Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 183/2017/02288/и |
Дугаар | 340 |
Огноо | 2018-01-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 340
МАГАДЛАЛ
2018.01.29 Дугаар 340 Улаанбаатар хот
Г.Б нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02288 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Х Б” ХХК-д холбогдох,
Орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, гэрчилгээг олгуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 903 403 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Х Б нь Ж.Т 09/193 дугаартай 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээтэй холбоотойгоор Г.Б батлан даалтын гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш иргэн Ж.Т нь гэрээнд заасан графикийн дагуу зээлийг ямар нэгэн асуудал гаргахгүй төлж байсан. 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ж.Т зуурдаар нас барсан. Нас барсантай холбоотой 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Х Б Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор батлан даагч Г.Б хамтран хариуцагчаар татаж хэрэг үүссэн. Уг хэргийг 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 626 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс хойш Х Б үйлдэл хийхгүй байсаар байгаад 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ талийгаач Ж.Тийн өв залгамжлагч нарыг татаж хэрэг үүссэний дараа батлан даагч Г.Б хамтран хариуцагчаар татсан. 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн 327 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Уг асуудал явсаар 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улсын Дээд Шүүхийн 455 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш Х Б зээлийн эргэн төлөлттэй холбоотой ямар нэгэн байдлаар шүүхэд хандаагүй энэ асуудлыг шийдүүлээгүй өнөөдрийг хүрсэн учир 2017 оны 8 дугаар сард иргэн Г.Б Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Х Б 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жил 6 сар 26 хоног, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл хүртэл 2 жил 1 сар 6 хоног нийт 3 жил 4 сар 6 хоногийн хугацаанд 09/173 дугаартай зээлийн төлбөрийг барагдуулах нэхэмжлэл гаргаагүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүрэг шаардлага гарах 3 жилийн хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Х Б уг асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байсан хэдий ч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзаж, Х Бнаас зээлийн барьцаанд тавигдсан Баянзүрх дүүрэг ? дугаар хороо, ? дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө ? дугаар байрны ? тоот 54.67 мкв 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж гэрчилгээ олгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 3 шатны шүүхээр удаа дараа шийдэгдээд явсан. Тухайн банкны зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл байхгүй. Улсын дээд шүүхээс н.Э болон өмчлөгч нараас тухайн хувьцааны үнэ болон бусад асуудлыг төлүүлэх гэсэн үндэслэлээр хэрэг буцсан. Үүний дагуу банк холбогдож арга хэмжээ авсан талаар хавтаст хэрэгт байгаа. Мөн Г.Б данснаас зээлийн төлбөр төлөгдсөн. Зээлийн төлбөр төлөгдөөд явж байсан хугацаа, гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа нь үндэслэлгүй. 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдийн тогтоолыг хариу тайлбартаа ярихгүй байна. Анх иргэний хэрэг 2012 онд үүссэн. Банкны зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, зээлийн төлбөр төлөгдөөд Ж.Тийн гэр бүлийн хүмүүс хувьцаа өвлөж авсан төлбөрийг төлүүлсэн. Г.Баас төлөөлүүлэх 3 жилийн хугацаа дуусаагүй байгаа. 3 жил 2 сарын хугацаа хэтэрсэн гэж байна. Үүнийг 2013 оны шүүхийн шийдвэрүүд, 2012 оны шүүхийн ажиллагаанд байсан хугацаа хасаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна. Х Бнаас Г.Б удаа дараа холбогдож батлан даалтын гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардахад зээлийн төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байсан болно. Зээлийн гэрээ 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дуусахаар байгуулагдсан. Зээлийн үүрэг харилцааг дууссанаас хойш хугацааг тоолох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаартай зээлийн гэрээг 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаартай батлан даалтын гэрээгээр Баянзүрх дүүрэг ? дугаар хороо, ? дугаар хороолол, энхтайвны өргөн чөлөө ? дугаар байрны ? тоот Улсын бүртгэлийн Ү-? дугаар үл хөдлөх эд хөрөнгөөр зээлдэгчийн нэрийн өмнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахаар батлан даалтын гэрээ байгуулсан. 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаартай зээлийн гэрээний хугацаа дуусаад тухайн зээлийн гэрээг авснаас хойш зээлийн нийт төлбөрт 9 254 137 төгрөг төлөгдсөн. Үндсэн зээлийн төлбөр 20 745 863 төгрөг, зээлийн хүү 51 058 592 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 98 949 төгрөг тус тус төлөөгүй. Зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээ хуулийн дагуу хийгдсэн. Гэрээнийхээ үүргийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Өв залгамжлалтай холбогдуулан 7 эд хөрөнгө байгаагаас Чингэлтэй дүүргийн ? дүгээр хорооны Ш газар ганц талийгаачийн нэр дээр байгаагүй охиных нь нэр дээр хамт байсан. Охин Т.М өвлөж аваад, өвлөж авсантай холбоотой зээлийн төлбөрийн үүргээ биелүүлсэн. “Б х” ХХК-ийн 182 ширхэг хувьцааг тухайн үед 802 төгрөгөөр үнэлгээтэй байна гэж шийдээд 145 964 төгрөг төлөгдсөн. Төрийн банкны харилцах данс дахь 245 774 төгрөгийг н.Э гэж хүн өвлөж аваад, төлсөн. Сонгинохайрхан дүүрэг ? дүгээр хороонд байрлах 20 000 м.кв газар нь Нийслэлийн мэдээллийн сан дээр гарч ирэхгүй, үл хөдлөх газрын ямар нэгэн гэрчилгээ байхгүй байгаа. Үүн дээр өвлөгч байхгүй. Банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь энэ газрын талаар тодруулаагүй байна гэх асуудлаар хамгийн сүүлд хэрэгсэхгүй болгосон. Банк энэ талаар мэдэхгүй, талийгаачийн эд хөрөнгийг тодруулж чадахгүй байсан учир шүүхийн шийдвэр гарсан. “Х-О” ХХК-ийг талийгаачийн төрсөн дүү н.Н гэж хүн авсан. Г.Б яаж яваад батлан даалтын гэрээ байгуулсан юм бэ, ямар учиртай батлан даасан юм бэ гэдэг талаар яригдана. Талийгаачийн албан ёсны эхнэр н.Э гэж хүн байсан. н.Э, Г.Б нарыг хэрэгт татан оролцуулаад ярихад одоо барьцаанд байгаа байрыг Ж.Т авч өгсөн гэсэн албан бус яриа байдаг. Шийдэгдсэн үүргийг удаа дараа яриад байх нь шүүхийн үйл ажиллагааг удаашруулж байна. Зээлийн дансны хуулга болон өмнө нь манай зүгээс гаргаж өгсөн дансны хуулга бусад арилжааны банкинд байсан хадгаламж зэрэг нь өвлөж авсан хэмжээгээр төлөгдсөн. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 465 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу төлөгдсөн. Өв залгамжлагч нарын үүрэг дууссан. Иймд Г.Б төлөх үүрэг үлдээд байгаа бөгөөд уг зээлийн төлбөрийг төлүүлэх талаар банкны зүгээс удаа дараа уулзаж, утсаар холбогдсон боловч батлан даалтын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй ямар нэгэн төлөх талаар үйлдэл хийхгүй байгаа учир 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаартай зээлийн төлбөр 20 745 863 төгрөг, зээлийн хүү 51 058 592 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 98 949 төгрөг нийт 81 903 403 төгрөгийг гаргуулж, батлан даалтын хөрөнгөөр зээлийн төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б, Ж.Тийн Х Бтай байгуулсан 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаартай батлан даалтын гэрээг байгуулсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш Ж.Т гэрээний үүргийг зөрчиж байгаагүй. Ж.Т 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан байсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нас барсан учир зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Х Б зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл тооцож 81 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Уг маргаантай холбоотой удаа дараа шийдвэр гарсан, Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Зээлдэгчийн өвлүүлэгчийн эд хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн ? дүгээр хорооны Ш гудамжид байрлах 694 мкв зуслангийн газар, Сонгинохайрхан дүүргийн ? дүгээр хороо, 391 дүгээр гарам гудамжинд байрлах 2000 м.кв аж ахуйн газар, “Б х” ХХК-ийн 182 хувьцаа, “Х- О” ХХК-ийн хувьцаа зэрэг багтаж байдаг. Чингэлтэй дүүргийн ? дүгээр хорооны Ш гудамжинд байрлах 694 мкв зуслангийн газрын хувьд хөрөнгийн үнэлгээний төв 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 402 тоот хөрөнгө үүссэн тухай албан бичгээр өвлөгдөх эд хөрөнгийг 3 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг төлбөрөөс зээлийн эргэн төлөлтөд хэн гэж өвлөгч авсан юм бэ, хэдэн төгрөг авсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. “Б Х” ХХК-ийн 182 ширхэг хувьцааны хувьд хэн, хэн гэж өвлөгч нар тухайн хувьцааг өвлөж авсан юм. Өвлөгдсөн хөрөнгөнөөс зээлийн үүрэгт хэдэн төгрөгийг төлүүлсэн нь тодорхойгүй байгаа. 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Улсын дээд шүүхийн 465 дугаар тогтоолд дурдагдсан Сонгинохайрхан дүүрэг, ? дүгээр хороо, ? дүгээр гудамжинд байрлах 2000 м.кв аж ахуйн зориулалттай газрыг хэн өвлөж авсан эсэх, өвлөгчид нь өвийг хүлээн авахаас татгалзсан бол төр өвлөж авсан эсэх асуудал нь одоо хүртэл тодорхойлогдоогүй. Уг газар газрын албаны лавлагаа, бүртгэлээр зээлдэгч Ж.Тийн хөрөнгө гэдэг нь нотлогддог. 20 000 мкв газар нь улсын үнэлгээгээр 200 гаруй сая төгрөгийн үнэтэй байгаа, тэ гвэл энэ хөрөнгийг өвлөж авсан хүн Х Бны нэхэмжлэлийн үнийн дүнг хангуулахад хангалттай хүрэлцэнэ. Энэ хөрөнгө Ж.Тийн нэр дээр өвлөгдөх хөрөнгийн жагсаалтад орсон байгаа. Иймд зээлдэгчийн өвлөгдөх хөрөнгийн асуудал шийдэгдээгүй байхад Х Б сөрөг нэхэмжлэлээр батлан даагч Г.Баас зээлийн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 461 дүгээр зүйлийн 461.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б нэхэмжлэлтэй Х Б ХХК-д холбогдох орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, гэрчилгээг олгохыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 903 403 төгрөг гаргуулахыг хүссэн Х Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637 668 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д "...тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана", мөн хуулийн 79.2-т "шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ" гэж тус тус заасны дагуу Х Б зээлдэгч нас барж шаардах эрх үүссэн цагаас эхлэн шүүхэд хандаж, тухай бүрт нь шүүх тодорхой шийдвэр гаргаж хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол хугацааг дахин шинээр тоолдог.
2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 11287/Б тоот захирамжаар Х Бны нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэснээс эхлэн Х Бны хөөн хэлэлцэх хугацааны тасалдал арилж шинээр хугацааг тоолж эхэлсэн. Х Б 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 465 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д "...шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй" гэж заасны дагуу Х Б 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан хэдий ч, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж тооцохгүй юм. Үүнээс үзэхэд 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаа буюу 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөр Х Бны хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Шүүгчийн тодорхойлсноор 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж үзвэл уг хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ тодорхой дурьдаагүй байгаа нь нэхэмжлэгч дахин энэ шалтгаанаар шүүхэд хандах эрхийг хязгаарласан байна. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02288 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасныг зөрчсөн байх тул Х Бны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлд холбогдох хэсгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “Х Б” ХХК-д холбогдуулан орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, гэрчилгээг олгуулахыг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 903 403 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлдэгч Ж.Т нас барснаар батлан даагчаар зээлийг төлүүлэхээр Х Б нэхэмжлэл гаргасныг Улсын Дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 455 тоот тогтоолоор шийдвэрлэснээс хойш 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нэхэмжлэл гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлийн барьцааны зүйлийг чөлөөлүүлэх...” гэж тайлбарласан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...Г.Б удаа дараа холбогдож, батлан даалтын гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан, зээлийн төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байсан учир нэхэмжлэл үндэслэлгүй...” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ж.Т нь Х Бтай 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 09/193 тоот зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөг зээлсэн, Г.Б мөн өдөр 09/193 тоот батлан даалтын гэрээ байгуулан, өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн ? дугаар хороо, ? дугаар хороолол, /13370/ Энхтайваны өргөн чөлөө ? дугаар байрны ? тоот, 52,67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон.
Зээлдэгч нь 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан, Х Б нь, Г.Баас 28 913 565,84 төгрөгийг гаргуулах, батлан даалтын хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 628 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Х Б нь Г.Б нарын 4 хүнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 200 789,34 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэснийг Улсын Дээд шүүх хянаж, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 325 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, Х Б 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасныг Улсын Дээд шүүх хянаж, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 465 тоот тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 864 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 525 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зээлийн гэрээний үүрэгт Г.Б нарын 4 хүнээс 21 952 302 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах Х Бны нэхэмжлэл, 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах Г.Б сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж, Г.Б нэхэмжлэл, Х Бны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг зааснаар Х Б нь зээл, болон батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийг холбогдох этгээдээс шаардан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй юм.
Түүнчлэн зээлдэгч нас барсан тохиолдолд Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд өвлөгч нарын өвлөн авсан хөрөнгийн хэмжээ бүрэн тогтоогдоогүй талаар Улсын Дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 465 дугаар тогтоолд заасан нөхцөл байдал арилаагүй байх тул Х Бны сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
М.НАРАНЦЭЦЭГ