Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 126/ШШ2021/0029

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван би Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийн хавсралт “Газар эзэмших эрхийг цуцалж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагын жагсаалт”-ын 2 дахь мөр Г.Мийн эзэмшлийн Мөрөн сумын 8 дугаар баг 16 дугаар байрны ард байрлах 210708823 нэгж талбарын дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай 600 м2 газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий Г.Мийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Гүнширийн Мөнгөнхуяг нь аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/186 дугаар захирамжаар Мөрөн сумын 8 дугаар баг, 16 дугаар байрны ард байрлах 210708823 нэгж талбарын дугаартай, худалдаа, үйлчилгээний зориулалтай 156 м.кв газрыг Мөрөн сумын иргэн Монхорын Эрдэнэтуяагаас эрх шилжүүлэн авсан. Гэвч аймгийн Засаг дарга асан Л.Г нь миний газар эзэмших эрхийг надад урьдчилж мэдэгдэлгүйгээр аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжаар цуцалсан байна. Тус шийдвэрийг миний бие 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдсэн бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд тус захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй тул газар эзэмших эрхийг цуцалсан. Иймд шийдвэрээ хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн нь дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Хуулийн 3 дахь  хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно”, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”. Үүнд:  тус хуулийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийн сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж тус тус заасныг зөрчиж байна.

Миний бие өөрийн эзэмшлийн газар эзэмших эрхээ цуцлуулж байгаад гомдолтой байна. Иймд аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийн хавсралт “Газар  эзэмших эрхийг цуцалж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт”-ын 2 дахь мөр Г.М миний эзэмшлийн “Мөрөн сумын 8 дугаар баг 16 дугаар байрны ард байрлах 210708823 нэгж талбарын дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалтай 600 м.кв газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төсөл сонгон шалгарлуулалтаар ялагч болсон иргэн М.Эрдэнэтуяад Мөрөн сумын 8 дугаар баг, 16 дугаар байрны хойд хананд нааж 156 м2 газрыг худалдаа үйлчилгээний  зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар аймгийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 257 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. Уг газрыг аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/186 дугаар  захирамжийн хавсралтын 7 дахь заалтаар М.Эрдэнэтуяа нь  Г.Мт газар эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй тул газар эзэмших эрхийг аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар цуцалсан тул иргэний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар эзэмших эрх цуцлах сонсох ажиллагааг 2019, 2020, 2021 онуудад манай байгууллага, Засаг даргын зүгээс хийсэн. Тухайн нэхэмжлэлтэй холбоотой 2020 онд бид бүхэн 2 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулаагүй иргэн, аж ахуй нэгж байгууллагад сонсох ажиллагаа буюу цуцлах мэдэгдлээ өгөөд эргээд хариу тайлбар авсан ийм баримтууд байгаа. Яг  энэ нэхэмжлэл гаргаж байгаа иргэн Г.Мийн хувьд тухайн баримтуудыг үзэхэд энэ хүнд мэдэгдэл  өгсөн, эргээд хариу тайлбар авсан зүйл тухайн үед бидний явуулж байсан үйл ажиллагаа дунд харагдахгүй байгаа. Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, газар эзэмших эрх цуцлахад явагдах процессын хувьд алдаа гарсан байна гэдгээ хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Үндсэндээ сонсох ажиллагаа дутуу хийгдсэн байна. Мэдээж цуцлах ажиллагаа хууль журмынхаа дагуу дараагийн удаа хийгдээд явах ёстой гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Г.М нь Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийн хавсралт “Газар эзэмших эрхийг цуцалж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагын жагсаалт”-ын 2 дахь мөр Г.Мийн эзэмшлийн Мөрөн сумын 8 дугаар баг 16 дугаар байрны ард байрлах 210708823 нэгж талбарын дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай 600 м2 газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийн хавсралт “Газар эзэмших эрхийг цуцалж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагын жагсаалт”-ын 2 дахь мөр Г.М миний эзэмшлийн Мөрөн сумын 8 дугаар баг 16 дугаар байрны ард байрлах 210708823 нэгж талбарын дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай 600 м2 газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий Г.Мийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Г.Мийн “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийн хавсралт “Газар эзэмших эрхийг цуцалж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагын жагсаалт”-ын 2 дахь мөр Г.Мийн эзэмшлийн Мөрөн сумын 8 дугаар баг 16 дугаар байрны ард байрлах 210708823 нэгж талбарын дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай 600 м2 газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН