч гэж хэлсэн. Түүний яриад байсан 1 давхрын 1 өрөө байр худлаа болсон. Драгон дээр барьж байгаа байрнаасаа нэг өрөө байрыг зах зээлийн ханшаас бууруулж өгнө гэж хэлсэн. Би тэр үед С.Тт итгэдэг байсан. Бараа материал авах шаардлагатай байна мөнгө төгрөгийг нь мөнгө хэрэгтэй байна гэхэд нь С.Тийн данс руу шилжүүлдэг байсан. Би тухайн үед өөрт байсан мөнгөнөөсөө шилжүүлдэг байсан. Зарим тохиолдолд найз нөхдөөсөө гуйдаг байсан. Би С.Тт үнэхээр их гомдож байна. Шүүгдэгч С.Т нь сэтэрхий тэвэнгийн гарцгүй гэж хэлсэн үү яг юу гэж хэлсэн бэ? би түүний хэлснийг ойлгосонгүй. 2017 оны эхний мөнгийг чамд зээл гэж өгдөг байсан. Би 2018 онд зээл гэж хэлээгүй, чиний хэлснээр орлого гэж бичдэг байсан. Чиний толгой бол аймаар ажилладаг толгой шүү дээ. Чи миний нөхцөл байдлыг мэдэж байсан учраас энэ асуудал дээр чи дөрөөлсөн. Чи надад мөнгөө бөөнөөрөө өгдөггүй байсан. Хэдэн сарын дараа мөнгө авсан тухай нотлох баримт дээр чамаар бичүүлж авсан. Драгоны байр худлаа болсон. Манай ээж болконгүй байр авахгүй гэсэн учраас би мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр офицеруудын тэнд газар авч байгаа тухайн газарт орон сууц барина би тухайн ажлыг хариуцаж байгаа гэж хэлээд Lexus  гэсэн 470 маркийн машин унаад над дээр манай ажил дээр ирсэн. Найз нь гардаж ажиллана гэж хэлсэн. Чи тэндээс байр аваарай. 60 мкв-аас дээш 2 өрөө байр өгье гэж надад хэлсэн. Төд удалгүй офицеруудын байр худлаа болсон. Мөнхцогт бид хоёрын гал голомтоо бадраасан байр байдаг гэж хэлсэн. Би үнэтэй байрандаа орохоос өмнө амьдарч байсан байр байгаа түүнийг аваарай гэж хэлсэн. Сүүлдээ тэр байр нь худлаа болсон. Би С.Тт мөнгийг минь өг гэхэд чи миний хоёр охиныг бодолдоо гэж хэлсэн. Би чиний нас биед хүрсэн охиныг чинь өөрийнхөө гурван хүүхэдтэй харьцуулж боддог байсан. Манай охин эм зүйч, манай хүн зөвшөөрлийг нь авсан. Хоёр газар аж, ахуй нэгж ажиллуулах эрх зөвшөөрөл авсан гэж хэлсэн. Нэг нь Хангай хотхонд нөгөө газар нь Яармагт гэж хэлж байсан. Манай охин руу Цэнд-Аюуш руу шилжүүлчих гэж хэлсэн. Хоёр эмийн сангийн чинь ашиг гэж зөндөө олно гэж хэлж байсан. Нэг нэг саяар хийгээрэй гэж хэлэхээр нь охиныхон данс руу нэг, нэг саяар мөнгө хийсэн. Яг мөнгөө авах болохоор эмийн санг нь лацдаж ломддог. Би хоёр хүүхдийнхээ нэрийг бариад зээл авчихсан юм гэж хэлэхээр нь би хүүхдүүдийг нь бодоод өрөвддөг байсан. Эсвэл нөхөр нь болохгүй болчихдог. Яагаад 200-300 сая төгрөг байхгүй байсан болохоор С.Тт өнөөдөр мэхлэгдчихээд байна. Надад мөнгө байхгүй байсан бол би олж шилжүүлж өгдөг байсан. Би чамд итгэх болсон шалтгаан бол Ганцоож, Мянгантуяа нарын гэрт гэр нь юм шиг орж гардаг байсан болохоор чинь итгэдэг байсан. Өглөө босоод утас дугарахад С.Т сайн уу найзаа гээд залгадаг байсан болохоор би итгэсэн. Би гутал засвар дотор алт, монет авдаг байсан. Танай нөхрийг орон сууцны барилга бариулж байгаа гэхийг нүдний шил ажилуулж байгаа хоёр ихэр залуу хоёр өрөө, хоёр байр авсан гэж би сонссон. Би чамд үнэхээр итгэж байсан. Намайг Эрх Зүйч хүн байсан гэж яриад байна. Намайг энэ хүн хуураад, мэхэлсэн байна. Бямбаа 10-30 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байсан гэж яаж хэлж чадаж байна. Би 2018 оноос хойш гүйлгээнийхээ утга дээр з гэсэн үсэг ч тавиагүй байгаа. Чиний хямд байр өгнө гэсэн сэтгэлд чинь хууртагдаж байсан. Би чамайг тэвчээд л явж байсан. Үнэн ч ярьдаг байсан юм уу үнэн ч юм уу над руу байнга зовлонгоо ярьдаг байсан. Би өнөөдөр өвчтэй нөхөртэй, өрх толгойлсон эмэгтэй хүн шиг байдаг байсан. Д.Наранчимэг чамайг цагдаад өгсөн гэхэд нь би С.Таас Д.Наранчимэг рүү та бид хоёрын мөнгийг өгнө гэж байна гээд Наранчимэг рүү мессеж хүртэл бичиж байсан. Манай хоёр хүүхэд 23, 24 дүгээр сургуульд суралцдаг. Чи 9911-тай дугаар бариад, чи дунд гарын жип унасан байсан. Чамайг жип авлаа гэхэд халзан цагаан хонь аваарай гэж хэлэхэд чи Энхболдын замаар очоод Мөнхцогттойгоо очоод манай ээжийн гэрээс хонь авсан. Чи манай ээжийнд очиж хонь авахдаа ямар газар яаж амьдарч байгааг харсан байх. Би Одмаа гэх ченж танихгүй. Би Урт цагаан дээр 19 жил болохдоо Одмаа гэх ченжийг харж байгаагүй, танихгүй. Би 2018 онд С.Т руу 62 удаагийн гүйлгээгээр 357.523.650 төгрөгийг шилжүүлсэн. Чиний охин руу 2018 онд нэг удаагийн гүйлгээгээр 12 сая төгрөгийг шилжүүлсэн. Одмаа гэх хүний данс руу чиний хэлснээр 2 удаагийн гүйлгээгээр 24 сая төгрөгийг чамайг хэлсэн болохоор шилжүүлсэн. Би чамд бэлнээр 65 сая төгрөг өгсөн. Бэлнээр өгөхдөө тухайн цаасан дээр он сар өдөр өөр өөр байгаа. Чи огноотойгоо гарын үсэг зурж байсан. 2017 оноос 2018 он хүртэлх дансны хуулгаар 19 сая төгрөгийн зөрүү байна. Би чам руу мессежээр хүүгээ өгөөч гэж дарамталсан зүйл байгаа юу?. 88.219.000 төгрөгийн хохиролтой байна. Надад мөнгө өгнө гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Чиний гурван хүүхэд сайн явна. Чиний гурван хүүхэд мундаг байна гээд намайг уяраадаг байсан. Би чинийхээ мөнгийг өгөхгүй бол үйлийн үрээ эдэлнэ. Үйлийн үр гэдэг бол үсний ширхгийн тоогоор байдаг гэх үгийг С.Т хэлж байсан, би Тунгалагийг цагдаад өгье гэхээр яаж гуйлаа. Гомдолтой байна. Чи намайг хохироосон биздээ. Гурван хүүхдийн хоолноос зулгаасан биздээ. Хөлгүй ээжийн минь гэрт очиж хараа биздээ” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

 

Хохирогч Д.Наранчимэгийн “...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр намайг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Фреш худалдааны төв дээр өөрийн эрхэлдэг үнэт эдлэл зардаг лангуун дээрээ зогсож байтал миний хуучны танил Тунгалаг ирээд надаас “үнэт эдлэл аваад маргааш мөнгийг нь өгье” гэхээр нь би түүнд итгээд 3.500.000 төгрөгөөр зарахаар 26.6 лангийн жинтэй гар хийцийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн нэг ширхэгийг нь 3.500.000 төгрөгөөр зарахаар 28 лангийн жинтэй, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, 3.500.000 төгрөгөөр зарахаар 26 лангийн жинтэй, шүрэн шигтгээтэй, оюу шигтгээтэй 2 ширхэг аяга, 40.000.000 төгрөгөөр зарахаар 100 лангийн жинтэй, үндсэн тагштай, гар сүлжмэл хийцийн идээний цар таваг 1 ширхэг, 12.500.000 төгрөгөөр зарахаар Батноров бүтэн эмээл 1 ширхэг зэргийг надаас аваад явсан юм. Тухайн үед надад мөнгийг нь маргааш өгнө гэж байсан боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй, удахгүй өгнө гэж хэлээд яваад байгаа юм ...урьд нь Тунгалаг нь надаас бараа авч зарж байгаагүй, харин худалдан авч байсан ..., 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Тунгалаг надаас нийт 200 грамм эрэгтэй, эмэгтэй хүний 750-ийн сорьцтой алтан гинжнүүд авсан байсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ эдгээр зүйлийг хэлэхээ мартсан байна. Гэхдээ уг гинжнүүдийг эмээл, мөнгө аягуудтай нийлүүлж 68.500.000 төгрөгөөр авсан юм. Нэг грамм (гинжнүүдийг)-ыг нь 100.000 төгрөгөөр бодож нийт 20.000.000 төгрөгөнд бодож авсан. Тунгалаг надад 2021 оны 03 дугаар сард 1.000.000 төгрөгийн ноолууран бүтээгдэхүүн авах эрх, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Би одоо түүнээс 67.000.000 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 16-19 дүгээр тал/,

 

Хохирогч Н.Бямбасүрэнгийн “...Тунгалаг над руу залгаад манай нөхрийн барьж байгаа барилгад материал дутчихлаа 5.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлээч гэхээр нь би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны 5077160822 дугаарын данснаас Тунгалагийн Хаан банкны 5019682180 дугаарын данс руу Бямбаагаас гэсэн утгатай шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа 2017 оны 10 дугаар сарын 20-ны дахин 5.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би мөн дээрх данс руу шилжүүлтэл би нөхрийнхөө барьж байгаа байрнаас чамд өөрийнхөө мэдлийн зарах 3,4 байрнаас нэг байрыг нь хямд зарна. Чи ээждээ байр сонирхож байгаа юм чинь аваарай гэсэн юм. Би тэр үед нь баярласандаа түүнд мөнгөө хүүтэй зээлэхээ болилоо мөнгөө эргүүлээд хүүгүй авна гэдгээ хэлсэн. Түүнээс хойш тухайн байрыг улсын комисст хүлээлгэн өгөхөөс өмнө хийх ажил их байна, мөнгөний хэрэг гарч байна, би чиний мөнгийг эргүүлээд найдвартай өгнө, чамд хямд байр зарна гэхээр нь түүнд итгэж ..., ...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 17.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 20.000.000 төгрөг (энэ үед 5.000.000 төгрөг дансаар), 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 8.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ээж Нармандахын Төрийн банкны хадгаламжийг цуцалж ...10.000.000 төгрөг болгон бэлнээр өгсөн. Би түүнд бэлнээр нийт 65.000.000 төгрөгийг С.Таар өөрөөр нь баримт үйлдүүлж өгч байсан. Үүний зэрэгцээ 2017-2020 оны хооронд С.Тийн өөрийнх нь надад хэлсэн ёсоор түүний болон охин Цэнд-Аюуш, Одмаа нарын данс руу нийт 436.602.650 төгрөгийг шилжүүлж үүнээсээ өөрийн дансаараа 417.033.600 төгрөг эргүүлэн авсан. Одоо мөнгөний дансны зөрүү 19.569.050 төгрөг өгөгдөөгүй байгаа. Уг мөнгө болон дээрх бэлнээр өгсөн 65.000.000 төгрөгийг түүнээс байр авахаар өгсөн мөнгө боловч одоог хүртэл байраа ч аваагүй, мөнгөө ч аваагүй хохирсон хэвээр байна. Би түүнээс авах нийт 84.569.050 төгрөгийг нэхэмжилж байна, гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 215-219 дүгээр тал/,

 

Гэрч П.Үүрийнцолмонгийн: “...Д.Одмаа нь миний ээж байгаа юм. Харин С.Т Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагаан орчимд манай ээжийн алт мөнгөний лангуунд эд зүйлс зардаг байхад 1 дүгээр давхарт үсчин хийдэг байсан юм. Ээж одоо АНУ-д байгаа. Яг аль хотод байгаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн үед БНХАУ-д сурч байсан болохоор сайн мэдэхгүй байна. С.Т нь манай ээжээс алт, монетон эдлэл зээлээр ямар ч байсан авдаг байсан юм ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36 дугаар тал/,

 

Гэрч О.Нармандахын: “...Миний охин Бямбасүрэн надад Тунгалаг гэх хүнээс Драгонд 1 давхарын 1 өрөө байр авч өгөх гэж байгаа гэж надад хэлж байсан. Тухайн үед би Төв аймгийн Өндөр Ширээт суманд ганцаараа мал малладаг байсан болохоор хүүхдүүдээ бараадаж Улаанбаатар хотод ирж амьдаръя гэж бодоод малаа бага багаар зарж, зарсан мөнгөө Бямбасүрэнд өгдөг байсан. Харин Бямбасүрэн миний мөнгөн дээр өөрөөсөө мөнгө нэмээд Тунгалаг гэх хүнд өгч байгаа гэж хэлж байсан. Тэр үе нь 2017 оноос хойш санагдаж байна. Тэгэж байж байгаад Тунгалаг нь манай охинд Драгоны 1 өрөө байр нь болконгүй учраас Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны ойролцоо 2 өрөө байр авч өгөхөөр болсон мөнгө нэмж өгөөрэй гэж хэлсэн гэхээр нь би тэр үед баярлаад яг хэзээ гэдгийг нь санахгүй байна Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагаан худалдааны төвийн Төрийн банкнаас өөрийн хугацаатай хадгаламжаас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 9.769.000 төгрөгийг авч охиндоо өгч байсан. Түүнээс хойш 2018 оны 09 дүгээр сард Тунгалаг Москва хороололд 2 өрөө байр өгнө гэсэн болохоор нь би охиноосоо яг хаана гэдгийг нь заалгаж байгаад охиндоо хэлэлгүй өөрийн хүү Бахамазагдыг явуулж үзүүлсэн. Манай хүү очиж үзэх гээд очтол манаач нь түрээсийн хүн байдаг гэж хэлж байсан болохоор нь итгэчихсэн юм. Гэвч түүнээс хойш одоог хүртэл байранд оруулаагүй байгаа юм. Миний хувьд Тунгалаг гэх хүнтэй уулзаж байгаагүй. Хямд байранд оруулж өгнө гэхээр нь өөрийнхөө хүүхдүүдийнхээ бүх мөнгө болон малыг зарж дуусгасан. Одоо би хүүгийндээ байгаа юм...” гэх мэдүүлэг /1-p хавтаст хэргийн 221 дугаар тал/,

С.Мөнхцогтын “...Би С.Ттай 2005 оноос 2018 оны сүүл хүртэл хамтран амьдарч байгаад салсан. Одоо тусдаа амьдардаг юм, ...Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц барьж байгаагүй. Харин Драгон худалдааны төвийн ойролцоо миний найз Ерөнтовч, ах Батжаргал нь нэг компанитай хамтран орон сууц барихад нь бичиг баримт хөөцөлдөх ажилд нь тусалж байсан ...С.Т уг байранд ямар ч хамаагүй юм ... Би Бямбаа гэх хүнийг танихгүй. 2018 онд Тунгалагийг түүнд өртэй болсон болохоор нь мэдсэн юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 225 дугаар тал/,

 

Гэрч Ё.Ганцоожийн  “...Би С.Т гэх хүнтэй 2007-2017 оны хооронд Урт цагаан худалдааны төвийн нэг ажлын байранд ажилласан. Тухайн үед С.Т үсчин, би алт мөнгөний дархан хийдэг байсан ...2017 оны 01 дүгээр сараас эхлэн Тунгалаг нөхөр байр барьж байгаа гээд надаас мөнгө зээлж эхэлсэн. Түүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл надаас мөнгө зээлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай эхнэрийн төрсөн өдрөөр эхнэрийн найзууд цугласан ба тэр үед Тунгалаг Бямбасүрэнд Драгон төвийн ойролцоо хямд байр зарна гэх талаар хоорондоо ярилцаад байсан. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын эхээр би шинээр байранд орж манай эхнэрийн найзууд болох Бямбасүрэн болон Тунгалаг нар нь манай гэрт ирж цэвэрлэгээ хийсэн юм. Тэр үед бас Тунгалаг Бямбасүрэнд хямд үнээр байр зарна гэсэн утгатай зүйл яриад байсан ...Намайг түүнээс мөнгөө нэхэж байхад офицеруудын ордон мөн Таван богдын ар талд байр байгаа гэж хэлж байсан. Мөнгөнийхөө оронд байр ав гэж хэлж байсан харин би мөнгөө авна гэж хэлж байгаад шүүхэд өгсөн юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 232 дугаар тал/,

 

Шүүгдэгч С.Тийг хохирогч Н.Бямбасүрэнтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 228-230 дугаар тал/,

 

Хохирогч Д.Наранчимэгийн эд зүйлийг 71.600.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1-р хавтаст хэргийн 40-49 дүгээр тал/,

 

Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 50/11466 дугаартай “...5020397711 тоот дансыг АЮ63062968 регистрийн дугаартай Доржийн Одмаа эзэмшдэг байна ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 183 дугаар тал/,

 

С.Тийн ХААН банк дахь 5019682180 дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхэд “2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд С.Тийн данснаас Д.Одмаагийн 5020397711 тоот дансанд 218.750.000 төгрөг, С.Тийн дансанд Д.Одмаагийн данснаас 311.476.000 төгрөг тус тус шилжиж орсон” тухай бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 184-188 дугаар тал/,

 

С.Тийг ХААН банк дахь 5019682180 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 126, 131-181 дүгээр тал/,

 

Н.Бямбасүрэнгийн ХААН банк дахь 5077160822 тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхэд “...1. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд С.Тийн 5019682180 тоот данс руу 381.608.500 төгрөгийн зарлагын, С.Тийн данснаас Н.Бямбасүрэнгийн данс руу 414.073.600 төгрөгийн орлогын гүйлгээ,

- 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд О.Цэнд-Аюушийн Хаан банкны 5031465964 тоот данс руу 15.000.000 төгрөгийн зарлагын, тус данснаас Н.Бямбасүрэнгийн данс руу 730.000 төгрөгийн орлогын гүйлгээ,

- 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд О.Цэнд-Аюушийн Худалдаа хөгжлийн банкны 428004246 тоот данс руу 15.994.000 төгрөгийн зарлагын гүйлгээ, тус данснаас Н.Бямбасүрэнгийн данс руу 2.230.000 төгрөгийн орлогын гүйлгээ,

- 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Д.Одмаагийн Хаан банкны 5020397711 тоот данс руу 24.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн ба Н.Бямбасүрэнгийн данснаас С.Т, О.Цэнд-Аюуш, Д.Одмаа нарын данс руу нийт 436.602.650 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, тухайн данснуудаас Н.Бямбасүрэнгийн данс руу нийт 417.033.600 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж зөрүү 19.569.050 төгрөгийг үлдсэн буюу буцаан өгөөгүй” тухай бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 240-249 дүгээр тал/,

 

Н.Бямбасүрэнгийн нэр дээрх Хаан банкны 5077160822 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 8-76 дугаар тал/,

 

Доржийн Одмаа (РД:АЮ63062968) Замын-Үүд авто замын боомтоор 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр улсын хилээр гарсан тухай Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 10-ны албан бичиг /1-р хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,

 

Шүүгдэгч С.Тийн “...би дээрх эд зүйлсийг Наранчимэгээс 2018 оны 6 дугаар сард Улсын Их дэлгүүрийн хажуу талын зогсоол дээр байхдаа Наранчимэгтэй уулзаж түүнээс мөнгөн аяганууд, эмээл зэрэг эд зүйлсийг бусдад зарж өөрөө дундаас нь мөнгө унагаж авахаар авсан юм. Тухайн эд зүйлсийг авчихаад үнэт эдлэл зардаг Ганцоож /99093097/-с дээрх эд зүйлсийг хэдэн төгрөгөөр авах вэ гэж асуутал надад хямдхан үнэ хэлэхээр нь өөрөө зарах гэж байгаад болиод 2,3 хоногийн дараа Одмаатай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Туул рестораны дэргэд миний унаж явсан бид 2 уулзаж миний машинтай явж байгаад Цэцэг төвийн дэргэд ирсэн чинь Үүрцайх нь замын эсрэг талаас ирж миний машинаас дээрх эд зүйлсүүдийг авч Одмаатай хамт явсан юм. Тухайн үедээ надад 1 сарын дотор зарж өгнө гэсэн боловч гадагшаа гараад алга болчихсон юм ...би түүнээс аяганууд эмээл, монетон эдлэл зэрэг эд зүйлс авсан. Яг тоо ширхэгийг нь санахгүй байна  ...би тухайн үед яг хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй ...Одмаа мөнгөн аягануудыг нь эхлээд ганцаараа авсан, түүнээс хойш хэд хоногийн дараа эмээлийг нь гэрээс түүний хүү Үүрцайх гэрээс ирж авсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66 дугаар тал/, 

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн  81 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа  /1-р хх-ийн 69 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 

Шүүх хуралдаанд хохирогч Д.Наранчимэг ...шүүх хуралдааныг миний оролцоогүйгээр явуулж өгнө үү, мөн Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээг хүлээн зөвшөөрч хохиролоо барагдуулмаар байна... гэсэн хүсэлтийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд энэ талаар гэм буруугийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч уг байр суурийг дахин гаргаж дэмжиж оролцсон тул шүүх хэрэг хянан шийвдэрлэх ажиллагааг хохирогч Д.Наранчимэгийг байлцуулахгүйгээр явуулсан болно. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч Тунгалаг-ийг үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс хохирол гаргуулж хохирогч нарт олгох   гэсэн санал дүгнэлт,

    

 Хохирогч нарын өмгөөлөгч Б.Дамба, Б.Чинбат нар нь “улсын яллагчийн гэм буруу, хохиролын талаархи санал дүгнэлтийг дэмжсэн байр суурь илэрхийлж оролцсон болно.

 

Эдгээр баримтуудаар шүүгдэгч С.Т нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьд Урт цагаан худалдааны төвд үсчинээр ажиллаж байхдаа тус төвд алт, үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч иргэдтэй тогтоосон танилын харьцаа, өмнө нь зээл авч мөнгийг нь буцаан өгдөг байсан зэрэг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, маргааш зарж борлуулаад мөнгийг нь өгнө, нөхрийнхөө барьж байгаа барилгыг дуусахаар өөрийнхөө мэдлийн байрнаас орон сууцыг хямд өгнө гэх зэргээр хуурч, Д.Наранчимэгээс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 71.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгө аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлийг, Н.Бямбасүрэнгээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 88.219.050 төгрөгийг бэлнээр болон өөрийн нэр дээрх Хаан банкны 5019682180 дугаарын дансаар залилан авч, нийт 2 иргэнд 159.819.050 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар  нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлсэн, нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл нь өөрөө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч С.Тын үйлдсэн хэрэг нь өмчлөх эрхийн тэр дундаа залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэсэн болно.

 

Тодруулбал: Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа бусад гэмт хэрэг болон иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгардаг. Мөн залилах гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох оюун дүгнэлт хийх чадвартай бөгөөд гэмт этгээдээс хуурамч баримт бичиг ашиглах, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх, тусгай албаны үнэмлэх буюу хувцас хэрэглэх, итгүүлэх, төөрөгдөлд оруулах гэх мэт янз бүрийн хууль бус арга хэрэглэхэд түүнд дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай хүн байна. Энэ явцдаа төөрөгдөх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь цагаатгах байр сууринаас тус тус оролцсон болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: ”Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нотолгооны асуудал юу болсон бэ гэхээр иргэн Д.Наранчимэгээс 71 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт зүйлийг залилж авсан, хоёрдугаарт хохирогч Н.Бямбасүрэнгээс 88 сая төгрөгийг хямд үнэтэй орон сууцад оруулж өгнө гэж хуурч мэхэлсэн байна. Эдгээр үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар улсын яллагчийн зүгээс зүйлчилж оруулж ирж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хэн аль нь дансны хуулгаар мөнгө өгч, авалцсан зүйл тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гарч ирсэн байна. Бямбасүрэнгийн данснаас С.Тийн данс руу мөнгө өгсөн харилцаа өгсөн байна. Энэ асуудал дээр 379 сая төгрөгийн яригдаж байна. С.Таас 411 сая төгрөгийг шилжүүлсэн нөхцөл байдал харагдаж байна. Мөн бэлнээр мөнгө авсан өгсөн асуудал яригдаж байна. Мөнгө бэлнээр авсан, өгсөн асуудал дээр дэвтрийн цаас болон шар өнгийн цаас нь дээр бичсэн байдаг. Хохирогч талын зүгээс 17 сая төгрөг гэх байдлаар гаргаж өгсөн. Иргэн Д.Наранчимэгээс 71 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт зүйл авсан байна гэж буруутгаж байна. Наранчимэгээс үнэт зүйл авсан асуудал дээр хохирогч болон шүүгдэгчийн зүгээс маргаагүй. 71 сая төгрөгийн үнэлгээ хийлээ. Тухайн шинжээчийн дүгнэлт дээр ийм ийм хийцтэй зүйл байна гээд түүний үнэлгээг гаргасан байдаг. Шинжээч томилсон тогтоолоо дагалдуулж тухайн эд зүйлийг биетээр өгсөн үү. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд байгаа шинжилгээ хийх объектод тавигдах шаардлагатай байгаа зүйлийн талаар заасан байдаг. 10.4-т зааснаар биет байдал байхгүй бол бусад хэлбэртэй байх ёстой талаар заасан байдаг. Тухайн шинжээч ямар эд хөрөнгийг харж байж, ямар хийцийг харж байж үнэлгээ хийсэн юм бэ? гэх шинжээчийн дүгнэлт нь өөрөө эргэлзээтэй байна. Хавтаст хэрэгт байгаа нэг зураг байна. Хохирогч Д.Наранчимэг нь үнэт эдлэлээ миний үйлчлүүлэгчид өгөхдөө авсан зураг биш байсан. Эдийн засгийн үнэлгээтэй дүгнэлтийг гаргахад холбогдох акт дүгнэлтийг гаргадаг. Эртний хийцийн мөнгөн аяга болон эртний эдлэлийг үнэлэх үнэлгээ өөр байдаг. Приүс 20 маркийн авто машиныг үнэлэх үнэлгээ өөр байдаг. Д.Наранчимэгийн өгсөн үнэт зүйл мөн байсан эсэх нь эргэлзээтэй асуудал байна. Одмаатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаад өгөөч гэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгөөгүй. Нотлох ажиллагааны шатанд гараар бичсэн эх сурвалжийн асуудал яригддаг. Энэ нөхцөл байдал дээр нотлох баримтын асуудал яригдах уу гэх асуудал яригддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг нь нотлох баримт болох боловч дангаараа нотлох баримт болохгүй. Шүүгдэгчийн мэдүүлгийг хамааруулахгүйгээр өөр бусад байдлаар С.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлох баримтуудаар тогтоох ёстой. Яриад байгаа зүйлийг үгүйсгэсэн нотлох баримт юу авагдсан бэ?. Дээрээс нь нотлох ажиллагаатай холбоотой 4-5 хүсэлтүүдийг ямар үндэслэлээр хангахаас татгалзсан юм бэ?. Хохирогч шар цаасан дээр тэмдэглэл үйлдсэн баримт болон дэврийн цаас нь дээр тэмдэглээ хийсэн баримт гаргаж өгөхөд тэмдэглэл үйлдээд авдаг хэр нь шүүгдэгч С.Тийн зүгээс хүсэлт гаргахаар тухайн хүсэлтийг хангахгүй, татгалздаг. Энэ үндэслэл нь юу юм бэ?. Нэг ёсондоо мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл гэж харж байна ... 2017 оноос 2020 оны хооронд иргэн Бямбасүрэнг үргэлжилсэн үйлдлээр залилсан байна. Саяны хэлсэн Эрүүгийн хуулийн томьёололтой нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй. Мөнгө авсан үйлдэл нь өнөөдрийн үйл явдалтай нийцэж байгаа эсэх энэ харилцаанууд Эрүүгийн хуульд заасан залилангийн харилцаанууд мөн үү ... Гэм буруутай эсэх асуудлыг тогтоох ажиллагааг хийсэн боловч цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ:  “Гэрчийн болон яллагдагчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдох ёстой. Хохирогч мэдүүлэхдээ энэ мөнгийг надаас авсан талаар мэдүүлж байна. Бичмэл нотлох баримтаасаа өнөөдөр шүүгдэгч татгалзаж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр бас татгалзаж байсан. Хохирогч өөрөө бичмэл нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Мөн мөрдөгч болон улсын яллагч нотлох баримтыг цуглуулах ёстой байдаг. Бэлнээр мөнгө өгсөн нотлох баримтын эх сурвалж нь хаана байгаа юм бэ. Яагаад хохирогчийн ярьж байгаа зүйлийг зөв гээд миний үйлчлүүлэгчийн ярьж байгаа зүйлийг худлаа гээд байгаа юм бэ?. Хохирогчийн өмгөөлөгч нар иш татаж байна. Тэр өдрөө үнэт зүйл авсан өдрөө Одмаад өгсөн гэж үзэж байгаа бол түүний дараа явж байгаа Одмаад өгсний дараа Одмаа 1 сарын дараа Монгол улсаас гараад явсан. Өөрөө өөрийнхөн мэдүүлгээр өөрийг нь яллахыг нь Үндсэн хуулиар үгүйсгэж байна. Энэ хэсгийг иш татаж үзэх юм бол нэг сарын дараа гэхийг бас зөв гэж үзэх шаардлагатай. Энэ хэрэг дотор сэдэл, зорилгын тухай асуудал Д.Наранчимэг нэг хоногийн хугацаатай өгсөн талаар өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байдаг. Д.Наранчимэг нь С.Тт шүүхээс ял оногдуулахад би энэ байдлаар мөнгөө авч болох юмаа гээд цагдаад гомдол гаргасан байдаг. Яахаараа Одмаагийн энэ мессеж нь худлаа байгаа юм бэ?. Энэ гэмт хэрэг хаана үйлдэгдээд байгаа юм бэ. Зарагдаагүй байхад намайг залилчихлаа гэж яриад байна. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжээр шалгаад энэ хэрэг явахгүй. Хохирогч Н.Бямбасүрэнгээс 9000 төгрөг яах гэж өгөөд байгаа юм бэ гэхэд эм авах зориулалтаар өгсөн. 2018 оны гарангуут засварын тухай асуудал яригддаг. Нэг өрөө байрыг засахад хэдэн төгрөг ордог юм бэ. Нэг өрөө байрыг засуулахын тулд тийм хэмжээний мөнгө өгөх боломжгүй. Авснаасаа их хэмжээний мөнгө өгч байгаа учраас миний үйлчлүүлэгч мөнгө өгөх шаардлагагүй гэж ярьж байна. Байцаалт бүр дээрээ Одмаагийн тухай ярихад түүнийг бичихгүй байна гэж надад хэлсэн учраас надтай хамт очиж мэдүүлэг өгөх үеэс Одмаагийн тухай мэдүүлэг дээр дурдагдах болсон. Драгон дээр байгаа байр хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ. Тухайн байрны үнэлгээний талаар хавтаст хэрэгт оруулж болох байсан. Өмнөх хэрэг дээр нэг өрөө байрны асуудлыг ярьсан байдаг. Өмнөх хэргийг нь мөрдсөн мөрдөгч энэ хэргийг мөрдсөн. Хэргийг мэддэгийн тухайд нэг өрөө байр гээд биччих юм бол прокурор дээр очоод дараа дараагийн асуудал хөндөгдөөд явчих боломжтой гэж үзсэн байх ... Хэрэгт тогтоогдвол зохих нөхцөл байдлыг тогтоогүй. Хохирлын хэмжээг бодитой тогтоож чадаагүй. Шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий гараагүй. Хохирогчийн өмгөөлөгч байхдаа шүүгдэгч рүү хэзээ ч дайрч үзээгүй. Гэм буруутай эсэхийг Үндсэн хуульд зааснаар зөвхөн шүүхээс тогтоодог. Хохирогч хоолойгоо чахруулж ирээд дайрч байгаа нь сэтгэлзүйн хувьд олон нийтэд болон шүүхэд нөлөөлж байгаа нөлөөлөл юм. Яагаад залилуулж байсан бол яагаад цагдаад хандаагүй юм бэ. Өгснөөсөө их мөнгө авсан байж шүүх, цагдаад хандаагүй  юм бэ. Согтоож байгаад С.Таас тодорхойлолт бичүүлж авсан байдаг. Хохирогч нь хохирлынхоо эх сурвалжийг тодорхойлоогүй, бүлэглэж үйлдсэн юмуу гэдгийг яагаад шалгахгүй байгаа юм гэх зэргээр хэргийг хэрэгсэхгүй болгох, өөр төрлийн бусад харилцаагаар зохицуулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан санал дүгнэлтийн тухайд урьд нь тус шүүх 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр С.Тт холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн 177 дугаартай захирамжаар өөр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй, хохирол нарийн тооцох, гэмт хэргийг хэн үйлдсэнг буюу хамтран оролцсон байдлыг анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.2 дахь хэсгийн “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан шалгаж тогтоосны эцэст хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт хийвэл зохино гэж дүгнээд С.Тт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. (2 дугаар хавтаст хэргийн 195-206 дахь тал)

 

Улмаар хяналтын прокурор, хохирогчийн өмгөөлөгч нар эсэргүүцэл, гомдол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаснаар 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Тт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тухай” 336 дугаартай магадлал үйлдэж С.Тт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцэхээр болсон байна. (3 дугаар хавтаст хэргийн 1-13 дэх тал)

 

 Магадлалаар Анхан шатны шүүхийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийн агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг оролцуулж, яллагдагчийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг хэлэлцэж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэхлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчимд нийцнэ гэсэн дүгнэлт өгсөн байна.

 

Уг хэргийг өөр бусад харилцаа буюу Иргэний эрх зүй, гэрээний харилцаа гэж үзвэл Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Аливаа иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн өмчлөлийг шилжүүлэхэд өмчлөгч нь тухайн зүйлийг хүлээн авагчид шилжүүлэхээс гадна өмчлөл ийнхүү шилжиж буй талаар хоёр тал санал нэгдсэн байдаг юм. Энэ нь Иргэний эрх зүйн суурь ойлголтыг илэрхийлдэг.

 

Анхан шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж

хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Шүүгдэгч С.Т нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч  нарт итгэл үнэмшил төрүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Наранчимэгийн эд зүйлийг нь маргааш зараад өгнө, хохирогч Н.Бямбасүрэнд өөрийн мэдлийн байрнаас орон сууц хямд өгнө гэх мэтээр залилсан гэм буруугийн санаатай үйлдлээр үйлдэгдсэн.

 

Өөрөөр хэлвэл анхнаасаа буцааж өгөх санаа, зорилго агуулаагүй талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон эрх тэгш гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийн мэдүүлгийн агуулгаас үзвэл гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд өөр өөр байдлаар мэдүүлсэн, мөн зээлсэн мөнгөний хүү, үндсэн төлбөрт нийтдээ 600 гаруй сая төгрөг бэлнээр өгсөн гэх боловч түүний мэдүүлэгт дурдагдсан зүйлүүд нь эх сурвалжгүй, бусад баримтаар тогтоогдохгүй, энэ талаарх түүний өмгөөлөгч нар нь үндэслэл бүхий баримтаар няцаан үгүйсгээгүй, мөнгө хүлээлцсэн гэх баримтуудад гарын үсэг зурсан талаараа шүүгдэгч маргаагүй боловч согтуу байхдаа зурсан гэдэг тайлбаруудыг өгсөн,

 

түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт Д.Одмаа гэдэг хүнийг шалгах шаардлагатай гэх боловч түүнтэй холбоотой гэх баримт хэрэгт байхгүй, хэрэгт С.Тын Хаан банкны 5019682180 дугаартай дансны хуулга авагдсан бөгөөд уг хуулгаар Д.Одмаагаас С.Т руу 2018.6.23-2018.06.28-ны хооронд 107 900 000 төгрөгийн ...алт...гэсэн гүйлгээ орлого хийгдсэн байгааг шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Харин хохирогч Д.Наранчимэг нь гэрч, хохирогч, хохирогчоор дахин мэдүүлсэн  /1хх 17-19, 32х/ мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан тодорхойлолт /1хх 11 хуудас/ , Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 40-43, 47-50/, Тунгалагт бараа эд зүйл хүлээлгэн өгсөн дэвтэр /1хх79 хуудас/, шүүгдэгч С.Тын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Д.Наранчимэгээс нэр бүхий эд зүйл хүлээн авсан талаараа маргадаггүй  мэдүүлэг зэрэг баримтууд,

 

хохирогч Бямбасүрэн хохирогч, хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /1хх 215-219, гэрч О.Нармандахын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 221/, гэрч С.Мөнхцогтын мэдүүлэг /1хх 225/, нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 229-230/, гэрч Ё.Ганцоож мэдүүлэг /1хх 232/, дансны хуулга /1хх 240-249/ хуудас, мессежний хуулга /3хх 1-3, 135-145/, мөн хохирогч Н.Бямбасүрэнгээс шүүгдэгч С.Тт бэлнээр мөнгө өгсөн баримтууд /1хх 201-204/ зэргээс үзэхэд хохирогч нарыг залилсан нь өөр төрлийн гэмт хэргийн шинжид хамаарах үйлдэл хийсэн гэхээр нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдоогүй байна.

 

Мөн шүүгдэгч С.Т нь хохирогч нараас эд зүйл, мөнгө авахдаа дээр дурдснаар худал хэлж хуурсан нь тэрээр анхнаасаа бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах санаа зорилготой байсныг илэрхийлж байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь тэдгээрийн  хооронд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, эрх тэгш гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Тийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан  нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж заасан буюу шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан байгаа нь мөн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасанд тооцогдоно.

 

Шүүгдэгч С.Тт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэн шийдвэрлэв.

 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгө болон 88.219.050 төгрөг, нийт 159.819.050 төгрөгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл улсын яллагч, хохирогчийн нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

 

 Шүүхээс гэм буруутайд тооцогдсон  шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн дээр давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан завсарласан хугацаанд авсан болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “ ... шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай. Шүүгдэгч С.Тунгалгаас 88.219.050 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бямбасүрэнд олгуулах, хохирогч Д.Наранчимэгт 70.100.000 тус тус төгрөгийг олгуулах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгож түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

 

Хохирогч Д.Наранчимэгийн өмгөөлөгч Б.Чинбатаас: “ ...Ял шийтгэлийн тухайд улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа саналыг дэмжиж байна. Шүүх хурлын тэмдэглэлд үүнийг тусгуулах саналтай байна. Улсын яллагчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж ярьж байгаа хэдий Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж үзэж хүндрүүлэх нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Шүүхээс хохирол төлөх талаар 5 хоногийн завсарлага авсан хэдий ч хохирол төлөх хугацаа авсан хэдий ч хохирлоо төлж чадаагүй өнөөдрийн шүүх хуралдаан дээр ирж байна. Шүүх хурал гэдэг бол хуулийн өмнө бид нар тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг юм. Энэ асуудлыг шүүхээс анхаарч үзэж өгнө үү ...” гэсэн санал гаргасан.

 

            Хохирогч Н.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Б.Дамбаас: “...Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбат өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Бид өнгөрсөн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаан дээр хохирлыг төлж барагдуулна. Манай нөхөр хөдөө явсан байгаа ирэхээр нь би нөхөртэйгөө уулзаад тодорхой хэмжээнд хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн хэдий ч хохирлыг төлж барагдуулсангүй. Хохирогч нарын тухайд 2017 оноос эхлээд 5 жилийн хугацаанд хүнд нөхцөл байдалд орсон байдалтай байна. Завсарлагын хугацаанд шүүгдэгч С.Т нь миний үйлчлүүлэгчтэй уулзаагүй. Хохирсон байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн эрх ашгийг анхаарч үзэж хохирол төлөгдсөн нөхцөл байдлыг анхаарч үздэг тул түүнийг анхаарч үзэж өгнө үү ...” гэсэн санал гаргасан.

 

Шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч С.Тэгшжаргалаас эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Улсын яллагч ялын талаар саналаа хэлж байна. 6 жилийн хугацаанд хорих ял оногдуулах, тухайн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ялын саналыг хэлж байна. Хохирлын асуудлын тухайд ийм нөхцөл байдалтай байгааг шүүх бүрэлдэхүүн мэдэж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирол, хор уршгаас гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн асуудлыг анхаарч үзэж байдаг шийдвэрлэдэг. Энэ хэргийн тухайд 2-8 жилийн хорих ялтай хэрэг юм. Энэ шүүхийн ажиллагаа бол анхан шатны шүүхээр хязгаарлагдахгүй. Дараа дараагийн шатны шүүхэд хууль зүйн дагуу хандах боломжтой байдаг. Хохирогч нарын өмгөөлөгч нар нь хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд тайлбарлаж байна. Өмгөөллийн тухай хуулиараа болон Өмгөөлөгчийн кодоороо ч тэр шүүгдэгч ч ба хохирогч талын өмгөөлөгч нь улсын яллагчийн байр суурийг илэрхийлдэггүй. Өмгөөлөгч бол яллах талын байр суурийг илэрхийлдэггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал нь энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Гэм буруугийн шүүх хуралдаан завсарлалаа гээд шүүхээс тодорхой хариуцлага хүлээлгэх акт үйлдээгүй. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтны хувьд хамаарах ойлголт юм. Эрүүгийн хуулийн материаллаг хэм, хэмжээг буруу ойлгож тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгчийн тухайд 6 жилийн хорих ял эдэллээ гээд хохирогч нарын эрх ашиг хангагдахгүй тул шүүгч хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс анхаарч үзэж шийдвэрлэж өгнө үү. Улсын яллагчийн зүгээс оногдуулах ялыг 50 хувиар тогтоож, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Г.Нацагдоржоос эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “... Агуулгын тухайд гурван агуулга байна. Улсын яллагч бол хоёр баримт дээр тулгуурлаж яллаж байна. Би ээмэг бөгжийг авсан юм өөрийнхөн мэдүүлгээр яллаж байна. Өөрийнх нь мэдүүлгээр өөрийг нь яллаж болдоггүй. Өөрийнхөн мэдүүлгээр өөрийг нь яллагдаг тогтолцооноос хүн төрөлхтөн татгалзаж байгаа хэдий Монгол улсад үүнийг хэрэгжүүлж болж байна. 06 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлгийг үнэлж байгаа бол тухайн өдрийн мэдүүлгийн дараагийн өгүүлбэр болох энэ нөхцөл байдал болсноос хойш 1 сарын дараа Одмаа гараад явсан гэхийг яагаад үнэлэхгүй байгаа юм бэ?, Эхний өгүүлбэр нь үнэн, дараагийн өгүүлбэр нь худлаа гэхийг улсын яллагч нь аль ч байдлаар тайлбарлаагүй. Хоёрдугаарт нь өөрийнхөн бичиж өгсөн гарын үсэг болон тодорхойлолтоор өөрийг нь яллаж байгаа. Энэ талаар хуралдаан даргалагч миний үйлчлүүлэгчээс тухайн цаас нь дээр зурсан үсэг таных мөн үү гэж асууж байсан. Би энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Гэм буруутныг шүүх хайдаггүй юмаа. Шүүх бол шударга ёсыг тогтоодог байгууллага. Хохирсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллага. Шүүх бол улсын яллагчтай адилхан чиг үүргийг хэрэгжүүлэхгүй. Миний үйлчлүүлэгчийн өөрийнхөн өгсөн мэдүүлэг болон өөрийн цаасан нь дээр гарын үсэг зурсан баримтуудаар түүнийг яллаж байна. Үүнээс өөрөөр нотолж байгаа зүйл байхгүй. Гэрчийн мэдүүлгүүдээр нотолж байна гэж яриад байгаа. Хүний олон хүнээ барихгүй. Эдгээр баримтуудаар яллаж байх шиг байна. Миний үйлчлүүлэгчийг яллаж хорилоо гээд хэнд ашигтай юм бэ?, Би өөрөө ч гэсэн хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байсан хүн. Хохирогч нарын өмгөөлөгч нар ёс зүйтэй баймаар юм. Хохирогчийн өмгөөлөгч бол яллах чиг үүрэг хэрэгжүүлэхгүй. Хохирогч Д.Наранчимэгээс авсан эд зүйл нь Одмаад байгаа талаар түүнээс мессеж ирсэн байдаг. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад ажилгүй С.Т байтугай зөндөө олон компаниуд дампуурч байгаа ...” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч С.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол нөхөн төлөөгүй/, хувийн байдал /урьд шүүхээр ял шийтгэгдсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор түүнд 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Тт давхардуулан авсан хувийн баталгаа гаргах тухай, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг “бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх” үндэслэлээр завсарлуулсан хэдий ч шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч С.Таас бусдад учруулсан хохирлын нийт 159.819.050 төгрөгөөс 88.219.050 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бямбасүрэнд, хохирлын 70.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Наранчимэгт тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт СТийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгө болон 88.219.050 төгрөг, нийт 159.819.050 төгрөгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Тийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Тт давхардуулан авсан хувийн баталгаа гаргах тухай, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Таас хохирлын нийт 159.819.050 төгрөгөөс 88.219.050 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бямбасүрэнд, хохирлын 70.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Наранчимэгт тус тус олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ