Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/915

 

 

 

   2022          11         23                                   2022/ШЦТ/915

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Дөлгөөн,

  шүүгдэгч А.З /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

хохирогч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт АЗт холбогдох эрүүгийн 2211 00000 1501 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт АЗ, регистрийн дугаар .......................................................

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй  дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-3-55 тоотод оршин суух,

Урьд: Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

 Холбогдсон хэргийн талаар;

 Шүүгдэгч А.З нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын  А-3-55 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Уийн толгой тус газар шүхрээр цохин түүний биед дагзанд шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд гомдол санал байхгүй. Бид хоёр ханилж суугаад 15 жил болж байна. Бид хоёр 4 хүүхэдтэй. Би тухайн үед нөхрийнхөө нүүрийг маажсан. Намайг зөөлхөн цохиход цус гарахаар нь орилж, чаралсан. Надаас манай нөхөр уучлалт гуйсан” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Уийн “...2022 оны 07 дугаар сарын эхээр манай нөхөр Зулбаатар түүний төрсөн дүү Ганбаатар хөдөөнөөс манайд ирэн хамт амьдарч байгаа ба 07 дугаар сарын 28-ны өдөр манай хүүхдүүд манай нөхрийн том эгч болох Саранзулын гэр лүү явцгаан бид гурав үлдсэн юм. Болсон асуудлын хувьд гэвэл өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Зулбаатар, Ганбаатар бид гурав гэртээ байж байгаад 15 цагийн үед дүү Ганбаатарыг дэлгүүр лүү 0.5 литр хэмжээтэй Хараа нэртэй архинд явуулж, архи авчруулаад хашаандаа машиныхаа сүүдэрт авсан архиа хувааж ууцгаан суусан. Ингээд архи дуусахаар нь хэсэг байж байгаад орой 20 цагийн орчим дахин 0.5 литр хэмжээтэй Хараа архи авч ууцгаан юм ярьж суусан. Ингээд сууж байтал яг юу  болсныг сайн санахгүй байна, манай нөхөр гартаа машины хажууд байсан шүхрийг барьж байгаад миний толгой руу нэг удаа цохиод хагалчихсан юм. Ингээд миний толгойноос цус гараад байсан чинь манай дүү Ганбаатар хувинтай ус авчраад угааж өгсөн ба удалгүй манай ээжийн ахын эхнэр болох Дэлгэрмаа нь ирчихсэн цагдаа дуудчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/,

Гэрч Б.Дэлгэрмаагийн “...Өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай нөхрийн дүү Алтанцэцэг над руу 19 цаг 21 минутад 88650484 дугаараасаа залгаад “манай охин Ууганцэцэгийг нөхөр нь зодоод байна, хүүхдүүд нь над руу залгаад эмээ аав ээжийг зодоод байна гэж сая над руу ярилаа, чи очоод цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тэгээд би өөрийн нөхрийн дүү Алтанцэцэгийн төрсөн охин болох Ууганцэцэгийн гэр болох Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын 55 тоотод 20 цагийн орчимд очоод Ууганцэцэгийн утас руу залгахад хашааныхаа гадаа ганцаараа гараад ирсэн ба толгой нүүр нь цус болчихсон зодуулчихсан байдалтай гарч ирээд эгчээ танай гэр лүү явъя гэсэн. Тэгэхээр нь би ийм байдалтай чамайг авч явахгүй, би цагдаа дуудна гээд ярилцаж байтал нөхөр Зулбаатар нь гэрээсээ согтуу гараад ирсэн, тэгэхээр нь би “чи яагаад эхнэрээ зодож байгаа юм гэхэд наад чинь өөрөө архи уусан шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад Ууганцэцэгээс юу болсон талаар асуухад намайг зодсон гэснээс өөр зүйл хэлээгүй. Ингээд байж байтал цагдаа нар ирсэн байдаг ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

Гэрч А.Ганбаатарын “...болсон асуудлын хувьд гэвэл 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өглөө 10 цагийн орчим Ууганцэцэг эгч намайг сэрээгээд дэлгүүр лүү яваад архи аваад ирээч гэсэн. Тэгэхээр нь би унтаж байна шүү дээ гэсэн чинь өөрөө гарч яваад 0.5 литр хэмжээтэй Хараа нэртэй архи авчраад гадаа хашаан дотор машиныхаа сүүдэрт ахтай хамт хувааж уусан. Энэ үед би хувцас угаагаад байж байхад 15 цагийн орчимд намайг дэлгүүр лүү архинд явуулсан. Тэгээд би 0.75 литр хэмжээтэй Хараа нэртэй архи авчраад бид гурав машины хажууд сүүдэрт суугаад авчирсан архи хувааж уугаад юм ярьцгаасан ба би босоод угаасан хувцсаа хатаагч дээр тавиад байж байсан чинь манай Ууганцэцэг эгч орилсон. Тэгэхээр нь би эргэж хараад яваад очиход Ууганцэцэг эгчийн толгой нь хагарчихсан байсан. Тэгээд би гэрээс хувин ус аваад Ууганцэцэг эгчийн толгойг угаасан. Тэгээд ахаас яагаад толгойг нь хагалчихваа гэхэд Ууганцэцэг нэг архичин найзтайгаа утсаар яриад гарч явах гээд байсан юм. Тэгэхээр нь би явуулахгүй гээд шүхрээр цохисон чинь толгой нь хагарчихлаа гэдэг. Ингээд байж байтал хамаатны эгч Дэлгэрмаа хүрч ирээд Ууганцэцэг эгчийн толгойг хараад цагдаа дуудчихсан юм. Тухайн өдөр хүүхдүүд  нь Саранзул эгчийн хүүхдийнх нь төрсөн өдөр гээд гэр лүү нь явчихсан бид гурав л гэрт нь байсан. Өөр хүн байгаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10645 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Ууганцэцэгийн биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

Шүүгдэгч А.Зын “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай эгч Саранзулын хүүхдийнх нь төрсөн өдөр гээд манай хүүхдүүд тэдний гэр лүү явсан байдаг ба гэрт манай дүү Ганбаатар, эхнэр Ууганцэцэг бид гурав үлдсэн. Болсон асуудлын хувьд гэвэл 07 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд эхнэр Ууганцэцэг, дүү Ганбаатар бид гурав хашаан дотроо сууж байгаад 0.5 литр хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж уусан. Архиа уучихаад бид гурав дахин 19 цагийн орчим 0.75 литр хэмжээтэй Хараа нэртэй архи нэмж ууцгаан юм ярьж суусан. Ингээд сууж байхад Ууганцэцэгийн гар утас нь дуугараад найз нь залгаж яриад дуудсан чинь манай эхнэр явах гээд байсан. Тэгэхээр нь би явуулахгүй гэж уурлаад газарт байсан эвдэрхий шүхрээр эхнэр Ууганцэцэгийн толгойг цохисон чинь хагарчихсан юм. Тэгээд манай дүү Ганбаатар нь гэр лүү орж хувинтай ус авчраад манай эхнэрийн цусыг угаасан. Ингээд байж байтал гаднаас хамаатны Дэлгэрмаа эгч ирээд цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  31 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-54 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч А.З нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын  А-3-55 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Ууганцэцэгийн толгой тус газар шүхрээр цохин түүний биед дагзанд шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Ууганцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/, гэрч Б.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/, гэрч А.Ганбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10645 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Гансүх нь хохирогчийн толгойн тус газар шүхрээр цохисны улмаас дагзанд шарх гэмтэл бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай ...” гэсэн манал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тэрээр гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч А.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол төлсөн/, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Ууганцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт /хх 47/-дээ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаар дурдсан;

Мөн хохирогчийн Гэмтэл Согог судлалын үндэсний төвөөс 209.000 төгрөгийн гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч үйлчлүүлсэн тусламж үйлчилгээний 209.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх 38/-аар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

          Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт АЗыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ