Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 207

 

Ц.Х-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ц.Х, түүний өмгөөлөгч П.Н нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 113/ШШ2017/0001 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0202 дугаар магадлалтай, Ц.Х-гийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 113/ШШ2017/0001 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 38 дугаар зүйлийн 38.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ц.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг мэдсэнээс хойш Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 1 948 050 төгрөг, 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгаж”, “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Х-г албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0202 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг тус тус гарган нэхэмжлэгч Ц.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн. Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн гэж захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс үзсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд прокурорын тогтоолоор сумын Засаг даргыг үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлээд эгүүлээд сэргээсэн тохиолдолд буцааж томилох тухай заалт байдаггүй. Харин хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50 хувиас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга томилдог. Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлээд Ц.Х-г томилох, эсхүл чөлөөлөх тухай тогтоол аймгийн Засаг даргад ирээгүй байна. Шийдвэрийн тогтоох хэсэгт “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Х-г албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Өөрөөр хэлбэл Засаг даргын тус эс үйлдэхүй нь хууль бус гэдгийг тогтоогоогүй байхад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан тэтгэмжийгЦ.Х-д олгуулахаар шийдвэрлэсэн нь зөрчилдсөн гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5-д “хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд тус аймгийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 5/20 дугаар тогтоолоор эрүүгийн 20141000... дугаартай хэргээс Ц.Х-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хохирогчид 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгсөн байна. Өөрөөр хэлбэл аймгийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 5/20 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Х-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Нэхэмжлэгч Ц.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Ц.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон тухай”-г Говьсүмбэр аймгийн Засаг даргад мэдэгдсэн тус аймгийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/366 дугаар албан бичигт үндэслэжээ.

Ц.Х-с Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан “1. 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Х-гийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжийг /хүчингүй болгох нөхцөл бүрдсэн өдрөөс эхлэн/ хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2. түүнд  холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдсэнээс хойш Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 3. ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, 4. нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх, 5. хуулийн дагуу сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмжийг гаргуулах” зэрэг шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлд “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл”-ийг тусгасан байх, 52.5.1-д “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс,... нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж зааж эдгээр төрлийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарах зүйлийг тодорхойлжээ.

Ц.Х-гийн нэхэмжлэлийн 3, 4, 5 дугаарт бичигдсэн шаардлагын агуулгаас үзэхэд түүнийг холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор “хохирол гаргуулах”-аар шаардсан гэж үзэхээр боловч үндэслэл юу болох, эдгээр шаардлагуудыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан ямар үндэслэлээр гаргасан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр шаардлагыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулж гаргасан нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн “сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд 6 сарын тэтгэмжийг гаргуулах” шаардлага нь “албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” шалтгаан арилсаны дараа түүнийг “Баянтал” сумын Засаг даргаар “үргэлжлүүлэн” ажиллуулаагүй /ажиллуулах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй/ гэх Говьсүмбэр аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд хэрхэн холбогдож буй нь тодорхойгүй, уг шаардлагын үндэслэлийг нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх ажиллагааг гүйцэтгэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “тогтоох” хэсэгт хууль “орхигдуулж” бичсэн гэж шүүгчийн захирамжаар “шүүхийн шийдвэр залруулсан”, уг алдааг хариуцагч давж заалдах гомдлынхоо нэг үндэслэл болгож бичсэний дараагаар тус “залруулга”-ыг хийсэн нь давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэснээс шийдвэр, магадлал хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул хууль хэрэглээний асуудлаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 113/ШШ2017/0001 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0202 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ