Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2019/00789

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 03 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00789                             Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...тоотод байрлах, Ю ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж-201, Гэгээнтэн цогцолбор оффис №01, 8 давхар, 803 тоотод байрлах, Б ХХК /РД:6126286/-д холбогдох,

Барааны төлбөр 11,088,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, гэрч Ж.Соронзонболд, нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б ХХК-д холбогдуулан барааны үнийн үлдэгдэл 11,088,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч Ю ХХК-д 2017 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Б ХХК-ийн менежер Ц.Билгүүн и-мэйл бичиж холбогдон, эксковаторын шүд, түгжээ авах захиалгыг өгсөн байдаг. Энэ захиалгын дагуу нэхэмжлэгч нь албан бичиг, үнийн саналыг өгсөн. Үүний дагуу 2017.11.01-ний өдөр 22,176,000 төгрөгийн эско брендийн эксковаторын 12 шүд, 12 ширхэг түгжээнүүдийг зарлагын баримт үйлдэж, н.Оюун-Эрдэнэ менежер гарын үсэг зурж авсан байдаг. 2017.11.01-ний өдрөөс хойш барааны төлбөр 22,176,000 төгрөгийг төлөхгүй удаасан төлбөрийг бараагаа буцааж авахаар ярихад 11,088,000 төгрөгийн үнэ бүхий 6 шүд, 6 түгжээг эксковаторт суурилуулж ашигласан, үлдсэн 11,088,000 төгрөгийн шүд, түгжээг буцааж өгсөн. Б ХХК-ийн өөрийнх нь зарлагын баримтаар буцааж өгсөн нь тогтоогдоно. Ингээд нэхэмжлэгч тал 22,176,000 төгрөгийн зарлагын баримт үйлдээд талууд баталгаажуулсан. Өглөг авлагын дэлгэрэнгүй санхүүгийн тайланд бүртгэж хэрэглээгүй 11,088,000 төгрөгийн шүд, түгжээг буцааж баталгаажуулж авсан. 2018.08.17-ны өдөр 2/155 дугаартай барааны үлдэгдэл төлбөрөө төлөх албан бичгийг өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул 11,088,000 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хуулийн этгээд хооронд хийсэн хэлцэл гэж үзэхгүй байгаа, учир нь хуулийн этгээдүүд хоорондоо хэлцэл хийхэд нэн тэргүүнд тавигддаг шаардлага бол хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу тухайн компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулж, компанийн тамга тэмдэг дарагдсан байх шаардлагатай байдаг. Хэрэгт авагдсан баримтаас харвал Ц.Билгүүн гэх хүн тухайн үед Б ХХК-д ажиллаж байсан, гэхдээ харилцсан и-мэйлийг нь албан байгууллагын и-мэйл гэж үзэхэд эргэлзээтэй. Мөн компанийг төлөөлөх эрх бүхий этгээдээс авсан зөвшөөрөл байхгүй. энэ барааг  Б ХХК-ийн хэрэгцээнд зориулж авсан эсэх нь тодорхойгүй тул хариуцагч этгээд нь Б ХХК биш гэж үзэхээр байна. Бараа өгсөн авсан баримтад компанийн санхүүгийн тэмдэг дарагдсан нь компани хэрэгцээндээ ашигласан гэсэн үг биш. Ц.Билгүүн хувьдаа дур мэдээд авсан ч байж болзошгүй. Хэрвээ хэн нэгэн этгээд дур мэдээд авсан тохиолдолд үүнийг компани хариуцах нь хууль зүйн хувьд учир дутагдалтай гэв.

                                                                                                                            

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг 11,088,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийг хариуцагч Б ХХК-д холбогдуулан  гаргажээ.

Хариуцагч тал “хуулийн этгээдийн хооронд хэлцэл хийсэн гэж үзэхгүй” гэх үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Хэрэгт авагдсан Б ХХК-ийн гадаад худалдааны менежер Ц.Билгүүний харилцсан и-мейл болон гадаадын харилцагч байгууллагын албан бичиг, үнийн санал тэдгээрийн орчуулга, Ю ХХК-ийн 2017.11.01-ний зарлагын баримт, Б ХХК-ийн 2018.06.01-ний өдрийн зарлагын баримт, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, барааны төлбөр барагдуулах тухай Ю ХХК-ийн 2018.08.17-ны өдрийн 2-155 албан тоот зэрэг бичгийн баримтууд болон гэрч Ж.Соронзонболдын мэдүүлгээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурж илгээснийг гэрээний нөгөө тал нь хүлээн зөвшөөрч тоон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, 195 дугаар зүйлийн 195.1-д “нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ”, 195.2-т “гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна”, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

          Хариуцагч тал эксковаторын шүд, түгжээ авах захиалгыг өгсөн, 2017.11.01-ний өдөр нийтдээ 22,176,000 төгрөгийн Esco брендийн эксковаторын 12 ширхэг шүд, 12 ширхэг түгжээг Б ХХК-ийн хангамжийн менежер хүлээн авсан, үүнээс эксковаторт суурилуулж хэрэглээгүй гэх 6 шүд, 6 түгжээг нийтдээ 11,088,000 төгрөгийн  барааг буцаан өгсөн нь Б ХХК-ийн зарлагын баримтаар тогтоогдсон тул үлдсэн барааны 11,088,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний зүйл болох Esco брендийн эксковаторын шүд, түгжээг Б ХХК-ийн хэрэгцээнд зориулж авсан нь тодорхойгүй, гэрээ байгуулаагүй гэж хариуцагч маргадаг боловч энэ талаар нотолсон баримтгүй бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 192,360 төгрөгийг гаргуулж Ю ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас 11,088,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Ю ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 192,360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ