Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

 

 

 

 

      2022        12           06                                   2022/ШЦТ/113

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Э.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2209000001284 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                  А.Оюунгэрэл

Улсын яллагч                                                                  Д.Аззаяа

Иргэдийн төлөөлөгч                                                       Г.Нарантуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                        С.Ж

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                О.А /цахимаар/

Шүүгдэгч                                                                    Э.Б нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Улаанбаатар хот, ........ дүүрэг, ....... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Э-ын Б  /РД:СФ78022816/.

            Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн .... дүүргийн нутаг дэвсгэр, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай замын хажуу хэсэгт хохирогч Э.Э-тай “машин явж байхад үсэрч буух гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа 2-3 удаа, улмаар газар унаад хэвтэж байхад нь толгойн зүүн хэсэг рүү зэвсгийн чанартай зүйл болох чулуугаар 2 удаа цохиж, мөн Улаанбаатар хот руу буцах үедээ ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...” супермаркетын урд талын авто машины зогсоол дээр хохирогч Э.Э-ыг машины арын суудалд унтаж байхад нь дахин толгойн хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэх зэргээр эрүүл мэндэд нь зүүн зулайн чамархайны хоёрлосон шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, цусан хураа авах мэс заслын дараах байдал, баруун хацрын төвгөр, зүүн нүдний гадна булангийн зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Э, Б бид гурав Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу манай эхнэрийн хүүхдийг авчрахаар хамт явсан юм. Э бид хоёр замдаа 2 шил 0.75 литрийн архи уусан. Бид Багануурын нутаг дэвсгэрт явж байхад Э бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсныг сайн санахгүй байна. Тэгээд явж байхад Э машины хаалга онгойлгоод үсэрчихсэн. Би тэр үед Э-ын араас бууж очоод хүнд гай болох гэлээ гэж уурласан. Энхтулга намайг түрүүлээд цохисон бөгөөд би Энхтулгатай ноцолдож байгаад салсан. Би Э, Б хоёрыг хот руу буцаад яв, би өөрөө унаа олоод хот орчихно гээд зам хөндлөн гараад алхаж байхад Энхтулга араас хүрч ирээд над руу чулуу шидсэн. Би тэр чулууг нь аваад Э-гын толгой руу 1 удаа цохисон. Тэр үед Б салгаад чулууг авсан. Тэгээд бид гурав Багануурын төв ороод нэг газар зогссон. Би ямар газар байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд машиндаа сууж байгаад хүмүүс рүү утсаар ярьж байгаад бид гурав буцаад хот явсан... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 112-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манай нөхөр зодуулсан өдрөө ээжийнхээ гэрт очиж хоносон. Ээж С нь тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан. Ахынх нь хүүхэд болох Төгөлдөр тухайн гэрт амьдардаг бөгөөд тэр орой Энхтулга, Төгөлдөр хоёр цуг хоносон. Би өглөө 8 цагийн үед очиход нөхөр Э ганцаараа унтаж байсан ба би сэрээх гэсэн боловч сэрэхгүй байхаар нь архи нь гараагүй байна гэж бодоод ажилдаа яваад өгсөн. Ажил дээр очоод утас руу нь залгаад байсан боловч авахгүй болохоор нь санаа зовоод найз Болдбаяр луу нь очоод үзээч гэж хэлсэн. Б очиж үзээд түргэн тусламж дуудсан. Намайг өглөө очиход чихнээс нь цус гарсан байдалтай байсан. Э-гын биеийн байдал ухаан орсон боловч хүнтэй ярьж чадахгүй, босож явж чадахгүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байгаа. Биеийн баруун тал нь мэдээгүй болсон. Одоо өдөр бүр эм тариа хэрэглэж байгаа, маш их гомдолтой байна... би Э.Б-ийг сайн танихгүй. Хохирол төлбөрт нийт 3,600,000 төгрөг авсан. Анх байснаа бодвол арай дээр болсон, өөрөө босож явж байгаа. Хүний ярьсныг сайн ойлгохгүй байнгын асаргаанд байгаа. 12 дугаар сард толгойндоо хагалгаа хийлгэнэ. Хохирогч сарын 1,800,000 төгрөгийн орлоготой байсан. Одоогийн байдлаар санхүүгийн хувьд хэцүү байдалтай, оюутан хүүхдийн төлбөр, өр зээл ихтэй байна. Цаашид иргэний журмаар нэхэмжлэх бодолтой байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 23, 24-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл /

              Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед А ахтай уулзах гээд Э бид хоёр замаасаа Б-ийг аваад зүүн салаанд засварын газар очсон. Б ах бага зэрэг согтуу байсан, Э мөн өмнөх орой нь архи уусан гээд бага зэрэг согтуу байсан. ...А ахтай уулзаж байхад тэр хоёр машинд нэг шил архи хувааж ууж байсан. Тэд ярилцаад Хэнтий аймаг руу Б-гийн эхнэрийг авч ирэхээр болсон. Би согтуу хүнд машинаа өгч явуулахгүй гээд өөрөө цуг явсан. ... Э би машинаа өвлийн дугуйтай, запас дугуй байхгүй болохоор жаахан айж байлаа гээд ярьсан чинь Б Э руу согтуурхаад  чиний үнсний савыг гуйсан нь буруу боллоо гээд уурласан чинь Э согтуу байсан болохоор би буулаа гээд явж байсан машинаас хаалга онгойлгоод буух гэж байсан. ...Э-гын гарнаас барьж аваад огцом тоормос гишгэж, аваарын гэрлээ асаагаад машинаа зогсоосон.

              ...Б машинаас бууж ирээд “чи муу үхэх мөрөөрөө үхэхгүй гүнд гай болох гэлээ гээд шанаа руу нь баруун гараараа хоёр удаа хүчтэй цохисон. Тэгээд хоорондоо ноцолдоод байхаар нь би салгасан. ...Б машинаас малгайгаа аваад та хоёр одоо ингээд буц гээд Багануур луу ганцаараа алхаад байсан. Э араас нь гүйгээд очсон. Би машинаа эргүүлээд очиж байх хооронд маргалдаад Б баруун гараараа Э-ын шанаа руу унатал цохисон. Тэгтэл Э чулуу аваад  Б руу шидсэн, оносон үгүйг би хараагүй. Б газраас алгын чинээний бөөрөнхий том чулуу аваад Э-ыг газар хэвтэж байхад нь зүүн талын чих рүү нь болон чихнийх нь дээд тал гээд хоёр удаа хүчтэй цохисон. Хоёр дахь удаагаа цохиулахдаа Э манарсан ч юм шиг сонин болчихсон. Тэгэхээр нь би гүйж очоод Б-гийн гарнаас чулууг нь булааж аваад хол шидээд, салгасан. Энхтулгын чихнээс цус гараад босож ирсэн. Би Э-гыг түшээд машины арын суудалд суулгасан. Б жолоочийн хажуу талын сандал дээр суугаад тамхи татаад сууж байхдаа намайг Багануурын төв оруулаад, та хоёр буц гэсэн

              Багануурын төв ороод нэг супермаркетын урд зогсож байхад Б хүнтэй утсаар яриад Хэнтий явах унаа хайгаад байсан, тэр үед Э унтаж байсан. Батхуяг машинаас буугаад хойд хаалга онгойлгоод Э-гын дээрээс ундаа асгасан. Би Б-ийг одоо болиоч гээд уурласан. Тэгтэл Б Э-гын толгойн баруун тал руу 3 удаа хүчтэй дэвссэн, би машинаас бууж салгасан. Э босож ирээд Б-ийг заамдаад шанаа руу нь 2-3 удаа цохисон.

              ...Хотод ирээд 7-н буудалд Б-ийг айлд буулгачихаад Э-гын эхнэр Ж луу залгаж “нөхөр чинь согтуу байна, Б-тай хамт архи уугаад зодоон хийсэн, одоо яах билээ гэж асуусан. Дүү У-нд аваачиж өгөхийг хүссэн, тэгээд дүү лүү нь залгахад цаадах чинь согтуу байгаа юм бол босож ирээд 7-н буудлын хүмүүстэй архи уучихна, ээжийнд хүргээд өгчих гэхээр нь Өвөрсогоотод байдаг ээжийнд хүргэж өгсөн. Ээжийнд нь хүн байхгүй талаар эхнэрт нь хэлэхэд хашаагаар даваад орчих гэсэн. Ингээд ороод машинаа оруулж байхад Э-гын бага дүү Т ажлаасаа ирсэн. Би болсон явдлын талаар Т-д бүгдийг хэлсэн.

              ...2022 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед Ж над руу залгаад чи Э дээр очоо, цаадах чинь өглөө очсон чинь сэрэхгүй унтаад байна лээ гэхээр нь 10 цагийн үед очсон, Э унтаж байсан. Сэрээх гэсэн чинь улам хурхираад байсан. Би эхнэр лүү нь залгаад нэг л биш байна, хоёрхон шил архи уугаад ингэдэггүй талаар хэлэхэд чи түргэн дуудчих гэхээр нь түргэн дуудаж үзүүлэхэд нүдийг нь нээж үзээд хүүхэн хараа нь ширгэсэн байна гээд аваад явсан. ...эмч нар эхнэр дүү хоёрт нь “энэ хүн чинь найдваргүй болсон байна, ар гэрийнх нь хүмүүсийг дууд” гэж хэлж байсан. Ингээд цагдаа нар ирж, асуудлыг тодруулж, Б-ийг буулгасан газрыг заалгаж, Батхуягийг аваад явсан.

              ...Багануурт чулуудуулснаас хойш нэг сонин болоод хурхираад эхэлсэн. Багануурын төвд толгой дээрээ дэвсүүлээд босож ирсэн, ...хойд суудал дээр хэвтээд чанга хурхираад байсан. Түүнээс хойш огт сэрэхгүй хурхираад, сэрээх гэхээр гар, хөлөө хөдөлгөөд л байсан, нүдээ огт нээхгүй байсан. Би тасарсан байна л гэж бодсон...

              ...Багануураас 19 цагийн үед хот руу гарсан, хотод орж ирэхэд 22 цаг орчим болж байсан, 22 цагийн үед 7-н буудал дээр Б-ийг буулгасан. Э-ыг Өвөрсогоотод ээжийнд нь буулгаж өгөхөд 23 цаг өнгөрч байсан. Тэндээс гараад Дарь-Эхийн хуучин эцэст гэртээ ирэхэд 00 цаг орчим болж байсан.

              ...Э.Э, Э.Б бид гурав Дархан-Уул аймгийн 435-р хорих ангид хамт ял эдэлж байсан. Би тэнд байхдаа Э-тай найзалж нөхөрлөсөн. Б-ийг бол зүс л мэддэг байсан... чулуугаар цохиулаад Багануурын төвд ирээд “Номин” супермаркетын гадна зогсож байхад Э босож ирсэн, мөн тэр хоёр маргалдаж байгаад Э-ыг машинд сууж байхад гаднаас нь хөлөөрөө толгой руу нь 2-3 удаа жийсэн. Тэрнээс хойш ээжийнх нь гэрт буулгах хүртэл дахиж ганц ч хариу үйлдэл үзүүлээгүй, юм яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-34, 35-р хуудас/

              Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хүү Э намайг эмнэлэгт хэвтэж байхад хүнд зодуулсан байсан. Би 2022 оны 07 дугаар сарын 20-27-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтсэн. Сүүлд эхнэрээс нь сонсоход цуг явж байсан найз Э.Б-т зодуулсан гэж байсан. ...одоо хүү минь гэртээ хэвтрийн байдалтай, босож явж чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахгүй байгаа, хааяа ганц нэг ярихаараа буруу яриад байгаа, ...болсон явдлын талаар санаж байна уу гэхээр санахгүй байна гэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43-р хуудас/

              Гэрч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 25-ны орой би ажлаа тараад 22 цагийн орчим гэртээ ирэхэд ах Э-ыг Т.Б гэх найз нь хүргэж ирээд “ах чинь тасарчихсан байна” гэсэн. Намайг ирэхэд ах өөрийнхөө машины суудал дээр хэвтсэн, хурхираад байсан. Ах чинь тасарчихсан, хамт архи уусан хүнтэйгээ зодолдсон гэж хэлсэн. Бид хоёр ахыг сэрээх гэхэд “боль гэж байгаа юм шиг” гараа хөдөлгөөд буцаад хурхираад, огт сэрээгүй... би хоёр гараас нь Б хоёр хөлөөс нь өргөөд гэрт оруулаад газар хэвтүүлж, толгойд нь дэр ивж өгөөд хөнжил нөмрүүлээд унтуулсан. Б ах “өглөө сэрэхээр нь ирж авна, хамт ажил хийнэ” гэж байсан. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 07 цаг 30 минутын орчим босоод сэрээх гэтэл ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй, хурхираад унтаад байсан. Удалгүй эхнэр Ж ирээд нөхрийгөө сэрээх гэж үзэхэд бас л хариу үйлдэл үзүүлээгүй. Би эхнэрт нь хандаж “нэг л биш байна” гэж хэлээд нүдийг нь нээж үзэхэд нүд нь хоёр тал руугаа хөдлөөд байсан, түргэн дуудаж үзүүл гэж хэлээд ажилдаа явсан. Ажлаа хийж байгаад өдөр 13 цагийн орчим эхнэр лүү нь залгасан чинь Т.Б гэх найзад нь очоод үзээдэх гэж хэлээд ажил руугаа явсан байсан. ...тэрнээс хойш холбогдохгүй байж байгаад 17 цагийн үед ажил тараад болсон үйл явдлын талаар Д-аас мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46-р хуудас/

              Шинжээчийн 10509 дугаартай “ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн  №10469 тоот өвчний түүхэнд: Өвчний түүх нээсэн 2022 оны 07 дугаар сарын 26-ны 15 цаг 25 минут. Хэвтэх үеийн онош: Эпидурал цус харвалт /S0664/, хэвтэх үеийн зовуурь: Ухаангүй, амнаас эхүүн үнэр үнэртэнэ. Өвчний түүх: 2022.07.25-ны 18 цагийн орчим Багануур орчим 1 км орчим машин дотор бусдад зодуулсан. ... гэмтлийн эмчийн үзлэгт: Биеийн ерөнхий байдал маш хүнд, ухаангүй, арьс салст хэвийн бус. Амьсгал 1 минутанд 18 удаа, амьсгал сулавтар, судасны цохилт 1 минутанд 84 удаа, хүчдэл дүүрэлт дунд. Клиникийн оношийн үндэслэлээс: ... бусдад зодуулсан. Зодуулснаас хойш 30 гаран цагийн дараа эмнэлэгт хандсан. ... тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээр том хэмжээтэй цусан хураатай. Онош: Гавал тархины хавсарсан гэмтэл. Гэмтлийн шалтгаант тархины хатуу хальсан дээрх цусан хураа гэжээ.

              ... Э.Э-гын биед зүүн зулай чамархайны хоёрлосон шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, цусан хураа авах мэс заслын дараах байдал /2022.07.26/, баруун хацрын төвгөр, зүүн нүдний гадна булангийн зулгаралт гэмтэл тогтооглоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68-69-р хуудас/

              Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 36-40-р хуудас/

              Шүүгдэгч Э.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-д тус тус зааснаар нийт 25 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дугаартай “Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай” шүүгчийн захирамжаар 11 жил 4 сар 21 хоногийг дүйцүүлэн хасч, үлдэх 10 сар 23 хоногийг нээлтэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” 38 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 07 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан...” шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-н 123-131-р хуудас/

              Э.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй, оршин суугаа газрын хаягийн лавлагаа,  үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодохойлолт /хх-н 116-122-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

           Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох эсэх талаар:

Иргэдийн төлөөлөгчөөс “...санаатайгаар хүнийг хоёр гурван удаа цохисон болохоор гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт

Улсын яллагчаас “…шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргаагүй, нэхэмжилсэн төлбөр барагдуулсан зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт

           Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.600.000 төгрөг төлж барагдуулсан...” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Батхуягт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлидүүргийн нутаг дэвсгэр, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай замын хажуу хэсэгт хохирогч Э.Э-тай “машин явж байхад үсэрч буух гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа 2-3 удаа, улмаар газар унаад хэвтэж байхад нь толгойн зүүн хэсэг рүү чулуугаар 2 удаа цохиж, мөн Улаанбаатар хот руу буцах үедээ ... дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .. супермаркет”-ын урд талын авто машины зогсоол дээр хохирогч Э.Э-ыг машины арын суудалд унтаж байхад нь дахин толгойн хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэх зэргээр эрүүл мэндэд нь зүүн зулайн чамархайны хоёрлосон шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун хацрын төвгөр 2х2 см хүрэн улаан өнгийн, зүүн нүдний гадна булан хэсэгт 1х0.5 см улаан хүрэн өнгийн зулгаралт гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б нь хохирогчийг чулуугаар цохисон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэргэлсэн” гэж үзэн  улсын яллагчаас ялласан нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн тайлбар хэсэгт “...Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэсэнтэй нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхдээ газраас авч хохирогчийн толгой хэсэгт цохисон чулуу нь хүний биед гэмтэл хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан зүйлгүй буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэхгүй болно.

Учир нь хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тохиолдлын шинжтэй үйлдлээр буюу гэрч Т.Б, хохирогч Э.Э нартай хамт Улаанбаатар хотоос Өндөрхаан чиглэлд явж байх замдаа .... дүүргийн нутаг дэвсгэрт зогссон газраа маргалдаж, улмаар тухайн цаг мөчид замын хажууд газарт байсан чулууг авч хохирогчийн толгой хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан байна. Иймээс Э.Б-ийг гэмт санаагаа хэрэгжүүлсэн гэмт үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор чулууг зориуд урьдаас төлөвлөж, тусгайлан олж бэлтгэсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Батхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Э.Б нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь машин явж байхад үсэрч буух гэлээ гэх шалтгааны улмаас маргалдан, түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа 2-3 удаа, толгойн зүүн хэсэг рүү чулуугаар 2 удаа цохиж, мөн хохирогчийг машины арын суудалд унтаж байхад нь дахин толгойн хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэх зэрэг үйлдлээр нь тогтоогдож байна.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн “Э.Э-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарнагэсэн 10509 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Э.Б-гийн үйлдэл нь Э.Э-гын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт хавсарган ирүүлсэн хохирол төлбөрийн нийт 2.322.989 төгрөг баримт ирүүлсэн байна. /хх-н 139-144 хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-аас “...хохирол төлбөрт 3.600.000 төгрөг хүлээн авсан, цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй...” гэж, шүүгдэгчээс “...нийт 3.600.000 төгрөг хохирол төлбөрт төлсөн...” гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч Э.Б нь хохирогчид 3.600.000 төгрөгийг төлсөн одоогоор бусдад төлөх төлбөргүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Э.Б-аас цаашид гарах эмчилгээний зардал болон түүнтэй холбоотой гэм хорын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Улсын яллагчаас “…гэм буруугийн тал дээр маргаагүй, нэхэмжилсэн төлбөр барагдуулсан зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.Б-т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч Э.Б-т 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд нийт 91 хоног цагдан хоригдсон байна…” гэсэн дүгнэлт

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Б.Б-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрт 3,600,000 төгрөг төлсөн, хохирогчийг эмнэлэгт хэвтэхэд нь хувийн журмаар  тусалсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 91 хоногийг хасаж тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт        

           Шүүгдэгчээс “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж хэлэх зүйлгүй. ...” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгч Э.Б нь “...ганцаараа амьдардаг гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарагдаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж байдал буюу тухайн гэмтэл хохирогчийн амь насанд аюултай гэмтэл учруулсан, одоо хохирогч хүний асаргаанд байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас хорих ялыг сонгон хэрэглэж, хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлж барагдуулсныг харгалзан дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс 6 жил 8 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Батхуягийн цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Э.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овгийн Э-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Э-ын Б-т зургаан /6/ жил найман /8/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б-т оногдуулсан зургаан /6/ жил найман /8/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-гийн цагдан хоригдсон ерин нэг /91/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Б нь гэм хорын хохиролд 3.600.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-т төлсөн болохыг мэдэгдсүгэй.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж нь Э.Б-аас хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон түүнтэй холбоотой гэм хорын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Б-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн  1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Э.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.БЯМБАЖАВ

                                                ШҮҮГЧ                            Б.БАЙГАЛМАА

                                           ШҮҮГЧ                            С.ӨЛЗИЙ-ОТГОН