Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

 

 

 

      2022           12            07                                        2022/ШЦТ/114

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000140279 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                Б.Н

Улсын яллагч                                                                          Г.Б

Хохирогч                                                                      Б.Н

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч      Б.М /цахимаар/

Шүүгдэгч                                                                     Д.С нар оролцов.

 

Шүүгдэгч: 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “....” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоот орон сууцанд оршин суух, ... овгийн Д-гийн С /РД:........../.

            Шүүгдэгч Д.С нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 55 минутын орчим Багануур дүүргээс Төв аймгийн Мөнгөнморьт сум руу явах замд “Лексус-570” маркийн 45-85 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” Мөн 12.2 дахь хэсэгт заасан “үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Д.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найзуудын хамт Бурхан халдун яваад, маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр буцаж явсан. Бид 10-уулаа явсан бөгөөд 2 машинд хуваагдаад суусан. Миний унаж явсан машинд буюу 45-85 УНИ улсын дугаартай Лексус-570 маркийн машинд Н, Д, Х, Б бид 5-лаа явсан. Буцах замдаа Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Багануур луу явж байхад ойролцоогоор Багануураас 5-6 км зайд сайжруулсан шороон зам дээр явж байтал гэнэт л ямарч тэмдэг, тэмдэглэгээ байхгүй засвартай нүхэн гүүр гараад ирсэн. Тухайн үед нар жаргаж байсан учраас өөдөөс гэрэл гялбаад үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Би замын уг засвартай  хэсэгт тулж ирээд маш богино хугацаанд зогсоох арга хэмжээ авсан боловч нэмэр болоогүй. Миний унаж явсан машин Дөлгөөний эзэмшлийнх... бид Бурхан халдун уул руу 7-8 жил явж байна. Тухайн үед архи дарс уугаагүй байсан. Өөдөөс нар гялбаад гэнэт л нүх рүү унасан, болгоомжгүй явсан нь миний буруу хөнгөн шийтгэл оногдуулж, торгож өгөөч...” гэсэн мэдүүлэг / хх-н 32-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч  Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найзуудын хамтаар Бурханхалдун уул руу явсан. Маргааш өдөр нь буюу 01 дүгээр сарын 02-ны өдөр Бурхан халдун уулнаас Улаанбаатар хот руу явахаар болж, 2 машинд хуваагдаад хөдөлсөн. Миний сууж явсан машинд буюу 45-85 УНИ улсын дугаартай Лексус-570 маркийн машинд Дөлгөөн, Хүрэлсүх, Батхүү, Саруул бид тав явсан. Буцах замдаа Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Багануур чиглэлд буюу Багануурын төвөөс ойролцоогоор 5-6 километрийн зайд сайжруулсан шороон зам дээр явж байтал гэнэт л доошоо огцом унаж буцаж дэвхэрсэн. Буугаад хартал замын дундаас нүхэн гүүр хийх гээд ухаад авсан замгүй хэсэг байсан. Уг нүхэн гарцтай хэсгээс 400-500 метрийн орчим сайжруулсан замын хажуу талын ердийн шороон замаас ороход дундаа тасархай байгаа нь огтхон ч харагдахгүй байсан бөгөөд анхааруулсан тэмдэглэгээ  болон хашилт байхгүй байсан. Миний зүүн гарын шуу хэсгийн 1 савхан яс хугарсан. Надад гомдол санал байхгүй. Харин уг замыг хариуцан ажилладаг аж ахуй нэгжээр тухайн хэсгийн тэмдэг, тэмдэглэгээ хашилт  хийх талаар анхааруулж хэлмээр байна..” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 21-р хуудас/

              Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Б.Н-ийн өгсөн “... шүүгдэгч бид урьд нь Дүнжингарав компанид хамт ажилладаг байсан цагаас ах дүүгийн харилцаатай болсон. Тухайн өдөр Бурхан халдун явъя агаар салхинд гаръя гээд бид өөрсдөө гуйж авч явсан. Өмнөх жил явахдаа Баяндэлгэрээр дайраад явсан, Бурхан халдун уулнаас буцаж явахдаа Мөнгөнморьтоор явсан, санамсаргүй байдлаар, тохиолдлоор энэ гэмт хэрэг гарсан. Хохирогч миний хувьд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй байхад шүүгдэгч өөрөө сайн дураараа над руу мөнгө шилжүүлсэн байсан. Иргэний  хариуцагчаар явж буй Дөлгөөн хүртэл урд талын суудалд сууж яваад тэр нүхийг хараагүй байсан. Осол болох үед миний гар урд хайрцаганд цохигдож шууны яс цуурч жижиг зүсвэр хийлгэж тэгшлүүлсэн ч болно тэгшлүүлэхгүй ч байж болно гэсэн хэдий ч би сайн дураараа тэгшлүүлж эмчилгээ хийлгэж хэвтсэн. Шүүгдэгчид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй учраас мөн дээр нь хэрэг явдал тохиолдлын шинжтэй гарсан учраас шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Иргэний нэхэмжлэгч А.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай машинд Н, С, Б, Х бид 5 явж байсан. Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Багануур чиглэлийн засвартай байсан шороон замаар явж байгаад ойролцоогоор 5-6 километрийн  зайд явж байтал гэнэт засвартай нүхэн гүүр лүү унасан. Жолоочийн суудал дээр Саруул, хажуу талын суудал дээр би өөрөө, арын суудалд Х, голд Б, нөгөө захад Н сууж явсан. Жолооч бид хоёр суудлын бүсээ зүүж явсан, ард яваа хүмүүсийг мэдэхгүй. Ойролцоогоор 50 км орчим хурдтай явж  байсан. Одоо Инвескор ББСБ-ын нэр дээр дээр, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. 2021 оны 8 сард хувь хүнээс 87 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж авсан цагаасаа хойш үзлэг оношилгоонд хамруулаагүй. Бид нарын дунд хамгийн сайн жолоо барьдаг учраас Саруулд жолоогоо шилжүүлсэн. Жолоодож явсан Д.С-д ямар нэгэн гомдол санал байхгүй харин тухайн замыг хариуцдаг замын компанид гомдолтой байна. Учир нь замын тэмдэглэгээ, хашилт байхгүй байснаас ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 25-р хуудас/

              Иргэний хариуцагч А.Д-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ослын талаар иргэний нэхэмжлэгчээр өгөхдөө тодорхой ярьсан. Миний хувьд тухайн замыг барьж байсан компанийн буруутай үйлдлээс болж дээрх осол гарсан гэж үзэж байна. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд 2021 оны 11 дүгээр сард Инвескор ББСБ-д 40 сая төгрөгийн барьцаанд тавьж улмаар машиныхаа эзэмшигчийн нэрийг банк бусын нэр дээр шилжүүлсэн. 2022 оны 04 дүгээр сард банк бусын төлбөрөөс чөлөөлөөд өөр хүнд зарсан. Одоо энэ машин банк бус болон надад ямар хамааралгүй. Иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, замын компанийн 100 хувь буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа учраас ямар нэгэн хариуцлага хүлээмээргүй байна. Тээврийн хэрэгсэлд хийлгэсэн үнэлгээтэй танилцсан, хүлээн зөвшөөрөхгүй, Улаанбаатар хотод машинаа авчраад үнэлгээ хийлгэхэд нийт 68,000,000 сая төгрөг орчим болсон. Гэтэл Багануурт хийлгэсэн үнэлгээ 28,500,000 төгрөг болсон нь эрс зөрүүтэй учраас дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29-р хуудас/

              Гэрч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай машинд буюу 45-85 УНИ улсын Лексус 570 маркийн машинд Д, Х, С, Н бид 5 явж байсан. ... Багануурын төвөөс ойролцоогоор 5-6 километрийн зайд сайжруулсан шороон зам дээр явж байтал гэнэт л донсолгоо мэдэрсэн, хэд хэдэн маш хүчтэй донсолсон, буугаад  хартал нүхэн гүүр хийхээр ухсан замын хэсэг дээгүүр гарсан байсан. Ямар нэгэн тэмдэглэгээ хаалт байгаагүй, бид согтууруулах ундааы зүйл хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/

              Гэрч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....манай машинд буюу 45-85 УНИ улсын Лексус 570 маркийн машинд Д, Б, С, Н бид 5 явж байсан. ... Багануурын төвөөс ойролцоогоор 5-6 километрийн зайд сайжруулсан шороон зам дээр явж байтал гэнэт хүчтэй донсолоод машин зогссоны дараа буугаад хартал нүхэн гүүр хийх гээд ухсан замын хэсгээр гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 38-р хуудас/

              Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2008 оноос хойш “Рингроуд” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийж байна. Манай байгууллага авто замын компани бөгөөд 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Багануур дүүргээс Төв аймгийн Мөнгөнморьт чиглэлийн хатуу хучилттай 60 километрийн зам гүүрийн ажлыг “Тоото инж” ХХК-тай түншлэл хийж хамтран гүйцэтгэж байгаа.

              ...тухайн зам гүүрийн ажлыг 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр авсан. Төсөв мөнгө болон Ковид цар тахал гээд одоо болтол бүрэн тавьж дуусаагүй 67 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

              ... 2021 оны 10 дугаар сард ажил буух үедээ орохыг хориглоно, ажил хжи байна гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан. Мөн ус зайлуулах шугам хоолой болгоны 2 талд асфальтан зам дээрээ шороо овоолж асгаж, хаалт хийгдсэн байгаа. 2021 оны 10 дугаар сараас хойш манай байгууллагаас тавигдаж байгаа зам гүүрийн ажил болон ус зайлуулах шугам хоолойг эргэж тойрсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 42-43-р хуудас/

              Иргэний хариуцагч Г.Э-нийн “...ослын талаар тодорхой мэдэх зүйл байхгүй, манай байгууллагын хариуцан гүйцэтгэж байгаа ажил болох Багануур дүүргээс Төв аймгийн Мөнгөнморьт сум хүртэл хийж байгаа 24 км зам дээр автомашин явж байгаад осолдсон гэж сонссон. Уг зам ашиглалтанд ороогүй зөвхөн хөрс суултын хэсгээ тавьсан байгаа бөгөөд машинууд дур мэдэн ашиглалтанд ороогүй замаар зорчоод байдаг. Байгууллагын зүгээс тавьж байгаа зам руу машин оруулахгүйн тулд машин орох боломжтой хэсгүүд дээр шороон овоолго тавьж тэмдэг, тэмдэглэгээ хаалт хийдэг боловч тээврийн хэрэгслүүд хажуугаар нь юмуу эсхүл дээгүүр нь давж сэтлээд дур мэдэн ашиглалтанд ороогүй замаар зорчиж байгаад ийм асуудалд орсон гэж үзэж байна. Иргэний хариуцагчаар татан оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн зүгээс ажил дуусахад хийгдэж байгаа зам руу орох боломжтой хэсгүүдийг бүгийг нь хаасан учраас зам дээрх нүхний ойролцоо тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 53-р хуудас/

              Шинжээчийн 09шэ/085 дугаартай “Б.Н-ийн биед зүүн гарын шууны ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 56-57-р хуудас/

              Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ний өдрийн 70 дугаартай Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “...Lexus LX 570 J200 маркийн 45-85 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 28.710.000 төгрөгийн эвдрэл хохирол учирсан байна...” гэжээ  /1-р хх-ийн 106-р хуудас/

              Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 427 дугаартай магадлагаанд “...LX 570 маркийн 45-85 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..” гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэжээ. /1-р хх-ийн 111-112-р хуудас/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-15-р хуудас/

              Жолооч Д.С-ын согтолтын зэргийг драгер багажаар шалгахад “0.00 хувийн согтолттой” гэх тэмдэглэл. /хх-ийн 16-17/

              Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “45-85” УНИ улсын дугаартай “LX570 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч “Инвескор” ББСБ гэжээ /хх-ийн 213/

              Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай болон бусад нотлох баримтууд

              Д.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тухай, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, үл хөдлөх эд  хөрөнгийн жагсаалтын лавлагаа /1-р хх-ийн 174-179, 186-197/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Д.С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна…” гэсэн дүгнэлт

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчөөс “...Хэрэг гарснаас хойш замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хийж бүрэн бодитой хангалттай нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэхгүй байгаа. Тухайн шороон зам хохирогч болон шүүгдэгч бусад хохирогч нарын мэдүүлж байгаагаар цаг агаарын нөхцөл байдал цаг уурын газраас хязгаарлагдмал байсан уу? үгүй юу? гэдэг үзлэг хийгдээгүй. Замын компани тэмдэг тэмдэглэгээг дайрч гараад унасан учраас манай компани буруугүй гэж мэдүүлгээ өгсөн байдаг. Шүүгдэгчийн хувьд гэм буруутай гэж үзэж байна, тэр нотлох баримтуудаа хангалттай байхгүй учраас эргэлзээтэй байдлыг харгалзаж шүүгдэгчийн талд шийдэж өгнө үү...” гэсэн дүгнэлт

Хохирогчоос “...шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж түүнийг цагаатгаж өгөөч гэсэн хүсэлтэй байна...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...миний анхаарал, болгоомжгүй байдлаас болж ийм зүйл боллоо, торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” тус тус гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Саруулд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүгдэгч, хохирогч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүгдэгч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул хохирогч шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, эд хөрөнгөнд үнэлгээг хийсэн тул тус тус үндэслэлүүд нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.С нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 55 минутын орчим Багануур дүүргээс Төв аймгийн Мөнгөнморьт сум руу явах замд “Лексус-570” маркийн 45-85 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” Мөн 12.2 дахь хэсэгт заасан “үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд нь  зүүн гарын шууны ясны хугарал /зүүн гарын шууны хажуу хэсэгт босоо чиглэлтэй 15х1 см бүхий хагалгааны дараах ором/ бүхий хохирол учруулсан болох нь хохирогч Б.Нандин-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч  А.Д, гэрч Л.Б, О.Х, Б.Б нарын  мэдүүлэгүүд, шинжээчийн 09шэ/085  дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 427 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (1-р хх-ийн 8-15) болон дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “анхаарал болгоомжгүй, автомашины хурдыг тохируулаагүй” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэж,  болгоомжгүйгээр үр дагаварт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хэрэгт цугларч, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Д.С-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирлын талаар

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, мөн LX570 маркийн 45-85 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 28,710,000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирчээ./хх-ийн 106-р хуудас/

Шүүгдэгч Д.С-ын унаж явсан LX570 маркийн 45-85УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь А.Д-ний эзэмшлийнх бөгөөд тэрээр өөрөө тээврийн хэрэгслээ Д.С-д шилжүүлж өгсөн байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад учруулсан гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцах үүрэгтэй” гэсэн зохицуулалттай.

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч А.Д-өөс “...Д.С-д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг

Хохирогчоос “...хохирогч миний хувьд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй байхад шүүгдэгч өөрөө сайн дураараа над руу мөнгө шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Д.С “...хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй хэдий ч би санаа зовоод 500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээс үзэхэд шүүгдэгч Д.Саруулыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Иргэний нэхэмжлэгч А.Д нь цаашид  хохиролтой холбоотой  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй  үлдээх нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагчаас “Шүүхээс Д.С-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт,

Хохирогчоос “...шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдож, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, 3-16 насны 4 хүүхэдтэй зэргийг харгалзан, торгох ял 450 нэгжээс эхэлж байгаа тул улсын яллагчаас гаргасан торгуулийн ялыг хөнгөрүүлж оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлт,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Хохирогчтой санал нэг байна” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчээс “...Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.С нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бусдад  төлөх төлбөргүй гэм буруугаа хүлээж байгаа зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгч Д.С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгж буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж, шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн Д-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А овгийн Д-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгж буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.С-д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Н, иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Д нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг, иргэний нэхэмжлэгч А.Д нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Д.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ