Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 124/2024/0011/З |
Дугаар | 221/МА2024/0737 |
Огноо | 2024-11-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2024/0737
Увс аймгийн Ахны
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Чын гомдлоор хянан хэлэлцэв.
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгч: Увс аймгийн Ах,
Хариуцагч: Увс аймгийн Зд
Нэхэмжлэлийн шаардлага: “Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал олгох байсан 89,000,000 төгрөг олгохыг даалгах.”
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Ч /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 124/2024/0011/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр:
Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Ахноос Увс аймгийн Здд холбогдуулан гаргасан Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал олгох байсан 89.000.000 төгрөгийг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Ч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхэд нэхэмжлэгчийн талаас нотлох баримт бүрдүүлж өгсөн, харин уг хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь таамаглаж ярьсан тайлбар хийсэн боловч, түүнийгээ нотлох ямар нэгэн баримт гаргаж танилцуулаагүй, баримтжуулж баталгаажуулаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийн үндэслэл байхгүй байна. Мөн тус аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот албан бичиг нь гадагшаа чиглэсэн, аймгийн Ахны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц албан бичиг бөгөөд энэ нь Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 14.5, 15.1, 15.2 дахь заалтаар хүлээсэн үүрэг, мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1-д заасан Засаг даргын гаргах актын хэлбэрийг хангахгүй байна.
Мөн аймгийн Засаг даргын 2021.04.13-ны өдрийн 1/545 тоот албан бичиг нь сөрөг нөлөөлөл үзүүлсэн албан бичиг гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж заажээ.
Үндсэндээ аймгийн Ахны санхүүгийн дэмжлэгийг зогсоосон нь өдөр тутмын үйл ажиллагаа, нийт ахмад настнуудын дунд зохион байгуулах ажил, арга хэмжээ болон тэдний эрх, хууль ёсны сонирхлыг хязгаарласан үйлдэл болсон байгаа. Нэг ёсондоо аймгийн Зд нь Ахмад настны тухай хуулийн 14.5, 15.1, 15.2 дахь заалтаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр улс төрийн шинж агуулсан, хувь хүн хоорондын харилцааны хандлагаа илэрхийлсэн нь хууль ёсны байгууллагын нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан албан бичиг гаргасан байгаа.
Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Бүх шатны Зд ахмад настныг дэмжих талаар дараах үүрэг хүлээнэ гээд 14.1-14.8 дугаар заалтаар үүрэг хүлээсэн байгаа.
Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ.
Мөн хуулийн 15.2-д Энэ хуульд заасан ахмад настны талаарх төрийн болон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно гэсэн заалт байгаа. Аймгийн Зд аливаа хуулийг биелүүлэх, хэрэгжүүлэх болохоос хуулийг зөрчиж болохгүй. Хуулийг зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг дараах хуулийн заалтад заасан байгаа.
Тухайлбал, Ахмад настны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол гэм буруутай этгээдэд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байгаа. 16.2-д Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж ч заасан байгаа. Иймд аймгийн Зд нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 48.2.5-д зааснаар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үйлдэл гаргасан нь далд утгаар илэрхийлсэн байгаа. Аймгийн Зд, Ахны дарга нар тухайн үед ойлголцоод хамтран ажиллах гэрээ байгуулаад үргэлжлүүлээд хамтарч ажиллах боломж байсан. Дээрх хуулийн заалттай холбож хэлэхэд, аймгийн Зд нь Ахмад настны тухай хуулийн 14.5, 15.1, 15.2 дахь заалтаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр улс төрийн шинж бүхий, хувь хүн хоорондын харилцааны хандлага байгууллагын нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан албан бичиг гаргасан нь илт хууль бус гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д зааснаар бол аймгийн Ахны эрх, хууль ёсны ашиг сонирхол, аймгийн хэмжээний нийт ахмад настан руу хандсан үйл ажиллагаа явуулах, тэдний нийтийн нийгмийн хууль ёсны ашиг сонирхолд зориулсан ажил, арга хэмжээ явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байгаа нь нийт ахмад настнуудад хүндэтгэлгүй хандсан, хууль зөрчсөн, тэдний үйл ажиллагааг хууль бусаар зогсоосон, сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан байгаа.
Тухайлбал, аймгийн Ах нь тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг байхгүйн улмаас 2 жилийн хугацаанд ахмад настнуудын дунд зохион байгуулах ажил, арга хэмжээнүүд нь тасалдсан, ажилтнууд нь өөрсдийн хэмжээнд бусад хэлбэрээр ажил, арга хэмжээгээ явуулсан хэдий ч цалин хөлс, урамшуулалгүй ажилласан нь тэдний хууль ёсны ашиг сонирхол нь хязгаарлагдаж хохирсон байгаа. Хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн учраас ажилтнууд цалин хөлсөө нэхэмжлээд байгаа нь тэр юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь аймгийн Засаг даргын гаргасан 2021.04.13-ны өдрийн 1/545 тоот албан бичгийг гадагшаа чиглэсэн, аймгийн Ахны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц байгааг анзаарч, Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар, захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох тухай заасан заалтыг яагаад анзаарч харахгүй байна. Энэхүү Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 48.3-д Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэсэн заалт ч байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно гэж заасан байгаа.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцүүлэн шийдвэрлэж өгнө үү.
Аймгийн Ах нь, Аймгийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал олгох байсан 89.000.000 төгрөг олгохыг өөрчилж, бодит тооцооллыг 30.000.000 төгрөг болгон тооцооллын үндэслэлийг гаргаж хүргүүлж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, дүгнэлт өгөөгүй, захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Увс аймгийн Ахноос Увс аймгийн Здд холбогдуулан “Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал олгох байсан 89,000,000 төгрөг олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.Маргаан бүхий 1/545 шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...Аймгийн Зд нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдтай жил бүр хийдэг гэрээн дээрээ Ахны үйл ажиллагааг дэмжих үүрэг хүлээж гарын үсэг зурдаг. Төсвөөс олгох санхүүжилт зогссонтой холбоотой ажилтан, ажилчдын цалин хөлсийг 2021.03 сараас 2023.10 дугаар сар хүртэл олгоогүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд зааснаар Зд нь эрхлэх ажлын хүрээнд захирамж гаргана гэж заасан бөгөөд манай санхүүжилтийг зогсоох тухай захирамж одоо болтол гараагүй. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг заавал хангасан байж хууль ёсны болно. Захирамж гаргахгүйгээр мэдэгдэл төдийгөөр энэ асуудлыг шийдэж байгаа нь илт хууль бус бөгөөд энэ мэдэгдлийн улмаас аймгийн Ахны үйл ажиллагаа доголдохын зэрэгцээ энд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх эрх, хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах эрх нь зөрчигдөж байна.” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.
3.Хариуцагч Увс аймгийн Засаг даргын зүгээс “...аймгийн Ахнд санхүүжилтийг тухай бүр олгож байсан. Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудаар аймгийн Зд нь төрийн бус байгууллагын буюу Ахны ажилчдын цалин хөлс олгоно гэсэн заалт байдаггүй.” гэх агуулгаар нэхэмжлэлд тайлбар гаргажээ.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж,
32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж,
34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж,
52 дугаар зүйлийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны актыг ..., илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж,
106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж,
107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.”, 107.4-т “Үндэслэх хэсэгт...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заажээ.
5.Энэхүү хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс маргаж буй захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь уг маргаж буй актын улмаас хэрхэн зөрчигдсөн байхыг нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой тусгах, мөн хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой тусгахаар заасан.
6.Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс дээрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасны дагуу шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хамаарах захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбарыг бүрэн хийгээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар дутуу дүгнэлт өгсөн нэхэмжлэгчийн маргаж буй зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүй байна.
7.Үүнээс гадна анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй шууд холбоотой, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллааг хангалттай хэрэгжүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг гаргажээ.
8.Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүх маргаан бүхий акт, маргааны агуулга, үйл баримтыг зөв тодорхойлоогүй, холбогдох хуулийг бодит нөхцөл байдалд зөв тайлбарлан хэрэглээгүй, тодруулбал, захиргааны хэргийг бүрэн, бодитой, нэг мөр шийдвэрлэж чадаагүйн улмаас нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
9.Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд тайлбар, дүгнэлт өгч, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгаж, захиргааны хэргийг нэг мөр шийдвэрлэхийн тулд дараах ажиллагааг хийх шаардлагатай. Үүнд:
9.1.Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ.”, 15.2-т “Энэ хуульд заасан ахмад настны талаархи төрийн болон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно.”, 15.3.Ахмад настны талаарх төрийн болон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг болон энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг ахмадын байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг гэрээний үндсэн дээр хэсэгчлэн, эсхүл бүрэн санхүүжүүлж болно.” гэж тус тус заасан.
Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд ахмадын байгууллага, ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах төрийн бус байгууллагыг төсвөөс санхүүжүүлэх арга, хэлбэр, төсөл, арга хэмжээний зардал зэргийг ялгаатай байдлаар зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ[1], Увс аймгийн Ахны даргаар Я.Чыг томилсон Монголын ахмадын холбооны ерөнхийлөгчийн захирамж[2] нь хэрэгт авагдсан боловч дээр дурдсан Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу нэхэмжлэгч Увс аймгийн Ахг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын салбар, нэгж гэдгийг хангалттай нотлох баримт гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүхээс энэ талаарх холбогдох нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай байна. Тодруулбал, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, нэхэмжлэгчийн “Увс аймгийн төсвөөс санхүүжилт авах эрхтэй” гэж маргаж буй үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай.
9.2.Хэрэв нэхэмжлэгч нь Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Увс аймгийн төсвөөс санхүүжилт авах эрхтэй этгээд гэдэг нь тогтоогдох тохиолдолд анхан шатны шүүх хариуцагч нь маргаан бүхий албан бичгээр гэрээ байгуулж, хамтран ажиллахаас татгалзах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
9.3.Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн зарим шаардлагадаа “ 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал олгох байсан 89,000,000 төгрөг олгохыг даалгах” гэж тодорхойлсон боловч анхан шатны шүүх хуралдааны явцад “хариуцагчаас 2021-2023 онд олгох ёстой төсвийг олгоогүйгээс шалтгаалж 5 ажилтны цалин хөлсийг олгоогүй, зарим ажилчид иргэний шүүхээр цалин хөлсөө нэхэмжилж, нэхэмжлэлийг хангасан, 13,600,000 төгрөгийн асуудал иргэний хэргийн шүүхэд явж байгаа...үнийн дүнг багасгаад 13,600,000 төгрөг ч юм уу болгоод шийдвэрлэх боломжтой” гэж тайлбарласан, мөн давж заалдах гомдолдоо “2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал олгох байсан 89.000.000 төгрөг олгохыг өөрчилж, бодит тооцооллыг 30.000.000 төгрөг болгон ... хүргүүлж байна.” гэж хариуцагчаас шаардаж буй мөнгөн дүнгийн хэмжээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөрүүтэй байдлаар, өөр өөрөөр тайлбарлажээ.
9.4.Иймд гэрээ байгуулж, хамтран ажиллахаас татгалзсан маргаан бүхий акттай нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй 89,000,000 төгрөг нь хэрхэн холбогдож байгаа, тухайн шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж маргаж байгаа эсхүл, 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал олгох байсан зардал, санхүүжилт гэж маргаж байгаа эсэхтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулж, маргаж буй санхүүжилт, эсхүл хохирол нь Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3-т заасан үйл ажиллагааны алинд нь хамаарч байгаа, ямар ямар үйл ажиллагааны зардал, төлбөр, хохирол эсэхтэй холбоотой нарийвчилсан тооцооллыг нэхэмжлэгчээс гаргуулсны үндсэн дээр маргаан бүхий акт болон нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой дүгнэлт анхан шатны шүүхээс өгөх шаардлагатай.
Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ