Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/864

 

 

   2022          11         08                                   2022/ШЦТ/864

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Баярчимэг,

  шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүүхэн Худагт овогт Эрхэмбаярын Энхболдод холбогдох эрүүгийн  2211 00000 1668 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хүүхэн Худагт овогт ЭЭ, регистрийн дугаар ...................................

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа барилга дээр мужаан хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр баг, Бугат 19 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч ЭЭд нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 19 тоотод хохирогч Г.Цасчихэртэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт 2 удаа цохиж биед нь зүүн нүдний зовхи, чих зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн алиманд цус хуралт, баруун бугалга, зүүн даланд зулгаралт, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Ц .2022 оны 9 дүгээр сарын 11-нд найз Сүхбаатар болон үүнтэй хамт барилга дээр ажиллаж байсан Энхболд, хүргэн ах нь болох Пүрэвдорж мөн Төрөө гэж дууддаг Энхболдын найз бид 5 Бэлхээс цаашаа самарт яваад нэг хоноод орой нь хот руу орж ирээд манайд бүгд ирцгээсэн. Тухайн үед дэлгүүрээс 2 шил 0.75 литртэй хараа архи, 2 пиво авч ирсэн. Түүнийг нь хувааж ууж байхад Энхболд “Муу бацаанууд минь” гээд байхаар нь би “Би яахаараа бацаан байдаг юм” гэхэд “Чи бацаан ш дээ” гэж хэлээд миний хамар руу баруун гараараа 2 удаа цохисон ...газар хавсарч унагаад зүүн шанаа, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Гэрч Ө.Халиунаагийн “...Тухайн үед Сүхбатын нутгийн ах нь гэх Энхболд нь Сүхбаатарыг өмөөрөөд Цасчихэрийг “Чи муу банди минь яагаад байгаа юм” гэхэд Цасчихэр “та яагаад хүн банди гээд байгаа юм” гэсэн чинь Энхболд шууд Цасчихэрийн зүүн шанаа руу нь нэг удаа цохисон ...Энхболд Цасчихэрийг 2 удаа өшиглөсөн. Тэр үед нь би арай гэж салгаад орон дээр суулгасан чинь Цасчихэрийн хамар болон чихнээс нь цус гарсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12712 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Цасчихэрийн биед зүүн нүдний зовхи, чих зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн алимад цус хуралт, баруун бугалга, зүүн даланд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 2022.08.11-ний үүсэх боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Эын “...Тэгээд бид нар хот орж ирж түүсэн самраа тушаагаад нэг хүн 270.000 орчим төгрөгтэй болсон. Бид нар самраа тушаачихаад Цасчихэр манайд очъё гэж санал гаргаад Сүхбаатар дэлгүүрээс 2 шил архи аваад Зурагтын тэнд байдаг Цасчихэрийн түрээслэдэг нийтийн байранд очсон. Тэгээд бид нар авсан архиа хуваагаад ууцгаасан. Тухайн үед Цасчихэр нь Сүхбаатар руу томроод дээрэлхээд орилоод байсан бөгөөд тухайн үед нь би Сүхбаатарыг өмөөрч Цасчихэртэй муудалцсан. Цасчихэрт би ахын үүднээс хэдэн үг хэлсэн чинь өөдөөс томроод байхаар нь нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон бөгөөд бид хоёр барьцалдаж аваад Цасчихэрийг газар унахаар нь хоёр удаа өшиглөсөн ... би Цасчихэрийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Эрхэмбаярын Энхболд нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 19 тоотод хохирогч Г.Цасчихэртэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт 2 удаа цохиж биед нь зүүн нүдний зовхи, чих зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн алиманд цус хуралт, баруун бугалга, зүүн даланд зулгаралт, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Цасчихэрийн мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар тал/, гэрч Ө.Халиунаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12712 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Э нь хохирогчийн нүүрэн тус газар газарт 2 удаа цохисоны улмаас хохирогчийн биед зүүн нүдний зовхи, чих зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн алимад цус хуралт, баруун бугалга, зүүн даланд зулгаралт, нуруунд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” санал, дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгч Э.Э нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Э.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн хүсэлт /хх-ийн 64 дүгээр тал/-ээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хүүхэн Худагт овогт ЭЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ