Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ш.О,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шархүү,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ш-ийн Од холбогдох эрүүгийн 2217000000095 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 25-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 37 настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, нөхөр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ......... дугаар баг, Гашууны .......  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Ш-ийн О /РД:.................../

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.О нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 9-5 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай /дүү/ 13 нас 8 сартай О.Эг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж сав угаасангүй, гэр цэвэрлэж чадахгүй гэх шалтгаанаар түүний зүүн гарын бугалга хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд: О.Э миний талийгаач дүү Огийн хүүхэд байгаа юм. О нь 2009 оны 10 дугаар сард өвчний учир нас барсан. Тэр үед Э 8 сартай байсан бөгөөд тэрнээс хойш би харж байгаа, асран хамгаалагчаар томилогдсон. Манай ам бүлийн гишүүн гэж явдаг. Аав нь гэх хүн Эг гэдсэнд нь байхад салсан бөгөөд ээжийг нь нас барсных нь дараа бас нас барчихсан юм. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өглөө 10 цагийн үед байх Э бид 2 гэрт мах янзалж байгаад тухайн үед гэр их замбараагүй, аяга шаазан, тогоо, сав их бохир байсан тэрнээс үүдээд би Эд уурлаад гэр орноо цэвэрлэхгүй гээд загнахад Э миний өөдөөс мөн уурлаад хэрэлдээд байхаар нь би уурандаа мах эвдэж байсан бор өнгийн модон иштэй хутгаар Эгийн зүүн гарын бугалга хэсэг рүү цохичихсон юм. Тэгтэл Э уурлаад гэрээс гараад явсан. Би тухайн үед гарыг нь зүссэн талаар мэдээгүй бөгөөд тэрний дараа манай нөхөр Б ажлаасаа буугаад  Эг дагуулаад ороод ирсэн. Тэгээд хүүхдийн гар зүссэн байна гээд намайг загнаад байхаар нь харсан чинь зүүн гарын бугалга хэсэгт нь хөндлөн зүсэгдсэн тэр хэсэгтээ жаахан цус гарсан байсан. Тэгээд би Эгийн гарыг боож өгөөд эмнэлэг явна даа гэж бодож байгаад гайгүй байсан болохоор нь ирээд үзүүлье гэж бодоод хөдөө ажлаар яваад өгсөн юм. Би Эгийн биед халдаж гэмтэл учруулсандаа маш их харамсаж байгаа... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 102 хуудас/

2. Насанд хүрээгүй хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Гашууны 9-3 тоотод байх гэртээ О эгч болон түүний Ба, Б, С, Т, Сгэх хүүхдүүд болон О эгчийн нөхөр Б хамт байж байх үед О эгч намайг сав угаасангүй, арчаагүй юм гэр орон ч цэвэрлэж чадахгүй гээд намайг гэрийн баруун урд талд байх хөргөгчний урд сууж байхад О эгч миний өөдөөс хараад мах эвдэж байсан хутганыхаа үзүүрээр миний зүүн гарын булчингийн гадна хэсэгт нэг удаа цохичих шиг болсон тэгээд би тухайн үед мэдээгүй байж байгаад гадаа гарахад миний зүүн гарт халуун юм мэдрэгдээд байсан тэгээд хартал их цус гарсан байсан. Намайг 8 сартай байхаас минь өдий зэрэгтэй өсгөсөн учраас одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-19 хуудас/

3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ...Би хөдөө айлд мал малладаг юм. Э манай ээжийн төрсөн хүүхэд биш бөгөөд манай ээжийн дүү О гэдэг хүний хүүхэд байгаа юм. Манай ээж өмнө нь Эг зодож байсан удаа байхгүй, ганц нэг удаа загнадаг байсан удаа бол байгаа. Манай ээж Этай нийлээд 6 хүүхэд өсгөж байгаа хүн юм. Зодож нүдээд байдаггүй хаа нэг бид нарыг үгэнд нь орохгүй болохоор загнаж л байдаг юм. Би нарыг өсгөхийн хажуугаар бас өвөө, эмээ хоёрыг асардаг. Өмнө нь хэрэг зөрчил гаргаж байгаагүй, архи дарс огт хэрэглэдэггүй... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

4. Насанд хүрээгүй гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна 10 сарын дундуур байх. Гэрт манай ээж О Э нар мах эвдээд байж байсан би тэр үед чихэндээ чихэвч зүүгээд гар утсаар тоглоод хэвтэж байсан. Ээж Э эгчийг загнаад байх шиг байсан. Тэгээд нэг мэдсэн чинь аав орж ирээд хүүхдийн гар яаж байгаа юм бэ гээд ээжийг загнаад байсан. Тэр үед Э эгчийн зүүн гарнаас цус гарсан байсан тэгээд би гэрээс гараад явсан. Манай аав ээж бид нарыг болон Э эгчийг зодож байсан удаа нэг ч байхгүй, гэр орноо цэвэрлээгүй байна гэх зэргээр загнах асуудал бол гарч байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 23 хуудас/

5. Насанд хүрээгүй гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Э надаас юм нуугаад байгаа юм шиг санагдаад шалж байгаад асуухаар гэрийнхэндээ загнуулаад гээд байсан яг хэнд загнуулснаа хэлж байгаагүй. Зодуулсан гэж ярьж байгаагүй. Энэ оны 10 сарын дундуур байхаа яг хэзээг нь сайн санахгүй байна зүүн гарын бугалга хэсгээрээ боолттой ирсэн байсан. Тэгээд намайг боогоод өгөөч гээд  хартал зүүн гарын бугалга хэсэгт нилээн том ангайсан шарх байсан. Тэгээд би эмнэлэг явахгүй бол гар чинь тасрах байх шүү гээд бид 2 биеийн тамирын цаг дээр эмнэлэг дээр ирсэн... гэх мэдүүлэг. /хх-ийн 25 хуудас/

6. Гэрч  М.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сургууль дээр хичээл ород байж байхад манай ангийн Х над дээр ирээд багшаа хэлэх юм байна гэхээр нь би хичээлтэй байсан учраас ангидаа байж байгаарай би хичээлээ дуусаад яваад очно гэж хэлсэн тэр өдрөө уулзаж чадаагүй. Тэгээд маргааш Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ш-ээс Эг хамгаалах байранд авсан талаар мэдсэн... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/

7. Гэрч  Р.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ...Манай хашаанд хадам аав Х, хадам ээж Б нар амьдардаг. Э ихэнхдээ хадмынд байдаг. Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилтай байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Тэгэхэд Эгийн зүүн гар боолттой байсан яасан талаар асуухад О ээж намайг хутгаар цохиод ийм болгосон гэсэн яг юунаас болсон талаар хэлээгүй. Тэгээд би боолтыг нь тайлаад харсан чинь нилээн урт шарх байсан бөгөөд ямар ч цус гараагүй байхаар буцааж боогоод эмнэлэг явж үзүүлээрэй  гэж хэлсэн. Би яагаад цагдаад мэдэгдээгүй талаар мэдэхгүй байна, гар нь гайгүй цус гараагүй байсан болохоор зүгээр гэж бодсон... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37 хуудас/

8. Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаар дүгнэлтэнд:

О.Эгийн биед зүүн бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 64 хуудас/

9. Аюулын зэргийн үнэлгээний маягтын хуулбар, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-ийн 3-6, 51-57 хуудас/

           10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 78 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: шүүгдэгч Ш.О нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 9-5 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай /дүү/ 13 нас 8 сартай О.Эг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж сав угаасангүй, гэр цэвэрлэж чадахгүй гэх шалтгаанаар түүний зүүн гарын бугалга хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Ш.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Огийн өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч О.Э, гэрч Р.Б, насанд хүрээгүй гэрч Ж.Н, Б.С нарын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд гэр бүлийн таагүй харилцааны улмаас бага насны биеэ хамгаалж чадахгүй хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Ш.О нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Ш.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Э.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох саналыг гаргажээ.

Шүүгдэгч Ш.Од ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн байна.

Иймд Ш.Охд ял шийтгэл оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээс гэмшиж байгаа нөхцөл байдал, өсвөр насны болон бага насны 6 хүүхэдтэй зэрэг түүний хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2217000000095 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10,5 сам иштэй, ажлын хэсэг нь 13 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Насанд хүрээгүй хохирогч О.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Ш-ийн Ог бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Ш.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Од оногдуулсан 600 /зургаан зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ш.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10,5 сам иштэй, ажлын хэсэг нь 13 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

  7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ