Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 0056

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон *******т холбогдох 201618010129 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 11-р сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчин ажилтай, ам бүл 6, эхнэр, эгч, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг залуус орон сууцны 27 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ФД- регистрын дугаарын иргэний үнэмлэхтэй, Боржигон *******,

Холбогдсон гэмт хэрэг /яллах дүгнэлтэд дурдсанаар/: 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1-р багийн нутаг Дарханаас Эрдэнэт чиглэлийн авто засмал замын 83-84-р километрт Тоёото-ISIS загварын 94-20 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Д.Тогосоогийн амь насыг хохироож иргэн *******ын биед хүндэвтэр, иргэн *******, А.Мишээл нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч *******ын мэдүүлэг /хх-н 17-18/,

2.Хохирогч *******ын мэдүүлэг /хх-н 21-22/,

3.Гэрч А.Нарантуяагийн мэдүүлэг /хх-н 24/,

4.Гэрч Г.Отгонборын мэдүүлэг /хх-н 25/,

5.Гэрч О.Авирмэдийн мэдүүлэг /хх-н 26/,

6.Гэрч П.Мөнхчимэгийн мэдүүлэг /хх-н 27/,

7.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч /хх-н 3-9/,

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10-р сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №82 /хх-н 36-37/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10-р сарын 10-ны өдрийн №712, 715, 718  дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-н 85, 74, 58/,

10.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатарын 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн №14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 45/,

11.Хохирогч *******, ******* нарын хүсэлт /хх-н 98, 104/,

12.Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 116/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал: 

Шүүгдэгч ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1-р багийн нутаг Дарханаас Эрдэнэт чиглэлийн авто засмал замын 83-84-р километрт Тоёото-ISIS загварын 94-20 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Д.Тогосоогийн амь насыг хохироож, иргэн *******ын биед хүндэвтэр, иргэн *******, А.Мишээл нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  *******ын өгсөн: “... Би 2016 оны 09 дүгээр сарын 23-нд Эрдэнэтээс Дархан орох гээд Алтанхуягийн машинтай гарсан. Машин дотор талийгаач ээж минь Тогосоо, эгч Давааноров, миний 2 хүүхэд болох Энхмөнх, Асралт, манай гэрт байдаг дүү болох Мөнхчимэг, Алтанхуягийн хүүхэд буюу Мишээл, Гоомарал нар сууж явсан юм. Би жолоочийн ард талд бага хүүхэд болох Асралтыг өвөр дээрээ аваад миний хажууд буюу голд Мөнхчимэг цаад талд нь миний ээж болох талийгаач Тогосоо нь миний хүүхэд болох Энхмөнхийг өвөр дээрээ аваад сууж явсан. Хамгийн арын суудал дээр Алтанхуягийн хүүхдүүд болох Мишээл, Гоомарал нар сууж явсан юм. Осол болох үед юу болсныг би сайн мэдэхгүй байна. Би жолоочийн ард талд байсан болохоор гадна харагдах зам, орчинг юу ч хараагүй мөн би яг тухайн үед бага хүү болох Асралтыг өвөр дээрээ тавиад утсаа үзүүлээд сууж байсан. Осол хэдхэн секундын дотор болсон болохоор би ямар шалтгааны улмаас осол болсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Би тухайн үед ухаан алдсан юм шиг байна лээ ямар ч байсан сэрээд хартал цаад талд сууж байсан миний ээж Тогосоо байхгүй байсан. Цаад талыг харсан чинь цонх нь хагарчихсан байсан. Би гараад хартал ээж гадаа хэвтэж байсан. Ямар нэгэн юм хэлэхгүй байсан ба бид нар шууд замын унаа зогсоогоод Хөтөлийн эмнэлэгт ирсэн... ******* нь миний талийгаач ээж болох Тогосоогийн эгч Давааноровын хүүхэд болох Нарантуяагийн нөхөр байгаа юм. нэг ёсондоо миний хүргэн ах байгаа юм... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй... Тухайн үед гайгүй намуухан явж байсан би тодорхой хурд хэлж мэдэхгүй байна... Гадна цаг агаарын байдал Эрдэнэтээс гарах үед бороо хальт дусалж байсан. Осол болохын өмнө тэнгэр бүрхэг, сэрүүхэн байсан. Бороо, цас орсон зүйл байхгүй... Миний биед ямар ч гэмтэл шарх байхгүй... Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн байцаалтад хохирогч *******ын өгсөн: “...2016 оны 09 дүгээр  сарын 23-ны өглөө талийгаач Тогосоо, Эрдэнэсувд, би, Алтанхуяг бид нар хүүхдүүд Асралт, Энхмөнх, Гоомарал бид нар Эрдэнэтээс Дархан орох гээд Алтанхуягийн машинд суусан. Бид нар гарахдаа дугуй засвар дээр дугуйгаа янзлуулаад Эрдэнэтээс гарсан. Эрдэнэтээс Дархан явах замд шулуун, асфальтан зам дээр явж байтал бид нарын сууж явсан машин гэнэт бөгсөө хаялаад байх шиг байсан. Би тухайн үед ухаан алдсан юм шиг байна лээ. Гэнэт сэрсэн чинь бид нарын сууж явсан машин онхолдчихсон хүүхдүүд уйлаад, цаад талд нь Эрдэнэсувд ээжээ гээд уйлаад байсан. Би яг тухайн үед юу болсныг сайн санахгүй шоконд орчихсон байсан. Бид нар шууд замын унаанд суугаад Хөтөлийн эмнэлэг дээр ирсэн юм... Би *******ийн хадам ээж буюу Нарантуяагийн ээж байгаа юм... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй... Тухайн үед гайгүй намуухан явж байсан. Би тодорхой хурд хэлж мэдэхгүй байна... гадна цаг агаарын байдал Эрдэнэтээс гарах үед бороо хальт дусалж байсан. Осол болохын өмнө тэнгэр бүрхэг, сэрүүхэн байсан. Бороо, цас орсон зүйл байхгүй... Бид нар хурдтай явж байгаагүй. Настай хүмүүс болон хүүхдүүд явж байсан болохоор Алтанхуяг хурдан яваагүй. Яагаад гэдгийг би сайн мэдэхгүй байна... Ямар ч байсан осол болохын өмнө машин гэнэт бөгсөө хаяад байх шиг байсан. Би тэгээд юу ч санахгүй байна... Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Нарантуяагийн өгсөн: “...Би *******ийн эхнэр нь байгаа юм. Бид 2 одоо 3 хүүхэдтэй хамт амьдарч байгаа. Машинд А.Мишээл, А.Гоомарал нар сууж явсан. Одоогоор манай хүүхдүүд Орхон аймагт гэртээ байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн сургуульдаа явж байгаа. Одоогоор ямар нэг өвчинх зовиур байхгүй. Эмнэлэгийн байгууллагад үзүүлсэн А.Мишээл нь эмнэлэгт хэвтэж байгаад гарсан харин А.Гоомарал нь гэрээр эмчлүүлж байгаад гарсан. Одоо эмчилгээ дуусч ямар нэгэн өвчин зовиургүй болсон. Надад болон миний хүүхдүүдийн зүгээс ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-н 24/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Отгонборын өгсөн: “...Би Алтанхуягийн төрсөн дүү нь байгаа юм. Бид нар эхээс дөрвүүлээ. Алтангэрэл, Алтанхуяг, Эрдэнэ, тэгээд би хамгийн бага нь байгаа юм. Алтанхуяг ах айлын дундах нь... ******* ах хүнд тусархуу, үнэнч шударга зан ааштай, их хөдөлмөрч ажилсаг хүн. Алтанхуяг ах одоо Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчин ажилтай. Алтанхуяг ах, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Модны үйлдвэрийн байранд тусдаа амьдардаг. Алтанхуяг ах ам бүлээ тэжээж байгаа. Ах дүү, бид нарын тусалж дэмждэг ах, эгч нар дотроос ямар нэгэн зовлон болвол хамгийн түрүүнд л тусалж байдаг сэтгэлтэй хүн. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажиллаад удаж байгаа. 6 жил гаран болж байгаа. 2013 онд “Тэргүүний шилдэг залуу алтан медаль”, нийгмийн ажилд идэвхитэй санаачлагатай ажилладаг. Хамт ажилладаг хамт олон нь Алтанхуяг ахын талаар ам сайтай байдаг...  Би хэргийн талаар мэдэхгүй байна. Би тухайн үед ажилтай байж байхад өдөр нь манай том ах Алтангэрэл нь над руу залгаж хэрэг болсон талаар хэлсэн. Би тэр үед мэдсэн... Гайгүй сайн жолооч байгаа юм. Жолооч болоод миний мэдэхийн 6 жил гаран болж байгаа. Орхон аймагт жолооны курс төгссөн... Ямар нэгэн гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Ажил, гэр хоёрын хооронд явдаг болохоор чөлөөт цаг бага гардаг. Гэр бүлтэйгээ амралтын цагаа өнгөрөөдөг... Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна. Миний ярьсан бүх зүйл үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-н 25/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Авирмэдийн өгсөн: “...Алтанхуяг нь манай хүргэн байгаа юм. Би 1 хүү, 2 охинтой. Манай хамгийн бага охинтой сууж гэр бүл болсон юм... ******* нь хүнд тусархуу, үнэнч шударга зан ааштай, их хөдөлмөрч ажилсаг хүн. ******* нь эр хүн шиг түшигтэй залуу байгаа юм. Алтанхуяг нь одоо Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчин ажилтай. Алтанхуяг нь одоо 3 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, гэртээ хүүхдээ хардаг. Алтанхуяг нь ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээж байгаа. Алтанхуяг нь эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн модны үйлдвэрийн байранд амьдардаг. *******ийн амьдралын амьжиргааны түвшин дундуур айл, ганцхан Алтанхуяг нь 4 ам бүлээ тэжээж байгаа... Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Би хэрэг учрал гардаг үед Орхон аймагт гэртээ байсан. Алтанхуяг болон манай гэр бүлийн хүмүүс, хүүхэд, талийгаачийн хамт Эрдэнэтээс, Дархан явж байхдаа зам тээврийн осолд орсон гэж мэдсэн. Өөр нарийн юу болсон талаар мэдэхгүй байна... Машин тэрэг барина. Миний өөрийн эзэмшлийн жижиг суудлын тэргээр хөдөө явдаг байсан. Орхон аймагт жолооны курс төгссөн. Бараг 2010 оноос хойш 6 жил тээврийн хэрэгсэл барьж байгаа. Хөдөө замд Алтанхуягаар машинаа бариулаад хамт явж л байсан. ******* нь ганцаараа явж байсан тэврийн хэрэгсэл бариад. Тээврийн хэрэгсэл барихдаа сайн гэж бодож байна... Үгүй тийм зүйл байхгүй. Ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Ааш зан сайтай, ах, дүү, хамаатан садандаа тусалж хүндэтгэж явдаг зөв боловсон залуу. Сайн ч аав, эцэг хүн... Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна. Миний ярьсан бүх зүйл үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-н 26/,

Мөрдөн байцаалтад гэрч П.Мөнхчимэгийн өгсөн: “... Би 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Давааноров эгч, Алтанхуяг ах, Мишээл, Гоомарал, Энхмөнх, Асралт, Эрдэнэсувд эгч, талийгаач нарыг хамт Эрдэнэтээс Дархан орох гээд явж байсан. Би осол болох үед унтаж явсан болохоор юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд л замын хажуу талд бид нарын сууж явсан машин гарчихсан байсан. Тэгээд бид нар замын унаанд суугаад Хөтөлд ирсэн. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна... Алтанхуяг ах жолоо бариад явж байсан ба хажуу талд Давааноров эгч, ард талд талийгаач Энхмөнхийг өвөр дээрээ аваад явж байсан. Хажуу тал буюу голд нь би, миний цаад талд Эрдэнэсувд эгч хүүхэд болох Асралтыгаа аваад явж байсан. Хамгийн арын суудал дээр Алтанхуяг ахын хүүхдүүд болох Мишээл, Гоомарал нар байсан... Надад ямар ч гэмтэл, шарх байхгүй... Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 27/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10-р сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №82 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...

1.Талийгаачид гавал тархины битүү доргилт, цээж дарагдал, олон хавирганы хавсарсан сэлтэрхийт хугарал, эмгэмний хугарал, нүүр, цээж, хэвлийн хэсэг, булгалга, тохой, гуя, өвдгөнд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай, гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 болон 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.

2.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй.

4.Талийгаач нь эмнэлэгийн яаралтай тусламж авах боломжгүй.

5.Талийгаач нь биеийн хүчтэй доргилт, хавсарсан гэмтлийн улмаас цус алдалт, шок-н хүндрэлээр нас баржээ...” гэх дүгнэлт /хх-н 36-37/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10-р сарын 10-ны өдрийн №718 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: “...

1.А.Мишээлийн биед баруун эгэмний ясны цууралт, тархи доргилт үүсчээ.

2.Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4.Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5.Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10-р сарын 10-ны өдрийн №715 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: “...

1.*******ын биед тархи доргилт үүсчээ.  

2.Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4.Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5.Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10-р сарын 10-ны өдрийн №712 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: “...

1.*******ын биед зүүн эгэмний ясны далд хугарал үүсчээ.

2.Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4.Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 85/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатарын 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн №14 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...

 1.9424 ОРО улсын дугаартай Тоёото ISIS маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.Тээврийн хэрэгслийн хурд, 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болгохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан гэж дүгнэлт гаргав.

2.Ослын шалтгаан нь 9424 ОРО улсын дугаартай Тоёото ISIS маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний... дүрмийн 9 тээврийн хэрэгслийн хурд 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан болно...” гэх дүгнэлт /х-н 45/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “...Бид 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бид бөөндөө хүүхдийн үсний найранд явна гээд ярьсан байсан. Тэгээд ярьсан цагаараа бид Эрдэнэт хотоос Дархан руу гараад явсан. Эрдэнэт хотоос гарахдаа машиныхаа бүх  дугуйг шалгаад гарсан.  Миний машинд талийгаач, манай хадам ээж Давааноров, Эрдэнэсувд хоёр хүүхдийнхээ хамт, би 2 охинтойгоо, Мөнхчимэг гээд бид 9 хүн явсан.  Бид замд явж байсан чинь миний машин гэв гэнэт бөгсөө хаялаад нүд ирмэхийн зуургүй машин унасан. Тэгээд нэг мэдсэн талийгаач цонхоор унасан байсан. Тэгээд би гарч гүйгээд замын унаа зогсоогоод хүүхдүүдээ хадам ээжтэй хамт унаанд суулгаж Хөтөл рүү явуулсан. Дараа нь би машин зогсоож талийгаачийг охинтой нь цуг замын унаанд сууж Хөтөлд ирсэн. Тухайн үед сандарсан байсан болохоор юу болсныг мэдэхгүй байна... Тоёото-ISIS загварын 94-20 ОРО улсын дугаартай  тээврийн хэрэгсэл миний машин. 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр худалдаж авсан... Осол 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр болсон... Би 2012 онд жолооч болсон. Урьд өмнө нь би хадам аавынхаа Прадокс машиныг барьж байсан... Миний машинд 4 том хүн, 5 хүүхэд нийт 9 хүн явж байсан. Би хурд хэтрүүлж яваагүй. Зөөлөн явж байсан... Миний машин 7 хүний суудалтай... 2 жоохон хүүхдээ дунд суудалд өвөр дээрээ авсан байсан... Бид явж байхад миний машин гэнэт бөгсөө хаялаад эхэлсэн. Тэгээд тормос гишгэхийн завдалгүй ийм зүйл болсон... Би хурдтай яваагүй. Зөөлөн явсан. Хаазан дээр гишгээгүй. Хаазаа аваад тормос дээр гишгэхийн завдалгүй л ийм зүйл болсон... Би мэдэхгүй байна. Тэр үед юу болсныг би санахгүй байна. Машин 3 өнхөрснийг би мэдээгүй... Зогсоож амжаагүй. Тормос гишгэхийн завдалгүй ийм зүйл болсон... Эрдэнэт хотоос  бид өглөө 10 цаг өнгөрч байхад гарсан... хадам ээж Давааноровт эмчилгээнд 220.000 төгрөг, Эрдэнэсувдад  тархины бичлэгт ор гэж 150.000 төгрөг, талийгаачийн буяны ажилд нь 2.597.000 төгрөг өгсөн. Бусад хохирогч нар мөнгө нэхэмжлээгүй байгаа. Би хохирогч нар дээр байнга очиж байгаа... Хүүхдүүд гайгүй. Манай 11 настай, 7 настай хоёр хүүхэд явж байсан. Эхнэр яваагүй. Эрдэнэсувд зүгээр байгаа. Эрдэнэсувдад тархины зураг авахуул гээд  150.000 төгрөг өгсөн... Манай эхнэр төрөөд 3 сар болж байна... хохирогч нартайгаа байнга уулзаж байгаа. Манайхтай ойрхон байдаг. Би Эрдэнэсувдыг хүнтэй ярьж ажилд оруулж өгсөн... Тэр өдөр тэнгэр бүрхэг байсан. Тэгэхдээ үзэгдэх орчин гайгүй юм харагдаж байсан. Урдаас машин байхгүй байсан... Яарах ажил байхгүй байсан болохоор удаан явж байсан. Нэг том чулуу байсан түүнд цохигдсон юм шиг байна лээ. Би сүүлд очиж харсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрөө бүтэн өнчин энэ хүн миний түшиг тулгуур байсан юм... Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд  шүүгдэгч *******ийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусдын биед хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан бөгөөд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад 150 000 төгрөг, оршуулгын зардалд 2 597 000 төгрөг /хх-98/, хохирогч *******т 220 000 төгрөг /хх-104/ тус тус төлсөн бөгөөд хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаа болох нь түүний ял шийтгэлтэй эсэхийг шалгах тухай  хуудас      /хх-н 116-р хуудас/-аар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт хэсэгт “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Хуулийн дээрх заалтаас шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээний талууд хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн  талаар мэтгэлцээгүй бөгөөд  өмгөөлөгчийн зүгээс  улсын яллагчийн санал болгосон 03 жил 10 сарын хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгөх санал гаргаж мэтгэлцсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан.

Шүүгдэгч ******* хуулийн дээрх заалтыг хангаж байгаа тул түүнд  оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 02 жил 06 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймаг дахь цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн,  55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, 55.1.10 дахь хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар гомдол саналгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн №01282293 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бор өнгийн гэр бүхий 2 ширхэг /машины/ түлхүүрийг *******т  буцаан олгож, №765014 дугаартай жолоочийн үнэмлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж  шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон *******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие мах бодид хүндэвтэр гэмтэл учруулах, бусдын амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 03 жилийн нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

6.Шүүгдэгч ******* нь хохирогч *******ад 150 000 төгрөг, оршуулгын зардал 2 597 000 төгрөг, хохирогч *******т 220 000 тус тус төлсөн, хохирогч  нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар 01282293 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг, бор өнгийн гэр бүхий 2 ширхэг түлхүүр /машины/-ийг шүүгдэгч *******т буцаан олгож, 765014 дугаарын жолоочийн үнэмлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай. 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогч хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Алтанхугт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.НАРАНТУЯА