Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/728

 

 

 

 

   2022        09         13                                   2022/ШЦТ/728

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

  шүүгдэгч Т.Д /шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Түмэнжаргалын Даваадоржид холбогдох эрүүгийн 2211 00836 1304 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт ТД .........................................,

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Энержи Ресурс ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн  хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16-759а тоотод оршин суух,

Урьд:Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба уг ялаа биелүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16 дугаар гудамжны 676б тоотод Э.Гийг И.Жавхланбаяртай бэлгийн харьцаанд орлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруу маргахгүй, хардалтаас л болсон, нэмж мэдүүлэх зүйлгүй, эрүүл мэндийн даатгалын санд 161.000 төгрөгийг төлж барагдуулна ...” гэв.

Хохирогч Э.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр үед бид нар бүгдээрээ ууцгаасан байсан. Т.Дийн найз гээд байгаа нөхөр бол намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. Би өнөөдөр 30 гарчихаад тэгээд яваад байх нүүр байхгүй учраас тэгж явсангүй. Цасанчимэг гэдэг найз минь өөрийгөө цэвэр аваад гарсан байсан. Миний хамар хоёр удаа хугарсан. Би Т.Доос мөнгө нэхэмжилсэн нь миний нүдний доод талын уутанцар нь яс руугаа хатгаж байнга өвдөж байна. Нүдээ аних бүрт өвддөг. Би цаашдаа чамаас болоод хохироод үлдэх юм уу. Би чамаас өөрийгөө үзүүлмээр байна эмчид үзүүлээд өгөөч гэж гуйсан биз дээ. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Намайг дахиад үзүүлж болно гэж хэлсэн. Миний хамрыг бүрэн эдгээгүй байна. Дотроо гэмтэлтэй байна гэж хэлсэн. Би ингээд хохироод үлдэх юм уу? Хүн хүнийг хайрлах сэтгэлтэй байх ёстой гэж бодож байна. Хүн найздаа итгэж болно. Итгэх зүйл дээр нь итгэх хэрэгтэй. Би маш их гомдолтой байна. 5 дугаар сарын 7-ны өдрөөс хойш чи яаж байна. Чи эмчлүүлээрэй гээд асууж байгаагүй. Бид хоёр уулздаг байж байгаад 5 дугаар сарын 7-ны өдрийн үйл явдлаас хойш салцгаасан” тэрнээс хойш алга болж байгаад 7 сард л олдсон гэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтанд тусгагдсан баримтуудыг шинжлэн судлах, харин шүүгдэгч, хохирогч нар хавтаст хэргээс шинжлэн судлах зүйлгүй, гаргах санал, хүсэлтгүй гэсэн болно.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг улсын яллагч шинжлэн судлав. 

Хохирогч Э.Гийн “...Би 2021 оны намраас хойш Даваадорж гэх залуутай уулзаж байгаа юм. 2022 оны 05 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим би Даваадоржийг хороололд дуудаж уулзаад би пиво уугаад Даваадорж уухгүй ажилтай гэсэн. Би найз Цасанчимэгийг дуудтал ирэхгүй удаад байсан. Тэгтэл Даваадорж найзыгаа дуудтал Жавхланбаяр ирсэн. Тэгээд Жавхланбаяр бид 3 баарнаас гарч манай найз Цасанчимэгийг найзынхаас нь очиж автал Цасанчимэг халамцуу гарч ирсэн. Бид 4 буцаад Өргөөгийн арын бааранд ороод юм ууж байтал Даваадорж би гарчихаад ирье гээд гараад явсан. Удалгүй Даваадорж ирээд ...бид дөрөв Жавхланбаярын гэр рүү явсан ...хаягийг нь сайн мэдэхгүй, Хайлаастаар өгсөөд 2 давхар байшин байсан. Бид нар замдаа пиво нэмж аваад Жавхланбаярын гэрт очоод бид дөрөв ууж байсан ...нэг давхарын буйдан дээр Даваадорж Цасанчимэг хоёр үнсэлцэж байсан. Тэгтэл араас Жавхланбаяр татаад наад хоёр чинь учраа олчихсон байна, хоёулаа энд учраа олъё гээд Жавхланбаяр бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Би тэгээд шээмээр байна гэтэл Жавхланбаяр буугаад явчихсан. Араас нь Даваадорж орж ирээд намайг чи миний найзтай унтчихсан байна, яадаг янхан бэ, гээд миний нүүр рүү гараараа цохиод үсдэж чирээд орноос буулгаад миний нүүр рүү хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд миний хамарнаас цус гараад би уйлаад орилоод байж байтал Даваадорж буцаад буухаар нь би хувцсаа өмсөөд доошоо буугаад утас, цүнхээ аваад шууд гараад гүйсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Гэрч Б.Цасанчимэгийн “...Даваадорж Гэрэлцэцэг харин Жавхаатай унтаж байхаар нь миний уур хүрээд гар хүрсэн юм, чи над руу Гэрэлцэцэгийн нүүрний зураг байвал явуулаач гэхээр нь би Гэрэлцэцэгтэй өөрөө учраа ол, чи Жавхаагийн гэрийн хаягийг надад өгөөч гэтэл би завгүй уугаад сууж байна гээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

Гэрч И.Жавхланбаярын “...Гэрэлцэцэгийг дээшээ хоёр давхарт гаргаад унтуулах гэтэл Гэрэлцэцэг намайг үнсээд тэврээд миний өмд рүү гараа хийгээд бид хоёр бэлгийн харьцаанд ороод унтаад өгсөн. Тэгтэл өглөө үүрээр Даваадорж бид хоёрыг хувцасгүй хэвтэж байхад харчихаад шууд уурлаад намайг нэг алгадаад Гэрэлцэцэгийн нүүр рүү гараараа хоёр удаа цохих шиг болсон. Тэгээд Гэрэлцэцэгийн хамарнаас цус гараад Гэрэлцэцэг уйлаад хоорондоо хэрэлдэж байгаад гараад явчихсан байсан. Тэгээд Даваадорж бид хоёр маргалдаад дахиж үлдэгдэл пиво уугаад Даваадорж явна гэхээр нь машинд нь гаргаж өгчихөөд буцаж байшинд орж ирээд явах гэтэл шүүгээнд Гэрэлцэцэгийн найз хүүхэн сууж байхаар нь юу болсон юм, яагаад энд байгаа юм гэтэл мэдэхгүй гэсэн. Тэгээд хэсэг унтаж байгаад өдөр 12 цагийн үед тэр хүүхэн гараад явсан ...Даваадорж Гэрэлцэцэгийг надтай унтсаныг мэдээд уурлаад Гэрэлцэцэгийг цохисон байх ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 6776 дугаартай дүгнэлтэнд “Э.Гэрэлцэцэгийн биед хоёр нүдний дээд доод зовхи, хамар, хацарт цус хуралт, хамрын самсаа, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд үүдэн 1 шүд эмтэрсэн, дээд уруулын дотор салстад цус хуралт, хэлний баруун хажуу хэсэгт хазагдсан шарх” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэжээ /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн: “...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16 дугаар гудамжны 676б тоотод 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Гэрэлцэцэг нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Э.Гэрэлцэцэг нь 2022 оны 05 дугаар сард Эрүүл мэндийн байгууллагаас 161.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул тус зардлыг яллагдагч Т.Доос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Шүүгдэгч Т.Дийн “...Би Э.Гэрэлцэцэг гэх эмэгтэйтэй би 2021 оны 10 дугаар сарын үеэр фейсбүүкээр танилцаад бид 2 хоорондоо чатлаад хааяадаа уулздаг болсон. Мөн Э.Гэрэлцэцэг бид 2 бие биендээ хайр сэтгэлийн холбоотой болоод хоорондоо үерхэх болсон ба би цаашдаа Э.Гэрэлцэцэгтэй хамтран амьдарч гэрлэх тухай хүртэл бодож байсан. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед над руу Э.Гэрэлцэцэг залгаад би найзтайгаа хамт BBQ chicken гэх нэртэй хоолны газар хоол идээд пиво уугаад сууж байнаа хүрээд ирэх юм уу? гэж надаас асуухаар нь би тухайн үед гадуур ажилтай явж байсан болохоор орой 22 цаг хүртэл ажилаа амжуулж дуусчихаад Э.Гэрэлцэцэгийн зааж өгсөн газарт нь явж очсон юмаа. Намайг хоолны газарт очиход Гэрэлцэцэг нэг найзынхаа хамтаар пиво уучихсан сууж байсан. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад Гэрэлцэцэг найзынхаа хамтаар бид 3 хоолны газраас гараад Гэрэлцэцэгийн найз нь гэр лүү гээ харихаар яваад Гэрэлцэцэг бид 2 цааш явж баар ороод Гэрэлцэцэг 5 шил пиво захиалж уусан ба би тухайн үед машинтай явж байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд Гэрэлцэцэг утсаараа нэг найзыгаа дуудсан ба тэр үед Гэрэлцэцэг надад хэлэхдээ би найзыгаа бааранд хүрээд ир гээд дуудчихлаа чи бас нэг найзыгаа дуудчихаач гэхээр нь би өөрийн багын найз болох Жавхланбаярын 88500009 гэх утасны дугаар луу залгаад бааранд хүрээд ир гээд байгаа байршлаа зааж өгсөн. Удалгүй манай найз Жавхланбаяр бааранд хүрч ирээд Гэрэлцэцэг, Жавхланбаяр бид 3 баарнаас гараад Гэрэлцэцэгийн найзыг очиж байгаа газраас нь очиж авахаар явсан. Бид 3 Мөсөн Төгөл гэх нэртэй хотхоны гадаа машинтайгаа хүрч ирээд зогсоод удалгүй Гэрэлцэцэгийн найз болох Цасанчимэг машинд хүрч ирээд суусан. Тэгээд бид нар хоорондоо танилцаад буцаад баар луу гаа явцгаасан. Бид 4 шөнийн 03 цаг хүртэл бааранд байсан ба Гэрэлцэцэг, Цасанчимэг, Жавхланбаяр 3 хүний 3-4 шил пиво ууцгаасан би тухайн үед бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ингээд шөнийн 03 цаг өнгөрч байхад бид 4 баарнаас гараад Жавхланбаярын гэрт нь очиж үргэлжлүүлж уухаар болоод дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай 3 ширхэг пиво худалдаж аваад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-676Б тоот Жавхланбаярын гэр лүү явцгаасан. Тухайн үед миний машин дотор шилний талаар 1 литрийн савалгаатай Соёрхол гэх нэртэй архи байсаныг 3 ширхэг пивоны хамтаар аваад бид нар Жавхланбаярын гэр лүү орцгоосон. Гэрт ороод бид 4 архи, пивоноос хувааж ууж байгаад архи пиво дуусах үед би нилээн согтоод буйдан дээр унтахаар хэвтсэн. Тэгээд хэсэг унтаж байгаад сэртэл Цасанчимэг миний хажуу талд унтаж байсан ба хажууд Гэрэлцэцэг болон Жавхланбаяр 2 хажууд байгаагүй. Жавхланбаярын гэр нь 2 давхар байшин болохоор би 2 давхар луу нь гараад унтлагын өрөөнийх нь хаалгыг нээгээд ортол Жавхланбаяр, Гэрэлцэцэг 2 хоёулаа чармай нүцгэн ямар ч хувцасгүй орон дээр бэлгийн харьцаанд орж байсан. Тэр үед миний уур хүрээд би Жавхланбаярын зүүн талын хацар хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадаад үргэлжлүүлээд Гэрэлцэцэгийн үснээс зулгааж аваад хамар, дух хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон тэр үед Гэрэлцэцэгийн хамарнаас цус гарахаар нь би цохихоо больсон. Тэгээд би Жавхалбаярын гэрээс гараад өөрийн машиндаа ороод унтсан ... Би дээрхи гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дугаар тал/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 80-90 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16 дугаар гудамжны 676б тоотод Э.Гэрэлцэцэгийг И.Жавхланбаяртай бэлгийн харьцаанд орлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа зодож эрүүл мэндэд нь “ ...хоёр нүдний дээд доод зовхи, хамар, хацарт цус хуралт, хамрын самсаа, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд үүдэн 1 шүд эмтэрсэн, дээд уруулын дотор салстад цус хуралт, хэлний баруун хажуу хэсэгт хазагдсан шарх ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Гэрэлцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/, гэрч Б.Цасанчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/, гэрч И.Жавхланбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн  6776 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Д нь хохирогч Гэрэлцэцэгийг И.Жавхланбаяртай бэлгийн харьцаанд орлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа зодож эрүүл мэндэд нь “ ...хоёр нүдний дээд доод зовхи, хамар, хацарт цус хуралт, хамрын самсаа, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд үүдэн 1 шүд эмтэрсэн, дээд уруулын дотор салстад цус хуралт, хэлний баруун хажуу хэсэгт хазагдсан шарх ...” бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Т.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэгт торгуулийн ял шийтгэгдэж байсан/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ...” Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Э.Гэрэлцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ ...гомдолтой ...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хохирогч гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагаас нэхэмжилсэн хохирогч Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламжаас 161.000 төгрөгийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч Т.Доос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ТДийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 161.000 төгрөгийг шүүгдэгч Т.Доос гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.

5.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ