Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 338

 

Ц.Га-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 42 дугаар магадлалтай 201711000168 дугаар эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сэ-, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 22 хоног хорих ялыг тэнсэж сулласан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар 10 хоног хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 241 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 2 хоног хорих ялыг өршөөн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлсэн Ц.Га- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Га-ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Га-ын цагдан хоригдсон 144 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сэ-ын өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Га- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол оршуулгын болон замын зардалд 5.624.405 төгрөгийг хохирогчийн төлөөлөгч Г.Сэ-д төлсөн ба энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сэ- гаргасан гомдолдоо: “Шүүх Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр алах” гэдэг заалтаар шүүгдэгчийг шийтгэх ёстой байтал Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж ял завшуулж байгааг бид эсэргүүцэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  “...хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд бидний гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүх Ц.Га-од Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Харин Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж үзэж ял шийтгэх байсан. Онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хүнийг алахын өмнөх явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан гэх мэт үйлдлийг хамруулан зүйлчлэхээр тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд талийгаачид тус тусдаа бие даасан гэмтлүүдийг онц хэрцгийгээр учруулж алсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Га- хохирогчийн амь насыг хохироосон үйлдэл нь нэг цаг хугацаанд, нэг санаа сэдэлтээр үйлдсэн. Үйлдсэн нөхцөл байдал нь хэргийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хохирогчийг онц харгис хэрцгийгээр алсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сэ-, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Га-од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Га- нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1800 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр-Ус” гэх газарт оршин суух иргэн С.Га-гийн хашааны баруун талд хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Са-тай маргалдан түүнийг зодож, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсны улмаас нугас дарагдаж амь нас хохирсон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Га-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Ц.Га-ын үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.Га- нь гэрч С.Га-гаас хазаараа авахаар гэрт нь очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн амь хохирогч Г.Са- түүнийг хэл амаар доромжилж, улмаар маргалдах явцдаа Ц.Га- нь Г.Са-ыг тонгорох, хазаараар ороолгож, мөн хавсарч унагахдаа түүний дээр дарж унасан үйл баримт тогтоогджээ.

Онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэдэгт хүнийг алахдаа хэрэглэж буй хэрцгий балмад арга болон хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдлийг зориудаар бий болгосон гэм буруутай хүний хувийн хэрцгий байдал, хандлага зэргийг ойлгох бөгөөд хохирогчийн зүгээс гаргаж байсан зүй бус харьцааны улмаас харилцан маргалдах, зодолдох явцад хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь дээрх ойлголтод хамаарахгүй юм.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сэ-, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан “хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 42 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сэ-, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН