Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бухарзадагийн Володя |
Хэргийн индекс | 172/2022/0122/Э |
Дугаар | 2023/ШЦТ/02 |
Огноо | 2022-12-23 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/02
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б,
Шүүгдэгч Ц.Г,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ийн Г-т холбогдох 2228003390158 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Г нь иргэн Т.Б-ийн 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэн хариуцуулсан 351 тооны бог малаас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шунахай зорилгоор, Өмнөговь аймгийн Булган сумын ... багийн нутаг ..................... гэх газарт 6 тооны хонь, 2 тооны ямаа, нийт 8 тооны малыг нядалж, бусдад зарж борлуулан завшсаны улмаас 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Г-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгч Ц.Г 09 дүгээр сарын 27-ны өдөр манай малаас 6 хонь, 2 ямаа авсан байсан. 8 тооны малын үнэ 1,800,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эр хонийг 250,000 төгрөгөөр, эр ямааг 150,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа. Мөн хүний дугуй хийлэгчийг гээж алга болгосон байсан. Хийлэгчийг би эзэнд нь төлж өгөхөөр болсон учраас хийлэгчийн үнэ 60,000 төгрөг нийт 1,860,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч хохирол төлбөр огт төлөөгүй байгаа. Хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны үед мал харах хүнгүй болчихоод Г гэж залууг гуйгаад мал харуулсан. Тухайн үед Г эхнэр хүүхэдтэйгээ ирж харж байсан. Тэгээд 08 дугаар сарын 15-ны үед буцсан. Дараа нь 08 дугаар сарын 18, 19-ний өдөр Г над руу утсаар холбогдоод би танай малыг удаан хугацаагаар маллая гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод 08 дугаар сарын 21-ний өдөр аймгаас эхнэртэй нь цуг би өөрийнхөө машинаар ирж аваад Булган сумын ..................... гэх газарт гэртээ хүргэж өгөөд малаа тоолж нийт 351 толгой мал хүлээлгэж өгсөн. Тэгээд гэрт мал харж байсан хоёр хүүхдээ аваад аймаг руу буцсан. Аймагт ирсний дараагаар үе үе ярьдаг байсан. Тэгэхэд болж байна зүгээр байна гэдэг байсан. Сүүлд 09 дүгээр сарын 27-ны өдөр би аймаг дээр Г эхнэртэйгээ явж байхад нь таараад ямар ажлаар явааг нь асуухад эм тариа аваад буцах гэж байна гэж хэлсэн. Маргааш өглөө нь Г-ын эхнэр ... гэж эмэгтэй над руу залгаад бие өвдөөд байна эм тариа авах гэсэн юм 30,000 төгрөг шилжүүлээд өгөөч гээд данс өгөхөөр нь би хийсэн. Тэгсэн чинь өдөр 14 цагийн үед манай саахалтын айлын М гэж хүн залгаад танай малчин чинь нэг машинд суучихсан хоёр жижиг машинтай явж байна хаачих гэж байгааг нь асуусан чинь мотоцикл эвдэрчихээд авах гээд явж байна гээд аймаг руу давхичихлаа. Тэр хоёр машин нь зогсож байсан газар нь баахан малын гэдэс гаргаад хаячихсан байна манай мал бүрэн юм шиг байна танайхаас л аваад явчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь Булган сум руу гэртээ очоод малаа тоолж үзэхэд 330 буюу 20 мал дутаж байсан. Тэгээд 9 малыг нь Булагтайгаас нэлээн баруунтай нэг айлын малд нийлчихсэн байсныг нь олсон. Одоо манай малаас 11 мал дутаж байна. Миний бодлоор 10 хонь, 1 ямаа дутаж алга болсон гэж бодож байна. Гэхдээ бас тоон дээр алдсан зүйл байж магадгүй. Би очиж үзсэн Нийт 8 малын гэдэс байсан. Хоёр малын гэдэс нь хоосон, үлдсэн 6 нь сэвстэйгээ байсан. Манай айлын залуу хэлэхдээ нэг нь Mark-2, Verna гэдэг машин байсан, Г-ын сууж байсан машинд өөр 2 хүн байсан гэж хэлсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна... Би 6 эр хонь, 2 эр ямаа, 1 хийн нацоссын төлбөр болох 1,860,000 төгрөгөө нэхэмжилж авмаар байна... Миний хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй.” /хавтаст хэргийн 17-18, 22, 25 дахь тал/
Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Г 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б гэх хүнтэй уулзаад ярилцаж тохиролцоод тэр хүний малыг маллахаар явсан. Тэгээд сарын дараа 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр аймгийн төвд орж ирсэн. Тэр үед миний бие өвдөөд би нагац эгчийндээ очсон. Манай нөхөр намайг үлдээчихээд явж хонио усалчихаад ирье гээд 4, 5 хоног уулзаагүй. Би явсны дараа нь гэртээ очоод 4 хоногийн дараа нагац эгчийнхээ гэрт очиход манай нөхөр согтуу унтаж байсан. Би мөнгөний хэрэг гарсан болохоор Г-аас асуух гэхэд унтаад сэрэхгүй байсан. Тэгээд халаасанд нь байсан ягаан өнгийн гар утсыг нь аваад нэг таксины хүнд түр хугацаагаар 40,000 төгрөгөөр сольсон. Би 6 хоногийн дараа нөгөө хүнтэйгээ утсаар ярьж байгаад очиж утсаа авсан. Утсаа авснаасаа хойш 2 хоногийн дараа чулуу нь дээр унагаагаад дэлгэцийг нь хагалсан. Тэрнээс хойш тэр гар утсыг Г-ыг цагдаа дээр мэдүүлэг өгөх үед хүний малыг зараад олсон мөнгөөрөө авсан гэдгийг мэдсэн. Би Г -ыг ийм асуу...д холбогдсон талаар сүүлд мэдүүлэг өгөх гэж дуудагдаж ирэх үед нь мэдсэн. Тэгээд энэ гар утсыг сүүлд би хүний малыг зөвшөөрөлгүй зараад олсон мөнгөөрөө авсан гэдгийг мэдсэн. Би хууль бус мөнгөөр олж авсан гар утас болохоор нь цагдаад өгье гэж бодоод авчирч өгсөн.” /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Гэрч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр үед би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Г биш Г явууллаа гээд нэг хүн манай махны дэлгүүрт 4 хонь, 1 ямааны гулууз зарж байсан. Тэр үед хонио 130,000 төгрөг, ямаагаа 100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би тэр хүнийг танихгүй. Г явуулсан гэхээр нь худалдаж авсан. Хулгайн мал байсан бол би авахгүй байсан. Би тэрийг мэдэлгүйгээр тэр 5 малын гулуузыг худалдаж авсан.” /хавтаст хэргийн 40-41 дэх тал/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Г-аас хонины гулууз мах 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай гэрт ирэхдээ нэг гулууз махтай л ирсэн байсан. Би тэрийг нь авсан. Би хулгайн мал байсан гэдгийг мэдээгүй авсан. Хэрвээ би мэдэж байсан бол тэр махыг авахгүй байсан.” /хавтаст хэргийн 44-45 дахь тал/
Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б ах манайд ирсэн. Тэгээд Б манай ах М-оос хөдөө гэр рүү хүнсэнд явах гэсэн юм унаа байна уу гэж асуусан. Тэгээд би дөнгөж сая төрсөн хүүхэдтэй болохоор хүнс хоол хэрэг болоод бас эхнэр хүүхдээ салхинд гаргая гэж бодоод хамт яваад ирье гэж шийдсэн. Тэгээд явахын өмнө манай эхнэр Г хулгайн юм байвал яах юм бэ асууж байж бол гээд байхаар нь би Б ахаас асуусан чинь тийм юм байхгүй сая ямаа самнаад мөнгөөрөө мал авсан юм. Ахад нь 70 гаруй мал байгаа хүний малтай хамт маллаж байгаа өөрийнхөө малнаас авна янз бүрийн асуу... байхгүй гэж хэлсэн. Тэгээд би эхнэр хоёр хүүхдээ аваад найз Т-г машинтай нь гуйгаад М ах, Б ах, Бу, М гэж дууддаг хоёр танихгүй залуу бид хэд миний 75-87 ӨМЭ улсын дугаартай “Сонота-6” загварын машин, Т-гийн “Сонота-5” загварын 2 машинтай аймгаас Булган сум руу гарсан. Булган сумаас наана хөдөө айлын гэрт нь очсон. Очиход хүн байгаагүй. Тэгсэн чинь Б ах худаг дээр мал байна гэж хэлээд найзуудаа аваад бид хэд туугаад тэр урд байгаа хороон дээр яваад очъё тэнд очоод байж бай гэж хэлсэн. Тэгээд би эхнэр хүүхэдтэйгээ хороон дээр нь очоод байж байсан чинь малаа туугаад аваад ирсэн. Тэгээд тэнд хашиж байгаад 6 хонь, 2 ямаа барьж авч голыг нь тасдаад аччих гэж хэлээд ачуулсан. Тэгээд урагш 1 километр орчим яваад энд зогсчих гэж байгаад тэнд авсан малынхаа гэдсийг гаргаж хаяад байсан. Аймагт ирээд манай гэрийн гадаа ирж малаа янзлаад манай ээжид нэг хонь 100.000 төгрөгт зарсан. Бас махны “Сүмбэр” дэлгүүрт 5 хонь зарсан. Хоёр ямааг нь гэр рүүгээ явуулсан. Би гэдсийг нь гаргаад хаячихсан болохоор нь зүгээр мөнгийг нь өгчих гэж хэлсэн. Тэгээд надад нэг малын мөнгө нь 130,000 төгрөг болж байна шүү гэж хэлээд 130,000 төгрөг өгсөн. Тэгээд манай гэрийн гаднаас тараад явсан. Манай ээж А-ад нэг хонь 100,000 төгрөгөөр зарсан. 5 хонь Сүмбэрт зарсан. Нэг хонь нь 130,000 төгрөг болж байна гэж хэлсэн. 2 ямааг нь гэр рүүгээ явуулсан.” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/
Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр үед 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр Г-ийн таньдаг ах гээд Г гэх хүн манай гэрт ирсэн. Тэр хүн манай гэрт ирээд манай нөхрийг Булган сум руу хамт мал авахаар яваад өгөөч гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би нөхөртөө хулгайн юм байвал яах юм бэ, асууж тодруулж байгаад бол гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр Г-аас ямар учиртай мал юм бэ, хулгайн мал биш биз гэж асуухад Г хулгайн мал бишээ, би айлд айлын мал самнаж өгөөд авах хөлсөндөө хэдэн малтай болсон юм. Тэгээд тэр малаа очиж авах гэж байгаа юм, машин унаагүй болчихлоо хамт яваад өг гэж хэлэхээр нь манай нөхөр бид хоёр хулгайн мал биш Г-ын өөрийнх нь мал юм байна гэж бодоод хамт явсан. Тэр үед Г мал авахаар явсан хөлсөндөө нэг мал өгөхөөр тохиролцсон. Тэгээд очиж мал авчихаад буцаад ирсэн.” /хавтаст хэргийн 56-57 дахь тал/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө би гэртээ унтаж байсан чинь Г ганцаараа орж ирээд хоёулаа миний харж байгаа малыг үзчихээд ирье би тэндээс хэдэн мал хөлсөндөө авч байгаа юм тэрийгээ аваад ирье гэж хэлсэн. Тэгээд Г-ын гэрт очиж Мө-ыг аваад бид гурав М-ын гэрт нь очиж унаа олоод өгөөч Булган сумын наахнаас мал авч ирэх гэсэн юм гэж гуйгаад М-оор дүү Гог гуйгаад М, Го авгайтайгаа, Мө, Г, тэгээд нэг танихгүй залуу бид хэд “Соната-6”, өөр бас нэг “Соната”-тай хоёр машинтай Булган сум руу гарсан. Булган сумаас зүүн урагш нэг худаг дээр очоод малыг нь усалчихаад хороо руу туугаад 6 хонь 2 ямаа аваад голыг нь тасдаад аймаг руу хоёр машиндаа дөрөв дөрвөөр нь аваад явсан. Аймагт ирээд М-ын гадаа авч ирээд янзалж гулуузлаад “Сүмбэр” дэлгүүрт очиж 4 хонь 1 ямаа зарсан. Г гэр рүүгээ нэг ямаа явуулаад манайд өртэй байсан өрөндөө нэг хонь өгсөн. Нэг хонийг нь М-ын гэрийнхэн авсан. Би хонио аваад гэр рүүгээ явсан.” /хавтаст хэргийн 59-60 дахь тал/
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө Г, Б, Мө гэж залуу гурав манай гэрт ирсэн. Тэгээд Г надад би айлд бүл хийж байгаад 50, 60 малтай болсон, хэдэн мал авч ирж зарах гэсэн юм чи хамт яваад мал янзлаад өгчих, найз юм байна нэг малыг нь 5000 төгрөгөөр янзлаад өгчих гэж хэлсэн. Тэгээд надаас унаа олоод өгчих гэж асуухаар нь би чи манай дүү Г-аас асуу гэж хэлсэн. Тэгсэн Г манай дүүтэй уулзаад зардлын хөлс гэж нэг хонь өгөхөөр тохироод манай дүүгийн “Сонота-6” машин, манай дүүгийн найз гээд нэг залууг машинтай нь аваад 2 машинтай Булган сум руу явсан. Аймгаас гарахдаа Г шил 0.75 литрийн хараа архи авсан байсан. Бид хэд замдаа нэгийг нь уугаад буцаж ирэхдээ нөгөөхийг нь уусан. Булганд очсон чинь мал нь худаг дээр байсан. Тэгээд тэр худгаас малыг нь урагшаа нэг чулуун хороо руу тууж аваачаад 6 хонь 2 ямаа голыг нь тасдаад аваад явсан. Тэндээс хөдлөөд урагшаа явж байсан чинь машины амортизатор ханаад байна гэж манай дүү хэлсэн чинь Г энд гэдсийг нь гаргаж хаяад явъя гэж хэлсэн. Тэгээд тэнд зогсож гэдсийг нь гаргаж хаячхаад аймагт манай гэрийн гадаа ирж авч ирсэн малаа янзалж гулуузалсан. Тэгээд нэг хонийг нь манай ээж А 100,000 төгрөг бэлнээр Г-т өгч худалдаж авсан. Үлдсэн малаа махны захад өгнө гээд гэрээс аваад манай дүү Го хоёулаа явсан. Эргэж ирээд надад мал янзалж өгсөн гээд 30,000 төгрөг, манай дүүд 130,000 төгрөг малынхаа оронд өгсөн. Би насыг нь сайн мэдэхгүй байна 6 эр хонь, 2 эр ямаа байсан. Би хаана хэдэн төгрөгөөр зарсан талаар сайн мэдэхгүй байна. Манай ээж А-ад нэг хонь 100,000 төгрөгөөр зарсан.” /хавтаст хэргийн 62-63 дахь тал/
Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед би хүүтэйгээ хамт зогсоол гэх газрын тэнд адуунд явж байсан. Тэгсэн чинь 400 метрийн зайтай 2 машин зогсож байсан. Би урдуур адуу харж явж байгаад буцаад ирсэн чинь нөгөө хоёр машин над дээр хүрээд ирсэн. Тэгсэн чинь Б-ийн малчин Г гэдэг залуу саарал өнгийн жижиг тэрэгтэй 4 хүнтэй хамт явж байсан. Хамт явж байсан саарал өнгийн жижиг машинд нь хэдэн хүн байсныг мэдээгүй. Г надтай уулзаад миний мотоцикл аймгаас нааш явж байсан чинь эвдрээд энэ хүмүүстэй наашаа ирээд малаа усалчихаад явж байна. Одоо аймаг руу буцаж байна гэж хэлсэн. Тэгээд тэр хэд хөдлөөд явахаар нь би өмнө нь зогсож байсан газар нь очсон чинь 8 малын гэдэс гаргаад хаячихсан байсан. Тэгэхээр нь би гэр рүү яваад Б ах руу яриад танай малаас Г аваад явчих шиг боллоо та хэлдэг газарт нь хэл гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 66-67 дахь тал/
Гэрч М.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр үед 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр намайг гэртээ байж байхад Г манай гэрт ирээд хүнсэнд явмаар байна гэж хэлчихээд буцаад явсан. Тэгээд удаагүй Г над руу утсаар залгаад “Хөгшөөн хүрээд ир, хамт явалцаад өг, хүн дутаад байна” гэж хэлэхээр нь би очсон. Тэгээд хат Булган сум руу яваад Г-ын бэлчиж явсан малыг хашиж хашаанд хийсэн. Тэр дундаас 7-8 тооны мал авч машинд хийгээд Даланзадгадад ирсэн. Тэгээд 5 тооны малыг нь Г би оруулж чадахгүй байна, чи “Сүмбэр” дэлгүүрт оруулаад өг гэж хэлэхээр нь би 5 тооны малын гулуузыг “Сүмбэр” дэлгүүрт оруулж өгсөн. Тэгээд дэлгүүрээс гарч ирээд би Г-аас салаад явсан. Тэр үед Г надад би айлын малыг 3 сар малласан. Тэгээд мал малласан цалингийнхаа хөлсөнд 7-8 мал авахаар болсон гэж хэлсэн. Тэр үед Г надад өөрийнх нь мал гэж хэлсэн болохоор би тусалсан. Хүний мал гэж мэдээгүй... Тэгээд би дэлгүүрт орохдоо Г гэх хүн өгч явууллаа гэж хэлж оруулж өгсөн. Би Г-ыг хулгайн мал зарж байсан, бусдын мал хулгайлж авч байсан талаар мэдээгүй байсан, мэдсэн бол би туслахгүй. ” /хавтаст хэргийн 70-71 дэх тал/
Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б-ийн малыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж маллаж эхэлсэн. Тэгээд би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр найзууддаа миний мал байгаа очиж авчихаад ирье гэж хэлээд дагуулж яваад мал бэлчиж байсан газраас холдож яваад жалганд гэдсийг нь хаясан. Тэгээд гаргасан 8 малынхаа 4 хонь, 1 ямааг “Сүмбэр” дэлгүүрт зарсан. Зарахдаа М-ыг намайг өгч явуулсан гэж хэлээд малаа өгч явуулаад заруулсан. Нэг хонины махаа А гэх эгчид 100,000 төгрөгөөр зарсан. Нэг малын махыг хүний өрөнд өгсөн. Үлдсэн нэг ямааны гулууз махыг нь би өөрөө гэртээ авч үлдсэн. Би мөнгөөр нь нэг ягаан өнгийн гар утас аваад, үлдсэн мөнгөөр нь архи уусан. Тэр гар утас нь “I phone-6” загварын ягаан шаргал өнгөтэй гар утас байсан. Манай эхнэр тэр гар утсыг таксинд тавьсан гэж хэлж байсан. Тэр хүмүүс тэр малуудын талаар мэдээгүй. Би дагуулж явахдаа манай мал гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс бүгд миний мал гэж бодож байгаа. Би тэр хүмүүст хүний мал маллаад 70-80 малтай болсон гэж худлаа хэлсэн.” /хавтаст хэргийн 104-105 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1029 дугаартай үнэлгээгээр: “эр хонь 6 ширхэг, нэгжийн үнэ 250,000 төгрөг, нийт үнэ 1,500,000 төгрөг /нас бие гүйцсэн/, эр ямаа 2 ширхэг, нэгжийн үнэ 150,000 төгрөг, нийт үнэ 300,000 төгрөг /соёолон/, цахилгаан нацос 1 ширхэг, нэгжийн үнэ 60,000 төгрөг, нийт үнэ 60,000 төгрөг /хуучин/, нийт дүн: 1,860,000 төгрөг.” гэжээ. /хавтаст хэргийн 77-80 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1114 дугаартай үнэлгээгээр: “Hyundai sonata” авто машин 1 ширхэг, нэгжийн үнэ 3,500,000 төгрөг, нийт үнэ: 3,500,000 төгрөг /2008/2011/” /хавтаст хэргийн 85-88 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1115 дугаартай үнэлгээгээр: “I phone 6” гар утас 1 ширхэг, нэгжийн үнэ 110,000 төгрөг, нийт үнэ 110,000 төгрөг /хуучин/” /хавтаст хэргийн 93-96 дахь тал/
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 108 дахь тал/
Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 104262 дугаартай шийдвэр /хавтаст хэргийн 109 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл бай..., хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б нь 1,860,000 төгрөг гаргуулах, шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Ц.Г нь Т.Бийн 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэн хариуцуулсан 351 тооны бог малаас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шунахай зорилгоор, Өмнөговь аймгийн Булган сумын ... багийн нутаг ..................... гэх газарт 6 тооны хонь, 2 тооны ямаа, нийт 8 тооны малыг нядалж, бусдад зарж борлуулан завшсаны улмаас 1,800,000 төгрөг, 1 ширхэг цахилгаан дугуй хийлэгч 60,000 төгрөг, нийт 1,860,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл бай... тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт;
хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бийн “...Булган сум руу гэртээ очоод малаа тоолж үзэхэд 330 буюу 20 мал дутаж байсан. Тэгээд 9 малыг нь Булагтайгаас нэлээн баруунтай нэг айлын малд нийлчихсэн байсныг нь олсон... Би 6 эр хонь, 2 эр ямаа, 1 хийн нацосын төлбөр нийт 1,860,000 төгрөгөө нэхэмжилж авмаар байна... Миний хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 22, 25 дахь тал/,
гэрч О.Э-н “...Манай нөхөр Г 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б гэх хүнтэй уулзаад ярилцаж тохиролцоод тэр хүний малыг маллахаар явсан... Манай нөхөр намайг үлдээчихээд явж хонио усалчихаад ирье гээд 4, 5 хоног уулзаагүй. Би явсны дараа нь гэртээ очоод 4 хоногийн дараа нагац эгчийнхээ гэрт очиход манай нөхөр согтуу унтаж байсан. Би мөнгөний хэрэг гарсан болохоор Г-аас асуух гэхэд унтаад сэрэхгүй байсан. Тэгээд халаасанд нь байсан ягаан өнгийн гар утсыг нь аваад нэг таксины хүнд түр хугацаагаар 40,000 төгрөгөөр сольсон. Би 6 хоногийн дараа нөгөө хүнтэйгээ утсаар ярьж байгаад очиж утсаа авсан. Утсаа авснаасаа хойш 2 хоногийн дараа чулуу нь дээр унагаагаад дэлгэцийг нь хагалсан. Тэрнээс хойш тэр гар утсыг Г-ыг цагдаа дээр мэдүүлэг өгөх үед хүний малыг зараад олсон мөнгөөрөө авсан гэдгийг мэдсэн.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
гэрч Ж.Ж-ийн “...Тэр үед би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Г биш Г явууллаа гээд нэг хүн манай махны дэлгүүрт 4 хонь, 1 ямааны гулууз зарж байсан. Тэр үед хонио 130,000 төгрөг, ямаагаа 100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би тэр хүнийг танихгүй. Г явуулсан гэхээр нь худалдаж авсан. Хулгайн мал байсан бол би авахгүй байсан. Би тэрийг мэдэлгүйгээр тэр 5 малын гулуузыг худалдаж авсан.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
гэрч Б.А-ын “...Би Г-аас хонины гулууз мах 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай гэрт ирэхдээ нэг гулууз махтай л ирсэн байсан. Би тэрийг нь авсан. Би хулгайн мал байсан гэдгийг мэдээгүй авсан. Хэрвээ би мэдэж байсан бол тэр махыг авахгүй байсан.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
гэрч А.Го-гийн “...би эхнэр хүүхэдтэйгээ хороон дээр нь очоод байж байсан чинь малаа туугаад аваад ирсэн. Тэгээд тэнд хашиж байгаад 6 хонь, 2 ямаа барьж авч голыг нь тасдаад аччих гэж хэлээд ачуулсан...” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
гэрч М.Г-гийн “...манай нөхөр Г-аас ямар учиртай мал юм бэ, хулгайн мал биш биз гэж асуухад Г хулгайн мал бишээ, би айлд айлын мал самнаж өгөөд авах хөлсөндөө хэдэн малтай болсон юм. Тэгээд тэр малаа очиж авах гэж байгаа юм, машин унаагүй болчихлоо хамт яваад өг гэж хэлэхээр нь манай нөхөр бид хоёр хулгайн мал биш Г-ын өөрийнх нь мал юм байна гэж бодоод хамт явсан. Тэр үед Г мал авахаар явсан хөлсөндөө нэг мал өгөхөөр тохиролцсон. Тэгээд очиж мал авчихаад буцаад ирсэн.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
гэрч Б.Б-ын “...Булган сумаас зүүн урагш нэг худаг дээр очоод малыг нь усалчихаад хороо руу туугаад 6 хонь 2 ямаа аваад голыг нь тасдаад аймаг руу хоёр машиндаа дөрөв дөрвөөр нь аваад явсан...” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
гэрч А.М-ын “...Булганд очсон чинь мал нь худаг дээр байсан. Тэгээд тэр худгаас малыг нь урагшаа нэг чулуун хороо руу тууж аваачаад 6 хонь 2 ямаа голыг нь тасдаад аваад явсан. Тэндээс хөдлөөд урагшаа явж байсан чинь машины амортизатор ханаад байна гэж манай дүү хэлсэн чинь Г энд гэдсийг нь гаргаж хаяад явъя гэж хэлсэн. Тэгээд тэнд зогсож гэдсийг нь гаргаж хаячхаад аймагт манай гэрийн гадаа ирж авч ирсэн малаа янзалж гулуузалсан...” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/
гэрч О.М-ын “...Б-ийн малчин Г гэдэг залуу саарал өнгийн жижиг тэрэгтэй 4 хүнтэй хамт явж байсан. Хамт явж байсан саарал өнгийн жижиг машинд нь хэдэн хүн байсныг мэдээгүй. Г надтай уулзаад миний мотоцикл аймгаас нааш явж байсан чинь эвдрээд энэ хүмүүстэй наашаа ирээд малаа усалчихаад явж байна. Одоо аймаг руу буцаж байна гэж хэлсэн. Тэгээд тэр хэд хөдлөөд явахаар нь би өмнө нь зогсож байсан газар нь очсон чинь 8 малын гэдэс гаргаад хаячихсан байсан. Тэгэхээр нь би гэр рүү яваад Б ах руу яриад танай малаас Г аваад явчих шиг боллоо та хэлдэг газарт нь хэл гэж хэлсэн.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/
гэрч М.Мө-ын “...Булган сум руу яваад Г-ын бэлчиж явсан малыг хашиж хашаанд хийсэн. Тэр дундаас 7-8 тооны мал авч машинд хийгээд Даланзадгадад ирсэн. Тэгээд 5 тооны малыг нь Г би оруулж чадахгүй байна, чи “Сүмбэр” дэлгүүрт оруулаад өг гэж хэлэхээр нь би 5 тооны малын гулуузыг “Сүмбэр” дэлгүүрт оруулж өгсөн....” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1029 дугаартай үнэлгээ /хавтаст хэргийн 77-80 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1114, 1115 дугаартай үнэлгээ /хавтаст хэргийн 85-88, 93-96 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн ойлголтоор “Завших” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзвэл Т.Б нь өөрийнхөө малыг Ц.Г-т маллуулахаар түүнтэй харилцан тохиролцож, улмаар 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 351 тооны бог мал хүлээлгэж өгсөн тул Ц.Г-ыг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Т.Б-ийн зүгээс дээрх малыг хүлээлгэж өгөхдөө бусдад ху...дан борлуулах, хувьдаа ашиглах, захиран зарцуулах эрх олгоогүй байхад Ц.Г нь дур мэдэн бусдад ху...дан борлуулах байдлаар өөрийн өмчийн адил захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг завшиж хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Г-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлтийг гаргаж байх боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б нь 8 тооны бог малын үнэ 1,800,000 төгрөг, дугуй хийлэгчийн 60,000 төгрөг, нийт 1,860,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргаж байх тул “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1029 дугаартай үнэлгээ /хавтаст хэргийн 77-80 дахь тал/-ээр тогтоогдсон нийт 1,860,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Г-аас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б-т олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих бүсийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг шүүгдэгчид буцаан олгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Ц.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл бай... тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан болон түүний өрхийн орлогыг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан 4 төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, улмаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г-ын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан, эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл... нь бусдын өмчлөлд байвал шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлогод оруулахаар заасан байна. Шүүгдэгч Ц.Г-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай Соната-6” загварын 75-87 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь А.Го-гийн өмчлөлд бүртгэлтэй болох нь түүний тайлбар, тээврийн хэрэгслийн мэдээллийн сан зэргээр тогтоогдсон тул “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1114 дугаартай үнэлгээгээр тогтоосон тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулан улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэдийгээр шүүгдэгч Ц.Г нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдэхдээ 2 тээврийн хэрэгсэл ашигласан байх боловч нэг тээврийн хэрэгслийн улсын дугаар, өмчлөгчийн талаарх мэдээлэл олдоогүй болох нь хэрэгт цугларсан гэрч А.Го-гийн “Т гэж миний нэг таньдаг хүн байгаа юм. Гэхдээ би тэр хүнийг зүс танихаас биш бүтэн нэр, гэрийн хаяг, утасны дугаар гээд бусад зүйлсийг огт мэдэхгүй. Тэр үед хальт таараад тэгээд гуйгаад дагуулаад явсан. Тэр үед тэр Т гэх хүн Соната загварын машинтай байсан, би машины номерыг нь хараагүй.” /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ гэх мэдүүлгээр тогтоогдсон тул прокуророос шилжүүлсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчээс зөвхөн нэг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Айфон-6” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Г-т буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Г-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г-аас нийт 1,860,000 /нэг сая найман зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б-т олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан “Хьюнда Соната-6” загварын 75-87 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Г-ын хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулж улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Айфон-6” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Г-т буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Ц.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан, эдлэх ялаас хасаж тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ