Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0648

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0542 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Н” ХХК

Хариуцагч БОАЖС

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Н.Б,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б

Хэргийн индекс: 128/2024/0125/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0542 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 10.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖС-ын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/***, дугаар тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “..."Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын төлбөрийн хувьд газрын төлбөрийг төлсөн байна гэж дүгнэсэн тухайд Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу газар эзэмшигч нь газрыг төлбөрийг улирал бүхийн эхний сард төлсөн байхаар хуульчилсан байхад хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компани нь 2020-2023 оны газрын төлбөрийн нэхэмжлэх үүссэн байхад тус төлбөрийг төлөлгүйгээр өр үүсгэж байгаад 2023 онд сонсох ажиллагааны мэдэгдэл гарсны дараагаар бөөндүүлж төлсөн, мөн 2023 оны төлбөрийн үлдэгдлийг маргаан бүхий тушаал гарсны дараа төлсөн үйл баримт тогтоогдсон буюу Газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх “2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг газар эзэмших, ашиглах гэрээнд тусгахаар заасан хуулийн зохицуулалт, гуравласан гэрээ байгуулах, гэрээгээ баталгаажуулах үүргээ газар ашиглагч өөрөө биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөх, уг үүргээ биелүүлээгүйгээс газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” , “Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. “Н” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн БОАЖС-ын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн, БОАЖС-ын 2020 оны А/*** дугаар тушаалаар богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын амны хязгаарлалтын бүсээс “Н” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 2651 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

2. Шийдвэрийн маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” үйл баримтыг дүгнэсэн тухайд:

 

2.1. Анхан шатны шүүх “... Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10-17/*** дугаар албан бичгээс үзвэл нэхэмжлэгч “Н” ХХК нь 2020 оны А/*** дугаар тушаалаар ашиглах эрх авсан газрын 2021/*** дугаартай гэрээгээр тогтоосон төлбөр болон 2021 он, 2022 он, 2023 оны 4 дүгээр улирлын төлбөрийг шинэчилсэн үнэлгээгээр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тогтоосон дүнгээр төлсөн, газрын төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл байхгүй байхад газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл зааж газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн гэж сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн нь үндэслэлгүй. ... Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэжээ.

2.2. Шүүхийн үнэлсэн албан бичиг болон тооцоо нийлсэн актаар “төлбөрийн үлдэгдэлгүй” гарсан нь 2023 оны 12 сарын байдлаарх үйл баримт /факт/ байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж заасан нөхцөл /гипотез/ мөн эсэхэд дүгнэлт хийхэд хангалтгүй байна.

2.3. Уг хуульд “хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан нөхцөл хангагдсан эсэхийг тогтооход  төлбөр  төлөх ёстой хугацаа болон төлсөн хугацааг харьцуулж дүгнэх зайлшгүй шаардлагатай.

2.4. Нэхэмжлэгч компанийн дархан цаазат газарт газар ашиглах эрх нь хариуцагчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дүгээр тушаал гарч, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ авснаар үүсч, газрын төлбөр төлөхөөр байна.

2.5. Учир нь хэдийгээр хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/*** дугаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-нд гэрээний нэг тал болох Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга батлаагүй байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй, гэрээ байгуулаагүй нь холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтны буруу боловч нэгэнт эрх бүхий этгээдийн шийдвэр гарч, гэрчилгээ авснаар тухайн газрыг өөрийн мэдэлд байлгаж, газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдсэн байх тул үүргээ мөн үеэс биелүүлэхээр байна. Нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгээгүй, 2020, 2021 оны газрын төлбөрийг хугацаанд төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

2.6. Харин маргаан бүхий акт гарах нэг нөхцөл буюу нэхэмжлэгчийг буруутгасан “2022 оны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх асуудалтай холбоотой баримтыг үнэлж, холбогдох хуулийг хэрэглэх шаардлагатай атал анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй байна.

2.7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газар эзэмшигч газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх эдэлж байгаагийн хувьд газрын төлбөрийг төлөх үүрэг хүлээхийг хуульчилжээ.

Харин хэзээ төлөх талаар Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заасны дагуу газар ашиглах эрх бүхий этгээд нь улирал бүрийн төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх үүрэгтэй байна.

2.8. Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар 2023 оны 6 дугаар сард сонсох ажиллагааны мэдэгдлийг сайтад нийтэлсний дараа нэхэмжлэгч нь 2022 оны газрын төлбөр 3,499,320.0 төгрөгийг бүхэлд нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлсөн /хэргийн ... хуудас/ нь тогтоогдож  байна.

2.9. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2022 оны төлбөрийг хуульд зааснаар улирал бүрээр хугацаанд нь төлөөгүй төдийгүй тухайн жилийн төлбөрийг төлж дуусах байсан 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ч төлөөгүй,  07 дугаар сарын 07-ны өдөр төлснийг “төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж маргаан бүхий актыг гаргасан хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

2.10. Тэрээр газрын төлбөр нь татварын нэг төрөл бөгөөд газар эзэмшигч, ашиглагч нь дээрх хууль, гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй, захиргааны байгууллага шаардах, эсхүл нэхэмжлэх үүсгэсний дараа төлөх үүрэг үүснэ гэж үзэх үндэслэлгүй, мөн нэгэнт хуульд заасан хугацаанд нь төлөөгүй нөхцөл байдал нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үүссэн байхад уг нөхцөлийг үгүйсгэх буюу тухайн хугацаанаас өмнө төлсөн баримт байхгүй тохиолдолд маргаан бүхий акт гарахаас өмнө төлсөн нь хуульд заасан нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт 2023 оны 8 дугаар сард гарахаас өмнө 07 дугаар сард төлснийг “газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд нь төлсөн” гэж үзэх нөхцөлийг бий болгохгүй.  Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газрын төлбөрийн үлдэгдэлгүй” гэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэж, “Газрын тухай хуулийн 40.1.5-д заасныг буруу хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй байна.

2.11. Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан  газрын  төлбөрийн  ногдуулалтын  талаарх  мэдээллийг  газар  эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан нь газрын төлбөрийг ногдуулж хураах, тайлагнах зардлыг бууруулах, газрын алба болон татварын байгууллагын мэдээлэл солилцоог  цахим системд шилжүүлэх, иргэдийн газрын төлбөр болон бусад татварыг төлөх ажиллагааг цаашид хялбаршуулах /нэхэмжлэх үүсгэх гэх мэт/, хяналт тавих зорилгоор Татварын бүртгэлийн нэгдсэн системд газрын төлбөрийн системийг холбож, нэгдсэн тайлангаа хүргүүлэх талаар Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн нэг гол зохицуулалттай холбоотой орсон өөрчлөлт юм. Энэ нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 5-д заасан төлбөр төлөх хугацааг хойшлуулах, дээр дурдсан Газрын тухай хуулийн дагуу газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж байгаа этгээдийн хувьд газрын төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй байх, захиргааны байгууллагаас нэхэмжлэх үүсгэж, эсхүл мэдэгдэл хүргүүлснээр төлөх боломж олгосон заалт биш юм.

 

3. Шүүхийн маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үйл баримтыг дүгнэсэн  тухайд:

 

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ашиглах эрхтэй тухайн газар дээр хийгдэх 2020 онд түр буудаллах, отоглох газрын эскиз зураг хийлгэж, 2021 онд 15/054**/** тоот дугаартай техникийн нөхцөлийн дагуу зураг хийгдэж, экспертизээр батлуулж техникийн нөхцөл авч сунгуулах хүсэлт гаргаж, 2020 онд хэрэгжүүлэх төслийнхөө Байгаль орчинд нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, 2020-2024 он хүртэлх байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан, ... нэхэмжлэгч компани дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар ашиглаж, харин өөрөөр барилга байгууламж бариагүй болох нь тогтоогдож байна ... нэхэмжлэгч компанийг газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тодруулах ажиллагаа хийлгүйгээр гаргасан хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчжээ” гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй болжээ.

3.2. Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн дүгнэсэн дээрх баримт, бичгүүдийг нэхэмжлэгч нь 2020 онд гүйцэтгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан нь тухайн баримтууд[1] болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13/**** дугаар албан бичгээр[2] “байгаль орчны ерөнхий үнэлгээ гарсантай танилцаад нарийвчилсан үнэлгээ хийлгэх талаар” мэдэгдсэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн **** дүгээр албан бичгээр[3] “нарийвчилсан үнэлгээний тайлантай танилцсан, төслийг хурлаар хэлэлцүүлэхэд татгалзахгүй” гэж дурдсан байдал болон бусад баримтуудаар тогтоогдож байна. 

3.3. Үүнээс үзвэл газар ашиглах эрх авах хүсэлт гаргах үедээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн дархан цаазат газрыг аялал жуулчлалын бааз байгуулж ашиглах төслийн холбогдох зураг мэдээллийг гаргаж, улмаар байгаль орчны ерөнхий үнэлгээний тайланг гаргуулсны үндсэн дээр 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр *** дүгээр тушаал гарч газар ашиглах эрх авсан, үүний дараа 2020 онд нарийвчилсан үнэлгээний тайлан гаргуулснаас хойш УБЦТС ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15/05496/** тоот дугаар техникийн нөхцөл авахаас өөрөөр газар ашиглах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй байна.

3.4. Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхээ 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай дээрх баримт бичгийг авч байсан боловч боловч өөр үйл ажиллагаа явуулаагүй, УБЦТС ХХК-ийн техникийн нөхцөлийг сунгаагүйгээс бусад үйл ажиллагааг явуулах боломжгүй “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2 жил дараалан газрыг зориулалтаар нь ашиглах талаар үйл ажиллагаа явуулсан” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй” гэх гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

3.5. Мөн шийдвэрт “… түр хоноглох, буудаллах зориулалтаар ашиглаж, харин өөрөөр барилга байгууламж бариагүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэнтэй холбоотой хэрэгт энэ талаар баримт авагдаагүй,  мөн нэхэмжлэгч нь тухайн газрыг “хүн буудаллах, отоглох” зориулалтаар ашиглахгүй, харин аялал жуулчлалын бааз барихаар зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ гаргуулсан байхад ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

4. Дээрх нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь дархан цаазат газарт  ашиглах эрх бүхий газрынхаа төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй, аялал жуулчлалын  зориулалтаар ашиглах төслөө хэрэгжүүлж, газрыг 2 жил  дараалан ашиглаагүй гэж үзэж, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон  хариуцагчийн маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй  байх тул нотлох баримтыг буруу  үнэлсэн,  хуулийг  буруу хэрэглэсэн  анхан шатны  шүүхийн  шийдвэрийг             

хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан “БОАЖС-ын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

 

 

[1] 1 хавтаст хэргийн 9-23 тал, 50-142 тал

[2] 1 хавтаст хэргийн 213 тал

[3] 1 хавтаст хэргийн 143 тал