Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 283

 

МАГАДЛАЛ

 

2018.01.24                                                     Дугаар 283                                 Улаанбаатар хот

 

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02900 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: НШГА-ы ш г Б.Б нь Х-У дүүргийн 2-р хороо, Үйлдвэр /17042/, ХД-55/9 тоотод байрлах дэлгүүрийн зориулалттай 157 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, 94 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулах ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад миний бие үл хөдлөх хөрөнгөнд үнийн саналаа 1 тэрбум төгрөгөөр үнэлэн саналаа өгсөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа миний эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэн анхны болон 2 дахь дуудлага худалдаанд оруулан иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байна. Үнэлгээ гаргасан огноо нь тодорхойгүй, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн, газрыг үнэлсэн үнэлгээ байдаггүй. Үнэлгээ хүчингүй болсноор албадан дуудлага худалдаа хүчингүй болно гэсэн хуулийн заалт байдаггүй учир анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Х У дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00027 дугаар захирамжаар Н ХХК болон С.Б нараас 101 102 565 төгрөг гаргуулж Х б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудаст хариуцагч нар төлбөрийг төлөөгүй тохиолдолд Х-У дүүрэг,  2-р хороо, Үйлдвэрийн 1-р гудамж, 55/9 тоотод байрлах 157 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний төвийн барилга, мөн хаягт байрлах 94 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрсэн. Төлбөр төлөгч Н ХХК болон С.Б нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үйлчилгээний төвийн барилга, мөн хаягт байрлах 94 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэн, хураан авсан. Хураан авсан үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Н ХХК болон С.Б нараас үнийн саналыг авахад 1 000 000 000 төгрөгөөр үнийн санал өгснийг төлбөр авагч Х Б ХХК-иас эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 290 000 000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Н ХХК болон С.Б нарт 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/5353 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоогдсоноос хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар заасан тул гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар Х-У дүүрэг, 2-р хороо, Үйлдвэр /17042/, ХД-55/9 тоот хаягт байршилтай хүнсний дэлгүүрийн зориулалттай 157 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 94 м.кв талбай бүхий газрыг үнэлсэн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай, С.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байхад хариуцагчийг хариу тайлбараа өгөөгүй байхад нь хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн үнэлгээг яг хэзээ тогтоосон болох нь тодорхойгүй буюу 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан дээрх хугацааг хэзээнээс тоолох нь ойлгомжгүй байна. Үүнийг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч НШШГГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Х У дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00027 дугаар захирамжаар “Н” ХХК, С.Б нараас 101 102 565 төгрөг гаргуулж “Х Б” ХХК-д олгож, хариуцагч нар төлбөрийг төлөөгүй тохиолдолд Х У дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэрийн 1 дүгээр гудамж, 55/9 тоотод байрлах 157 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний төвийн барилга, 94 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталжээ.

Төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул барьцааны зүйлийг битүүмжлэн, хураан авсан, төлбөр төлөгч болон төлбөр авагч нар эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар зөвшилцөөгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр хариуцагч байгууллага нь шинжээч томилон зах зээлийн үнэлгээг тогтоолгоход эд хөрөнгийг 290 000 000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэргийн 52 дахь талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тухай баримтаар тогтоогджээ. Төлбөр төлөгч “Н” ХХК болон С.Б нарт үнэлгээний талаарх мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/5353 тоотоор шуудангаар хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 60-61/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоогдсоноос хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасныг нэхэмжлэгч хэтрүүлж, хуульд заасан журмыг баримтлаагүй гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгийн үнэлгээ, анхны дуудлага худалдааг тус тус хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин эд хөрөнгийг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч С.Б д гардуулсан гэж үзэх баримтгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан албадан дуудлага худалдаанд оролцох эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Х У дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/,    ХД-55/9 тоотод байршилтай хүнсний дэлгүүрийн зориулалттай, 157 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 94 м.кв газрыг үнэлсэн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эдгээр эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                          А.МӨНХЗУЛ

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ