Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0555

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0555

Улаанбаатар хот

 

 

Монголын ахмадын холбооны итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ш.Адьяадоржийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ш.Адьяадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэцэгчимэг, хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанцэцэг нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 113/ШШ2016/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Монголын ахмадын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Адьяадоржийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 113/ШШ2016/0005 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 3  дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. дахь хэсгийн а/-д заасныг тус тус баримтлан Монголын ахмадын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Адьяадоржийн “Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.2-т заасан Ахмадын хорооны эзэмшин ашиглаж байгаа хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх заалтыг хүчингүй болгуулах, тус аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, тухайн үндсэн хөрөнгийг Ахмадын хороо төрийн бус байгууллагад эзэмшүүлж, ашиглуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Говьсүмбэр аймгийн Ахмадын хорооноос Захиргааны хэргийн шүүхэд 2015 оны 08 дугаар сард хоёр асуудлыг шийдүүлэхээр гомдол гаргасан. Үүнд:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2.2-т заасан Ахмадын хорооны эзэмшиж, ашиглаж байсан хөрөнгийг хууль бусаар балансаас балансад шилжүүлэх тухай заалтыг хүчингүй болгуулах,

2. Аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Манай гомдлыг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээж аваад жилийн дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж 113/ШШ2016/0005 дугаар шийдвэр гаргалаа.

-Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт /10 дугаар хуудас, 4 хуудас/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэр Ахмадын хорооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй, үйл ажиллагаа хэвийн явуулах эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй тул хөрөнгийг Ахмадын хороонд эзэмшүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэжээ. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанцэцэг нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн боловч /шх7/ “...шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндхөөргүй байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно” харин Говьсүмбэр аймаг дахь Чөлөөт ахмадын холбооны салбарын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул хэргийг хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй /шх8/ гэж үзсэн.

-Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээгүй байхдаа гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байна гэж үзсэн атлаа Ахмадын хорооны олон жил эзэмшиж, ашиглаж байсан эд хөрөнгө, ахмадын төлөө гэж хөөцөлдөн байж бариулж байгуулсан ажлын байрыг нь сүүлд байгуулагдсан Чөлөөт ахмадын холбоонд эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан нь Ахмадын хорооны эрх ашгийг хөндхөөргүй байна гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

-Ахмадын хороо нь Чөлөөт ахмадын хороондоо тусгайлан ажлын байр гаргаж өгсөн ба чийрэгжүүлэх өрөө, хурлын заалыг хамтран эзэмшдэг байсан атлаа байр байшин, хөрөнгийг бүгдийг авч эзэмших хүсэлт гарган улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаар шийдвэр гаргуулчихаад үүнийгээ ахмадуудтай уулзах уулзалтан дээрээ бид ийм хүсэлт гаргаагүй, ийм шийдвэр гаргасныг мэдээгүй гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт байдаг. Үүнээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дураараа хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргасан, эсвэл Чөлөөт ахмадын холбоо Ёндон ахмадууддаа худлаа ярьсан аль нь болохыг шүүх тухайлан шалгаагүй, зөвхөн өмчийн төлөөлөгч Алтанцэцэгийн мэдүүлгээр шийдсэн. Захиргааны хэргийн шүүх баримт материалыг гаргуулах эрхтэй, үүрэгтэй боловч энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, санхүүгийн тайланг хавтаст хэрэгт авна уу гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан шийдвэр байсныг давах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон.

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хөрөнгө шилжүүлэх эрхтэй, эрхгүй дээр бид маргаагүй, харин хэвийн ажиллаж байгаа, олон жил ашиглаж, ахмад настнуудад үйлчилгээ үзүүлдэг, нөгөө ТББ-тайгаа хамтран эзэмшдэг ажлын байрыг нь нэг л өдөр шийдвэр гарган шилжүүлсэн нь хууль зөрчиж байна гэж маргаж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Төрийн өмчийн хорооны 44 тогтоолын 44.1-ийг баримтлан шийд гаргасан байхад шүүх бүрэлдэхүүн энэ зохицуулалт нь төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг зохицуулсан шийдвэр тул уг тогтоолд хамаарахгүй байна гэж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

-Засаг дарга өмчийг балансаас балансад шилжүүлэх, актлахдаа бие даасан шийдвэрийг эрх олгосон шийдвэрийн үндсэн дээр гаргаж түүнээ хэрэгжүүлдэг. Засгийн газраас баталсан албан хэрэг хөтлөн явуулах тогтсон журам байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ба Засаг даргын Тамгын Газар нь бие даасан байгууллагууд бөгөөд өөр өөрийн эрх мэдлийн хүрээг хуулиар тогтоож өгсөн байдаг. Гэтэл Засаг даргын захирамж нь тогтоох хэсэг буюу үндсэн хийх зүйлийн талаар шийдвэр гаргаагүй, харин түүнийгээ хэрэгжүүлэх комисс байгуулсан нь процессын алдаа юм. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, үүнээс үзэхэд хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэстэй гэж гомдол гаргаж байна.

-Ахмадын хорооны 20 гаруй жил эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийг ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт, холбогдох шалгалт, үзлэг хийгээгүй байж шинээр үүссэн төрийн бус байгууллагад шууд шилжүүлэх шийдвэр гаргасан нь Үндсэн хуульд заасан тэгш байх зарчим, мөн холбогдох хуулиудын заалтыг зөрчиж байна. Орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэнтэй гэрээ байгуулаагүй гэжээ.

Гэвч шинээр хөрөнгөө эзэмшүүлэхээр өгсөн байгууллагатайгаа өмчийг хэрхэн ашиглаж байгаа талаар мөн л үнэлэлт дүгнэлт өгөөгүй, гэрээгээ талууд байгуулаагүй байгаа нь хэт туйлширч буйг гэрчилж байна. Орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах, дүгнэх, үр дүнгийн гэрээг явцын шалгалт хийх зэрэг нь аж ахуйн нэгжийн үүрэг байхаас гадна төрийн албан хаагчийн үндсэн үүргүүдийн нэг юм.

Хэрэв мэргэжилтэн энэ үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол тухайн жилийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ нь муу дүгнэгдэх ёстой. Гэтэл Алтанцэцэг мэргэжилтэнгийн үр дүнгийн гэрээг шалгаагүй, өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийг шилжүүлэх бодит шаардлага байсан уу эсвэл хэн нэгэн дарга, түшмэдийн заавар, улс төрийн нөлөө байсан уу гэдгийг тогтоох шаардлагатай. 2015 оны 12 дугаар сард өмгөөлөгч, нэхэмжлэгч нар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад хүсэлт гаргаж, үндсэн баримт материалтай танилцахад хавтаст хэрэгт байгууллагын хүсэлт, шалгасан материал байгаагүй. Үүнийг тухайн үеийн хурлын нарийн бичгийн дарга гэрчилнэ.

-Засгийн газар, Чөлөөт ахмадын холбооны хооронд байгуулсан гэрээнд аймгуудад шууд үйлчлэх заал байхгүй, орон нутгууд өөрсдөө бие даан шийдвэрлээд явж байна. Одоогийн байдлаар 21 аймгийн тал нь Чөлөөт ахмадын холбоотой, тал нь Ахмадын холбоотой гэрээтэй ажиллаж санхүүжүүлж байгаа бол Говьсүмбэр аймаг шиг эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийг нь булааж аваад нөгөөд эзэмшүүлэх шийдвэр гаргасан аймаг байхгүй байна. Үйл ажиллагаа явуулдаг байрыг нь булааж аваад ахмадуудынхаа хагасыг ахмадын холбооны гишүүн гээд оруулахгүй, байрны цоож цуургыг сольж, самбарыг хуулж хаясан Чөлөөт ахмадын холбооны ямар эрх ашиг хохироод байгааг шүүх тогтоосонгүй. Шүүх анхнаасаа нэг талыг баримталж байсныг дурдах нь зүйтэй болов уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Адьяадорж “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тухайн үндсэн хөрөнгийг Ахмадын хороо төрийн бус байгууллагад эзэмшүүлж, ашиглуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг даалгах,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2.2-т заасан Ахмадын хорооны эзэмшин ашиглаж байгаа хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх шүүх хуралдааны ирц болон оролцогчдын эрх зүйн байдалд бодитой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн  байх боловч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болголгүй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн нь зөв байна.

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.2-т заасан Ахмадын хорооны эзэмшин ашиглаж байгаа хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгожээ.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, мөн зүйлийн 3-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар маргаан бүхий тогтоолд заасан хөрөнгийн өмчлөгч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь эрх хэмжээнийхээ хүрээнд хөрөнгө өмчлөгчийн хувьд захиран зарцуулах эрхээ эдэлж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолыг гаргасан болох нь тогтоогджээ.

Түүнчлэн  Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дээрх тогтоолыг батлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу хуралдаж, олонхийн саналаар  шийдвэрээ гаргасан болох нь  нотлох баримтаар тогтоогдсон байна. Хэрэгт авагдсан  нотлох баримтаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “Засаг дарга захирамжийн үндэслэлээ тусгаагүй, хэрэглэх ёстой хуулийг буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтыг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр дээрх захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч маргаж байна. Хуулийн дээрх заалт нь Засаг даргын орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх бүрэн эрхийг тодорхойлсон байна. Энэхүү маргааны тухайд Говьсүмбэр аймгийн Засаг дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн а/-д заасан бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасаныг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн Монголын ахмадын холбоонд санхүүжилт олгохгүй болсноос Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нэхэмжлэгчийн хэвийн ажиллах, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

Учир нь Төрийн бус байгууллагын тухай хуульд төрөөс төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлж болох талаар хуульчилсан болохоос бус заавал дэмжлэг үзүүлж болох ойлголтод байраар хангана гэх агуулга илэрхийлэгдээгүй байна.

Шүүхийн энэхүү шийдвэр, магадлал нь хойшид “Монголын ахмадын холбоо” ТББ-аас Засгийн газартай, аймаг дахь салбар холбоод нь тус тусын аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай гэрээ байгуулан ажиллахад ямар нэгэн саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 111/ШШ2016/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР