Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/941

 

 

 

 

  2022         11          30                                     2022/ШЦТ/941

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Д.Д /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Норов овогт ДДид холбогдох эрүүгийн 2211 01181 1632 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүү, бэр, 2 ачийн хамт  Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 30-1303 тоотод оршин суух,

Урьд: - Октябрийн районы 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар жирийн дэглэмтэй колонид 2 жилийн хорих ял,

- Улаанбаатар хотын шүүхийн 1985 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн Б, В-д зааснаар 5 жилийн хорих ял,

- Төв аймгийн шүүхийн 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 7 жил хорих ял,

- Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Норов овогт ДД /РД:........................................................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь “гэмт хэрэг хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцаан хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй санаа зорилго, сэдэлтээр шууд санаатай үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвд хохирогч С.Доржсүрэнгээс 6 ширхэг хонины гулууз махыг 1.428.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон “дансаар мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн хуурч, хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Д нь:

“гэмт хэрэг хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцаан хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй санаа зорилго, сэдэлтээр шууд санаатай үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвд хохирогч С.Доржсүрэнгээс 6 ширхэг хонины гулууз махыг 1.428.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон “дансаар мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн хуурч, хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Доржсүрэнгээс хоолонд хэрэглэх махны мөнгийг дансаар өгнө гэж хэлсэн. Доржсүрэнгийн хувьд худалдаж аваад зоорьт хадгалж байсан мах авсан нь миний буруу. Ийм нөхцөл байдалд хүрсэн учраас би хэргээ хүлээн зөвшөөрч, хурдан шийдвэрлүүлмээр байна” гэв

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч С.Дгийн “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өглөө Дундговь аймгаас 92 ширхэг шинэ хонины мах ирээд би худалдаж аваад тэр өглөө гадаа машинтай зараад зогсож байхад Дорж гэх хүн ирээд надаас 1 килограммыг нь 8.500 төгрөгөөр бодоод 6 ширхэг хонины 168 килограмм мах 1.428.000 төгрөгөөр бодож авсан. Тэр хүн авсан махаа саарал мөнгөлөг өнгийн 3910 УБЕ улсын дугаартай машинд ачаад явсан. Тэгээд надад дансаа миний утас руу явуулчих яг одоо гараад мөнгийг чинь хийнэ гэж хэлээд 6 ширхэг шинэ хонины махаа ачаад явсан. Би араас нь 99880202 гэх надад өгсөн дугаар луу нь өөрийн Хаан банкны 5065269835 дугаарын дансыг мессежээр явуулсан. Тэгсэн боловч тэр хүн утсаа авахгүй одоо болтол миний мөнгийг өгөөгүй би утас руу нь удаа дараа залгаж мессеж бичиж мөнгөө асуусан боловч утсаа авахгүй байгаа. Тэгээд одоо 3 сар болж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дугаар тал/,

Гэрч Н.Баяраагийн “...2022 оны 06 дугаар сарын дундуур Сүхбаатар аймаг руу мал худалдаж авах гээд явсан. Тэр үед цагдаагаас манай нөхөр лүү залгаад танд хүн гомдол гаргаад байна 6 ширхэг хонины махны мөнгийг нь өг ирж уулз гээд яриад байсан. Тэгээд манай нөхөр лүү бас цагдаагаас ирж уулзаарай гээд өөрийнхөө цол, нэр, албан тушаалаа бичээд мессеж бичсэн ...тухайн үед Сүхбаатар аймагт байж байгаад наадмын дараа ирсэн хотод байж байгаад буцаад Сүхбаатар аймаг руу явсан. Хотод ирээд байж байхад цагдаа хүрч ирээд манай нөхөртэй уулзсан. Би нөхрийгөө 6 хонины мах хүнд өгөх юм бана гэж бодсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-39 дүгээр тал/,

Гэрч Н.Баттулгын  “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажилчдынхаа хоолны махыг авах гээд 6 ширхэг хонины мах худалдаж авсан. Манайд мах авчирч өгөхдөө саарал өнгийн приус 20 загварын машинтай 6 ширхэг хонины махаа авч ирж өгсөн. Би тэр 6 ширхэг махыг бүгдийг нь 1.450.000 төгрөгөөр бодож авсан. Авчихаад маргааш өдөр нь шулаад хоол хийх гэж байж байтал жаахан үнэр орсон байна та ирж үзээд махаа ав гэж хэлтэл тэр хүн би Сүхбаатар аймагт явж байна, хот орохоороо учраа олъё гэж надад хэлсэн. Би дахиад хэд хоногийн дараа залгаад мах чинь болохоо байлаа ирж махаа аваач ээ гэж хэлтэл тэгвэл наад махаа хаячих гэж надад хэлсэн би тэгээд тэр махыг тэр хавийн нохойд хаяж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-43 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЧД2-22-614 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.428.000 төгрөгөөр үнэлэгдэв ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Дийн “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх Нарантуул-2 худалдааны төв дээрээс зүс таних Доржсүрэн гэгчээс 6 ширхэг хонины 168 килограмм махыг 1 килограммыг нь 8500 төгрөгөөр бодож авч нийт 1.428.000 төгрөгийн махыг авсан нь үнэн. Би тухайн үед ганцаараа 3910 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан ба тухайн махыг би аваад өөрийн танил Баттулга гэгчид 1 килограммыг нь 9000 төгрөгөөр бодож зараад нийт 1.512.000 төгрөгөөр тохиролцоод өгсөн. Тэгээд би шууд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймаг руу ажлаар явсан тэгсэн араас Баттулга нь залгаад ахаа энэ надад зарсан 6 гулууз мах чинь гашуун оргиод хоол хийж болохгүй байна гэж хэлэхээр нь би түүнд наад махаа аргалаад идээ би хүнээс авсан юм чинь гэж хэлсэн. Тэгсэн Доржсүрэн нь над руу залгаад надаас махны мөнгөө нэхэхээр нь би тэр махны чинь мөнгийг тэгэж байгаад өгнө, тэр махыг надаас авсан хүмүүс гашуун оргиод болохгүй байна гэж надаа хэлээд байна шүү наад махныхаа үнээ жоохон буулгаад хоорондоо тохиролцоод  өгье гэж хэлтэл Доржсүрэн тийм зүйл байхгүй, би чамаас 1.428.000 төгрөгөө авмаар байна гэж хэлсэн. Доржсүрэн бид хоёр хоорондоо ярилцаад зөвшилцөлд хүрээгүй. Түүнээс болоод би түүний махны мөнгийг нь одоог хүртэл өгөөгүй, тохиролцоонд хүрээгүй байгаа. Баттулга нь надаа махны мөнг гэж 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би тэр мөнгийг бол Доржсүрэнд өгөөгүй байгаа. Баттулга нь манай эхнэрийн төрсөн дүү нь байгаа юм. Энэ асуудалд бол Баттулга нь ямар нэгэн оролцоо байхгүй. Тэгээд цагдаагийн байгууллагаас намайг удаа дараа дуудахад нь би Сүхбаатар аймаг ногоогоо зараад завгүй, хүнсний ногоо маань хөлдчих гээд байсан тул тухайн ногоогоо зарчихаад ирээд асуудлаа шийдье гэж бодоод цагдаагаас дуудахад нь ирээгүй. Манай хүү Мөнгөнбагана надад утсаа цагдаагаас дуудаж байгаа талаар мэдэгдэж байсан. Би тухайн Доржсүрэн гэгчийн хохирлыг нь барагдуулах болно. Би тухайн үед Доржсүрэнгийн махыг нь сайн шалгаж аваагүй нь миний буруу ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 95/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 359 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол /хх 98-99/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар, шүүгдэгч Д.Д нь “гэмт хэрэг хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцаан хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй санаа зорилго, сэдэлтээр шууд санаатай үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвд хохирогч С.Доржсүрэнгээс 6 ширхэг хонины гулууз махыг 1.428.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон “дансаар мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн хуурч, хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Д.Д нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч Д.Д нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны Шилжүүлгийн мэдээлэл /хх 96/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Норов овогт Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ