| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/00355/и |
| Дугаар | 183/ШШ2019/00763 |
| Огноо | 2019-04-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2019/00763
2019 оны 04 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2019/00763 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ...... дугаар хороо, өөрийн байранд байрлах, С ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............тоотод оршин суух, С.Ц /РД:......./-д холбогдох,
зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2,047,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , хариуцагч С.Ц , нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай байгууллагаас 2017 оны 10 дугаар сараас эхлэн бараа авдаг байсан, бид С.Ц г шууд шүүхэд өгөөгүй, төлбөр төлүүлэх талаар мэдэгдэх хуудас өгсөн, түүний араас нь их явсан. Тэр болгон явсан ажилчдын цалин, бензин тосны мөнгө зэргийг нэхэмжлээгүй. Бодитоор хүлээн авсан барааны үнийг л нэхэмжилсэн. Мөн худалдах, худалдан авах гэрээний 5.6 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцох эрхийнхээ дагуу 537,500 төгрөгийн алданги тооцсон. Манайх банкны зээлээр бараа материалаа татдаг, банкинд зээлийн хүү төлдөг, бас ажилчдаа цалинжуулж татвар төлдөг. Хариуцагч манай компанитай олон жил хамтарч ажилладгийг нь бодолцоод өдийг хүртэл явсан. Одоо төлбөрийн үлдэгдэл 1,500,000 төгрөг, алданги 537,500 төгрөг, гарсан зардал 10,000 төгрөг нийтдээ 2,047,500 төгрөг нэхэмжилсэн” гэв.
Хариуцагч С.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Намайг арай ч шүүхэд өгчихгүй байх, бага багаар төлнө гэж бодож байсан. Надаас дугуй авсан хүн маань сураггүй алга болчихсон, мөн энэ өвөл цас орсонгүй дугуй зарагдсангүй. Бүгд хямралтай байгаа болохоор төлж чадахгүй л байна. Нийтдээ 1,750,000 төгрөгийн дугуй авсан, үүнээс 250,000 төгрөгийг төлсөн одоо 1,500,000 төгрөг, гарсан зардал 10,000 төгрөгийг нь төлөх саналтай байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн заримыг нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С ХХК нь бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөг, алданги 537,500 төгрөг, нотариатын зардал 10,000,000 төгрөг нийтдээ 2,047,500 төгрөгийг хариуцагч С.Ц гоос шаардсан, шүүх хуралдааны явцад хариуцагч үндсэн төлбөр 1,500,000 төгрөг, гарсан зардал 10,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги тооцсоныг зөвшөөрөөгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь 2017 оны 10 сараас эхлэн 2018 оны 11 сарын хооронд нийтдээ 8,925,350 төгрөгийн бараа худалдан авсан, үүнээс 7,425,350 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, нэхэмжлэлд тусгасан өр төлбөрийн жагсаалт, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно.
Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, барааг хүлээн авсан байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
С ХХК-ийн нэхэмжлэх, хариуцагчийн тайлбараас үзэхэд 2018.11.13-ны өдөр нэг бүрийн 350,000 төгрөгийн үнэтэй, 5 ширхэг дугуйг С.Ц хүлээн авч, нийтдээ 1,750,000 төгрөгийг 2018.11.16-нд төлөхөөр тохирсон байх бөгөөд 2018.12.12-нд 250,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд тухайн өдөр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй байна.
Нэхэмжлэгч 2017.10.12-ны өдрийн ерөнхий гэрээг байгуулсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан С ХХК, борлуулагч С.Ц нарын хоорондын зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний 7.1-д “энэхүү гэрээ нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасан, энэ хугацаанаас хойш буюу 2018.11.13-нд дээрх 5 ширхэг дугуйг хүлээн авсан, мөн тухайлан худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байх тул уг гэрээний 2.5-д зааснаар алданги тооцох эрхгүй гэж үзлээ.
Иймд 2018.11.13-нд хүлээн авсан 5 ширхэг дугуйны үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг нийтдээ 1,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 537,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 39,110 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар С.Ц гоос 1,510,000 төгрөг гаргуулж С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 537,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Ц гоос 39,110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 47,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ