Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар  2022/ШЦТ/963

 

 

 

 

 

  2022         12          08                                     2022/ШЦТ/963

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Б.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таргад овогт БАд холбогдох эрүүгийн 2211 00000 1954 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Зурагтын шинэ эцэст барилгын мужаан хийдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 21-24 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Таргад овогт БА /РД:............................................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Таргад овгийн БАт нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн зочид буудлын өрөөнд Ц.Отгонцэцэгтэй үл ялих шалтгааны улмаас маргалдан цохиж, зодон түүний биед дух, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Таргад овгийн БАт нь:

2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн зочид буудлын өрөөнд Ц.Отгонцэцэгтэй үл ялих шалтгааны улмаас маргалдан цохиж, зодон түүний биед дух, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Ц.Огийн “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өглөө 09 цагийн үед буудлын өрөөнд Алтанбагана гэх найз нь ирээд бид гурав дахиж үргэлжлүүлэн 0,75-н багтаамжтай архи ууцгаагаад байж байхад Амгаланбат нэг эмэгтэй найзыгаа дуудчихсан байсан бөгөөд нэг эмэгтэй бас найзтайгаа ирээд тавуулаа болсон бөгөөд бид тав тухайн буудлаас гараад замын эсрэг талын Эбо төвийн зочид буудлын 3 давхарт орж өрөө авч үйлчлүүлсэн. Тэгээд бид тав 0,75-н багтаамжтай архи уугаад байж байхад Амгаланбат дуудсан хүүхэнтэйгээ тэврэлдээд намайг яваач гээд хөөгөөд байхаар нь би уурлаад чи эхнэртэй хүүхэдтэй байж олон хүүхэнтэй уулзаж болохгүй гэж хэлэхэд намайг тоогоогүй. Тэгээд бид хоёр маргалдаад байж байхад Амгаланбат миний дух хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би хоёр гараараа хамгаалсан чинь Амгаланбат архины шил аваад миний зүүн гарын шуу руу нэг удаа цохисон бөгөөд би зөрүүлээд би толгой руу нь гараараа цохисон. Тэгсэн чинь Амгаланбатын дуудсан эмэгтэй Сарантуяа гэх эмэгтэй салгаад болиулаад байж байхад буудлын ресейпшн ирээд зодоон хийгээд байна гээд байхаар нь би ганцаараа гараад цагдаагийн хэлтэс дээр гомдол мэдүүлж мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14402 дугаартай дүгнэлтэнд “Ц.Отгонцэцэгийн биед дух, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Аын “2022 оны 10 дугаар сарын 15-ны орой би зурагтын хуучин эцэс дээр шинэ баригдаж байгаа барилга дээр найз Алтанбаганатай хамт ажиллаж байгаад орой ажил 19 цагийн үед тараад бид хоёр найз Мандахтай уулзахаар болж Гандангийн автобусны буудал дээр уулзсан бөгөөд бид гурав архи уухаар болж таксинд суугаад 32-н тойргоос хойшоогоо 7-н буудал зам дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бадруун төв” нэртэй зочид буудалд орж 0,75-н Соёрхол нэртэй архи 2 шилийг хувааж уугаад байж байхад 20 цагийн үед гэж бодож байна би Ц.Отгонцэцэгийг гар утсаараа залгаж дуудсан чинь хүрээд ирсэн бөгөөд бид хоёр зочид буудлын өрөөндөө унтаж амарсан юм. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед би эмэгтэй найз Алтанбагана, Сарантуяаг дуудсан чинь нэг эмэгтэй найзтайгаа ирээд бид тав замын эсрэг талд байрлах Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эбо” төв нэртэй зочид буудал орж өрөөгөө сольж 0,75-н Ех нэртэй архи 5-уулаа ууцгаагаад байж байсан юм. Тэгээд би архиндаа согтоод болсон явдлыг сайн санахгүй нэг мэдсэн чинь бид тавыг буудлаас гарцгаа гээд ресепшен хөөгөөд бид тав буудлаас гараад салцгаасан юм ...Отгонцэцэгийн биед хөнгөн хохирол санаатайгаар учруулснаа би хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хэрэг болсон өдрөөс хойш нэг удаа уулзаж эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг бэлнээр өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,  

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 44-45/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 369 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол /хх 51/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар, шүүгдэгч Таргад овгийн БАт нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн зочид буудлын өрөөнд Ц.Отгонцэцэгтэй үл ялих шалтгааны улмаас маргалдан цохиж, зодон түүний биед дух, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан гэм хорын хохирлын 500.000 төгрөгийг төлсөн байх тул;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Ц.Отгонцэцэгээс гаргасан хүсэлтдээ: “...Б.А гэх хүнтэй эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. Б.А надад эмчилгээний зардал 500.000 төгрөг бэлнээр өгсөн болно ...” гэжээ.

Иймд шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Таргад овогт БАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ