Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                         Хэргийн индекс: 171/2016/0218/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч П.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Иргэдийн төлөөлөгч Д.С
Улсын яллагч, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Чинбаатар,
Шүүгдэгч Г.*****  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй  хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт *****  овогт ***** ын ***** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000411 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ****** ажилтай, ****** ийн хамт ****** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *****  овогт ***** ын *****  /РД: ******* /
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.*****  нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр  тоот Н.***** ийн хашаанд архидан согтуурсан үедээ хохирогч П.***** ийн буруутай үйл ажиллагааны улмаас П.***** тэй маргалдаж, улмаар түүний толгойруу тоосго шидэж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
       Шүүгдэгч Г.***** гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...***** гийн хашаанд орж гэрийнх нь сүүдэрт очиж тус архийг ууж байхад ***** , эхнэр ***** гийн хамт ирсэн. Тэгээд бид нар нийлж тухайн архийг ууж дуусгаад сууж байхад *****  нилээн согтсон Туна ахиад нэг шил архи авчих гэхээр нь би одоо надад мөнгө байхгүй, 20000 төгрөг олоод архи авлаа шүү дээ одоо болно биздээ гэтэл *****  сүртэй юм бэ чи, үхлээ юу, тэр мөнгө чинь хаана ч байдаг юм, чи муу далий хар минь, чи намайг деревньд амжихгүй шүү, би Бүрэнжавын *****  байна гээд миний цамцнаас татаж ирээд 2 удаа нүүрэн тус газарт духаараа мөргөсөн. Тэгтэл миний уруулнаас цус гартал ***** ийн охин нь гэх 6 настай хүүхэд нь хараад ааваа та Туна ахыг аллаа болиоч гэхэд *****  болихгүй намайг ахиад мөргөх гэхээр нь би футболкийг нь дээш сөхөж толгой дээр нь барьсан байхад *****  сэрээд юу болсныг нь ойлгоогүй байж намайг бариад түлхэхэд би ***** ийг тавьсан юм. Тэгтэл *****  ойртож ирээд намайг ахиад 2 удаа нүүр хэсэгт цохисон. Тэгээд би газар унаад босох гэхэд *****  цохих гээд ойртоод байхаар нь би суугаа чигээрээ ухарч байтал гарт цагаан өнгийн тал тоосго баригдахаар нь би *****  рүү шидээд гэр тойроод зугтаасан юм.
...надаас 2 алхмын зайтай байсан, *****  байсан санагдаж байна, мөн *****  байсан байх.
...тухайн өдөр *****  өөрөө эхэлж намайг цохиж хэрүүл өдсөн юм. *****  эхлээгүй бол ийм асуудал болохгүй байсан юм.
...намайг газар уначихсан байхад *****  ахиад цохих гээд байхаар нь мөн дээрээс өшиглөчих байх гэж бодоод би тоосго аваад шидсэн” гэх мэдүүлэг /хэргийн 45-46, 48 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.***** гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 19-ний өглөө ажилдаа явах гэтэл амралтын өдөр байсан. Би ***** ийнд орсон юм. Тэр надад 5.000 төгрөг байна гээд бид хоёр цуг гараад ***** гийнд нэг шил архи уусан. *****  нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд би нэг таньдаг хүнээсээ 20.000 төгрөг аваад, тэр мөнгөөрөө 0.5 литрийн бас 0.75 литрийн 2 шил архи авсан. Тэгээд ***** ийн гэрт *****  бид гурав нөгөө архиа уусан юм. Архиа уугаад дуусаж байтал *****  надаас дахиад нэг архи авъя гэж хэлсэн. Би мөнгө байхгүй ш дээ гэхэд ганц юм авахгүй голоо цохиод байна уу, ганц шил архины мөнгөгүй жолооч гэж байдаг юм уу? гээд над руу асаад эхэлсэн. Тэгээд чи муу далий хар намайг амжихгүй шүү гэх зэргээр дайраад байсан. Би үнэндээ ямарч арга байхгүй байна гэтэл намайг татаж мөргөсөн, тэгээд цохисон, би түүнийг болиулахын тулд цамцыг нь дээгүүр нь татаад барьсан. Тэр надаас том булиа тул дийлдээгүй. Би гарыг нь бариад автал *****  босч ирээд намайг түлхээд тэр хоёр нийлээд дайраад байхад нь одоо болъё оо гэхэд намайг түлхээд цохисон, би зугтаад газарт унахад гарт тоосго таарахаар нь айлгах гэтэл айхгүй дайраад ирэхэд нь урдаас нь шидсэн. Над руу дайраад, давшлаад байсан. Намайг утсаар яриулсангүй, дахиад ганц шил архины мөнгө олж чадахгүй ямар жолооч байдаг юм гээд байсан. Сүүлд нь манай дагавар охин ирээд намайг салгаад аваад явсан” гэх мэдүүлэг,

Хохирогч П.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2016 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед гэртээ унтаж байхад гэрийн хаалга тогшоод байхаар нь “хэн бэ?” гэтэл “Сонгуулийн штабаас явж байна” гэхээр нь хаалгаа онгойлготол *****  байсан. Тэгээд би оруулахад *****  чамд 5000 төгрөг байгаа сураг гараад гэхээр нь би байгаа гээд угаалгын машин доороос өөрийн 5000 төгрөгөө авч бид 2 гараад дэлгүүр орж ***** гийн гэр лүү очиж тус архийг уусан юм. Тэгээд архиа ууж байхад дахиад 1 шил 0.75 литрийн архи авчирсан. Тэгээд тус архийг ууж байхад *****  гаднаас орж ирсэн юм. Тэгээд бид 4 нийлж тухайн архийг хувааж уугаад гарцгаасан юм. Тэгээд гараад явж байхад *****  наанаа байж байгаарай би айл руу ороод мөнгө аваад ирье гээд нэг айлруу ороод 20000 төгрөгтэй гарч ирсэн юм. Ингээд тус мөнгийг аваад ***** , *****  2 дэлгүүр ороод 0.75 литрийн архи, 0.5 литрийн архи тус тус авч гарч ирсэн юм. Тэгээд тус архийг аваад ***** гийн хашаанд ороод гэрийн сүүдэрт сууж байгаад тухайн архийг уусан юм. Ууж байхад Чээмээ /***** /, *****  /Энх***** /, *****  нар ирсэн юм. Тэгээд би юу болсныг санахгүй байгаа юм. Өглөө нь толгой хагархай сэрсэн юм” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/, 

Гэрч Д.***** гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ***** гийн гэр лүү явах гээд ***** гийн хаашаагаар дамжаад явж байхад ***** , ***** , *****  нар байшингийн сүүдэрт нэг шил архи уугаад сууж байсан юм. Тухайн үед би бас архи уусан явж байсан юм. Тэгээд би сууж тухайн архинаас ууж байхад *****  *****  нар маргалдаж эхэлсэн, яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. *****  ***** г чи ганц архи авч өгснөө юу гэж бодоод байгаа юм гэж хэлснээ *****  ***** г нэг удаа мөргөж газар унагаасан. Тэгтэл ***** гийн уруулнаас цус гарч байхаар нь би очоод хартал уруул нь сэтэрсэн байсан. Тэгээд бид нар болиоч гээд салгаж байхад *****  *****  рүү чулуу авч шидтэл толгойг нь онож толгойг нь хагалсан юм. Тэгээд би салгаж дийлэхгүй байхаар нь ***** гийн охиныг нь дуудсан юм. Тэгээд буцаад ирэхэд *****  *****  нар маргалдаад зогсож байсан. Тэгээд ***** гийн охин нь салгаад ***** г авч явсан юм. 
...намайг байхад *****  л ***** г 1 удаа мөргөж уруулыг нь сэтэлсэн. Харин *****  газар унаад босож ирэхдээ чулуу авч *****  рүү шидсэн юм” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.***** ын мөрдөн байцаалтад өгсөн: “...ингээд 18 цагийн үед байх би *****  ахынд аав дээр очиход аав Туна ахаас утсаа өгч бай гэхэд Туна ах чамд яахаараа өгдөг юм гэтэл аав би бас дараа төлбөрт барьдаг гэхэд Туна ах өгөхгүй гэхэд аав босож ирээд Туна ахыг нэг удаа нүүр хэсэгт нь цохиод автал Туна ах аавын цамцыг нь дээш нь шууж барихад аав мултлаад гарахад Туна ах хойшоо ухарч байснаа чулуу аваад аавруу шидтэл аавын толгойноос цус гарахаар нь би аавыг очиж аваад гэрлүү явсан юм.
...Туна ах яг аавын урдаас харж байгаад ардаасаа чулуу аваад нүүр лүү нь шидсэн. Туна ах ааваас 3-4 алхмын зайтай байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч Н.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг сэрэхэд би гэртээ сэрсэн юм. Тэгээд би манай хэд хаана байна гэхэд танай найз нар чинь хоорондоо зодолдоод *****  ***** ийн толгойг нь хагалсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч ***** гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд удалгүй би нөхрөө сэрээгээд хамт бид 2 ***** гийн хашаанд очиход ***** , ***** , *****  нар 0.75 литрийн хараа нэртэй архи ууж байсан. Тэгээд бид 2 суугаад хамт ууж байхад манай нөхөр *****  нэг татаад унтсан юм. Харин би нилээд муудсан сууж байхад ***** , *****  2 гурилын талаар яриад маргалдаад байсан. Тэгээд удалгүй хараал хэлж байснаа *****  ***** г 2 удаа нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөсөн. Тэгтэл ***** гийн амнаас нь цус гартал ***** ийн хүүхэд нь гэх охин аав та Туна ахыг аллаа шүү дээ гэхэд *****  ***** ийг бариад авахад *****  босож ирээд ***** г түлхсэн. Тэгээд нэг харахад *****  *****  рүү нэг юм шидэж байсан, яг юу гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэгээд ***** ийн толгойг *****  хагалсан юм. Тэгээд ***** , *****  нар явцгаасан харин би ***** гийн хашаанд унтаад үлдсэн. 
...*****  газар унасан байхад *****  дээрээс нь цохисон санагдаж байна. Тэгтэл *****  босохдоо нэг юм шидээд явсан чинь толгойг нь хагалсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/, 

Гэрч Ж.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би тухайн өдөр 21 цагийн үед гэрлүүгээ явж байхад замд ***** , түүний охин *****  /6 настай/ болон *****  нар таарсан юм. Таарахад ***** ийн толгой хэсгээс цус гарсан байдалтай, харин манай нөхрийн уруул нь хавдсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад *****  “Зүгээрээ Ганаа эгчээ” бид 2 хальт муудалцаад, ...тэгээд дүүгийнх нь буруу байгаа юм” харин та надад архи аваад өгөөч гэхээр нь би дэлгүүр орж 0.75 литрийн архи авч өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,
Гэрч Г.***** гийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...би маргааш өглөө нь мэдсэн. Манай эхнэр хэлэхдээ ***** ийн толгойг нь *****  хагалсан гэж ярьж байсан. Тухайн үед би хажууд нь тасарчихсан хэвтэж байсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.***** гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*****  ахын хашаанд жаахан хүүхдүүдтэй тоглож байхад манай аав ирсэн юм. Тэгээд хашаанд нь суугаад Туна ахтай юм яриад сууж байсан. Тэгээд тоглож байгаад нэг харахад аавын толгойноос цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Г.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...би тухайн өдрийн он сар өдрийг санахгүй байна. Ямар ч байсан сонгууль дуусаж байсан санагдаж байна. Тухайн өдөр өдрийн цагаар санагдаж байна би гэртээ байхад гэрийн гадна хүмүүс шуугилдаад байсан. Тэгэхээр нь би гартал *****  ахын хашаанд *****  ах, ***** , манай хойд аав ***** , Чимээ эгч, Энх*****  нар байсан. Тэгээд ***** , манай хойд аав 2 маргалдаад бусад нь салгах гээд байсан. Гэхдээ хамт байсан хүмүүс нь их согтуу салгаж чадахгүй байсан, миний харснаар өөрсдийгөө ч хянах чадваргүй байсан. Тэгээд би очиход манай хойд аав болох ***** гийн амнаас цус гарсан байсан, тэгээд би салгах гэтэл *****  манай хойд аавыг цохих гээд дайраад байсан. Тэгтэл манай хойд аав *****  тоосго газраас авахаар нь би боль гэтэл *****  далайхаар нь би тонгойтол *****  ах руу тухайн тоосгыг шидсэн. Тэгээд би бостол *****  ахын толгойноос цус гарсан байсан. Тэгтэл *****  ах манай хойд аав руу дайраад байхаар нь би ***** г салгаж аваад гэрлүү явсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 767 дугаартай “П.***** ийн биед гавал тархины ил гэмтэл, гавлын баруун зулай чамархай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай хэсгийн хатуу хальсан доорхи цус хуралт, хагалгааны дараах байдал тогтоогдлоо.     Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.     Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. П.***** ийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 36 дугаар хуудас/,
П.***** ийн өвчний түүхийн хуулбар /хэргийн 76-94 дүгээр хуудас/, 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг болно. 
Шүүгдэгч Г.*****   нь согтуугаар  2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *****  тоотод Н.***** ийн хашаанд архидан согтуурсан үедээ хохирогч П.***** тэй маргалдаж, улмаар түүний толгойруу тоосго шидэж, түүний бие махбодид нь хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.***** гийн өгсөн мэдүүлэг /хэргийн 45-46, 48 дугаар хуудас/, хохирогч П.***** ийн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Д.*****  /хэргийн 13-14 дүгээр хуудас/, Н.*****  /хэргийн 17-18 дугаар хуудас/, Т.Энх*****  /хэргийн 19-20 дугаар хуудас/, Г.*****  /хэргийн 23-24 дүгээр хуудас/, Г.*****  /хэргийн 27-28 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.*****  /хэргийн 16 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, шүүхийн шилжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 767 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дархан Уул аймгийн Прокурорын газраас Г.***** д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болох боловч шүүгдэгч Г.***** д ял шийтгэл оногдуулахдаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлыг нөхөн төлснийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, түүний  хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Хохирогч П.*****  нь хохирол, төлбөрөө бүрэн авсан, одоо гомдолгүй гэж байх тул шүүгдэгч Г.***** г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.*****  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 , 284, 286,290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар   зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.*****  овогт ***** ын ***** г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч *****  овогт ***** ын ***** г  3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.***** д оногдуулсан 3 жил 4 сар 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Г.*****  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***** д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.     

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.***** д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БАТТУЛГА
                                 
                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ