| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2022/0115/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/116 |
| Огноо | 2022-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/116
2022 12 12 2022/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000000137 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.О
Улсын яллагч Г.Б
Шүүгдэгч Ц.Б нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн машинист мэргэжилтэй, ... өрмийн туслах ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот орон сууцанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... овгийн ......... /РД:......../.
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 15 минутын үед Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг ...... гэх баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ж.А-н нүүрэн тус газар нь баруун гараараа 1 удаа цохиж, хамар хэсэгт 1 удаа мөргөж хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найзуудтайгаа “Наран” зоогийн газарт уулзаж, нэг шил архи уугаад тэндээс “М” лоунж баар орохоор гарцгаасан. 23 цаг өнгөрч байхад “М” лоунж руу С, Н, С нарын хамт явсан. Баар луу ороод нэг давхрын шатан дээр хамт ажилладаг А-тай таараад мэнд мэдээд зогсож байхад цуг явж байсан С-тай А нь үл хүндэтгэсэн байдалтай байхаар нь түүнд уурлан, хэрүүл маргаан хийсэн. ...С чи Алтаншагайг мөргөсөн гэж хэлсэн, Алтаншагайтай хамт ажилладаг учраас зүс танина. ...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед найз А-тай хамт “М” лоунж бааранд орсон. Тэнд ороод хоёр шил пиво уугаад бүжиглэж байгаад 00 цагийн үед баарнаас тамхи татахаар гарахад 1 давхрын шатан дээр хамт ажилладаг Ц.Б ахтай тааралдаад мэнд мэдсэн. Тэгтэл хамт явж байгаа найз нь “Өө дүү ингэж таарах байсан юмуу” гэхээр нь би тэр хүнд хандаж “Чи зүгээр байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл Ц.Б ах “Чи ийм болсон юм уу” гэж хэлээд дагуулаад гадагш гарсан. Баарнаас гараад баруун талд очоод Ц.Б ах “Ахыгаа түрүүлээд цохичих, тэгээд хоёулаа зодолдъё гэхээр нь би “Үгүй би тантай ямар ч асуудал байхгүй, муудалцахгүй” гэхэд намайг барьж аваад заамдаж аваад газар унагаасан. Тэр үед хамт явсан найзууд нь гээд 4-5 хүн гарч ирээд бид хоёрыг салгасан..., ...Ц.Б ахаас уучлалт гуйх гэж оролдоод “Уучлаарай би тантай асуудал байхгүй” гэж хэлтэл Ц.Б ах өөдөөс ирээд шууд баруун гараараа нэг удаа зүүн талын хацар луу цохиод, толгойгоороо өөдөөс хамар луу нэг удаа мөргөсөн, тэгтэл миний хамарнаас цус гарсан, ...хамрын цус тогтохгүй байсан учраас гараараа тэмтрээд үзэхэд хамрын яс хугарсан юм шиг мэдрэгдэж байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10-р хуудас/
Гэрч О.Адъяагийн өгсөн “...А тэр ахад хандаж /Ц.Б/ “би тантай зодолдмооргүй байна, цаашаа бай” гээд байсан. Найзууд нь ирээд тэр ахаас уучлалт гуйхыг А-аас хүссэн бөгөөд “тэгье” гээд баарны зүүн талд зогсож байхад нь очиж уучлалт гуйсан. Тэр үед найзууд нь тэр хоёрыг зодолдчих байх гээд хорьсон байдалтай байсан. Тэгтэл А-г шууд нүүр лүү нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Хамраас нь цус гараад тогтохгүй байсан тул би цагдаад дуудлага өгсөн, Б-ийг ерөөсөө ойлгоогүй, А-гийн араас өөрөө дагаад хэрүүл өдөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13-р хуудас/
Гэрч Т.С-гийн өгсөн “...”М” лоунж баар луу Н, Б, С гурав орсон, би гадна талд нь тамхи татаад үлдсэн. Удалгүй Ц.Б, Б.С хоёр хамт ажилладаг Ж.А гэх залуутай маргалдсан байдалтай буцаад гараад ирсэн. Б.С хорьсон байдалтай байсан, ... би А-д хандаж “Чи эмэгтэй хүнийг доромжилж болохгүй, эхнэрийг нь чи доромжилсон байна уучлалт гуйчих, тэгээд эвлэрээд сал” гэж хэлсэн. Тэр үед дахиад нөгөө хоёр зууралдаад авсан. Тэгтэл Ц.Б нь Ж.А-гийн нүүрэн тус газар нь мөргөх шиг болсон би тухайн үед согтолттой байсан учраас сайн анзаараагүй, дундуур нь ороод салгах үед Ж.А-гийн хамраас цус гарсан байсан учраас харсан чинь хамар нь мурийчихсан юм шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/
Шинжээчийн 394 дугаартай “...Ж.А-гийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/
Камерын бичлэгт үзлэг хийсэн “... бичлэгийн хугацаа 04:00 байх ба уг бичлэгийн зүүн дээд буланд 2022/10/29 00:15:09 гэсэн бичвэр байх ба бичлэгийг эхлүүлэхэд “М” лоунж баарны хойд хэсэг харагдаж байна. ... 00:17:04-д хөх малгайтай эрэгтэй, цагаан цамцтай эрэгтэй нар явж дүрс бичлэгээс гарч байв. Ногоон цамцтай эрэгтэй /хохирогч Ж.А/-г хар өмд цамцтай залуу дагуулан цааш алхах ба бичлэгийн зүүн дээд хэсэгт очих үед гэрэлтүүлэгч хантааз өмссөн эрэгтэй хар өнгийн куртиктэй /Ц.Б/-г биеэр тэврэн эсэргүүцсэн үйлдлийг хорих үйлдэл гаргаж байсан ногоон цамцтай эрэгтэй очих үед хар куртиктэй залуу дайрч, цохих үйлдэл гаргаж, ногоон цамцтай эрэгтэй арагш ухрах үйлдэл гарган хар өнгийн куртиктэй эрэгтэйтэй зууралдаж, татаж чангааж байгаа дүрс бичигдсэн байв. ... ногоон цамцтай эрэгтэй хамраа барин хагас тонгойн хамраа арчих үйлдэл гаргах ба хажууд нь 2 эрэгтэй харан зогсож байгаа дүрс бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл/хх-ийн 4-5-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 100-106-р хуудас/
Шүүгдэгч Ц.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэх тэмдэглэл /хх-н 51-р хуудас/
Ц.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 60-81-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагчаас “…шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын торгох ялын саналыг зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цаг 15 минутын үед Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М Лоунж” гэх баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ж.А-н нүүрэн тус газар нь баруун гараараа 1 удаа цохиж, хамар хэсэгт 1 удаа мөргөж хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Ц.Б нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой зүй бус харьцаж түүнийг мөргөсөн үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Ж.А-гийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 394 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэл нь Ж.А-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Ц.Батмэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б-ийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч нь “...3.000.000 төгрөгийг шилжүүлсэн /хх-н 100/ хохирол төлбөрийг барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь “...хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Ц.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 102-104-р хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Иймд шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ц.Б мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Ц-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овгийн Ц-ийн Б-г зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ц.Б-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол 3.000.000 төгрөгийг Ц.Б төлсөн болохыг, хохирогч Ж.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
7. Ц.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ