Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 126/ШШ2021/0030

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тогтоогдсон миний тэтгэврийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий Ц.Цын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ю, хариуцагчийн өмгөөлөгч А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.Ц би цэргийн болон иргэний байгууллагад нийт 30 жил ажиллаж өндөр насны тэтгэврийн болзол хангасан тул Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс тэтгэвэр тогтоосон байв. Гэтэл тус хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Түвшинжаргалын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор миний тэтгэврийг түдгэлзүүлсэн тул би гомдол нэхэмжлэл гаргаснаар Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр уг тогтоолыг хүчингүй болгож түдгэлзүүлсэн хугацааны тэтгэврийг надад олгуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхүүдэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар шийдвэр үндсэндээ хэвээр үлдсэн. Гэтэл Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхийн 33 дугаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээр барахгүй тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор миний тэтгэврийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон байв. Ийнхүү 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш одоог хүртэл 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тогтоогдсон миний тэтгэврийг олгохгүй байгаа болно. Ажил олгогч даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийн 16 дугаар зүйлийн А”-д зааснаар зөвлөл нь ажил олгогч, даатгуулагчийн гомдлыг хүлээн авч асуудлыг шийдвэрлэх ёстой атал Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл даатгуулагчийн буюу миний гомдолгүйгээр 36 дугаар тогтоолоо гаргаж хууль, дүрмээ зөрчсөн. Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тогтоогдсон миний тэтгэврийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг тэтгэврийг үргэлжлэн олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сайн дураар нийгмийн даатгал төлж байгаа төлөгч тушаалаар тэтгэвэрт суухгүй ээ. Би гайхаж байна. Нарантуул дээр зогсож байгаа наймаачин хүртэл улсад 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлчхөөд нас нь хүрчихвэл хаанаас тушаал авч ирж тэтгэвэртээ суух юм бэ?  Би ажлаасаа халагдсан ч бай, чөлөөлөгдсөн ч бай миний цэргийн  тэтгэвэр авах нас 47 хүрчихсэн. 2015 он гэхэд улсад би 30 жил ажилласан байсан. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т зааснаар улсад 10-аас дээш жил ажилласан бол хувь тэнцүүлэн тогтоолгох эрх үүснэ. Нэгдүгээрт тэр яриад байгаа 3 заалт нь байгууллагаасаа тэтгэмж авах хүмүүст л хэрэгтэй болохоос биш байгууллагаас халагдсан ч бай чөлөөлөгдсөн ч бай тэтгэвэрт суулгах эрх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  байхгүй. Хэрвээ намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тэтгэвэрт суулгавал нийгмийн даатгалын байгууллага ямар чиг үүрэг хэрэгжүүлэх юм бэ? Та нар бодоод үз л дээ.  Хоёрдугаарт би энэ маргаанаас болоод 5 жилийн дараа надад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас халагдсан тушаал өгсөн. Би үүнд  гомдолтой байгаа. Байгууллагаасаа тэтгэмж авахгүй ч гэсэн цэргийн тэтгэврийн насанд хүртлээ   нийгмийн даатгалын байгууллагад 30 жил шимтгэл төлсөн хүнийхээ хувьд  би танай байгууллагаас тэтгэвэр авах эрхтэй. Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  8 дугаар зүйлийн 2-т заасан эмэгтэй офицер 47 насанд хүрсэн, 10-аас доошгүй жил ажилласан боловсон хүчин хэдийгээр би буруутай үйл ажиллагаанаас болж ажлаа хийхгүй байгаа ч гэсэн би тэтгэврийнхээ болзол хангачихсан учраас шүүхийн байгууллагаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээр  явж байна. Зөрчил гаргаснаас хойш 5 жилийн дараа сахилгын арга хэмжээ авна гэж юу байсан юм бэ? Чи бас байгууллага удирдаж байгаа хүний хувьд бодоод үз. Эцэст нь хэлэхэд миний нийгмийн даатгалын шимтгэл төлөөд тэтгэвэрт суух бүх материалыг хянаад гарын үсэг зураад нийгмийн даатгалын байгууллага өөрөө  тогтоосон. Цэргийн байгууллагад 16 жил 11 сар 21 хоног ажилласан жил рүү миний энгийн байгууллагад ажилласан жилийг шилжүүлээд улсад нийтдээ 25 жил гаруй ажилласан байсан. Дараа нь цэргийн бэлтгэл, ахмад цолоор ажиллаж байсан гээд 2 жил хасаад 23 жил болгосон. Би гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралд дэмжиж оролцож байгаа” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага анх хууль дүрмээ баримтлаад тогтоосон нь зөв боловч дараа түүнийгээ буруу гэж үзээд засаж байна гээд дахиад алдаа гаргасан нь хууль дүрмээ сайн баримтлаагүйгээс болсон гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалаар батлагдсан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход шаардлагатай материалыг бүрдүүлэх, хянах журамд заасан баримт бичгийг бүрдүүлээд нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоосон зөв үйлдлээ буруу болгоод хүнд хохирол учруулж өчнөөн чирэгдэл болж байгаа нь харамсалтай. Мөн алдаа гаргахдаа Улсын дээд шүүхийн тогтоолыг удирдлага болгон алдаагаа засаж байгаа гэж тайлбарлах нь үндэслэлгүй гэж бодож байна. Тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч тал болох Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний хэлтсийн дарга Я.Түвшинжаргалын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн иргэн Ц.Цын тэтгэвэр олголтыг түдгэлзүүлсэн актыг хүчингүй болгосон 33 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй байна. Үүнийг гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийн 1.1-т нэг талаас  нийгмийн даатгалын байгууллага нөгөө талаас ажил олгогч, ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлөгч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэж заасан боловч гомдлын шаардлагын зөвлөл уг дүрмийнхээ дагуу ажиллаж байгаа мэт харагдаж байна. Мөн дүрмийн 16-д  зөвлөл нь ажил олгогч  даатгуулагчийн гомдлыг харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэнэ гэж маш тодорхой заасан. Гэтэл Майнбаярын гомдлоор гомдлын шаардлагын зөвлөл нь саналын зөрүүг шийдвэрлэж байгаа нь дүрмээ зөрчсөний нэг илэрхийлэл. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг нэхэмжлэгч Ц.Ц бүрэн эдлэх ёстой байсан боловч эдлүүлээгүй. Жишээ нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар мэдээлэл авах, холбогдох бичиг баримтын хуулбарлан авах гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, 15.1.4-т захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөх эрхийг нь эдлүүлээгүй, хамгийн гол заалт болох уг хуулийн 26-р дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох тухай заалт 26.1-т зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанаас акт гаргахаас өмнө эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбарлах боломж олгоно гэснийг огт олгоогүй бөгөөд гомдлыг шаардлагын зөвлөлийн хурал болохоос өмнө сонсох ажиллагаа явуулаагүй нь энэ хуулийн уг заалтыг зөрчсөн. Хавтаст хэргийн 55 дугаар талд байгаа сонсох ажиллагааны тэмдэглэл, гомдлын шаардлагын зөвлөлийн хурал хамт хийгдсэн учир өнөөдөр гаргаж өгч байгаа хоёр нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж бодохоос аргагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасанчлан  нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой байсан ч мэдэгдээгүй , 27.6-д сонсох ажиллагааны явц үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөөд гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэсэн ч баримтжуулсан зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас гаргаж өгөх ёстой байсан боловч хариуцагч талаас хэрэг гаргаж өгөөгүй. Энэ нь гаргасан алдаагаа залруулах гээд байгаа ажиллагаа нь нэмж  алдаа болоод хуульд зөрчөөд байна гэж хэлье. Мөн төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Майнбаяр байцаагчийг хяналт шалгалтаа явуулах ёстой байсан гэж бодож байна. Уг хулийн 5.7 дахь хэсэгт хяналт шалгалтыг зөвхөн хяналт шалгалтын удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж заасан ч ийм хяналтын удирдамж, дагалдах хуудас байхгүй. Хэдийд тэтгэвэр, тэтгэмжийг түдгэлзүүлэн зогсоож болдог вэ гэвэл Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасанчлан хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр, тэтгэмж авсан нь тогтоогдвол түүний эрхийг зогсооно. Иймд Ц.Цын тэтгэврийг зогсоосон байгаа нь хуулиар олгогдоогүй эрхээ Гомдлын шаардлагын зөвлөл, Нийгмийн даатгалын хэлтэс эдэлж байна. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гомдлын шаардлагын зөвлөлийн хуралд оролцсон. Уг зөвлөлийн гишүүн хуульч Сарантуяа нийгмийн даатгалын тухай хуульд тэтгэврийг түр түдгэлзүүлэх заалт л байхаас биш тэтгэврийг олгохгүй байх заалт байхгүй гэж хэлсэн боловч Гомдлын шаардлагын зөвлөл нь Сарантуяа гишүүнийхээ тайлбарласан хуулийн заалтыг баримтлалгүй тэтгэвэр зогсоосон нь хууль зөрчсөн ажиллагаа болсон. Мөн нэхэмжлэгч Ц.Цын хууль ёсны эрх ашгийг  Хөвсгөл аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан 36 дугаар тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 16 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны 830 болон 831 дүгээр тушаалууд, шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаас хасч өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ю шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 03 сарын 19-ний өдөр тогтоогдсон миний тэтгэврийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож уг тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

            2020 онд тус хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн төлөвлөгөөт хяналтын дагуу тэтгэврийн хяналтын байцаагч П.Майнбаяр нь 2019 онд зогсоогдсон болон олгогдсон тэтгэврийг хянаж, иргэн Ц.Цын тэтгэвэр тогтоолгосонтой холбоотой асуудлыг хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хэлэлцүүлэхээр холбогдох материалыг оруулж 2020 оны 11 дүгээр 19-ний өдрийн хурлаар Ц.Цд тогтоосон цэргийн тэтгэвэр нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалт, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 /ЦАХТТТХуулийн 8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан 1 жилийг 6 сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож, ЦАХТТТХуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтооно/ гэсэн заалтуудад нийцэхгүй, хууль зөрчсөн болохыг тогтоосон. Улмаар энэхүү асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын зөвлөлийн дүрэм”-ийн 17 дугаар зүйлд тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн олгох, түдгэлзүүлэх, зогсоох, ажил олгогч, даатгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас болон хуурамч бичиг баримт бүрдүүлснээс шалтгаалан буруу тогтоогдсон тэтгэвэр, тэтгэмжийг өөрчлөн тогтоож олгох, суутгал хийх бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж иргэн Ц.Цд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тогтоосон 972930 дугаартай цэргийн тэтгэврийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоож, улсын төсвөөс олгогдсон 2,927,300 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.

            Дээрх шийдвэрийг гаргах үйл явцад Ц.Цыг хуралд оролцуулах талаар өөрт нь мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авсан ч тэрээр шийдвэрээ гардаж авъя, хуралд оролцох боломжгүй байнаа гэж Лхамсүрэн Юмжирдуламын чат хаягаар мэдэгдсэн болон утсаар ярьж тохирсноор хүрэлцэн ирээгүй бөгөөд тохирсоны дагуу өөрийнх нь зөвшөөрснөөр дүүд нь зөвлөлөөс гарсан шийдвэрийг гардуулж хүргүүлсэн. Ц.Ц нь манай Гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Ц.Цын гомдлыг хэлэлцэж 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 32/05 дугаартай шийдвэрээр хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Цэргийн алба хаасны тэтгэврийг зогсоох шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 36 тоот тогтоолоор улсын төсвөөс олгогдсон 2,927,300 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар төлүүлэхийг даалгасны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2021 оны 04 сарын 12-ны өдрийн №135 тоот албан хүсэлтийг хүргүүлж 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23-060-40/66 дугаартай Нөхөн төлбөр төлүүлэх тухай актыг тогтоолгож, гүйцэтгэлийг тодорхой түвшинд хангуулж ажиллаж байна. Харин Ц.Цд эрх олгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаартай 27-ны өдрийн Б/302 дугаар тушаал нь бодит байдалд нийцэхгүй, Ц.Цд илт давуу байдал олгож, түүний эрх зүйн байдлыг хууль бусаар нэмэгдүүлсэн, хууль бус шинжтэй байх тул 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №89 тоот албан хүсэлтээр Авилгатай тэмцэх газарт хандсан байгаа. Уг хүсэлт нь ... Ц.Ц нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 162 дугаар шийдвэрээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, нийтийн албан тушаалтан хахуул өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр хахуул авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 /өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан/ дэх заалтаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байгаа нь гэм буруутай нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төрийн албан хаагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.2 /санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон/, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 /гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон/-д тус тус ажлаас хална гэж заасныг зөрчиж шийдвэрлэсэн. Энэ гаргасан шийдвэр хууль бус бөгөөд Ц.Цд илт давуу байдал олгосон байх магадлалтай тул зохих хуулийн дагуу хянаж шийдвэрлэж өгнө үүгэх утгатай бөгөөд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ШШГЕГазрын даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар Ц.Цд давуу байдал олгосон байж болзошгүй асуудлыг хуулийн дагуу шалгаж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнууд холбогдох мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Энэ хэргийн шийдвэрлэлтийн талаар хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын хүрээнд холбогдох тайлбар, баримтыг манайд ирүүлэхийг хүссэн албан бичгийг Авлигатай тэмцэх газарт 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №258 тоотоор хүргүүлсэн болно. Иймд Ц.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга бөгөөд Гомдлын шаардлагын зөвлөлийн дарга Л.Ю шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай тэтгэврийн хяналтын байцаагчийн оруулж ирсэн  шалгалтын хүрээнд  илэрсэн зөрчилтэй тэтгэвэр мөн цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж тогтоогдсон тэтгэвэртэй холбоотойгоор манай байцаагчаас гомдол шаардлагын зөвлөлд хүсэлт ирүүлсэн тиймээс гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийн 1.1 дэх хэсэгт нийгмийн даатгалын байгууллагын  дэргэдэх ажил олгогч даатгуулагч болон  нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянаж шийдвэрлэж ажил олгогч даатгуулагчийн хууль ёсны эрх, эрх чөлөөг хамгаалах гомдлын шаардлагын зөвлөлийн үндсэн зорилго гэж заасан мөн уг дүрэмд өнгөрсөн ондоо тогтоогдсон тэтгэврийг шалгаж алдаатай тогтоогдсон тэтгэврийг  хууль тогтоомжид нийцүүлэн тогтоолгох  эрхтэй гэсний дагуу хүсэлт гаргаад уг хүсэлтийг нь гомдлын шаардлагын зөвлөлийн журмын хүрээнд шийдвэрлэсэн. Манай нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгч Ц.Ц гуайн ирүүлсэн хүсэлтийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тэтгэврийг нь тогтоосон. Бид нар энэ үед процессын алдаа гаргасан тушаалыг буруу ойлгож, хуулийг буруу хэрэглэсний улмаас тэр алдааныхаа төлөө манай нийгмийн даатгалын байгууллагын байцаагч нарнэхэмжлэгч Ц.Цд олгосон 2 900 000 төгрөгийг өөрсдөө төлж байгаа. Энэ нь алдаатай тэтгэвэр тогтоосныхоо төлөө хариуцаж байгаа хариуцлага. Нөгөө талдаа энэ алдаагаа бид гомдлын шаардлагын зөвлөлийн 36 дугаар тогтоолоороо нэхэмжлэгч Ц.Цд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тогтоосон тэтгэврийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоож шийдвэрлэсэн. Түүний дагуу бид биелүүлээд явж байгаа. Мөн нэхэмжлэгч Ц.Цд тогтоогдсон тэтгэвэр нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т заасан шаардлагыг хангахгүй байгаа учраас зөрчилтэй тэтгэвэр гэдгийг бас ойлгох нь зүйтэйг дахин хэлье, манай байцаагч нар бас энэ алдаан дээрээ хохирч танд төлсөн тэтгэврийг төлж байгаа. Тэрнээс биш дан ганц Ц.Ц гуай өнөөдрийг хүртэл хохироод байгаа юм бол бишээ” гэв.

   Хариуцагчийн өмгөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч байгууллагын зүгээс Ц.Ц гэдэг үйлчлүүлэгчтэй харилцах, сонсох ажиллагаа явуулах, хуралд оролцуулах, түүний саналыг сонсох талаар нэлээн идэвх санаачилга гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шинээр гаргаж өгч байгаа нотлох баримтууд, сонсох ажиллагааны тэмдэглэл зэргээс харагдаж байна. Нэхэмжлэгчид олгож байгаа тэтгэврийн мөнгө бол улсын  төсвөөс гаргаж байгаа буюу нийтийн ашиг сонирхлын хүрээнд гаргаж зохицуулагдах ийм асуудал. Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлтэй харьцуулж харах юм бол захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй байдал гэж зааж өгсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх бол өөрөөр хэлбэл улсын төсөвтэй холбоотой буюу нийтийн ашиг сонирхлын асуудал яригдаж байгаа учраас энэ үйлдлийг зайлшгүй таслан зогсоох үүднээс сонсох ажиллагааг явуулахгүй байх хуулийн зохицуулалт байна. Гэсэн хэдий ч нийгмийн даатгалын байгууллага нь Ц.Ц гэдэг хүнтэй ямар нэгэн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулж тодорхой хэмжээний асуудлыг танилцуулъя нэхэмжлэгчид сонсох боломжийг олгоё гэж харилцсан байдлыг буруутгах нь буруу гэж харж байна. Мөн Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг хуультай адилтгаж үзэх боломжгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч маань хэлж байна. Тэгэхээр захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ гэсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийг харах юм бол захиргааны үйл ажиллагаатай холбоотой хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хуулиас бүрдэнэ. Ийм учраас гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг Засгийн газрын тогтоолоор батлаад өгсөн учраас нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт юм. Захиргааны байгууллагад олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү, буруу тогтоосон асуудлыг шийдвэрлэх нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байна гэж хууль хэрэглээний хүрээнд харах боломжгүй. Эцэст нь энэ хэргийг дүгнээд хэлэхэд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тодорхой зохицуулалтууд байдаг. Энэ  нь ажлаас халагдсан гэдэг үйл баримт байна. 20 жил ажиллаагүй 10-аас дээш жил ажилласан хүн бол 3 нөхцөлөөр ажлаас халагдсан тохиолдолд уг хуулийг хэрэглэх боломжтой гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Цын тэтгэврийг олгохгүй байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цын “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тогтоогдсон миний тэтгэврийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Эмэгтэйчүүд офицерийн албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана” гэж заасан.

Ц.Ц 1968 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн ба түүнд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр буюу 50 настайд нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 972930 дугаартай цэргийн тэтгэвэр тогтоон олгож байсан гэх үйл баримт хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдоно.

Ц.Цд тогтоосон дээрх цэргийн тэтгэврийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор зогсоожээ.

2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл дээрх захиргааны актынхаа илэрхий алдааг засаж 16 дугаартай тогтоол гаргасан ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасанчлан бие даасан захиргааны актын шинжийг агуулаагүй, өмнөх актынхаа бичиглэлийн алдааг зассан баримт юм.

Харин Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр гэх захиргааны актын бүх шинжийг агуулсан байна.

Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийн 1-д “Нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянаж шийдвэрлэх Гомдлын шаардлагын зөвлөлийн үндсэн зорилго нь нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрүүг хууль тогтоомжид нийлүүлэн хянан шийдвэрлэж ажил олгогч, даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад оршино” гэж заасан.

Өөрөөр хэлбэл тус зөвлөл нь нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрүүг шийдвэрлэх зорилготой институц болохын хувьд нийгмийн даатгалын байгууллагын ажилтны /нийгмийн даатгалын байгууллагын/ гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй, нэхэмжлэгчийн “зөвлөл нь ажил олгогч, даатгуулагчийн гомдлыг хүлээн авч асуудлыг шийдвэрлэх ёстой атал Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл даатгуулагчийн буюу миний гомдолгүйгээр 36 дугаар тогтоолоо гаргаж хууль, дүрмээ зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Ц.Ц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нийтдээ энгийнээр 03 жил 09 сар 03 хоног, цэргийнээр нийт 16 жил 11 сар 28 хоног ажилласан ба улсад 23 жил 03 сар 30 ажилласан гэх үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй /хэргийн 82-111 дүгээр хуудас/.

Нэхэмжлэгч Ц.Цыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар 443 дугаар нээлттэй хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2016 оны 08 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, офицерын бүрэлдэхүүнээс гаргасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй: ... 5/ ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч” гэж заасан бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: ... 2/ 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй” гэжээ.

Гэтэл Ц.Ц нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу цэргийнхээр нийт 16 жил 11 сар 28 хоног ажилласан /20 жил хүрээгүй/ байхад түүнд цэргийн тэтгэвэр тогтоосон нь хууль бус байна.

Түүнчлэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй:

1/ орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр;

2/ биеийн эрүүл мэндээр;

3/ цэргийн алба хаах нас хэтэрч” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Цын хувьд хуульд заасан энэхүү шаардлагыг хангаагүй тул түүнд тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоож олгох нь хууль бус, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Учир нь Ц.Ц хуульд заасан орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, цэргийн алба хаах нас хэтэрч гэсэн шалтгаануудын алинаар нь ч бус, харин өөрийн хүсэлтээр цэргийн албанаас чөлөөлөгдсөн байна. Сүүлд “өөрийн хүсэлтээс ажлаас чөлөөлөгдсөн” гэх тушаалыг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул төрийн албанаас халсан” болгож өөрчилсөн байлаа ч энэ нь ач холбогдолгүй.

Нэхэмжлэгч Ц.Цын хувьд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах болон 2 дахь хэсэгт зааснаар цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхийн аль нь ч үүсээгүй, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно”,

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд ... 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж тус тус заасан.

Иймд Ц.Ц /одоо 55 нас хүрээгүй байгаа/ нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 55 нас хүрсний дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болох юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүхийн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа /акт/-ны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардах эрх зөвхөн хууль ёсны дагуу байж л сая хангагдах боломжтой, шүүх зөвхөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй. Нэхэмжлэгч Ц.Цын хувьд хуульд зааснаар цэргийн тэтгэвэр тогтоолгох болзол шаардлага хангаагүй тул цэргийн алба хаагчийн тэтгэврийг зогсоосонтой маргах, улмаар тэтгэвэрийг үргэлжлүүлэн олгохыг шаардах эрхгүй юм.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөл нь нэхэмжлэгч Ц.Цын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болохуйц шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулах бүхий боломжит арга хэмжээг авсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл”, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл” зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цын “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тогтоогдсон миний тэтгэврийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЭНХТАЙВАН